Гуравдугаар сард олон улсад нээлтээ хийж буй хамгийн уншууштай 5 ном
2018-03-02 450

Энэ сар олон улсын номын зах зээл дээр маш олон шинэ ном төрж уншигчдыг баяр хөөрт умбуулсан сайхан сар болж байна. Харин бид тэр олон номоос нэн түрүүнд уншвал зохих 5 номыг шилэн хүргэж байна.

1. Синтия Свонсон "Номын худалдаачин"

Мөнхүү ном Harper Collins хэвлэлийн газраас Гуравдугаар сарын 3-нд хэвлэгдэн гарчээ. Бодит амьдрал дээр номын худалдаачны ажилтай Китти Миллер шөнө унтах бүртээ өөрийгөө Катарин Андерссон нэрт хүн мэтээр зүүдлэн, зүүдэндээ тэс өөр амьдралаар амьдрах болжээ. Чухам ийм өгүүлэмжээр уг ном зохиол хийгээд бодит амьдралын хоорондын ялгааг бүдэгрүүлэн баллуурдах болно. Хэдийгээр Китти өөрт нь ганц амьдрал л хангалттай гэж бодовч зүүдний амьдралд нь учирсан дур булаам эр нөхөр, тансаг сайхан гэр орон, элгэмсэг найзууд нь сэтгэлийг нь ховсдон татсаар.

2. Казуо Ишигүро "Булшин дахь аварга биет"

Энэ ном Random House хэвлэлийн газраас мөн л Гуравдугаар сарын 3-нд худалдаанд гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. "Намайг бүү явуулаач", "Тэр л өдрийн дурсамж" зэрэг алдартай романуудаараа уншигчдын зүрх сэтгэлд хоногшсон зохиолч Казуо Ишигүро арав гаруй жилийн дараа ийнхүү эргэн ирж байна. Энэхүү романд олон жилийн өмнө хагацсан хүүгээ эрж олохоор ус шавар гатласан хүнд аялалд гарч буй нэгэн хосын түүх өгүүлэгддэг аж.

3. Поль Битти "The Sellout"

Энэ ном Macmillan хэвлэлийн газраас Гуравдугаар сарын 3-нд худалдаанд гарчээ. Ер нь энэ сарын 3-н номын ертөнцөд маш их хөл хөгсөөн авчирсан өдөр болов бололтой. Хэзээний л шог хошин мэдрэмж өндөртэй Поль Битти хэдийгээр арьс өнгөний үзэл, хотын амьдрал, эцэг хүүгийн харилцаа зэрэг "ноцтой" сэдвүүдийг хөндсөн ч тэдгээрийгээ итгэхийн аргагүй хөнгөхөн хошигнол, егөө, ёж өгүүлэмжээр хулдахаа мартсангүй. Үр дүнд нь сэтгэл өвтгөм гашуун хэрнээ нулимс гарам инээд бэлэглэх нэгэн ном таны гарт очих нээ.

4. Дебора Леви "Хайрлагдаагүй хүн"

Bloomsbury-ээс эрхлэн гаргасан энэ ном Гуравдугаар сарын 3-нд худалдаанд гарсан билээ. Өөр өөр улсуудаас ирсэн хэдэн жуулчин францийн нэгэн алслагдмал цайзад очиж баяр тэмдэглэхээр болно. Баяр цэнгэлийн үеэр нэг эмэгтэй нь маш хэрцгийгээр хөнөөгдсөн байх нь тэр. Жуулчдын дунд явсан Татяана хэмээх бяцхан охин эмэгтэйг хэн хөнөөснийг олж мэдэхийг шаардсанаар романы гол өгүүлэмж мөнхүү үхлийн нууцийг эрэн бэдрэхэд зориулагдана. Гэхдээ энэ эрэл нь эцэстээ хүний уур хилэн, хайр, хүсэл шунал, адилсал, ялгааг илрүүлсэн мөн чанарын том аялал болох болно.

5. Ханьяа Янагихара "Бяцхан амьдрал"

Энэхүү ном Random House хэвлэлийн газраас маргааш буюу Гуравдугаар сарын 10-нд худалдаанд гарна. Массачусетсийн дөрвөн оюутан Нью-Йорк руу хамтдаа нүүснээр романы үйл явдал эхэлнэ. Бүгд л өөр өөрийн гэсэн дотоод зөрчилтэй ч явцын дунд хэн хэнийх нь хамгийн бэрх даваа бол оюутнуудын нэг нь болох Жьюд болж таарна. Жьюдийг гаднаас нь харахад юунд ч сэтгэл ханахыг мэддэггүй адгийн заргач мэт байв ч үнэндээ бол тэрээр хүүхэд насандаа үзсэн хүчир зовлон бүхэндээ бүрэн автаж сэтгэл нь айдсаар дүүрсэн хөөрхийлөлтэй нэгэн байх болно.

Түр хүлээнэ үү...
Top