БИ НОМЫН САНТАЙГАА: "ТАГТАА ПАБЛИШИНГ-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.БАЯСГАЛАН
2018-03-12 3465

Та “Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ.  Энэ удаа Нобелийн шагналт зохиолч Орхан Памукын “Цас” роман, “Аз жаргалтай төгсгөлүүд”, “Аварга том далавчтай өвгөн”, “Хар захын гудамжны Спиноза” өрнө, дорнын шилмэл өгүүллэгийн түүврүүд болон “Махабхарата”, “Шөнийн цирк”, “Дайны морь” зэрэг 10 гаруй ном эх хэлнээ орчуулсан орчуулагч, яруу найрагч Б.Баясгаланг урилаа. Мөн тэрбээр “Тагтаа Паблишинг”-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Ном уншихуйг ажил, амьдралынхаа байнгын хэв маяг, хэвшил дадал болгосон Б.Баясгалангийн хувийн номын сангаар зочилж, номын тухай яриа өрнүүлснээ уншигчидтайгаа хуваалцаж байна.


Та номын сандаа хэдэн номтой вэ?

Тоолж байгаагүй юм байна. Гэхдээ нүүхэд бараг нэг портер ачаа болж байсан. Гар дор байнга байлгах шаардлагагүй, одоохондоо уншиж хэрэглэхгүй номуудаа далд хийх юм уу, хайрцаглаад тагт руугаа гаргачихдаг.

Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

Уран зохиолын ном голчлон уншдаг. Бас монгол түүх, соёл, ёс заншилтай холбоотой номуудтай аль болох ойр байхыг хичээдэг. Ойрд шинжлэх ухааны хялбаршуулсан зохиолууд сонирхолтой санагдаж байгаа.

Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Жаахан байхад л энэ их хүнд асуулт байжээ. Одоо бол мэдээлэл гарт минь байгаа болохоор сонголт хийхэд амар болж. Уншилгүй орхиж боломгүй зохиолчдын нэрс ой тойнд минь хаанаас ч юм суучихаж. Алгасчихаж болох, боломгүй номуудын нэрс ч цээжинд хадаатай байна. Шинэ тутам гарч буй номуудыг харин шүүмжлэгчид, тоймчид, уншигчдын хандлагыг нэлээн алсаас ажиж байгаад авах эсэхээ шийддэг. Заримдаа итгэлтэй хүмүүсийн зөвлөгөөг дагана. Заримдаа зохиолч нь хэн бэ, орчуулагч нь хэн бэ гэж эргүүлж тойруулж үзээд л авдаг. Номд овоо нүдтэй шүү.

Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

Ер нь ажил амьдрал маань тэр чигтээ номтой холбоотой болохоор шинэ номын мэдээллээс хоцрохыг хүсдэггүй. Утга зохиолтой холбоотой мэдээллүүдээ Парис Ревью -ээс авдаг. Эднийх дэлхийн уран зохиолын мэдээ мэдээллийг тэнцвэртэй, чанартай, шалгууртай хүргэдэг. Нью-Йоркерийн Page Turner, Fiction булангуудаас салах дургүй. Парис Ревью-тэй харьцуулахад шинэ мэдээ мэдээлэл, нийтлэл, зохиолууд байнга, маш хурдтай орж байдаг болохоор сонирхолтой. Эхнийх нь зохиолч болоод зохиолыг цаг хугацааны шалгуур даваад өөрийгөө нэлээд дархалчихсан хойно нь нийтэлж эхлэдэг бол Нью-Йоркероос хамгийн шинэ, содон, цахиур хагалж гарч ирж буй бүхнийг унших боломжтой. The Millions, Lithub, Quill and Quire, Book Riots гэх мэт уран зохиол сонирхдог залуучуудын гоё платформууд бас бий. Жэйн Фридман гэж Чикагогийн их сургуулийн багш эмэгтэйн хөтөлдөг Jane Friedman блогоос олон улсын зах зээлд ном хэвлэх, хэвлэл нийтлэлийн үйл явцтай холбоотой дажгүй мэдээлэл, зөвлөгөөг авдаг. Goodreads дээр уншлагын явцаа тэмдэглэхийг чармайдаг ч тэр бүр амждаггүй. Бас подкаст сонсох дуртай. The Monocle Art Reviews, The Archive Project хоёроос алдартай зохиолчдын уншигчидтайгаа хийсэн уулзалт ярилцлага, их сургуулиудад уншсан лекцүүдийг нь сонсох боломжтой болохоор байнга сонсдог. The New Yorker: Fiction подкастаар зохиолчид бусад зохиолчдынхоо, өөрт нь хамгийн их таалагддаг өгүүллэгийг уншиж өгдөг юм. Тэдний сонголт, уншилт, сэтгэгдэлүүд маш сонирхолтой байдаг. ВВС-ийн World Book Club, Late Night Library, Meet the Author, The Readers гэх мэт номын подкастуудыг бас сонсдог. Сүүлийн үед инстаграмын уншигч залуусын амьдралын хэв маягт жаахан “донтоод” байгаа. Залуучууд номыг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгочихсон, аялах, зугаалах, амрах, хооллох, сурах, ажиллахтайгаа зэрэгцүүлээд уншиж, бичиж, түүнийгээ зургаар илэрхийлж байгаа нь надад маш их таалагддаг. Манайд л мода болгомоор амьдралын гоё хэв маяг харагддаг юм. Bookmateriality, herpickings, bagfullofbooks, lilitslittlelibrary, baosbooks, bazfiction, 49books, igreads гэх зэрэг залуусыг инстраграм дээр дагаарай.

