БИ НОМЫН САНТАЙГАА: НИЙГЭМ СУДЛААЧ, НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙЧ Г. УЯНГАА
2021-11-01 Би номын сантайгаа 606

“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаагийн зочин нийгэм судлаач, нийгмийн сэтгэлзүйч Г. Уянгаа оролцож байна. Тэрбээр одоо Австрали улсын Сидней хотод ажиллаж, амьдарч байна.

 

 

 

Та номын сандаа хэдэн номтой вэ?

 

Тоолж үзээгүй юм байна. Сүүлийн хэдэн жилд нүүдлийн байдалтай амьдарч байгаа болохоор хэдэн хайрцаг номтой явж байгаа. Мөн артикл, номнуудаа цахим хэлбэрээр хадгалах нь түлхүү болж. Одоо хоёр хард ном, артиклтэй болжээ.

 

Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

 

Нийгмийн ухаан, түүхийн ном түлхүү уншиж байх шиг байна. Урьд нь бол уран зохиол их уншдаг байсан. Тэгэхээр цаг үеээсээ шалтгаалж сонголт өөр өөр байгаа юм болов уу?

Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Сонголтыг болохоор ихэвчлэн хүний санал болгосон эсхүл мэргэжлийн номуудад ашигласан эшлэлээс харж сонголтоо хийдэг. Мөн багш, эрдэмтэдийн мэргэжлийн номуудыг авахыг хичээдэг. Уран зохиолын ном сонгохдоо танил зохиолчидын номоо сонгох гээд байдаг талтай.

Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

Мэргэжлийн номыг бол ихэвчлэн мэргэжлийн хүрээн дотроо байнга илгээгддэг мэйл дундаас харж сонждог. Популяр номыг харин номын дэлгүүр хэсэж, барьж үзэж, уншиж үзэж авах гоё санагддаг.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг одоо бол Marie Favereau -гийн The Horde уншиж байгаа. Монголын тухай гадаад кино урлаг урьд нь англофон линзээр хараад, ихэвчлэн ‘барвар’ мэтээр дүрсэлдэг байсныг өөрөөр харж, Монголчуудыг соёл тээгч, соёлын хөгжил дэмжигч ахуйн онцлогийг өөр нүдээр тайлж харахыг эрмэлзсэн ном санагдаж байгаа. Энэ нь аргазүйдээ гарсан өөрчлөлтүүдээ ашиглаж, түүхийг өөрийн соёлын нөлөө багатайгаар ахин тайлж бичсэн санагдаж байгаа. Та хэд мөн сонирхоорой.

Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

Олон гоё ном байгаа. Үүнээс харин онцолбол Pierre Bourdieu-гийн Weight of the World; Denise Jodelet-гийн Madness and Social Representations: Living with the Mad in One French Community; ба Монголтой холбоотой гэвэл Bruno De Nicola гийн Women in Mongol Iran: The Khatuns  гэдэг номуудаа арай содон, онцлог гэж хэлж болох байхаа.  Weight of the World нь юугаараа онцлог вэ гэхээр, төр түшиж байгаа, эсхүл эрх мэдэлтэй хүмүүс ихэвчлэн нийгмээ ойлгох ойлголтоос холдох гээд байдаг сэтгэлзүйн онцлогтой л доо, тэгээд нийгмээ ойлгохын тулд мониторинг, статистик харах аргаар шийдвэр гаргалтанд ханддаг нь яг иргэндээ болж байгаа тэрхүү комплекс амьдралын замналыг нь үл ойшоох гээд байдаг.

