БЭХ ЦААС НЬ ДУУСДАГГҮЙ ЮМ БОЛ...
2020-09-07 352

М.Цээпилд өргөв

Аргын тооллын 1909 оны аравдугаар сарын төгсгөлөөр буюу билгийн тооллын XV жарны шарагчин тахиа жилийн намрын сүүл сарын адгийн тэр нэгэн тунгалаг өдрийн бага үдийн хэрд, Дөрвөд Далай ханы нутагт "Элэгсий" гэж олноо нэршсэн суурин орос худалдаачин Алексей Васильевич Бурдуковыг Түргэний голын эхэнд өвөлжөөндөө дөнгөж буугаад байсан, арван баядын "Хичээнгүй" хэмээн алдаршсан Мажар бичээчийнд хөтөлгөө морьтой очиход, элбэг дэлбэг бус амьдрах ч угсаа язгуур сайтай, төрийн алба хашихаас бусад цагт хөдөө гэртээ бүгэн ном судар эргүүлэн суух дуртай, өвгөдийн ёс горимыг чанд сахидаг, намбалаг бичээч магнайныхаа хөлсийг шудран, дөнгөж чанасан улаан шаргал боорцогийг дуртайяа бувалзуулан цайлж суулаа.

Элэгсий бичээчийн амар мэндийг эрээд баруун хананд суувал бичээч хариу элэгсэгээр мэнд мэдээд алгаа дэлгэн баруун хоймроо дөтлөхийг уриад том мөнгөн аягатай цайгаа гартаа авав. Монгол эрийн талтай байгааг ойлгоод шалавхан дөхөж суусан Элэгсий бичээчийн эхнэр Амгалангийн барьсан халуун сүүтэй цайнаас их л сүртэй хүржигнүүлэн сороод өрөн дээр тавихад гэрийн эзэн, эзэгтэй хоёр найрсгаар инээд алдацгаав. Элэгсий жаахан ичингүйрсэн янзтай тавагтай идээнд гар хүрснээ живрээ умалзуулан, хамраа шуухитнуулаад өврөө ухан хадаг гаргаж, түүн дээрээ таван лангийн жижиг мөнгөн ембүү тавихыг харсан Мажарын царай балмагдангуй цонхийв. Тэд хэдий эртний танилууд боловч ингэж уулзаж байсан удаа үгүй тул тэр үнэхээр тавгүйцжээ. Харин орос худалдаачин ажиггүй байсан бөгөөд харь аялгатай боловч дориун цовоо байдлаар,

-За эрхэм ах минь, би таныг нэн чухал бичиг хэргийн албаар өргөө гэртээ залахаар зорин ирлээ. Таныг заллагаас минь татгалзахгүй гэж итгэж байна хэмээн хэлээд хадгаа дэвшүүлэн барилаа. Мажар бүр гайхаж хоцорчээ. Бас юу хэрэгтэйгээ шулуухан хэлээд зүтгэдэг харийн энэ занд тэр угаас жаахан таагүй ханддагийн дээр "сүртэй залж байгааг бодоход нэг учир ургалаа" гэж дотроо бодонгоо цайнаасаа балгаад хоолой засаж,

-Ямар сүрхий хэрэг гараад санд мэнд залаад унав? Амбанд зарга мэдүүлэх бичиг үү? Хадаг гаргаад ирэхээр чинь охиныг минь гуйх нь гэж айлаа шүү хэмээгээд хэг хэг инээв.

- Үгүй, зарга бус. Та миний монголд үнэхээр хайртайг, монгол үлгэр домогт маш дуртайг мэдэх биз. Би таниар тууль бичүүлэх хүсэлтэй залж явна.

-Тууль ий?

