ФЭН ЖИЦАЙ: ХАЙР
2021-06-21 Сод. Оюу 777

Хайр гэдэг тусдаа байсан хоёр зүрх хамаг хурдаараа тэмүүлэн ирж мөргөлдөхийг хэлнэ.

Яг л хоёр хэсэг цахилгаанжсан үүлс тэнгэрийн хязгаарт алгуурхан хийгээд дэмий нүүн хөвж явснаа гэнэтхэн тулгараад тэрхэн даруйдаа цахилгаанжин буух шиг. Тэрхэн зууртаа үхээнц саарал байсан тэд гялалзсан, улалзсан болж өөрчлөгдөнө. Аянга тоймгүй олноороо ар араасаа цахин сүрлэгээр үзэгдэнэ. Уул нурууд огтоос анзаарсан шинжгүй амгалан дүнхийнэ. Бидний таталцал тэнгэрт бүхэлдээ нүргэлж, хязгааргүй өргөн уудам огторгуй тэр чигтээ хоромхон зуурын хурц гэрэлд гялсхийн анивчина. Орчлон гэнэтхэн л гайхамшигтай, ид шидийн орон болоод явчхав.

Зүрх минь чи яг л ийм. Ганцхан мөргөлдөөд л бүхнийг орвонгоор нь эргүүлчихдэг, хурц туяа цацруулан, оч манарган гийгүүлчихдэг. Гэлээ ч энэ гал халуун жаргал хамгийн тогтворгүй. Зөрүү мунхаг Мин Ваны сэтгэл хөвсөлзөн ухаан жолоогүй бадарсан ч яг л аянга цахилан нүргэлэн ассан шигээ хоромхон зуурт ул мөргүй алга болчихно. Нүднээ гэрэлтэж асан тэр их гэрэл, тэр их хүч чадал гялсхийн алга болоход бодит ч гэлээ хоосон, уян зөөлөн ч гэлээ багтрам шунал хүсэл л үлдэнэ. Иймээс л тэр ихэвчлэн гундуу явдаг юм. Орчлон хорвоогийн аливаа бүхэн төгс сайхан хэлбэрээ олдоггүй. Хий хүсэл, мөрөөдөл төдий. Дурлал гэгч ихэнхдээ хоосон янаг шунал мөрөөдөл тул улайрах юм огтоос байхгүй.

Ганцхан хормын өмнө, хоёр зүрх хоорондоо мөргөлдөхөөс өмнө ямхын төдий ч бэлтгэлгүй, огтоос совин ёр шинжийн дуудлага байгаагүй сэн. Гэтэл санамсаргүй таталцаж  бүр мөсөн холбогдчихлоо. Хайр, үргэлж намайг чиглэн онож харваад байдаггүй энэ шалтгааныг олохсон. Яг л Шиао Ли, Жин Дачэн нарын өөрсдөө ч ойлгоогүй, юуг яах ёстойгоо ч мэдэхгүй атал хил хязгаараа нэвтлээд эргүүлгийн гол дунд нь ороод хутгалдчихсан шиг.

Орчуулсан: Сод. Оюу

Түр хүлээнэ үү...
Top