Тэгвэл энэ ном орчин үеийн нийгмийг тодорхойлж байгаа нийгмийн зовлон болон орчин үеийн хурдтай өөрчлөлтөнд дасан зохицоогүй хүмүүст ямар бэрхшээл тулгарч байгааг гоё задалсан ном. Madness and Social Representations нь миний мэргэжлийн ном л доо. Энэ ном нь түүхэн нийгмийн ойлголт хэрхэн цаг хугацааны турш өөрчлөгдөж, хувирч байгаа, мөн өмнөх ойлголтууд нь хэрхэн коллектив ой тогтоолт болон гарч ирж байгааг харуулсан юм. Судалгааны орчин нь Францыэ Ainey-le-Chateau гэдэг газар явагддаг. Сэтгэцийн гэх эмнэлэгээ татан буулгаад, иргэдээ нийгэмрүүгээ оруулсан ч,  ‘бид ба тэд’ гэх түүхэн айдас, хуваагдал нь хэрхэн илэрдэг тухайтад судалгааны ном юм.

Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

Өвөөгийн маань амьдралын түүхээ бичсэн ном нь миний хувьд их нандин юм уу? Дотор нь өвөөгийн өссөн газар, хамт аялж байсан газрын талаарх дурсамжууд нь дурсгалтай байдаг. Өвөө маань эмнэлэгт бие муутай хэвтэж байхад, эмээ маань олон сар хажууд нь сууж, бичсэн ном болохоор, тэр номыг барих болгонд нандин санагддаг.

Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Хамгийн сүүлд Дэлхийгээр Тархан Суурьшсан Монголчууд ТББ буюу нийтэд ТАСАМ-ын гэдгээр танигдсан Монгол Улсын Төрийн Соёрхолт эрдэмтэн Ц.Санчирын гурван боть ном авсан юм байна.

Ном танд юу өгдөг вэ?

Бусад хүнтэй холбогдох гүүр болдог ч юм шиг. Одоо цаг болон өнгөрсөн рүүгээ холбогдож, ирээдүйгээ зураглах боломж, хамтдаа мөрөөдөх, хамтдаа гашуудах, дурлах, ганцаардлаа тунгаах, баяраа хуваалцах, хамтдаа инээх тэрхүү нийгмийн харилцаа юм уу.

Таны хамгийн олон дахин уншсан ном, яагаад?

Хамгийн олон уншсан хоёр ном нэрлэе. Үл мэдэх ба түүний нөхөд, нөгөө нь Foucault-ын Discipline and Punish байхаа.

Үл мэдэхийн ном арван жилд их хөгжилтэй санагдсан болоод тэр байх, Foucault болохоор онолыг их нягт бичдэг учир ойлгохгүй баахан эргэж тойруулсан хэрэг. Ер нь онолын номуудыг нэг уншдаггүй, байнга эргэн сөхөж, хардаг дадалтай болсон байна лээ.  

Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Хэвлэмэл байдлаар унших их гоё шүү дээ. Номоо бариад л, мэдрээд, цаас нь гоё бол за тэгээд болох нь тэр. Номоо илж үзнэ бас, эмоцио гаргамаар байвал номондоо илэрхийлэх боломжтой. Тэр нь гоё санагддаг. Цахим их авсаархан, тээж явахад их амар ч харилцаа нь бас ном шиг дотно биш байх шиг байгаа юм аа.

Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр 

Мэргэжлийн ангилалдаа ордог номыг уншиж сурах их дадал шаардагддаг юм байна лээ. Ганцаараа биш, болж өгвөл уншаад олуулаа ярьж юу гэж тайлж ойлгож байгаагаа ярилцаад, ахиад уншаад үзвэл их зөв дадал санагдсан. Номыг уншиж сурахад их хугацаа шаардах юм байна шүү.

Эзгүй арал руу явах бол номын сангаас ямар ном авч явах вэ?

Толстойн Анна Каренина авч явнаа. Баялаг ном болхоор очоод уйдахгүй байхаа.

Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?

Монголын залуу эрдэмтэдийг урьж яриулбал гоё болов уу? Сүүл үеийн гоё мэдээлэлтэй байж магадгүй. Жишээ нь Техасын их сургуульд антропологийн судалгаа хийж байгаа Бейбитгүүл Хаумен болон сүүлийн үед хүний хувийн мэдээлэлтэй холбоотой судалгаа хийдэг Заяа Булаг хоёрыг санал болгомоор байна. Баярлалаа.

 

 

Түр хүлээнэ үү...
Top