О.ЭЛБЭГТӨГС: АЛСАД НҮРГЭЛНЭ
2019-07-02 753

"Үлдэх үг" подкастын энэ удаагийн дугаарт шинэ үеийн яруу найргийн содон төлөөлөл Ороолонгийн Элбэгтөгс оролцож байна. Уран бүтээлийн гараагаа "Чимээгүй хот" (2008) яруу найргийн түүврээр эхлэснээс хойш "Эмгэнэлийн үр хөврөл" (2012), "Чөлөөт шувуу" (2015), "Тэнцвэр" (2019) яруу найргийн түүврүүд, "Бүслэлт" (2015) өгүүллэгийн түүврээрээ өөрийгөө хэр чансаатай, давтагдашгүй уран бүтээлч болохыг хэдийн баталжээ. 

Энэ яруу найрагчтай та бүхэн давын өмнө PlayTime хөгжмийн наадмын үеэр, Долдугаар сарын 7-ны 15 цагт La Via en Rose асарт болох Тагтаа Паблишингаас зохион байгуулж буй яруу найргийн уншлагаар биечлэн танилцах болно. Мөнхүү Тагтаа Паблишингаас эрхлэн гаргаж буй нэн шинэ үеийн яруу найргийн цувралаар бүрэн түүврийг нь амтархан унших боломжийг ч бид танд олгоно. Харин энэ удаад бид түүний дотоод ертөнц, уран зохиол, хөгжмийн тухай бодлыг нь хуваалцаж, шүлгүүдийг нь сонслоо. 

ОДОО Ч ГЭСЭН ЦҮНХНЭЭС ТАНЬ АЛИМ УНАСААР БАЙНА

Аавдаа зориулав

Амьдралд бүх зүйл өөрчлөгдөж, ээж минь өтөлсөн
Амгалан инээмсэглэх таны зурагтай үргэлж ярилцдаг
Хэн нэгний зохиосон хувь тавилангаар замнаагүй, хүү нь
Хэлж сургасан бүхэн тань үнэн байсан гэж хэлж чадахгүй

Алхам тутамд тулгарах худал хуурмаг бүхнээс зугатах гэсэн
Аргаа барсан хүсэл минь амиа хорлох өчүүхэн оролдлого
Гэвч би таньд, бас ээждээ, гэрэл гэгээ, ертөнцөд хайртай
Гар минь мэс атгаад л үүнийг ухаарсан, яг л гэгээрэл шиг

Одоо ч гэсэн цүнхнээс тань алим унасаар л байна
Олон олон алимнуудаас би амьдралын гүн ухааныг өөртөө нээсэн
“Амьдрал эгээ л алим шиг, харахад сайхан, хазахад амттай
Аманд торох өчүүхэн хальсыг ч аль болох залгихыг хичээ.”

Таны алхдаг гудамж, таны ажлын газар, танил найзууд
Танихын аргагүй их өөрчлөгдсөн. Олны хөлд элсэн.
Орон гэрийнхээ босгыг л таних байх, таниас хойш
Орж гардаг хүмүүс ховордсон. Бороо орох нь цөөрсөн.

Зүүдэг зангиа, өмсдөг малгай, зарим нэг хуучин цамц
Зүүд аргаддаг дээл тань дэрэн дор минь одоо ч бий.
Дуу хоолойг тань мартчих вий гэсэн айдас эзэмдэхэд
Дуу зохиож таны хоолойгоор дуулаад үр нь тайвширна

Одоо ч гэсэн цүнхнээс тань алим унасаар л байна
Олон олон алимнуудаас би амьдралын гүн ухааныг өөртөө нээсэн
“Амьдрал эгээ л алим шиг, харахад сайхан, хазахад амттай
Аманд торох өчүүхэн хальсыг ч аль болох залгихыг хичээ.”

2011.03.25 “Эмгэнэлийн үр хөврөл” номын 27-р тал

Түр хүлээнэ үү...
Top