БИ НОМЫН САНТАЙГАА: ОРЧУУЛАГЧ Ж.ТЭГШЗАЯА, ЯРУУ НАЙРАГЧ Я.БАЯРАА
2018-03-19 13373

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Бид энэ удаад залуу уран бүтээлчдийн төлөөлөл болгон нэг гэр бүлийн хоёр зочныг хамтад нь урьснаараа онцлог юм. Эхний зочин бол Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагч, орчуулагч, кино тоймч Жалан-Аажавын Тэгшзаяа. Тэрбээр Чех-Францын зохиолч, орчин цагийн романы “эцэг” гэгддэг Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман, модерн уран зохиолын сод төлөөлөгч Франц Кафкагийн “Хувирал тэргүүт тууж, өгүүллэг” номыг эх хэлнээ буулгасан чадварлаг орчуулагч, UB.LIFE цахим хуудасны кино тоймч юм.

Удаах зочин бол яруу найрагч, утга зохиолч судлаач Ядамсүрэнгийн Баяраа. Тэрбээр СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш,“Үндэстний тойм” сэтгүүлийн тоймч, “Цөн”, “Таслал” яруу найргийн номуудын зохиогч юм. Түүний “Таслал” ном 2016 оны утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг яруу найргийн төрөлд хүртэж байсан.

Тэдний хамтын номын сангаар зочилж, унших хэв дадлыг сониучирхан, уран бүтээлийн урлантай нь танилцах аялал танд таалагдана гэдэгт итгэж байна.  


Та хоёр номын сандаа хэдэн номтой вэ?

Барагцаагаар 1500 орчим ном байгаа болов уу. Хоёр талаас номоо нийлүүлж одоогийн номын сангаа бий болгоход давхцах номнууд олон байсныг найз нөхөддөө бэлэглэх, номын хандивт өгөх зэргээр овоо тарааж цөөлсөн. Угаас нэг гэрт байгаа хүмүүс тус тусдаа хоёр номтой байгаад яах билээ. Миний хувьд (Ж.Тэгшзаяа) номын сангаа олон дахин уншсан хайртай номнууд, эсвэл хэзээ нэгэн цагт заавал унших чансаатай, сонирхолтой номнуудаар дүүргэх сонирхолтой, эл сонголтонд маань таарахгүй, онц чухал биш гэж үзсэн номнуудыг ер нь номын сандаа байлгах сонирхолгүй “цамаан” талдаа, (инээв), харин Баяраагийн хувьд үе тэнгийн найз нөхөд болон бусдын бэлэглэсэн номонд тун хүндэтгэлтэй ханддаг болохоор тухайн ном ямар ч байсан номын сандаа байлгах гэдэг “өгөөмөр” зантай. Номын сангаа бүрдүүлэхэд зарим талаар ийм эрс тэс зантай ч ихэнх тохиолдолд бидний номын сонголт сайхан нийлдэг, мөн тус тусын ажилладаг салбарын чухал номнуудын сонголт тусдаа учир юутай ч хамтдаа ийм нэг номын санг бүрдүүлчихээд байна. Түрүү жил одоогийн энэ номын тавиурыг шинээр хийлгэсэндээ бид маш их баярласан, манай гэр бүлийн онц чухал үйл явдлуудын нэг байв шүү. (инээв) Мөн цаасан биш компьютерт буй электрон ном гэвэл ахиад 1000 орчим байгаа болов уу.

Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

Ж.Тэшзаяа: Уран зохиолын ном түлхүү уншдаг. Уншиж буй 10 ном тутмын 7 нь уран зохиолын ном байгаа болов уу. Сүүлийн жилүүдэд харин кино тойм, нийтлэлүүд бичих болсноор кино сонирхлоо жирийн кино хорхойтноос гүнзгийрүүлэх хэрэгцээ тулгарч киноны номнууд нэлээд унших болсон. Мөн аливаа уран бүтээлчийн намтар, туурвилзүй ямагт сонирхол татдаг. Сэтгэл судлал, гүн ухаан ч гэдэг юм уу хүмүүнлэгийн салбарын сонирхолтой, чөлөөтэй бичлэгтэй номнуудыг ямагт уншихад бэлэн. Хааяа бас арга зүйн шинжтэй хувь хүний хөгжлийн номнууд сонирхоно. Ийм номнуудыг гол төлөв цахимаар олж хурдан хугацаанд гүйлгээд харчихдаг.

Я.Баяраа: Номын сангийн маань бараг 90 гаруй хувь нь уран зохиолын ном байна. Тэгэхээр уран зохиол л голлон уншдаг нь ойлгомжтой болов уу. Энэ бүхэн анхандаа сонирхол байсан. Одоо бол ажил маань болж дээ. Сүүлийн үед уран зохиолоосоо төрөлжөөд театр, жүжиг талдаа уншдаг болсон. Бас сайн бичлэгтэй намтар их унших болсон.Ялангуяа үе үеийн монгол уран бүтээлч, улс төрчдийн намтар уншиж байна. Адил цаг үед амьдарч явсан хүмүүс асуудлыг өөр өөр өнгө аясаар харж, мэдэрч бичсэн нь сонирхолтой санагддаг.

Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Ж.Тэгшзаяа: Хүн ер нь ямарваа сонирхлоо гүнзгийрүүлж, өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгосон тохиолдол тухайн сонирхлоо гүйцэлдүүлэх арга зам аяндаа л тун хялбар, тодорхой болчихдог. Уран зохиол гээч зүйл багаас л амьдралын маань нэг хэсэг одоо бол ажил маань болсон болохоор нэгээс нөгөөг ухаж сонирхож унших зуур ном бүтээлийг нь заавал унших учиртай зохиолчдын жагсаалт хар аяндаа л дотор бүрэлдчихэж. Харин шинэ залуу зохиолчдыг нэр хүндтэй номын шагналуудаар баримжаалж унших эсэхээ шийднэ. Бусад чиглэлийн номнуудын хувьд сонголт маань энгийн уншигчидтай л адил, goodreads-ийн үнэлгээ, уншигчдийн сэтгэгдлийг сонирхох, дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн тухайн салбарын тоймч, критикүүд, тухайн чиглэлийн сайн блоггер, сайтуудын үнэлгээ, уншигчдийн сонирхлыг хэр их татсан зэргийг харгалзаж байгаад л сонгоно доо. Тухайн чиглэлээр гүнзгий мэдлэгтэй найз нөхдөөсөө шууд асуух ч тохиолдол байна.

Я.Баяраа: Монголд шинээр гарч буй яруу найргийн номуудыг ер нь хэвлэгдсэн даруйд нь уншчихдаг. Яг одоо үед ид бичиж буй яруу найрагчдын олонх нь үеийн анд нөхөд маань болохоор уншаад, таалагдсан хуудсаа нугалчихсан шүлгийн ном олон. Харин хүүрнэл зохиол, уран зохиолын бусад төрлүүдээр бол сонголт гарцаагүй шаардагдана. Ер нь сайн ном эхний хэдэн хуудаснаасаа мэдэгддэг дээ. Нүүр лүү баас цацаж байгаа юм шиг ном байна, сэрүүн цэнгэг агаар үлээж байгаа юм шиг ном байна. Үүнийг нь мэдрээд сонгоод явчихад нэг их асуудалгүй.

Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

Ж.Тэгшзаяа: Guardian, New Yorker, Paris Review ч гэдэг юм уу олон улсын нэр хүндтэй сэтгүүл, цахим хуудсуудыг дагаж байхад ер нь давгүй мэдээлэл олчих боломжтой. Монголд бол харин томоохон хэвлэлийн газруудыг дагаж, ямар ном шинээр гаргаж байгааг нь анзаарах хэрэгтэй болно. За тэгээд салбар салбарт идэвхитэй ажиллаж буй үе тэнгийн найз нөхдөөсөө мэднэ. Мэдээллийн сувгуудаа л ончтой тодорхойлж чадвал одоо бол хаанаас бол хаанаас хүссэн мэдээллээ авч болж байна.

