Хайр гэдэг
2018-02-08 Г.Лхагвадулам 3737

Адриан Хенри (1932-2000) Англи

Хайр гэдэг бүхээгтэй тэрэгний ард даарах
Хоёрхон гишүүнтэй фэн клуб байгуулах
Хайр гэдэг будагтай гарыг чинь атган алхах
Хайр гэдэг

Хайр гэдэг өвлийн шөнө утсан загас, хатсан төмс идэх
Хачин соргог мэдрэмжээр дүүрэн хөнжил нөмрөх
Хажуулахаар хэвтэхдээ чи гэрлээ унтраахгүй байх
Хайр гэдэг

Хайр гэдэг дэлгүүрийн лангуун дээрх Зул сарын бэлгүүд
Хайр гэдэг чиний хөгжмийн нэвтрүүлэг шимтэн үзэх
Хайр гэдэг хөгжим зогссоны дараа болдог явдал
Хайр гэдэг

Хайр гэдэг орхигдсон охин шиг хэвтэх цагаан дотоож
Хайр гэдэг илчээ дөнгөж алдсан унтлагын ягаан даашинз
Хайр гэдэг үүр цүүрээр чи явахаар босох
Хайр гэдэг 

Хайр гэдэг чи бас би
Хайр гэдэг шорон бас эрх чөлөө
Хайр гэдэг явсны чинь дараа байгаад л байдаг тэр нэг юм
Хайр гэдэг…

Чиний эзгүйд

Чиний эзгүйд өглөө бүр амралтын дараах ажлын эхний өдөр шиг 
Чиний эзгүйд Зүүн Ланксын өргөн чөлөө тэвчишгүй үнэртэй 
Чиний эзгүйд араг ясаар дүүрэн сүнстэй хөлгүүд Мерсийн гудамжаар өнгөрч үзэгдэнэ
Чиний эзгүйд жаргалтай юм шиг мэдрэмж төрөвч мөнгө, цагаа би яахаа мэдэхгүй

Чиний эзгүйд бусдын үүдэнд дутуу төрсөн шүлгүүдээ би бор цаасанд ороон үлдээхээс аргагүй
Чиний эзгүйд хөөмөл цагаан талхан дээр тавих сүмс ч олдохгүй
Чиний эзгүйд дэлгүүрийн цонхон дээрх хиймэл цэцэг ердөө л дэлгүүрийн цонхон дээрх хиймэл цэцэг
Чиний эзгүйд галт тэрэгний ослын тухай мэдээ сонссоор би зуныг барна

Чиний эзгүйд миний зурсан цагаан шувууд жаазнаасаа зугтан шөнийн тэнгэрт цусаа дуслуулна
Чиний эзгүйд ногоон алимны амт ногоон биш
Чиний эзгүйд “Sunday Times”-ийн тэргүүн нүүр хүртэл хар, цагаан
Чиний эзгүйд ээжүүд цайлсныхаа дараа хүүхдүүдээ тоглуулахгүй

Чиний эзгүйд хөгжимчин бүр блюз тоглож чадахгүй 
Чиний эзгүйд нийтийн байрууд дахиад л нийтийн болчихно
Чиний эзгүйд нэгнээсээ ялгарах юмгүй цэргүүд товчлуур дарж эхэлнэ
Чиний эзгүйд Пиццадиллийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн цэцгээ солихоо болино

Чиний эзгүйд Кларк Кэнт ч яаж супермэн болдгоо мартчихна
Чиний эзгүйд өглөөний түргэн зууш бэлтгэгчид эрдэнэ шиш л худалдана
Чиний эзгүйд будгийн номууд ч өнгөгүй 
Чиний эзгүйд Малерийн наймдугаар симфонийг гудамжны хөгжимчдөөс өөр хэн ч тоглохгүй

Чиний эзгүйд жигнэмэг бүр давсгүй
Чиний эзгүйд каррины нунтаг авч явах нь 200 хүртэлх паундаар торгуулах юм уу хоёр сар хоригдох ял сонсч мэдэх ноцтой хэрэг болно
Чиний эзгүйд нам гүм гудамжинд цагдаа нар холхино
Чиний эзгүйд машины урсгал ч солигдчихно

Чиний эзгүйд хэрүүлийн дараа “Сайхан амраарай” гээд үнсэх хүн олдохгүй
Чиний эзгүйд дэлхий рүү дөхөж явсан Ангарагийн гийчин буцаад явчихна
Чиний эзгүйд цаг уурынхан ч мэдээгээ өөрчлөхгүй
Чиний эзгүйд сохор эрс муу ёрын баглаа худалдаж эхэлнэ

Чиний эзгүйд 
үзэсгэлэнт газар үгүй, шатахуун түгээгүүр ч олдохгүй, байшин үзэгдэхгүй
дэлгүүр байхгүй, чимээгүй тосгон ч үгүй, далайн эрэгт цахлай дуулдахгүй
агуулахад шарз үлдэхгүй, шөнө ч, өглөө ч болохгүй
хот хот биш, эх орон нутаг биш, 
Чиний л эзгүйд. 

Түр хүлээнэ үү...
Top