БИ НОМЫН САНТАЙГАА: "ARIYA ENGLISH COURSE" ТӨВИЙН БАГШ А.БАНЗРАГЧГАРАВ
2020-03-20 1987

1. Та номын сандаа хэдэн номтой вэ?


Өөртөө байгаа номнуудын нийт тооны тухайд яг анзаарч хараад тооцоолох завдал ч тэр ийм тохиол ч тэр өмнө нь гарч байгаагүй болохоор тэд хэд гэсэн тоо шууд гаргаад хэлэхэд хүнд мөртлөө бас сонирхолтой байдаг юм байна. Миний хувьд 'миний номын сан' гэхээсээ аав ээжийн номын сан буюу 'гэр бүлийн номын сан' тэндээс салбарласан бид нарт байгаа номын сан гэсэн ойлголт байгаад байдаг. Эцэг эхийн номын санд ойролцоогоор 3000 гаруй ном байдгаас номын сангийн даац хэтрээд өнгөрсөн өвөл засварын үеэр бүх техник инженерийн ном, сурах бичгүүдийг хайрцаглаж гаргаад мэргэжилийн номыг тусд нь ялгаад хэрэгтэй хүмүүст нь өгөхөөр болж голчлон утга уран зохиолын номууд тавиур эзэгнэн үлдсэн. Бид нарын хувьд шинээр гарч байгаа номнууд дээр нэмэгдээд үнэхээрийн дуртай өөрөөсөө салгах дургүй номууд л тус тусын номын санд байраа эзлээд байж байдаг. Одоо тус тусдаа амьдарч байгаа ч гэсэн оюутан, сурагч байхаас эхлээд ерөнхийдөө хэн нь хэдий үед ямар чиглэлийн ямар ном сонирхож голчилж уншиж байсанаас хамаараад тогтсон бичигдээгүй хуультай болчихсон. Тэр нь юу вэ гэхээр, жишээ нь: Хамгийн бага эгч Тагтаагийн, Гэгээгийн ч юм уу тэр тэр зохиолчдын номнууд голчилж уншдаг гэдгийг бид нар мэднэ. Тэгэхээр Тагтаагийн шинэ гарсан номыг авлаа гэхэд авчихсан шүү уншчихаад өгье гэх мэтээр хоорондоо дамжуулаад явчихдаг.  Нэг талаараа хэмнэх гэсэн эрмэлзлэлээ үгүйсгэхгүй нөгөө талаасаа нэг ном тус бүрт гурав байснаас  аль нэгэнд нь тэдний бүх ном байвал хайж цаг алдахгүй амар. Дунд нь бүр үнэхээр онцгой гоё ном гарч ирвэл за энэ номноос өөртөө авчихсан дээрдээ гэх мэт. Иймэрхүү маягаар салбарласан номын сангуудаа хариуцаад явдаг даа. Миний хувьд оюутан байхад нүүж суухад амар байхийн тулд ойрын хугацаанд уншсан болон унших номнууд маань дэргэд байдаг байсан. Сүүлийн нэг хоёр жил өөртөө ойр байлгаж эргүүлж тойруулж харж байх гэсэн номнуудаа оффис дээрээ авчирчихсан байгаа. Шинэ номнуудаа бол өөрөө уншаад цаашид дэргэдээ үлдээгээд харж байх уу эсвэл дүүд хэрэгтэй юу эгчид хэрэгтэй юу гэдгээсээ хамаараад хүн хүн рүү нь явуулчихдаг. Яг одоо миний дэргэд ажил гэрт нийлээд 700 орчим ном байгаам байна. 


2. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?


