Эмгэнэл
2018-03-02 522

Монголын тулгатны нэгэн сод хүмүүн, Театрын урлагийн гялалзах од, ачит багш, эрхэм ах мөнх тэнгэрийн харьяат болов. Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Цэрэндэжидийн  Гантөмөр 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө.   Цэрэндэжидийн Гантөмөр нь 1935 онд Архангай аймгийн Хашаат суманд төржээ. Тэрбээр 1946-1953 онд  аймгийн дунд сургууль, Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэн, 1956-1959 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг тус тус төгсжээ. Ц.Гантөмөр эмчийн мэргэжлээр суралцаж ахуйдаа жүжигчний зам мөрийг сонгосон нь мөнхийн алдарыг олох үйлсийн харгуйн эхлэл байв.   Цэрэндэжидийн Гантөмөр нь 1954 онд жүжигчин хэмээх эрхэм алдарыг үүрч алтан тайзнаа гарсан цагаасаа хойш хагас зууны турш тасралтгүй ажиллаж, дэлхийн сонгодог болон үндэсний 100 гаруй жүжгийн гол болон туслах дүр, дэлгэцийн 20 гаруй дүр бүтээжээ. Ц.Гантөмөр дэлхийн их зохиолчдын олон арван бүтээлийг их тайзнаа амилуулснаас М.Горькийн “Шаарлагдсан хүмүүс”  жүжгийн Барон болон Васька Пепиль, В.Вышневскийн “Үхэвч үнэн ялна” жүжгийн халуун цочмог, зоримог шийдэмгий дүр усан цэрэг Алексей, “Кремлийн цаг” жүжгийн  Рыбаков, Страконецийн “Хөөрөгт цоор” жүжгийн Швандө , Арбузовын “Эрхүүд болсон явдал” жүжгийн Сергей, Ульям Шекспирийн "Отелло" жүжгийн Отелло, Бартольд Брехтийн “Галилейн амьдрал” жүжгийн  Галилеон дүр нь үзэгч олны сэтгэлд мөнхөрч, өдгөө домог болон яригдсаар байна.   Жүжигчин Ц.Гантөмөр нь үндэсний жүжгийн зохиолчдын олон дүрийг сэтгэлд хоногштол, чинээнд нь тултал амилуулсан билээ. Нэгэн цаг үед амьдарч байсан уран бүтээлч, найруулагчид нь түүний билэг авьяасыг хүндлэн хөглөгдөж, Ц.Гантөмөрт зориулан олон гайхамшигт дүрийг бичжээ. Тэрбээр Л.Ванганы   “Тожоо жолооч” жүжгийн  Шийнэн,  Ч.Чимидийн   “Босгон дээр”  жүжгийн Лувсан,   Д.Намдагийн  “Ээдрээ” жүжгийн  Сономбаатар, Мөнх –Очир,   “Ёс ёмбогор, төр төмбөгөр “ жүжгийн өвгөн Жамбаа, “Эрин цагийн эхэнд” жүжгийн Ленин,  Ч.Ойдовын   “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир, “Найрын ширээний ууц” жүжгийн Дорж, “Талын баатрууд жүжгийн Чогдон хувилгаан, “Далан худалч” жүжгийн Салга баян зэрэг олон дүрийг дотоод сэтгэхүй, дүрээ амилуулах чин эрмэлзлэлээр хөглөн бүтээж, зан төрхийг бүх талаас нь тунгаан боловсруулж, авьяас, хөдөлмөр гэрэлтсэн утга төгөлдөр жүжиглэлтээрээ үзэгч олны сэтгэлийн байлдан дагуулсан од байв. Ц.Гантөмөр ардчилсан хувьсгалын дараа “Орчин үе” театрын урилгаар  Буйляковын “Эмээ нар гэрлэсэн нь” жүжгийн Абдулов, “Нийгмийн санаа” жүжгийн Мангал дарга, “Сандрал" жүжгийн үйлдвэрийн дарга Ваанчиг, Б.Ринчингийн “Эцсийн шийд” жүжгийн Сүжигт гүн зэрэг дүрүүдийг бүтээж, Абдуловын дүрээрээ “Гоо-марал” шагнал хүртэж байв. Мөн хүүхдийн театрын урилгаар  Радиевын “Яллагч, өмгөөлөгч” жүжгийн Г.Дмитровийн дүрийг бүтээжээ.    Монголын дэлгэцийн урлагт ч Ц.