Я.Баяраа: Ер нь бол уран зохиол гэлтгүй ном, хэвлэлийн салбарын амьдралд өдөр бүр хутгалдаж яваа болохоор шинэ номын мэдээллийг тухай бүрт нь бүхий л сувгаар авчихдаг. Номоо бариад зориод ирдэг хүн улам л олон болж буйд баярладаг.

Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Ж.Тэгшзаяа: Соргодогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” романыг уншсан юм байна. Унших дуртай хэсгээ давтан уншиж байгаад хорхой хөдлөөд бүрнээр нь ахиад уншаад дуусгачихсан хэрэг. Жаргалсайхан гуай энгийн мөртлөө амттай бичдэг, хүний зан байдлыг цөөн үгээр ончтой дүрсэлдэг зэргээр хөврүүлээд уншаад л баймаар хэл найруулгатай зохиолч. Мөн Ясүнари Кавабатагийн “Мянган тогоруу” романыг саяхан уншиж дууссан.

Я.Баяраа: Хамгийн сүүлд зохиолч Ц.Буянзаяагийн “Хар үхэр, алаг сүүдэр” хэмээх шинэ романыг уншсан. Бүтээн босгож буй нийгмийнхээ эрэг шураг нь болж яваа сэхээтэн хүний дотоод хүүрнэл маягтай бичигдсэн ном. Ер нь Ц.Буянзаяа зохиолчийн ямар ч бүтээлээс манай нийгэм ямар мухар гудамж руу орчихоод байгааг, тэр мухардлаас гарах сэлүүн харгуйг зэрэг харж болдог. Сэтгүүлзүйн шинжтэй ч гэмээр энэ өргөн өнцөг нь тухайн зохиолчийн онцлог юм гэж боддог. Энэ романы өмнөхөн Ф.М Достоевскийн “Газар дороос бичсэн тэмдэглэл” романыг ус ууж байгаа юм шиг л уншсан. Д.Цахилгаан гуай сайхан орчуулсан байна лээ. Түүнтэй зэрэгцээд Тагтаа хэвлэлийн газраас гаргасан  “Ницше: Зурагт хөтөч” номын дардсыг хянах журмаар уншсан юм байна.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Ж.Тэгшзаяа: Цаасан хэвлэл болон электрон байдлаар хэд хэдэн ном зэрэг эхлүүлчихээд уншиж байна даа. Ер нь би нэг номоо уншиж дуусчихаад дараагийнх нь эхлүүлдэг зуршилтай байсан юм. Сүүлийн үед харин орчуулах номын сонголтоо хийх зэрэг ажлын шаардлагаар нэгэн зэрэг олон ном унших болсон. David Thomson “Biographical Dictionary of Film” гэж киноны уран бүтээлчдийн талаар маш сонирхолтой бичсэн ном уншиж байгаа. Дэвид Томсон гэж уран сайхны өндөр мэдрэмжтэй, амттай бичдэгээрээ алдартай эл кино судлаачийн бичлэгийн арга барилаас суралцах, тандах зорилгоор уншиж байгаа гэх үү дээ. Ойрд Roger Ebert “Great Movies” номоос дуртай киноныхоо нэг ревьюг уншчихаад унтдаг шинэ шахуу зуршилтай болж. Хүнд, нухацтай зүйл уншилгүй тархиа амраах зорилгоор мөн өсвөр насныханд зориулсан сонгодог шахуу бүтээл болтлоо алдаршсан гэдэг утгаар Neil Gaiman “Coraline” роман, мөн Юкио Мишимагийн хоёр ч романыг зэрэг эхлүүлчихсэн яваа юм байна. Эдгээр номыг утсан дээрээ татаж авснаар эсвэл Scribd дээр зэрэг дандаа электрон байдлаар уншиж байгаа бол цаасан хэвлэлээр харин Гомбрихийн “Урлагийн түүх”, нэрийг нь дурдаад яахав, ажлын шаардлагаар нэг өгүүллэгийн ном уншиж байна.

