ШИНЭ НОМ: ХӨЛӨРСӨН ШУВУУДЫН ДУУН
2021-01-08 172

МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаярын "Хөлөрсөн шувуудын дуун" яруу найргийн тав дахь ном мэндэллээ. 

Эл номын удиртгалд Монгол Улсын Гавьяат багш, ШУ-ны доктор Д. Галбаатар: М.Отгонбаярын яруу найргийн онцлогийг маш товчоор Алтайн уулсын мөнх оргилын бардам болоод эрхэмсэг мөн чанар, домгийн мэт аялгуут салхины энхрий хийгээд юунд ч үл баригдах эрх чөлөө, нуур, гол горхисын тунгалаг дууллын яруу зохирол хэмээн дүгнэж бүрэн болно хэмээжээ. 

НУЛИМС АРЧИХ ХҮНГҮЙ

Хөх бэлчирийн голд минь намрын сар гарлаа

Хөөрхий ижийгээ би нулимсаа ээдтэл саналаа

Уулын салхинд нүүрээ сийчүүлж хүүгээ хүлээж суухдаа

Унагасан бодол бүхнийг тань олохоор амьдарч л явнам...

Өндөр Хөх давд минь өвлийн сар ирлээ

Өнчирөн гэрэлтэж суухад уулсын элэг бүлээн

Зүрхэн дундуур солгой эгшиг шиг бөөн цагаан гуниг

Зөнч намрын хөгшин үнэг шиг зөөлөн хонгор шогшном....

Хэрэн хэсүүчлэх уудам лаа орон зай

Хэлхээ мөнгөн ууланд Алтайн эзэн минь бий...

Хайрт ижийдээ үнсүүлэх шиг жаргал ховор орчлон

Хатаж амжаагүй нулимсыг минь арчих хүнгүй хорвоо...

***

НЭРНЭЭС МАНДСАН НАР

О. Гэгээлэндээ зориулав.

Нэрнээс минь мандсан нар минь

Зүрхнээс минь зүүгдсэн сар минь

Зүйрлэшгүй ижийг минь надад

Зүүдний орноос авч ирсэн үр минь....

Эвхсэн бугуйл шиг амьдралын тойрогт

Эцэж сульдсан он жилүүдийн дундуур

Бурхны илгээсэн дарь эх

Бундан зүрхний үр минь...

Уул хэдэрч ирсэн муу эцэг чинь

Үхэл давж аавдаа одохын цагт

Урианхайн дууг хүн төрөлхтөнд хүргэх

Удмын үргэлжлэл хайрын үр минь...

***

АМЬДРАЛ ҮЛГЭР

Амьдрлын үлгэр жаргаагүй цагтаа

Аз жаргалыг хүн гэгч хаанаас ч олж болно

Нүдэнд харагдаж гарт баригдахгүй аз жаргалыг

Нүдээ аниад харанхуйгаас ч мэдэрч чадна

Хүн бүхэн эгээ адилгүй боловч

Хүсэн мөрөөдөж насыг үрэх нь юутай төстэй вэ

Хайрлахуйн үр тарихаар хорвоод бид ирсэн

Хаанаас ч гэсэн гоо сайхныг харж мэдэрч чадна

Эргэх дөрвөн цагийн өнгө үнэрт сатаарч

Элэгдэж дуусах насаа дэмий хөнгөн өнгөрөөвөл

Хүн болж төрсөн хувь заяа хөөрхий

Хүү нь болж ирсэн эх орон хайран..

***

МӨНГӨН УУЛЫН БОРОО

Их сайхан бороо ууланд минь ордог доо

Ийм үед нар сарны аль аль нь хэрэггүй

Ил далдын хорвоо нэгэн биенд нэгдэж

Илбэ шидээс ч илүүтэй гайхамшиг цогцолдог сон

Ижий минь ээрүүл имрэн галын дэргэд суух нь

Ижилгүй нэгэн орчлонг бүтээж байх шиг санагддаг сан...

Уул ганууг дамнуулан хэн нэгний татсан

Уртын урт усан хөшиг зээ татан тунараад

Уянга эгшиг цацлан намиранхан мяралзахад нь

Улаан голын минь дундаас өвгөдийн гуниг өндөлзөж

Урьд эртийн үлгэр домгийг үнэн гэдэгт итгэдэг сэн...

Тэнгэр уулс амьсгаа даран хөмсөг нийлүүлэн суух

Тэнэмэл салхи оргүй одоод усан аялгуунд хөвөх

Унинд өлгөсөн норсон тэрлэгнээс уур чийг савсах

Уулын бороо нэг л шивэрвэл хэзээ зогсохыг нь таашгүй

Улаахан ортууданд явах хүртлээ гал алдаж мэднэ...

Мөнгөн ууланд минь молор бороо намих

Мөрийн тэр өдрүүд мөнхийн юм шиг л санагдах

Мөч бүхэн нийлсээр цаг хугацааг үлдэн хөөнөм

Мөрөөдлөө олсон уулсаа цаг хугацаанаас зүүгдэн бодном

Ихээ сайхан бороо ууланд минь орсон сон

Илбэ шидийн хорвоог уулнаасаа би олсон сон...

2017.8.4

Түр хүлээнэ үү...
Top