Элэгсий их сүрхий "хм" хэмээн хоолойгоо зассанаа сагсгар живэр доороос шар шүднүүдээ цухуйлган инээмсэглээд,

- Учир явдал ийм юм. Би арван баядын их туульч тайжийг залж гэртээ тууль хайлуулахаар болов. Энэ далимд түүний хайлах туулийг цаасан дээр буулган, баринтаглаж авах хүсэлтэй байна. Номын эрхэм багшдаа уншуулж сонирхуулах гэсэн юм л даа. Багш маань дэлхийн олон ардын үлгэр тууль, ёс заншил судалдаг хүн. Ийм учир таныг залж явна. Ирэх өвлийн эхэн сарын сайн өдөр Парчин гуайг манайд морилохын үед та мөн хүрэлцэн очиж хэлэх туулийг бичиж авч өгвөл түмэнтээ гялайна. Туульч гуай танаас өөр хүнийг яасан ч бичиж чадахгүй гэсэн л дээ хэмээн ярив.

-Яалаа гэнэ ээ хө?

-Туульч гуай танаас өөр хүний чадахгүй гэсэн. Би ч бас тэгж бодож байна. Тэр зун таны Ховдын амбаны зарлиг бичгийг хуулан түгээсэн хэргийг сайтар санаж байна хэмээн Элэгсий хариуллаа.


Зүүнээс: Орос худалдаачин, судлаач А.Бурдуков, алдарт туульч Мандиханы Парчин, бичээч Мажар (Мажаа) 1918 он

Үнэхээр Ховдын амбанаас урианхайн хошуудад илгээсэн зарлигийг хошуу ноён Саруул жанжин гүн Түмэнбаярын тушаалаар, бэрхтэйгээр хувилан бичсэн удаа Мажарт бий. Онц яаралтай хувилан тараах тушаалтай тэрхүү зарлигийг хором ч болов саатуулах нь зэм болох байсан учир Мажар бичээч элчийг нэг өртөө даган давхиж, зарлигийг олшруулан бичжээ. Өртөө газар давхихад элч зарлигийг арвантаа өндөр дуугаар дуудаж, Мажар мөнөөх зарлигийг эрчит хүлгийн давхиан дунд, модон самбар дээрх муутуу цааснаа мөн төдөн удаа буулгажээ. Хошуу засаг Түмэнбаяр ноён "Хичээнгүй" бичээчийн морин дэл дээр таталсан, ацаг шүдний ч алдаагүй тэдгээр тод сайхан бичгүүдийг үзээд ихэд бахдан сайшааж, хургатай хониор урамшуулсан билээ.

Бичээч тэр явдлыг санаад таатайяа мушийж, дөрвөлжин эрүүгээ зүүн гараараа илээд өтгөн хөмсгөө өргөж

-Би чиний хүсэлтийг сайн ухахгүй л байна даа. Туульч гуай бичиг үсэгтэй хүн шүү дээ гэлээ. Гэр дүүрэн халуун боорцог, шинэхэн чанасан цайны үнэр таатайяа ханхална.

- Туульч гуай өөрөө бичиж чадахгүй гэнэ. Товшуураа бариад хайлаад эхлэхээр л онгод ирдэг тул бичиж суух завдал үгүй гэнэ. Би өөрөө хэр чадлаараа бичиж аваад дутуу гуцуу тэмдэглэснээ хожим засаж нөхөж бүтэн болгож болох болов уу гэж бодсон л доо. Би ч нэлээд алдаг оног бичих нь лавтай. Гэтэл туульч гуайн тайлбарласнаар онгод түүний цээжинд туулийг оруулж өгдөг тул тэр хайлсан туулиа хожим үг нэгбүрчлэн байтугай бадаг шадаар нь ч сайн санадаггүй. Ямар бадаг, шадын араас ямар үг байдгийг огт мэдэхгүй гэнэ. Товшуураа татаад эхлэхээр онгод түүний цээжинд туулийг хөгжөөгөөд өгдөг тул эхнээс нь дуустал нь хайлж чаддаг гэнэ. Харин дундаас нь таслаад санаандаа байгаагаар ярьж өгч огт чадахгүй гэлээ. Чухам иймийн учир тууль хайлаад эхэлмэгц дагаад үг алдалгүй шууд цааснаа буулгаад бичээд байх эрдэм чадалтай хүний хэрэг болов. Тэгээд таныг гуйж явна л даа. Туульч гуай "Дань хүрэл" хайлж өгнө гэж амласан юм. Би танд шан хөлсийг нь өгнө. Хоёр тугалтай үнээ өгнө шүү.