Үе үеэсээ хамаараад өөр өөр номнууд уншиж ирсэн. Нэвтэрхий толь радугаануудын өнгөт зурагнуудыг харахын тулд олон дахин эргүүлж тойруулж явсан үеэс эхэлнэ шүү дээ. Ээж маань намайг уншиж сураагүй үсэг сурч эхлээчгүй байхад л үлгэрийн номнууд цувралаар нь аваад өгчихсөн байсан. Хүүхдийн сонингууд тус тусд нь захиалж өгдөг байсан. Яг тэр үеэс л эхэлж бид нарын тэр бичигдээгүй хууль үйлчилж эхлсэн байна шүү дээ. Жишээ нь дунд эгчид "Цох", "Сурагч" сонин, бага эгчид "Яагаад", "Хүмүүн бичиг" сонин, надад "Симба" сонин захиалж өгдөг байсан. Сүүлд "Баавгатай чихэр", "Би өөрөө" нэмэгдээд төгсөх ангид орохдоо лав "Утга зохиол урлаг" сонинг их уншдаг болсон байсан. Уншиж сурсаныхаа дараа цуврал үлгэрийн номнуудаа бүгдийг нь уншаад тэд нар дотроосоо дуртай үлгэрийн номуудаа шигшиж авч байгаад дахин дахин уншдаг байсанаа санаж байна. /Одоо бодсон ямар жаргалтай сайхан байгаа вэ./. Үлгэрийн номнуудын эрин үеэсээ аажмаар амьтадын тухай ном руу шилжсэн. "Унагаа зуусан хулан", "Долоо дахь хөхний гавар", "Барын зулзага бамбар" гэх мэт амьтад байгалийн сонин хачин танин мэдэхүйн талдаа номнуудыг уншиж явж байгаад нэрнээс нь болоод Жек Лондоны "Догшин Араатан" номыг уншчихсан. Тэгээд л Жек Лондон гэсэн нэртэй ном болгоны л хүслэн болсон. Яг уран зохиолын номнууд руу орж байтал түүхийн номнууд руу сонирхол хөтлөгдсөн. Бүх шашнуудын тухай бас сонирхож уншиж үзэж байсан. /Интернэт гарч ирсэнтэй холбоотой өөрөө блогчин болж нэг үзсэн./ Хувь хүний хөгжлийн номнууд руу орсон. Японы "Таван талт зарчим" ном надад их хэрэг болсон.  Тэгээд л их сургуульд Биотехнологиор сурч эхэлсэн. Мэргэжилийн номнууд судалгааны ажлууддаа бүрэн төвлөрдөг. Сонгон судлах хичээлээс шалтгаалж хэдэн өөр ном уншсан байсан. Төгсөх курсууддээ нилээн нэр хүндтэй монголд авч болох тэтэглэгүүдээс авсан. Тэтгэлэгүүдийн сертификат дээр бүгд дээр нь өөр өөрөөр бичсэн нэг агуулга явж байдаг. Тэр юу вэ гэхээр: "...Улс орныхоо ХӨГЖИЛ ийн төлөө..." Энэ л миний оюуны эрэл дараа дараагийн унших номын сонголтонд нөлөөлөөд эхэлчихсэн байсан. Орон орны удирдагч болон улс төрийн номууд, соён гэгээрүүлэгч нар болон философийн номууд цаашлаад тэндээсээ хөөгөөд явахаар психологийн номнууд гэх мэт. Сүүлийн үед энэ эрэл маань арт филм болон романууд дунд хөтөлж авч ирсэн. Дорно руу, ази хүн гэдэг рүүгээ хандмаар санагдсан. Нэг хэсэг хэтэрхий их нэг талын мэдээлэлд туйлширч орхисон байна гэж өөртөө дүгнэлт хиймээр байна. (Европууд дундад зуунд бүх хөөрхөн эмэгтэйчүүдээ хороочихсон болохоор царай муутай байдаг гэж хошигнодог шиг шашиныг халж боловсролыг авч ирэхдээ бүх спиричуалуудаа хаагаад арт филм, романууд нь нэг тийм ядал л харуулаад бдаг юмуудаа гэж санагдсан. Гэхдээ энэ дөнгөж эхэлж байгаа хүний өнгөцхөн бодол шүү.)
3. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?