Я.Баяраа: Зохиолч Пүрэвхүүгийн Батхуягийн шинэ гарч буй романыг уншиж байна. Тун залуухан байхаас нь уран бүтээл, үзэл санааны хувьд ойр дотно явж ирсэн учраас ялангуяа энэ роман нь их сонирхолтой байгаа. Миний сайн мэдэхгүй ерээд оны Улаанбаатар, шинэ нийгэмд хөл тавьж буй хүмүүсийн ертөнцийг ирмүүн сайхан бичсэн гэдэг нь эхнээсээ л мэдрэгдэж байна. Хажуугаар нь Мүраками Харүкигийн “Эрэг дээрх Кафка” романыг бас уншиж байгаа. Энэ романуудтай зэрэгцээд Ёжи Гротовскийн “Ядмаг театраас хөтлөгч урлаг руу” номыг бараг дуусгаж байна. Орчуулагч Н.Пүрэвдагвын театраар дагнасан цувралын хүрээнд гарсан ном юм.

Мөн ЦОГ сэтгүүлд хэвлүүлэхээр өгсөн зохиолч Цэндийн Доржготов гуайн “Бурхны ходоод лонх биш” хэмээх туужийг унших хувь тохиолоо. Манай цаг үеийн оюун санааны гэрэлт цамхагуудын нэг Ц.Доржготов зохиолчид МЗЭ-ийн ЦОГ сэтгүүл энэ хаврын дугаараа зориулж буй юм.

Номын сангийн тань хамгийн онцлог, содон ном юу вэ?

Ж.Тэгшзаяа: Уильям Шекспирийн “Лир Ван” жүжгийн энэ хэвлэлт нэлээд эртнийх бас номын санд маань байгаа хамгийн жижиг ном гэдэг утгаараа содон юм уу. Баясаа маань танилцаад удаагүй байхдаа бэлэглэж байсан юм. Бид хоёр ер нь Тагтаа Паблишингаа хамтдаа байгуулж, найзалж нөхөрлөсөн энэ хэдэн жилийн хугацаанд бие биедээ хэчнээн ч ном бэлэглэсэн юм, бараг тоогоо алдсан байх, харин энэ ном анхных гэдэг утгаар бас дурсгалтай.

Я.Баяраа: Онцгой, содон ном бараг байхгүй дээ. Бүгд л цаасан дээр, энгийн хэвлэлийн технологиор хэвлэсэн номууд. Харин миний хувьд онцгой ганц нэг ном бий. Жишээлбэл, нэрт эрдэмтэн, төвд судлаач, орчуулагч Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гуайн “Дорно цаст” хэмээх ном байна. Л.Хүрэлбаатар гуай бол сонгодог монгол бичгийн хэл найруулгыг орчинд үед буулган нийтгэсэн ховорхон авьяастай бичээч байжээ. Эрдэмтний хувьд ч, эх зохиолдоо хандаж буй судлаачийн хандлагын хувьд ч гарцаагүй үлгэр жишээ авууштай хүн юм. “Дорно цаст” бол түүний хамгийн сүүлд хэвлүүлсэн бүтээл. Дуртгал, аян замын тэмдэглэл, уран сайхны шүүмж, задлан шинжлэлийн жишиг болохуйц, ахин дахин сөхөн уншихад сэтгэл сэргээхүйц өв энэ номонд бий.

Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

Ж.Тэгшзаяа: Жаахан хүүхэд хүүхэлдэйгээ найз шигээ л хайрлаж, амьдчилж ханддагттай адил би ер нь номнуудаа тийм хүүхэд шиг гэнэн, хайрлангуй байдлаар ханддаг юм. Тэгэхээр хайртай номнуудынхаа аль нэгийг онцолно гэдэг бусдыг нь гомдоосон болно.(Инээв) Яахав, өөртөө худалдаж авснаас илүүтэй найз нөхөд, хайртай хүнээсээ бэлгэнд аваад маш их баярлаж байсан номнуудаа л онцолмоор байна. Paris Review сэтгүүлд хэвлэгдэж байсан ярилцлага болон өгүүллэгийн эмхтгэлийг найз маань Америкаас төрсөн өдрийн бэлэг болгон явуулсныг аваад “хагартлаа” баярлаж байсан. Баяраа намайг Мүракамид дуртай гээд монголоос Мүракамигийн хамгийн чансаатай эл романыг тухайн үедээ нэлээд үнэтэй худалдаж аваад бэлэглэхэд нь их догдолж байлаа. Ер нь сайхан ном бэлгэнд авахаар бэлэглэсэн хүнийх нь чин сэтгэл, анхаарал халамж давхар мэдрэгддэг болохоор их уярч баярладаг шүү.

Я.Баяраа: Зохиолч Тангадын Мандирын “21 хөрөг” номыг анх зургаадугаар ангидаа уншихад маш их урам зориг төрж билээ. Бичлэг нь маш сонирхолтой, найруулга нь илүү дутуугүй маш нягт боловсорсон ном байсан. 20 гаруй жилийн дараа эргэж уншихад ч цоо шинэ хэвээрээ. Хэдэн жилийн өмнө зохиолч өөрөө энэ номынхоо тухай “Хэлэхээс зовоод байх юм, үнэхээр их бахархсан. Би яаж ийм мундаг бичээ вэ, яаж гээд л... Одоо бол ингэж онож хэлж чадахгүй. Сая дахин хэвлүүлэхэд нэг үсэг ч засаагүй гээд бод доо” гэж ярьсан. Ингэж хэлэхээс аргагүй ном л доо.

Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Ж.Тэгшзаяа: Энэ номыг худалдаж авсан юм байна.

Я.Баяраа: Артур Миллерийн “Үүргийн худалдаачны үхэл” жүжгийн номыг авсан. Энэ жүжгийг Монголд тавих цаг болсон. Орчуулж, тавиулахаар хөөцөлдье ч гэж бодож сууна. Түүний өмнөхөн жүжигчин Д.Чимэд-Осор гуайн тухай, Ж.Саруулбуян гуайн бичсэн “Төрд хэрэгтэй зайран” номыг Төв шуудангийн хажууд ном зардаг Н.Баасандорж ахаас авсан.

Ном танд юу өгдөг вэ?

Ж.Тэгшзаяа: Баялаг, сонирхолтой амьдрал, утга зохиол, яруу найргаар холбогдож учирсан найз нөхөд, хайртай хүн гээд ихийн ихийг өгчээ. “Ном уншина гэдэг бол асар баялаг дурсамжийн санг бүтээх, өөрийнхөө дотор үй олон хувь хүнийг нээх, хөгжүүлэх гайхамшигт боломж юм. Тэгээд л үхэлтэй нүүрэлдэхэд чи нэг биш үй олон хүний амьдралаар амьдраад үзчихсэн байна. Үүнээс сайхан аялал гэж юу байх билээ” гэж өнөө цагийн нөр суутан Умберто Эко хэлсэнчлэн уншина гэдэг оюун санааны гайхалтай аялал, дан ганц өөрийнхөө цаг үеийн бус хүн төрөлхтний нийт оюун санааны өв рүү нэвтрэх, цаг хугацаагаар аялах, хүний оюун сэтгэлгээний охь шимийг хүртэх, бахдах, тэр хэрээр баялаг, уудам амьдрах боломж юм даа. Зөвхөн бичиг үсэгт тайлагдаж ном уншсанаараа энэ бүхнийг хүртэнэ гэдэг хүний эдэлж болох ховор сайхан завшаан гэж болно. Ганц амьдарч байгаагийнх ийм ховор сайхан завшаан, хувь заяаг алдмааргүй байна. (Инээв)

