ЭНЭ САР ШИНЭ НОМ
2020-07-14 453

Долдугаар сард хэд хэдэн шинэ бүтээл хэвлэгдэхээр зэхэж буй онцгой сар тохиож байна.

1. Энэ сарын есний өдөр Английн алдарт зохиолч Нил Гейманы КОРАЛАЙН тууж хэвлэлтнээс гарч Интерном, Азхур зэрэг номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн билээ.  Хүүхдийн зохиолыг орчин цагт өгүүлэмж, цар хүрээ, агуулга, дүрийн хувьд шинэ шатанд гаргасан эл уран сэтгэмжит туурийг өнөө цагийн “Алиса гайхамшгийн оронд”-той зүйрлэн, хэдийн сонгодогт тооцогдох болсон уг бүтээл орчуулагч А.Анударийн орчуулгаар хэвлэгдэж уншигчдын гарт хүрээд байна. Нил Гейманы “Коралайн” тууж 2002 онд анх хэвлэгдсэн даруйдаа уран сэтгэмжит зохиолд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох “Hugo Award”-ийг туужийн төрөлд хүртэж байснаас гадна The Guardiаn сэтгүүлээс 21 дүгээр зууны 100 шилдэг зохиолын 82 дугаарт нэрлэгдэж байсан уг бүтээлийг эх хэл дээрээ уншиж танилцах боломжийг олгож байна.

 

2. Тэгвэл тун удахгүй шинэ үеийн философийн “рок од” хэмээн нэрлэгддэг Солонгос-Германы философич Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм” хэмээх нэг сэдэвт бүтээл уншигчдад хүрэх гэж байна. Хуучны философи шиг бүтээгч эзний тухай нүсэр маргаан өрнүүлж, улирч одсон нийгмийн суурь үзлүүдийг бясалгах бус, яг одоо цагийн үзэгдэл, яг одоогийн бидний амьдралыг тодорхойлж буй гол асуудлуудын учир шалтгааныг задалсан нэн шинэ үеийн философитой танилцах боломжийг олгох “Тамирдсан нийгэм” бүтээлийг бидний зүгээс санал болгож, уншигч олонд хүргэхэд бэлэн боллоо. Европ төдийгүй барууны ертөнцөд маш ихээр уншигддаг, бүтээл туурвил нь 40 гаруй хэлнээ орчуулагдсан философич Хан Бён Чолийн зохиол, нэн шинэ үеийн философи сэтгэлгээний гол авторуудын нэг болсон уг бүтээлийг А.Амармэнд орчуулан хүргэх гэж байна. Стресс, сэтгэл гутрал, туйлдал зэрэг нийгэм-сэтгэл зүйн үзэгдлүүдийг хувь хүний бус нийгмийн болоод түүхэн үзэгдлийнх нь үүднээс авч үзсэн бөгөөд Хан Бён Чолийн судалгаа нейрон буюу хүний тархи мэдрэлийн тогтолцооны эд эс рүү илүү гүнзгий орж, интернет, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн давамгайлал дундах шинэ эриний хүмүүсийн тархи сэтгэхүйд өрнөж буй өөрчлөлтүүд болох сэтгэл гутрал, анхаарал дутмагшил, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлын эмгэг, ажлаас халшрах эмгэг зэрэг шинэ үеийн нийгэм-сэтгэл зүйн үзэгдлүүдийн учир шалтгааныг философийн үүднээс тайлбарлан бичсэн энэхүү бүтээл нь орчин үеийн технологи бидэнд хэрэглэгчийг дээдэлсэн, сэтгэл ханамжтай, ая тухтай амьдрал өгөхөөс илүүтэй улам л ядрааж, тамирдуулж, сэтгэлээр унагаад буйн учир юу болохыг таньж мэдэхэд туслах болов уу.

 

3. Долоодугаар сард хэвлэгдэх дараагийн шинэ бүтээл бол дэлхийн орчин цагийн утга зохиолын үгүйсгэгдэшгүй тод дүр, “төрсөн нутгийн ой санамжаар” дамжуулан нийгэмд ганцаардан хавчигдсан хүмүүсийн орь дууг дуурсган бичиглэгч Мө Янийн хамгийн алдартай бүтээл "Мэлхий" романыг А.Урантогосын орчуулгаар Тагтаа Паблишинг уншигч танд өргөн барьж байна. Бүхэл бүтэн нэгэн үеийн бие хийгээд сэтгэлийн өлсгөлөнг илчлэхийг урьтал болгосон эл бүтээлээрээ Мө Янь хувь хүнийхээ хувьд ч хамаг л гэм буруу, нүгэл хилэнцээ уншигчдын өмнө хайр найргүй тайчин хаясан бөгөөд ингэж чадсаных нь төлөө түүнийг “тайтгаршгүй романч”, “өлсгөлөн, гэм зэмийн бичээч” хэмээн нэрлэдэг. “Мэлхий” (2009) роман нь орчин үеийн туурвил зүйд хятадын үлгэр домгийн өнгө аясыг гарамгай сүлэлдүүлж чадсан онцгой бүтээл юм. Тиймээс ч Мө Янь халлиуцинатор (хий үзэгдлийн) реализмыг домог сэлт, түүхэн бичлэг, орчин цагийн сэдэвтэй гарамгай хоршуулсны учир  2012 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртжээ. Мө Янь хэмээх бичгийн нэрээрээ уншигч бидэнд танигдсан Гуан Мо Еэгийн хамгийн сүүлд хэвлүүлсэн бүтээл бол энэхүү "Мэлхий" роман юм. Мэлхий гэснээс хятад хэлнээ энэ амьтныг Ва гэж нэрлэдэг. Вааглахын ваа, уулга алдахын ваа, улаан цурам хүүхэд часхийн уйлах ваа, хүн төрөлхтөнийг бүтээгч эх Ньюваа... 

Бэлтгэсэн М.ОЮУ- ЭРДЭНЭ

Түр хүлээнэ үү...
Top