/Алс хэтийн ч бай ойрын ч бай зорилгодоо нийцүүлээд  олж авсан бас сонирхоод авчихсан номнуудын хэмжээ унших боломжийн маань хэмжээнээс ямагт их л байдаг шүү дээ. Тэр номнууд дотроосоо тухайн үеийн нөхцөлөөсөө хамаараад сонголтоо хийнэ.  /Ихэнх уншигчид ийм байдаг болов уу гэж бодож байна./ Миний хувьд ажил 9 цагт дуусаад 12 хүртэл суугаад унших боломж гарлаа гэхэд ойрхондоо унших үнэхээрийн хүсэлтэй гурав дөрвөн номныхоо алийг нь уншихаа мэдэхгүй дунд нь гацчих үед бол надад амьдрах хугацаагаа дуусгах хүртэл нэг л ном унших боломж байгаа гэж бодъё тэгвэл алийг нь уншсандаа харамсахгүй вэ? гэж өөрөөсөө асууж үздэг. Тэгээд тэр л номоосоо эхэлнэ дээ. Жоохон эвгүй санагдаж магадгүй ч гэсэн энэ миний одоогоор өөртөө хэрэглэдэг арга барил. Энд нэмж хэлэхэд зарим үед бүр унших уу үгүй юу дээрээ тулаад залхуураад байх үедээ бол номоо бариад суухдаа за би өөрийгөө одоо сайхан гэрээ цэвэрлээд хоолоо хийж идээд нээх сайхан усанд ороод хөгжим сонсоод амарч энэ оройг өнгөрөөсөн гэж итгүүлээд оронд нь дөрөв таван цаг унтахаасаа өмнө энийг уншаад дуусгачихая гэх мэт. Миний хувьд өөрийгөө хүчилж байснаас иймэрхүү маягаар өөрийнхөө арга эвийг олоод юмаа хийлгүүлээд байхийг боддог доо. Гэхдээ энэ аргууд бол ажлын ачаалалтай мэргэжилийн ойр зуурын номноос гадна боломж гарсан үеийн тухайд шүү дээ. Одоо карантений үед энэ тал дээр бол эрээгүйгээр хэлэхэд сайхан байна. Хүнд ном уншаад тэр хоорондоо амрангаа хөнгөн номнуудаас явуулаад дахиад хүнд ном руу орох гэх мэт. 1-р сарын 27-нд ажил зогссоноос хойш овоорчихсон байсан номнуудаас 20 орчим номын ард гарсан байгаа. Төдий чинээгээрээ цаашдын өөртөө үүрүүлсэн ачаа хөнгөрч байна даа./
Зорилгоосоо хамаараад нэг ном бариад уншина. Тэр ном нь дараагийн ном руу хөтөлнө. Зарим номнууд өөрсдөө сонирхол татна янз бүр. Уран зохиолийн номнуудын тухайд үе үеийн уншигчдын уншсаар ирсэн он цагийн шалгуурыг давсан номууд бас өдгөө цагийн шинэ үеийнхэнийхээ бүтээлүүдийг дурлаж уншдаг болсон байна. Философи, психологийн номууд уншсаны дараа уран зохиол руу орж байгаа болохоор дүрүүд үйл явдлуудаас зүгээр нэг хүний амьдрал үйл явдалыг уншаад өнгөрөхөөсөө зохиогчийн чанар чансааг өөрийнхөө хэмжээнд үнэлж дүгнэх боломжтой болсон санагдсан. 
Хэн нэг хүн мундаг санагдвал тэр хүнийхээ уншдаг номыг унш гэж үгийг оюутан байхаасаа баримталсан. Хөөсөөр байгаад эх үндэсрүү нь орох илүү дээр. 
  
4. Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?