Я.Баяраа: Ном надад таашаал өгдөг. Надад таашаал өгөхгүй байгаа номоос ядаж хэрэгтэй мэдээллийг нь авахыг хичээдэг. Аль алийг нь өгөхгүй номын хавтасыг эртхэн хамхисан нь дээр.

Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?

Ж.Тэгшзаяа: Багадаа гэрт байгаа ахынхаа номнуудыг ахин дахин эргүүлж тойруулаад уншаад л байдаг байсан. Нэг удаа тэгээд тоо гаргаж үзсэн юм аа. Тэгсэн нэг номыг лав 5-10 удаа уншсан байснаа санадаг юм. Тухайн үед Жек Лондоны “Цагаан соёот”-ыг лав 11 удаа уншсан гэсэн тооцоо гарсан юм даг. Саяхан бас том болсон хойноо нэмж нэг уншсан, тэгэхээр 12 болов уу. Одоо бол нэг номыг багынх шигээ тэгж олон унших боломж, цаг зав байхгүй болж, орчуулж буй ном бүтээлээ л гурав, дөрөв дахин унших шаардлага гардаг. Түүнийг эс тооцвол “Мартин Иден”-ийг ойр ойрхон гурван ч удаа уншсан юм байна. “Зуун жилийн ганцаардал” романыг бас Аким гуайн сайхан орчуулгад нь татагдаж нэлээд олон уншсан байх.

Я.Баяраа: Ер нь нэг номыг ахин дахин уншаад байдаггүй. Ажлын шаардлагаар сурах бичгийн чанартай номыг үе үе сөхөж харах нь бий. Жишээлбэл Рене Уоллек, Остин Уоррен нарын “Утга зохиолын онол” номыг үе үе сөхнө. Эдуард Вилсоны “Театрын туршлага” номыг бас их сөхнө.

“Зүс бүгэг андууд” яруу найргийн цоморлигийг хар багаасаа уншсан ч одоо болтол уйдаагүй. 1990-ээд онд Увсад хэвлэсэн энэ нимгэн ном монголын уран зохиолд нэр цуутай зарим зохиолчийн үр дүн муутай олон ботиос ч илүү үр санааг тарьсан. Тийм ч учраас Увсын номын дэлгүүрт тоосонд дараатай хэвтэхэд нь 100 гаруйг авчирж үеийн нөхөддөө тарааж явлаа. Энэ уран зохиолын бүлгийн талаар судалгааны ном ч бичсэн. Хэвлэх ая дан таарч өгөхгүй л байна.

Яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө”, Г.Аюурзаны “Non plus ultra”, Л.Моломжамцын “Хавар шиг тийм хонгор...” номын шүлгүүд надад үргэлж шинэ санагддаг. Гадаад уран зохиолоос Ф.М Достоевскийн “Гэм зэм” роман, Г.Г Маркесын “Зуун жилийн ганцаардал”  романыг үе үе сөхөж харах дуртай.

Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Ж.Тэгшзаяа: Электрон байдлаар ном унших ийм өргөн боломж байхад зөвхөн цаасан хэвлэлээр уншина гэж зүтгэх нь дэндүү муйхар хэрэг, бас хэтийдсэн тансаглал болох биз. Тэгэхээр тухайн боломжоосоо хамаараад аль алинаар нь л уншина. Харин ном гэдэг биет зүйлийнхээ хувьд цаасан хэвлэлээр номын санд байхаар нэг л онцгой утга учиртай болдог. Цүнхэндээ дуртай номоо аваад явахад сэтгэл өег, ханьтай байдаг даа. Дан ганц хэрэглээний прагматик утгаар биш утга учир, бэлгэдлийг нь бодвол ном биетээрээ байна гэдэг чухал. Тиймдээ ч цаасан хэвлэлийн утга учрыг үгүйсгэх аргагүй юм.

