ААВДАА БИ ХАЙРТАЙ
2020-08-08 333

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Дэлхийн олон улсад тэмдэглэдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгожээ. Түүний ээж багад нас барж, аав Уэллиам Смарт нь түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн байна. Додд охин зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьжээ. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэсэн байна.

Удалгүй энэ баярыг олон газар тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болжээ.

Харин манай улсад 2005 оноос наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэж ирсэн. 2003 онд байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” энэ өдрийг албан ёсоор аавуудын баярын өдөр болгосон юм.  Үүнтэй холбогдуулан бид аавын тухай шүлгүүд хуваалцаж байна. 

***

ААВДАА БИ ХАЙРТАЙ 

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай

Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай

Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай

Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай

Нэг л намар миний ижил залуу явсан аав минь

Эгэл жирийн хоногийн эргэлтэд илэгдэж өтөлжээ

Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд

Эцгийн минь зулайг цоолон шувуудтай буцан оджээ

Шаргал наран улам улам алслаад

Саяхан ногоон байсан өвс навч гандаад

Алсын замд аавын харц шиг сүүмийгээд

Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу

Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн

Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд ганхсаар

Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг

Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ

Унах болтлоо уудам их зай байгаа ч уу үгүй ч уу

Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч уу үгүй ч үү

Он жил хэлж ирэх ч хорьж үл болно

Олон сайхан үртэй мөртлөө аав минь бөхийсөөр

Х. Чилаажав

***

ААВДАА

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа

Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ

Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ээжий минь
Айлын тавагнаас чихэр хармаалж шараа болгоно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнээ

Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэхийн юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг ээ

Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж Аав нар сумын үзель шиг хаа нэг дуугарна

Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээн аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөөн олтол цоо эрүүл болж жүжиглэдэг ээ

Ачийг тань хариулнаа би гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ

Гараан өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаан дэлгэж та тэднийгээн хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганганасан хэдэн зээтэйгээ хэдэнтээ хэлд орно

Гадаа навчис унаж он жил биднийг унасан навч шиг орхиж
Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг

Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөн
Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа

                                                                     Ц. Хулан

***

Ялалтын сүрт жагсаал дэлгэц дүүргэн хөвөрнө
Ялгуусан суу алдар тань хүүгийнх нь цээжинд, Аав аа
Ямагт инээсэн, тэмүүлсэн, мөрөөдөмтгий сайхан залуу
Яаж хэрхэн амьдраад, ялалт уналтыг амсав?
Ярайсан олон одонгууд л таныг минь орлон ширтэхэд
Яаж ч хоримгүй нулимс зургийг тань үзээд мэлтрэхэд
Явсаар л буй цагийн тань зүү зүрхний минь цохилтыг хэмжихэд
Яг тэгэхэд л гэсэн харуусал өрц зуран харвахад...
Яаж ч чадахгүй, явж ч тэвчихгүй гансрах юм, аав аа...
Үг хүртэл мухардах энэ гашуун гэхдээ
Үнэн болоод гунигтайд л энэ амьдрал гээчид
Үлдэж, хүү нь аавынхаа өр сэтгэлийн халууныг тээсээр
Үзэгдэх нь үл, орчлонгийн нэгэн хүрдийг эргүүлнэм
Та минь ялалтад дуртай, ялж тоглох ч дуртай
Тас хийтэл ёсолж, тэв хийтэл нуруу цэхэлж
Сахисан тангараг, амласан үгийнхээ өмнө үнэн болоод эрмэг
Салхич шувуу шиг зоргоороо нэгэн явсан, гэтэл
Нисэж явсан тэнгэрийн чинь салхин гэнэтхэн буруулан ороолж
Нимгэн нүцгэн зүрхийг тань жавраар хайрч орхилоо...
Өр зүрхнээс нь өмлөн өмлөн амьдарснаа
Үрс нь ойлгох тэр цаг ингэж ирэх учиртай байж.
Үлдээсэн өв тань гэвэл, өмд хүрмийн тань халааснаас олдсон
Үйрэн бутрах цасан адил хэсэг бусагхан үгс...
Эвлүүлж унших тэнхэлийг одоо л олсны хойно
Эцгийн санаа тэнгэрийнх байсныг сая нэг ухаарна...
Суу алдраа дуурьсгаж, ялалтын жагсаал хөвөрнө
Сургийг тань одноос дуулах тийм алсад та минь ч алхаж явна уу?
Ялсан, ялагдсан гэх үгс нэгэнт утгаа гээснийг хүү нь мэднэ ээ
Ялгуусан суу алдар тань гэхдээ цохилж буй зүрхэнд минь билээ!

 

                                                                              Ц. Дэлгэрмаа

***

ААВДАА

Оддоос амь туяа гэрэлтэнэ

Олон зүйл нийлж нэг утга илэрхийлнэ

Очих хүсэлгүй, уулзах бодолгүй ч

ороогүй цас, дуслаагүй бороо, урсаагүй нулимс

орхиод явсан газар

уулзалгүй удсан хүмүүс үгүйлэгдэнэ

 

Ийм үед,

үгүйлэх минь хайр шиг мэдрэгдэж

үгс хэлэхгүй байх тусмаа үнэтэй санагддаг.

Ийм үед,

эртний өрөө төлөх тухай бодол гэнэт төрж

эгэм цээжийг улам хүнд болгодог

 

Улас хийгээд тамхины цог анивчина

Уулсын дундах байшиндаа та

цонхоор ширтэж амьдарна

Мартагдана гэдэг ийм амархан

Маргааш гэдэг ийм амгалан

 

Оддоос амь туяа гэрэлтэнэ.