"The New York Times"-ийн санал болгосонуудаас сонирхож хардаг. Монголд шинээр орчуулагдаж гарч байгаа номнуудын тухайд Фэйсбүүк дээр хэвлэлийн газруудын болон номын дэлгүүрүүдийн пэйжүүдийг дагасан ном уншдаг хүмүүстэй найзууд болчихсон байдаг болохоор шинэ номын тухай анзаарагдахгүй өнгөрнө гэж бараг байхгүй дээ. 
5. Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Достоевскийн "Гэм зэм"-ийн дуусгаад ороос нь Жамиль уншсан. Ер нь энэ жилийн зорилго бол орос романуудаас Достойвскийнх, Хятадын уран зохиолын сонгодогуудыг унших зорилготой байгаа. /Романуудыг дунд сургуульд байхдаа уншихчивал зүгээр гэдэг юм билээ. Миний хувьд философи, психологийн номнуудын араас уншиж байгаа нь дүрээ үйл явдалаа ойлгоход хэрэг болоод байгаа болохоор айхтар харамсаж халаглахаа болисон./ Хичнээн ажил ихтэй ч гэсэн хэзээ нэгэн цагт дараа уншинадаа гэж байхаар нэг хоёроор нь хороож л байсан дээр санагддагдаа. 


6. Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?

Бүх ном 3000 дотроос олж авсан Эрих Фроммын "The Art of Loving" харахаар бүр хайр хүрээд байдаг.


7. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?


Манай эгч олон орноор явж байхдаа дүүдээ гээд бариад ирсэн номнууд л үнэхээрийн сайхан санагддагдаа. Пауло Коэльгийн 11 минут номыг Исландаас авч ирж өгсөн байсан. Сүүлд орчуулагдсаныХ нь дараа найз маань уншаарай гээд захиад байсан тийм гоё номыг тавиур дээр орхиод удаачихсан байсан нь харамсалтай. 
8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
Танилынхаа санал болгосоноор Лев Толстойн "Крейцерийн сонат", Мо Яны "Эргэлт" хоёрыг өнөө өглөөхөн авсан.  Өөр зөндөө л авч уншмаар гоё номнуудын хажуугаар арай л гэж гарч ирлээ. Карентинаас өмнөхөн нь испани хэлнээс орчуулагдсан "Тахлын үеийн дурлал"-ыг авсан байсан.


9. Ном танд юу өгдөг вэ?


Зохиолч номоороо дамжуулж юу хэлэх гэснийг нь л авдаг юм болов уу. 


10. Таны хамгийн олон дахин уншсан ном. Яагаад?


"The Little Prince", "The Alchemist", "Alice in Wonderland". Гуравуулаа англи хэлний сургалтанд маань хэрэглэгддэг анхалж уншиж эхлэхэд зөвөлдөг номууд. 


11. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?


Цаасан хэвлэл унших дуртай. Уншмаар байгаа англи хэл дээрх номнуудаа үнэгүй татаж авах боломжтой бол хэвлээд цаасаар нь уншдаг. Тун цөөн тохиолдолд электрон байдлаар уншдаг. "The New York Times"-ын өгүүллэгүүдийг ч гэсэн уншиж эхэлж байгаад таалагдвал бас л цаасаар хэвэлж байгаад уншдаг. 
12. Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна? 


Хүн хүний хүсэл зорилго өгөгдөл өөр өөр. Өөрөө өөрийнхөөрөө алдаж оноод шургаж босоод явсан нь хамаагүй дээр дээ. 


13. Эзгүй арал руу явах бол номын сангаасаа ямар ном авч явах вэ?

Мауглид цагаан толгой хэрэг болох байсан уу? Ном бол хүний нийгмийн тодорхой цаг үеийн тодорхой хүмүүст л зориулагдсан гэмээр. Эзгүй арал дээр хэрэг болохгүй байлгүй дээ. Хэрэгтэй газраа байж байсан нь дээр. 


14. Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?


Есөөнөө, Сэтгүүлч Бадамцэцэг, Найз Батцэцэг, эгч Бадам нарыг санал болгомоор байна.

Түр хүлээнэ үү...
Top