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Хамгийн сүүлд Жумпа Лахиригийн “Interpreter of maladies” гэж өгүүллэгийн түүвэр уншиж дуусгасан юм байна. Би ер нь нэг ном дагнаж уншдаггүй. Зэрэг шахуу арваад ном эхлүүлчихдэг. Нэг номтой өнгөрүүлэх хугацаа маань уртасна гэсэн үг. Чингэхээр хуудсаас хуудаст, бүлгээс бүлгийн хооронд завсарлаж, бодох, цэгнэх боломжтой болдог.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Олоон. Санаж байгаагаас Янн Мартелын “Life of Pi”, Милан Кундерагийн “Laughable Loves”, Г.Аюурзанын “Тэнгэрийн судар”, J.M.Coatzee-н “Inner workings” гэж уран зохиолын эсээний ном уншиж байгаа.

Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

Ёоханн Кристоф Шиллер “Вилгельм Телл” гэж жүжгээ 1803-1804 оны хооронд бичээд өөрөө 1805 онд нас барсан байдаг. Харин надад энэ жүжгийн 1805 оны 10-р сарын хэвлэл байдаг. Миний номын сангийн хамгийн эртний, хамгийн үнэтэй ном юм уу даа.

Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

Тийм ном бий. Намайг анх номын амтанд оруулж, номын мөрөөр эргэлт буцалтгүй замнуулсан ачтай ном бол “Раамын үлгэрийн цоморлиг”. “Сида цэцэгнээс төржээ” гэсэн ганцхан өгүүлбэр уншаад л миний хорвоог харах нүд орвонгоороо өөрчлөгдчихөж билээ. Хоёрдугаар ангидаа анх уншсан тэр номоо би одоо ч нандигнаж хадгалдаг. Хавтас нь ноорч, хуудас нь салбарч, яая гэтэл элээгдсэн ч номын санд минь хөшөө дурсгал шиг хүндтэй байранд заларна шүү дээ.

Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Хамгийн сүүлд Жулиан Барнесын “Sense of an Ending” гэж ном худалдаж авсан. Утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг “The Man Booker Prize”-ыг 2011 онд хүртсэн ном л доо.

Ном танд юу өгдөг вэ?

Ном надад одоо байгаа амьдралыг маань ирээдүйтэй нь өгчээ. Би номоор амьсгалж, номоор амьдарч яваа хувь заяандаа баярладаг. Ном хүнийг өөрт нь ч мэдэгдэхгүй, алгуур, сэмхэн өөрчилдөг. Намайг бол их зөөллөсөн нь анзаарагддаг.

Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?

Орхан Памукын “Цас” романыг л хамгийн олон уншсан байх даа. Эхлээд “Өө, ямар сайхан юм бэ, ямар “зэвүүн” юм бэ” гэж дуу алдаж уншсанаа санаж байна. Дараа нь орчуулна даа гэж үг, өгүүлбэрийг нь сонжиж нэг уншсан. Тэгээд орчуулж байх явцдаа бас уншиж таарна. Дараа нь Монгол хэлнээ буулгасан өөрийн орчуулгаа засч, Монголоор уншсан. Ингэж дөрөв уншсан юм байна. Сая ахин хэвлэлтэд ороход нь ганц нэг завсар хийе гэж бодоод тав дахиа унших гэтэл халшраад бүр болдоггүй. Тэгэхээр нь найзуудынхаа тэмдэглэж өгсөн засварыг оруулаад л хэвлэсэн дээ. Ер нь ахиж хэзээ ч уншихгүй гэж бодож байгаа.

Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Хэвлэмэл байдлаар олох боломжгүй номуудаа интернетээс татаж аваад электрон хэлбэрээр уншдаг. Зайлшгүй унших шаардлагатай тохиолдолд. Бусдаар бол цаасан хэвлэлээ шүтнэ. Гартаа барьж, хуудсыг нь эргүүлж, үнэрлэж, үнгэж, дэрлэж унтаж болдог ном гэдэг чинь шал өөр. Ном, хүн хоёрын дундах “амьд” харилцааг үгээр илэрхийлшгүй шүү дээ. Тэгээд ч би номын шуналтай хүн болохоор заавал биетээр гартаа барьж байж л “Миний ном боллоо” гэсэн мэдрэмж авч сэтгэл ханадаг. Шилэн дэлгэцний цаана байгаа ном нэг л хүнийрхүү, юу юугүй нүүрээ буруулчих гээд байгаа хуурамч амраг шиг шүү дээ. (Инээв)

Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?

Эргэж ирэх юм байгаа биз дээ? Эргэж ирнэ гэвэл хамгийн зузаан номоо л авч явна даа. Монтенийн эсээ, Марсел Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд”-ийг ч юм уу. Эргэж ирэхгүй, тэндээ үүрд үлд гэвэл “Мял Богдын намтар”-аа авч явна.

Утга зохиолын орчуулга сонирхон эхлүүлж буй залууст энэ салбарт мэргэшин ажиллаж буй залуу орчуулагчийн зөвлөгөө сонин байх. Та утга зохиолын орчуулга хийх хүсэлтэй залууст хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юуг хэлэх вэ?

Орчуулга гэдэг бол хоёр хэлний асуудал. Залуус маань гадаад хэл гадарладаг болонгуутаа орчуулчихъя гээд байдаг. Гэтэл дотоод хэлээ би хэр мэдэх билээ гэж өөрөөсөө асуудаг нь ховор. Өсөхөөс сурсан, төрөлх хэл болохоор мэдэхгүйн зовлонгүй гэж ойворгон бодохдоо чухам эх хэлнийхээ ханыг л мөргөж “духаа шалбалж” байгаа нь олон харагддаг. Зарим нь түүнээ мэдэхгүй, анзаарах ч үгүй, сэжиж зүтгэхдээ эх хэлнийхээ духыг шалбалаад байна уу даа гэж бодогдож байна. Тиймээс монгол хэлээ бүгдээрээ яруу сайхан суръя. Орчуулга олон янз ч уран зохиолын орчуулга гэдэг авьяасын үйл мөн гэдэгт би гүнээ итгэдэг. Авьяас гэдэг нь мэдрэмж юм. Мэдрэмжийг сурах хэцүү. Төрөлх өгөгдөл ч байж мэднэ. Тийм ч учраас утгын хувьд ямар ч алдаа мадаггүй буулгасан ч нэг л хуурай, хөндий, сэтгэлд наалдацгүй өгүүлбэрүүд, өгүүллэгүүд, номууд маш олон хэвлэгдэж байна. Тэгэхээр монгол хэлээ хэрхэн сурах вэ? Унших хэрэгтэй. Хуучны судар ном, түүх шастир, билгүүн номчдын бүтээл номлол, ахмад зохиолчид, яруу найрагчдынхаа зохиол, шүлгийг уйгагүй уншдаг болох хэрэгтэй. Эмээ өвөө, аав ээжийнхээ амнаас гарах хуучны үг, илэрхийллүүдийг анхааралтай сонсож, сурч аваарай л гэж зөвлөе дөө.

Энэ буланд оруулах дараагийн номын хорхойтноор хэнийг нэрлэх вэ?

Өвөрмонголын яруу найрагч, найз Дүүрэнжаргалыгаа нэрлэе. Тэр нөхөр энд байх хугацаандаа ямархуу номууд цуглуулж, хэр том номын сантай болж амжсан нь их сонин байна.

“Тагтаа Паблишинг”-ийн “Би номын сантайгаа” буланд том жижиг, цахим, цаасан гээд ямар ч номын сантай уншигч орох боломжтой агаад дараагийн удаа таныг ч энэ буландаа урьж магадгүй юм. Та энэхүү буланд маань оролцохыг эсвэл номын хорхойтон танил, найз нөхдөө санал болгохыг хүсвэл манай “Tagtaa Publishing” FB хуудасны чатаар хандаарай.

Түр хүлээнэ үү...
Top