Одод, бороо, үгс гээд л 

олон зүйл нийлж нэг утга илэрхийлнэ

Ганц зүйл гэтэл олон утга илэрхийлнэ-

ганцаараа мөртлөө та надад

бүх зүйл шиг санагдана.

Энд ч гэсэн дээ

Улсхийгээд тамхины цог анивчина

Уулсын дундах байшиндаа хүү нь

цонхоор уугиж амьдарна

                                                                         Б.Батзаяа

***

Самуун дажнаас хүртэл ингэтлээ шархадсан баатар

Сажилж ирэх нь олон биш ээ. 

Салбарч урагдсан эцгийн минь төрхөнд цаг хугацаа

Савраа шигтгэж, хумсныхаа сорвийг хайр гамгүй үлдээжээ.

Хэнхдэгээ хүртэл сийчүүлээд амжиж, зовхи нь бууж

Хэрмэл Одиссейн сэнтий мэт сандал дээрээ гудайжээ.

Үр хүүхдийнхээ төлөө л ингэж үхэлдэж амьдарлаа гэвэл

Үнэнд эс нийцнэ, үнэн чинь юу вэ гэж тулган асуувал

Үүлгэртсэн ядруу нүдэн дотор нь үүлс хөвж, үүлсийн дунд 

Үзэсгэлэнтэй залуу бүргэд жигүүр хурцлан шунгаж үзэгдэнэ.

 

Хүнийг дотроос нь хийсгээд байдаг нэг тийм голын хий

Хүчирхэг хоёр жигүүр далан дээр нь ургуулж

Хүйтэнд нөмөрлөх учиртай үрс, гэргий, үүр гэрээ орхин

Хөндий уруудсан салхийг сөргөн дэвж ниссэн нь үнэн.

Тэнцвэргүй олон тулааны эцэст үхлүүт шархтай хаягдсан байхад нь

Тэмцсээр олж очоод бургасан дамнуурга дээр дамжлан

Орон гэрт нь аваачиж аманд нь ус балгуулахад ч 

Оддыг ширтэж, хуухиран шуухитнаж, шүдээ хавирах үйлтэн.

 

Үрийнхээ сэвлэгийг үнэрлээд л сэтгэл нь дүүрчих эцэг

Үүдээ сөхөж ороод л жавар нь үргэчих эр хүн

Та минь лав байгаагүй, тэглээ гээд муу үрс нь

Таны сүүдэрт даараагүй, хайр үгүйлж өнчрөөгүй.

 

Дэвэн одох болгонд нь араас нь даллан гүйсээр

Дэлхийн салхинаас залгилж цээжиндээ хураан хураасан нь

Дээлин дотроо өд нь гүйцсэн бас нэгэн тэнүүлчинг 

Дээвэр дээр гарган цэх зогсоож амжсан байна.

Агаарт хөлөө тавиад л би амьдралыг олно

Амжиж жигүүрээ дэлгэвэл аавыгаа илүү ойлгоно. 

                                                           Б.Баясгалан

***

Аавынхаа гарыг өвөр дээрээ дэлгээд

Өөрийнхөө тосноос түрхэж өг, хүүхдүүд минь

Алх хадууранд цэврүүтэж

Алганын хээ арилсан

Алганыхаа хээг цэврүүгээр далдлаад

Амьдралынхаа төөргийг чинийх болгосон

Аавынхаа гарыг бас барьж өг хүүхдүүд минь

Энх тайван, эх орныг чамд авч ирэхдээ, өөртөө тэр

Энгэр нэвт, эдгэшгүй шарх авч ирсэн

Энэ шархыг нь хүүгээс нь нуух гэж хүмүүс

Эгц наана нь одон зүүж өгсөн

Одонгийн хэмжээтэй онгорхой тэр нүхээр

Одоо чи саруулхан тэнгэрийг, санаа амар ширтэж байгаа юм.

Эцгийнхээ дэрийг өндөрлөж гараа дэрлүүл, хүү минь

Хүйтэн харанхуй шөнө тэгж хэвтэхдээ

Хөшиж бадайрсан ч бүү хөдлөгөөрэй

Сугалах төдийд л эцгийнхээ тэргүүнийг

Сэлэм шиг хяргаж ч мэднэ, гар чинь

Оршож, мэдээгүй болсон өрөөсөн гараа, их бууны суманд

“Оногдож дээ” гэж төсөөлөөд хөмхийгөө яз зуу

Тэр гартаа тэгэхдээ цээжиндээ шархтай аавыгаа

Тэвэрсээр явна, гал дундуур явна гэж бод

Аавтайгаа мөр зэрэгцэж тулалдах үедээ л хүн

Аз жаргалтай болдог гэнэм, нүдээ аниад төсөөл, зүүдэндээ бас зүүдлэ

Тэнгэрийн доор аавыгаа тэвэрч хонох шиг

Тийм жаргалыг хэний ч өврөөс чи олохгүй.

Мө. Батбаяр

***

Өсгөсөн аавдаа...

Шуурганаар гэртээ ирсэн эцэг минь

Хувцсаа нимгэлээд л

Нимгэлэх тусмаа жижигрээд л...

Гэрээсээ яваад би их л удсан юм шиг

Гэнэт л тэгээд ухаан суусан юм шиг

Уйлмаар болно

Нулимсаа ч залгиж сураагүйдээ шанална

Улам цээж гашуурна

Нуугдаж уйлахад багтах зай гэрт минь үгүй санагдана.

Намрын эхний шуурганаар малаасаа ирсэн эцэг минь

Надад зөндөө олон санаа алдалт авч ирээд л...

Эндээ үүрд үлдмээр байна гэж

Ээжийнхээ нүдэнд хэлэхэд бүхнийг ойлгосон нулимстай...

Тө. Бямбасүрэн

Түр хүлээнэ үү...
Top