MOM‘S RHYME
2020-04-19 708

Ээжүүдийн үг үр хүүхдийнхээ амьдрал, үзэл санаанд ямар ч зохиолчийн үг, бурханы айлдвараас илүү нөлөөлж насан турш цээжинд нь баринтаглаатай явдаг билээ. Тийм ч утгаараа бид "Mom’s rhyme" нэртэй дугаар эхлүүлсэн. Энэ дугаарт сэтгүүлч А.Мөнхзул, багш А.Банзрагчгарав нар оролцож ээжийнхээ үгсийг бидэнтэй хуваалцсан юм. 

А.МӨНХЗУЛ ЭЭЖТЭЙГЭЭ 1996 он

 1. Амиа “чимхэж” сур. Чиний сурсан эрдэм, хийж дадсан ажлыг хэн ч чамаас булааж авч чадахгүй. Тийм болохоор амьдралд хамгийн чухал нь бүх талаар өөрийгөө чадавхжуулах явдал. Тэгсэн цагт хаана ч, ямар ч тохиолдолд чи амьд үлдэж чадна.

2.       Бусдад өөрийн чадлын хэрээр тусалж бай. Тусламж хэрэгтэй байгаа хүн андашгүй байдаг юм. Их ажилд дарагдаад ядарч суухад хэн нэгэн “Алив, би хамжилцъя” гээд ажлаас нугалалцаад бушуухан дуусгачих үед ямар сайхан байдаг билээ дээ. Тэгж баярлуулна гэдэг л өөрөө жинхэнэ тусламж.

3.       Хүний мэдрэмж бол нэгдүгээрт тавигдах асуудал. Амьдралын ханиа ч тэр, найз нөхдөө ч тэр мэдрэмжээр нь таньж сонгож байгаарай. Мэдрэмж бол тухайн хүний дотоод сэтгэл, хүн чанарын нэгдэл. Бодоод үз дээ, атгаг өөдгүй хүнээс ямар мэдрэмж гарах уу. Эр хүний мэдрэмжийг хамгийн түрүүнд шинжилж үз, бусад нь бараг л хамаагүй.

4.       Ямар ч хүнтэй зөв харьцаад сурчихвал тэр бас нэг эрдэм шүү. Харьцаа, хандлагаас бүх юм эхэлдэг гэдийг байнга санаж яв. Хүний нүд рүү эгцэлж хараад хэлэх гэсэн санаагаа эвтэйхэн ойлгуулчихдаг байх хэрэгтэй. Гэхдээ хэлэмгий доломгой байх нь ээжид нь бол тийм ч таатай санагддаггүй.

5.       Зөрүүд зан бол хүнд хамгийн хэрэггүй зан. Өөрийгөө ч өрөөлийг ч зовоодог.

6.       Төлөвлөгөөгүй нэг ч өдрийг битгий өнгөрүүл. Жижиг ч гэсэн заавал төлөвлөгөө гаргаад оройдоо түүнийгээ дүгнэж бай. Биелүүлсэн бол өөрийгөө урамшуул, биелүүлээгүй бол өөрийгөө загна. Өөрийнхөө зорилгыг жилийн, улирлын, сарын, долоо хоногийн, өдрийн төлөвлөгөөнд хуваа. Тэдгээрийгээ нэг нэгээр нь, алхам алхмаар биелүүлээд байхад нэг мэдэхэд зорилгодоо хүрсэн байдаг.

7.       Олон найз нөхөд амьдралд тийм ч их хэрэггүй. Гэхдээ огт найзгүй байж бас болохгүй. Хэзээд чиний итгэлийг даах, чиний амжилтанд баярлаж чадах цөөн тооны найзтай байгаарай.

8.       Хариуцлага хүлээж сурна гэдэг, хариуцлагаа ухамсарлана гэдэг маш том хүмүүжил. Ажил дээр ч, хувийн амьдралд ч хариуцлагатай л байж чадвал асуудал бага үүснэ. Удирдлага чинь чамайг л ганц чадна гээд ажил даалгадаг болтол нь капитал болж ажилла.

9.       Эрэгтэй хүний гаднах үзэмжийг харъя гэвэл хамгийн түрүүнд гутлыг нь тэгээд гарыг нь харж бай. Гутал бол тэр хүний амьдралд яаж ханддагийг харуулна. Харин гар нь ямар амьдрал туулж ирсэн бэ гэдгийг харуулна. Тэгээд нүд рүү нь хараад ярилцахад аандаа танигдаж ирнэ дээ.

10.   Багахаан, амттай хоол хийж сур. Айлын эзэгтэй болчихоод нөхрөө ажлаас нь ирэхэд тогоо дүүрэн амтгүй лаглагар хоол хутгаад зогсож байвал тусгүй, муухай шүү. Хоолны хэмжээнд биш амт, чанарт нь анхаарч байгаарай.

11.   Цөөхөн тооны, эдэлгээ сайтай хувцас хэрэглэлтэй байж сураарай. Эмэгтэй хүн бол ялангуяа арьсан, дулаахан, хөнгөн гутал өмсөх хэрэгтэй, доороосоо даарч болохгүй.

12.   Хэрэггүй, ач холбогдолгүй эд зүйлсэд мөнгөө битгий үрж бай. Үрэх мөнгө байгаа л бол хадгалж, хуримтлуулж сур. Яаралтай үед аваад хэрэглэчих хуримтлалтай бол. Амьдралд юу ч тохиолдоно, байнгын л бэлтгэлтэй байх хэрэгтэй.

13.   Эзэн хичээвэл заяа хичээнэ. Энэ зүгээр ч нэг хэлчихсэн үг биш шүү. Хувь заяагаа ямар байлгахыг эзэн чи өөрөө л мэдэх хэрэг дээ.

14.   Чинжүү шиг бай.

 

А.Банзрагчгарав аав, ээжийн хамт 1996 он

1. Хэнийг ч хүн гэж үз. Хэн ч байсан эцэстээ бүгд л хүн шүү дээ.

2. Хүн бүрт хүн ёсоор ханд.

3. Танай удамд толгой лам нар ч шилийн сайн эрс ч байсан. Хэн болох юу хийхээ чи өөрөө шийднэ.

4. Юмс очих ёстой эзэндээ очих ёстой.

5. Амьдралд хайртай хүнтэй суугаарай.

6. Орой хийсэн ажил өглөө сэрэхэд хүн хийгээд өгсөн юм шиг л байна. Унтахаасаа өмнө цэвэрлээд цэгцлэчихэж бай.

7. Хөх зүү хөндлөн хатгаж чадахгүй. Айлд очвол хөөгдөөд ирнэ дээ чи.

8. Хичээж сурч чадахгүй бол хэдэн мал минь эзэнтэй болох нь дээ

9. Хүний май гэж өгөөгүй юмийг битгий гуйж аваарай

Түр хүлээнэ үү...
Top