ААВ МИНЬ НАМРЫН ЗЭГС ШИГ БӨГТИЙЖ ЯВАХ БОЛЖ
2020-08-21 264

Орчуулагчийн өмнөтгөл үгнээс эхлээд л таалагдаж эхлэв." ...баруун хойноос жихүүн салхи хүйс хүйсхэн үлээж......сэтгэлийн тооноор навч мэт хаялан байвай..." хэмээнТагтаа паблишинг-аас эрхлэн гаргадаг орчуулгын бүтээлүүдэд эргэлзэх хэрэггүй гэсэн бодлыг минь улам лавшруулав. Зохиолын гол дүрийн баатар аавтай минь адилхан санагдлаа. Дүү бид хоёрыг хүний дайтай хүн, айлын дайтай айл болгох гэж цусаа худалдахаас бусдыг хийсэн хүн дээ. Нэгэн цагт тэнэгэр сайхан нуруутай байсан аав минь намрын зэгс шиг бөгтийж явах болж. Аавынхаа ачийг хариулах сан хэмээх бодол зүрхийг минь дүүргэж, нүдийг минь нулимсаар хучна. Дараагийн нэг онцлох зүйл нь "Карма" буюу үйлийн үр заавал буцаж эзэндээ ирдэг. Нэгэн цагт чи өөрийнхөө бяр чадал, өтгөн сайхан цусыг гайхуулж сайрхаж байхад, нөгөө цагт чамайг сул дорой, хүний биед ашиггүй, зөвхөн тавилга будахад тохирох цустай хэмээн басамжилна.Гэвч миний ойлгохгүй байгаа зүйл бол хятад хүмүүсийн "менталитет". Тэд ямар их тэвчээртэй юм бэ? Яаж 40,50 хоног зөвхөн эрдэнэ шишийн зутангаар амь зогоодог байна?Бас ямар хөршсөг юм бэ? Хөршийнхөө хувийн амьдралд хошуу дүрнэ, хөршдөө байгаа бүх мөнгөөрөө тусална.Яг л хятадын аглаг жижиг хотод хэдэн сар амьдарсан мэт мэдрэмж төрнө. Заримдаа тэд миний хажууд суугаад надтай ярилцаад ч байх шиг. Зохиолын төгсгөл ойртоход цусаа төлжүүлэхийн тулд элэг идэх бус, элэгний амтыг мэдрэхийн тулд элэг идэх л хамгийн амттай гэдгийг ухааруулах мэт. Тиймээс ингэхийн тулд, тэгэхийн тулд гэхээсээ илүү яг одоо амьдарч буй хором мөч, идэж буй хоол унд, өмсөж буй хувцас хунар, өөрт байгаа бүх сайхан зүйлээ таашааж, алхам тутамдаа амтыг нь мэдрэх чухал юм байна. P.S. Нэмээд хэлэхэд, уг роман тэр чигээрээ харилцан яриа хэлбэрээр бичигдсэн учраас уншихад маш энгийн. Босон суун, ажлын зав зайгаар уншихад ганц өдрийг зарцуулсан. Илүү удаанаар тамшаан уншдаг байж уу хэмээн харамсах ч, яг унших үед дараа нь яах бол, ийх бол гэж яаран догдолсоор нэг л мэдэхэд дуусгачихсан байсан. Мөн зохиолыг нэвт сүлбэсэн Том үсгийн сонин, Маогийн хувьсгал, коммунизм г.м. түүхэн баримтууд нь сонор содон агаад хятадын түүх соёлыг улам гүнзгийрүүлэн судлах сэдлийг төрүүлэв.2020.08.20Ч. БУДЬХАНД

Түр хүлээнэ үү...
Top