Я.Баяраа: Цаасан хэвлэл нь таашаал талаасаа ч, эрүүл мэнд талаасаа ч илүү дээр.

Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?

Ж.Тэгшзаяа: Марсел Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд” романыг аваад явдаг юм уу. Энэ нүсэр, урт романыг эзгүй арал дээр очиж байгаад сайхан тухтай уншъя. (Инээв)

Я.Баяраа: Өөрийнхөө хэдэн шүлгийн түүврийг авч явах байх. Сандраад гал ноцоосон ч харамсахааргүй, сул зайнд нь нэмээд ганц нэг шүлэг таталчихад ч санаа зовохгүй, өнгөрснөө шаналгаа багатай дурсахад ч амар байна байх.

Өөрийн ажилладаг салбарынхаа залуу мэргэжилтнүүдэд хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу хэлэх вэ?

Ж.Тэгшзаяа: Утга зохиолын орчуулгад авьяас, мэдрэмж зэрэг төрөлх өгөгдөл чухал. Гэхдээ хэчнээн сайхан авьяастай байгаад тэрийгээ ашиглахгүй, хөгжүүлэхгүй бол нэмэргүй, тэгэхээр авьяастай эсэхтээ санаа зоволгүй зүгээр өөрөөсөө шалтгаалах бүхнийг л сайтар хийх хэрэгтэй, тэр нь мэдээж сайн унших, байнга унших явдал. Кино тоймч, судлаач болох хүсэлтэй, урлаг судлалаар сурдаг цөөнгүй оюутнууд бий байх, тэдэнд хандаж хэлэхэд бас сайн уншиж, өөрсдийгөө хөгжүүлэхийг л зөвлөе дөө. Судалж буй урлаг, киногоо бичиж л олонд хүргэнэ гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй. Түүнд хэрэгтэй найруулгын эв дүй, бичих чадвар ер нь уншсанаар л төлөвшинө. Бас цаг завтай, залуу байгаа дээрээ ямар нэг гадаад хэл эзэмшиж авах нь чухал. Ажил, амьдралд гарсан хойно, амьдралын элдэв буулганд зүтгэж байхад хүн ер нь шинэ хэл сурна гэдэг нэлээд бэрх. Тэгэхээр залуу насаа, цаг заваа үнэлж, хайрлаж, дэмий бүү өнгөрүүл л гэж зөвлөх байна.

Я.Баяраа: Би өөрөө залуу, мэргэшиж ядаж яваа хүн болохоор бусдад зөвлөөд байх зүйл алга байна даа. Ер нь “Бүлтэрсэн нь биш бүтээсэн нь үлддэг” гэдгийг ном, ном шиг ном бүтээсэн хүмүүс хангалттай ойлгуулжээ. 

Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?

Ж.Тэгшзаяа: Албер Камюгийн “Хөндлөнгийн хүн”, Феллинигийн “Зүүд бол цорын ганц бодит зүйл” зэрэг номуудын орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадуламын номын сангаар аялбал сонирхолтой байх болов уу.

Я.Баяраа: Хоёр хувилбар санал болгомоор байна. Нэгт, Глоб Интернэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал гуайн номын сангаар нэг шагайвал надад ч, уншигчид ч сонирхолтой байна байх. Хоёрт саяхан Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн захирлаар томилогдоод буй Д.Индрагийн номын сангаар зочилвол сонирхолтой байх. О.Дашбалбар найрагчийн үлдээсэн номуудаас гадна өөрөө бүтэн номын сан удирдаж буй хүн шүү дээ.

Түр хүлээнэ үү...
Top