БИ НОМЫН САНТАЙГАА: БОЛОР ӨЛЗИЙ
2020-04-23 1892

Та номын сандаа хэдэн номтой вэ?

Яг нарийн тоо алга. Бүр илүү баяжуулах бодолтой үзэж л байна. Ховор, сонин номтой номын сангийн хажууд минийх ч ичмээр дамшиг даа...

2. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?

Уран зохиол, түүхэн, адал явдалтай номнууд унших дуртайдаа.

3. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?

Өөрийн сонирхол ихэвчлэн сонгодог. Бэлгэнд ирсэн ном их байгаа, мэдээж их ном уншдаг хүмүүсийн зөвлөгөөг дуртай хүлээн авч уншдаг. Мөн сонгодогуудыг унших ёстой гэж боддог...

4. Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?

Интернет орчноос: amazon etc. Гэхдээ номонд шинэ хуучин гэх ойлголт харьцангуй их байдаг байх. Миний хувьд уншаагүй ном бүхэн шинэ.

5. Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг одоо 3 ном эхлүүлчихээд байна. Федор Достоевский "Солиот"  Daniel Kahneman "Тунгаан бодох уу? Түргэн шийдэх үү?"Мө. Батбаяр "Өртөөн дээр хэлэгддэг үгс"

 

6. Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

Үүлэн бор гээд орос ардын үлгэрүүдийн ном байна. Энэ л ном намайг ном гэдэг энэ баялаг ертөнц рүү "татаж оруулсан"  нэг тийм татах хүчтэй юм шиг онцгой ном.Саяхан сүүлд гарсан хэвлэлийг нь авч хадгалсан. Уг нь хүүхдийн ном л доо...

7. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?

Анх өвөө маань намайг сургуульд орохоос өмнө үсэг зааж өгөөд ном уншуулах гэж үзэж байсан юм шиг байгаа юм. Тэр үед надад "Монголын шилдэг яруу найраг" гэж номны Ч.Лхамсүрэн гуайн 'Хүрэн морь' найраглалыг уншиж өгч байсан. Тухайн үедээ би уйлж майлаад сүйд болж байсан санагдаж байна.  1961 онд хэвлэгдсэн тэр ном өвөөтэй холбоотой дурсамж сэдрээдэг болоод ч тэр үү? нандин санагдаад байдаг.

 8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?

Би сүүлийн үед сэтгэл судлалын ном бага сага сонирхож байна. Түүнтэй холбоотой хэд хэдэн ном авсны нэг нь Австрийн сэтгэл судлаач эмч Sigmund Freud-н Psychoanalyse. 

9. Ном танд юу өгдөг вэ?

Ном надад өгдөг ч юу байхав. Би авдаг. Өө тэгээд олон л зүйлс байна. Мэдлэг, шинэ санаа, сэтгэлийн таашаал гээд л...

10. Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?

Ф.Достоевский-н "Гэм зэм". Бүх зүйлээрээ агуу роман санагддаг. 

11. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Цаасан хуудас эргүүлж унших дуртай, хуучинсаг гэх юм уу хэхэ

12. Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна?

Ном уншдаг байгаасай

13. Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?

Номын сангаасаа гэвэл дахиад л Ф.Достоевский-н Карамазовын хөвүүд хэрэв надад байдаг бол Ч.Лодойдамба гуайн бүх зохиолыг бүрэн түүвэр болгож аваад явна даа. 

14. Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?

Шарк Д.Энхтүвшинг урьж байна.

Түр хүлээнэ үү...
Top