Уран зохиолын салбарын Нобелтон өнөөдөр тодорно
2018-03-02 398

Шведийн Хааны Академиас жил бүр олгодог, манай гаригийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобел энэ жилийнхээ соёрхолтнуудыг нэрлээд эхлэжээ. Анагаах ухаан, Физик, Химийн салбарын эрдэмтэд нь одоогоор тодроод буй энэ шагнал өнөөдөр буюу 2015.10.08-нд Шведийн цагаар өдрийн 13.00-д, Монголын цагаар оройн 19.00-д Уран зохиолын салбарт Нобел гардах хүнээ зарлана.

Милан Кундера, Харуки Мураками, Нгуги Ва Тионго, Жойс Кэрол Оэтс, Филип Рот, Боб Дилан, Цезарь Айра, Урсула Ле Гуйн, Бэй Дао, Э.Л.Докторов, Жоэн Дидион, Жон Эшбери, Карль Ове Кнаусгард, Маргарет Атвүүд, Лазло Краснахоркай, Нэйл Гэйман, Салман Рушди, Умберто Эко, Евгений Евтушенко, Колм Тойбин зэрэг бидний мэдэх шилдэгүүдийг багтаасан Нобелийн энэ удаагийн сунгаанд нийт 198 зохиолч, яруу найрагч өрсөлдөж байна.

Уран зохиолын судлаач, шүүмжлэгчид, дэлхий нийтийн уншигчдын урьдчилсан таамгаар  бол Беларусын зохиолч Светлана Алексиевич, Японы Харүки Мүраками, Кенийн Нгуги ва Тионго, Норвегийн Юн Фоссе, Америкийн Жойс Кэрол Оэтс, Филип Рот нар мөнхүү эрхэм хүндэт шагналыг гардах магадлалаараа тэргүүлж буй аж. Бас энэ жил Man Booker Prize авсан Унгарын зохиолч Лазло Кразнахоркай, Солонгосын яруу найрагч Ко Ун нар ширүүн өрсөлдөгчдөд зүй ёсоор тооцогдож байна.

Нобел бол аль ч төрөлдөө дэлхийд хамгийн нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр үнэлгээтэй шагнал юм. Өнөөдөр од нь гийсэн нэг уран бүтээлч мөнхүү шагналыг дагалдах нэр алдар, хүндэтгэлийг хүртээд зогсохгүй 8 сая швед кроны (971970$) эзэн болно.

Түр хүлээнэ үү...
Top