Гантөмөр тод мөрөө үлдээсэн юм. Түүний кино дэлгэцнээ бүтээсэн  “Манай аялгуу” -гийн оюутан,  “Хүний мөр”-ийн Чинбат,  “Сэтгэлийн дуудлагаар”-ын Төмөр,  “Мандах нарны туяа”-гийн  Бат зэрэг дүрүүд нь ард түмний сэтгэлд хоногшин үлджээ. Түүнчлэн телевизийн дэлгэцээр  “Анхны яргуй”-гийн Бригадын дарга , “Шинэ байшинд” жүжгийн Насанбат,  “Давхар мэх” -ийн худалдаачин,  “Ээдрээ”-гийн  Сономбаатар,  “Эдлэх  ёсгүй  эрх”-ийн эцэг зэрэг  20 гаруй  дүрийг бүтээсэн байна. Цэрэндэжидийн Гантөмөрийн дэлгэцнээ амилуулсан дүрүүдээс "Хүний мөр" киноны нисгэгч Чинбатын дүр монголын кино урлагийн мөнхийн бүтээлүүдийн нэг болж, түүний цэл залуугийн дүр төрх, эрч хүч, авьяасыг нь гэрчлэн хойч үед нь өвлөгдөн үлдэж байна. Ц.Гантөмөр тайзны яриа, уран сайханы уншлагыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, олон уран уншигчийг хойноосоо дагуулсан билээ.   Ц.Гантөмөр нь өөрт хуримтлуулсан жүжиглэх урлагийн туршлагыг залуу хойч үед заан сургаж, өвлүүлэх ажлыг 25 жилийн турш хийсэн сурган хүмүүжүүлэгч, бидний үлгэрлэл, амьд хичээл, амьд сурах бичиг байсан юм. Тэрбээр 1990 онд СУИС бие даан байгуулагдахад анхны багшаар ажиллаж, анхны ангийг 1994 онд төгсгөсөн нь өдгөө  орчин цагийн монголын тайз дэлгэцийн урлагийн өнгө төрх, бодлогыг тодорхойлж байна. Ц.Гантөмөрийн сурган хүмүүжүүлэх үйлсийг үнэлж 1994 онд дэд  профессор, 2002 онд профессор цол тус тус хүртээж, насан хутгийг олтлоо зөвлөх багшаар ажиллаж байлаа.   Их  урлагт нэгэн жарныг элээн зүтгэж, олон арван гайхамшигт дүр бүтээн, үндэстний театрын урлагийн хөгжил, төлөвшил, ирээдүйд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Цэрэндэжидийн Гантөмөрийн хөдөлмөрийг үнэлж,  Ардын хувьсгалын ойн медалиуд, Халх голын 30 жилийн ойн медаль, Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”, Соёлын тэргүүний ажилтан, Радиогийн цол тэмдэгээр шагнаж, 1966 онд цэл залуухан 30 насанд нь БНМАУ-ын Гавъяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цол, 1990 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2006 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг тус тус хүндэтгэн хүртээж байв. Мөн Буриадын театрын хөгжил, хоёр орны найрамдалд харилцаанд оруулсан хүчин зүтгэлийг нь үнэлж ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин цол хүртээжээ.   Цэрэндэжидийн Гантөмөр эгэл олныхоо дундаас төрж, ард түмнийхээ дунд хүмүүжиж, Монгол үндэстний театрын урлагийг өөрийн өнгө төрхөө олон хөгжихэд залуу нас, ухамсарт амьдралаа зориулсан дахин давтагдашгүй авьяастан байлаа. Их театрынхаа галчаас гэрэлтэх од нь болсон Ц.Гантөмөрийн бадрангуй амьдрал хойч үеийн уран бүтээлчдэд үлгэр дууриал болон үлдэх болно.   Та минь гэнэн залуу Чинбат, энэрэнгүй, омголон Отелло, ухаант Галилейн дүрийг бүтээсэн тэр л суу билгээрээ, билэг танхай, чин шударга зан чанар, Монгол эр хүний ноён нуруугаараа үр хүүхэд, ахан дүүс, анд нөхөд, шавь нар, ирээдүй хойчийнхоо зүрхэнд гэрэлтэн үлдэх болно.   Таныхаа эхлүүлсэн үйл хэрэг, үлгэр дууриал, билэг авьяасын гэгээн харгуйг үл тасалж, Монголын Театрын урлагийн нэр төрийг өндөрт өргөн, алтан тайзыг тань ариун байлгахаа андгайлж байна.

* СУИС-ын Театрын урлагийн сургуулийн Урлаг судлал, Утга зохиолын тэнхим Утга зохиолын "Хөх мэдрэхүй" бүлгэм "Тагтаа" Хэвлэлийн Газар

Түр хүлээнэ үү...
Top