Мажар ахиад л өтгөн хөмсгөө өргөлөө.

-Хм, Тууль бичүүлж авах гээд байгаагийн чинь учрыг ойлгосонгүй. Хууль цаазыг хувилж түгээх учир бий. Харин туулийг цаасанд буулган бичих ямар хэрэгтэй юм бэ? Эцэг өвгөдийн үеэс туулийг амнаас ам дамжуулан сургадаг, заадаг, хайлдаг байсан шүү дээ.

-Та бичгийн хүн учир зөвхөн хууль цааз гэлтгүй үлгэр зохиол, шүлэг сургаалыг цаасан дээр барлан хэвлэхийн учрыг сайтар мэдэх биз. Цаас хэдий хэврэг ч газрын холыг баттай туулдаг, цаашилбал он цагийг гатлан хойч үед хүрдгийг ах та надаар хэлүүлэлтгүй мэднэ.. Монголын энэ гайхамшигтай үлгэр туулийг цааснаа буулган хадгалбал олон хүнд, тэр тусмаа эрдэмтэн мэргэдэд, бүр ахивал хойчийн хүмүүст гар дамжуулан уншиж мэдэхэд нь баттай хүрэх болов уу. Мөн туульч гуайн нэр, монголын энэ гайхамшигтай авьяас ч ирээдүйд үл мартагдана. Тэгвэл арав гаруйхан наснаас минь өөд татан тэжээж, өдий зэрэгт хүргэсэн монголчуудын ачийг бага ч атугай хариулж байгаа хэрэг болно гэж би санасан учир их туульчийн билиг авьяас, ах таны чадал эрдэмд найдаж байна. Та хичээж тусла! гэж хэлээд Элэгсий хадгаа ахин өргөн дэвшүүлэхэд Мажар өтгөн хөмсгөө тэнийлгэж жигдхэн цагаан шүднүүдээ яралзуулан найртайгаар инээгээд,

-Эрдмийн сайн үйл бүтээхийг зорьж байгааг чинь мэдсэний учир хэр чадлаараа туслахыг хичээе. Ийм юм гуйхад хадаг барих учиргүй шүү дээ хэмээн хариу хэлэв. Элэгсий:

- Ёс мэдээгүй намайг өршөө, ах минь. Та ядаж ембүүг нь тогтоо гэвэл бичээч хариуд нь ахиад л талбиун инээмсэглээд ембүүг авчээ. Элэгсий сая сэтгэл нь уужрав бололтой гүнзгий амьсгаа авав.

Тэрбээр Мажар бичээчтэй ажил хэргээ сайтар тохирон ярилцаад, элбэг сайхан дайлуулаад их үд өнгөрөөгөөд мордохынхоо өмнөхөн,

- Та яг үг гээлгүй бичиж авч чадах байгаа хэмээн хаширлан бувтнахад "Хичээнгүй" бичээч уужим магнай, өтгөн хөмсгөн доороосоо хөнхөр нүдээ гялалзуулан духайж харснаа,

- Бэх, цаас нь дуусдаггүй юм бол бичихдээ л бичнэ гэж мэд! Харин чи бэх, цаасаа сайтар базаа! хэмээн хариулсан гэдэг.

Ийнхүү их туульч Парчингийн гурван шөнө хайлсан "Дань хүрэл" туулийг "Хичээнгүй" Мажар ганц ч үг гээлгүй цааснаа буулгасан болой. Чухам хэр сайн буулгасныг нь эдүгээ Санкт-Петрбург хотноо орших Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдан буй, ацаг шүд дөнгөн холбож сурч буй нэгэн ч түвэггүй унших уран тод, бахтай сайхан гар бичмэл өөрөө гэрчилдэг билээ.

Өвгөдийн их эрдмийг он цагийн салхинд хуудас хуудсаар нь хийсгэн алдсаар буйд харуусан, "хойч үе санаж явтугай!" гэж үүнийг бичвэй.

Дашдоржийн Дашмөнх
2019 он

Түр хүлээнэ үү...
Top