АМРАЛТААР УНШИХ НОМ-2|ОЮУТАН ЗАЛУУС-Д
2020-01-28 1720

1. Билл Брайсоны "Шинжлэх ухааны товч түүх"

Чих худалч, нүд үнэнч гэдэг. Гэвч нүд ч бас худалч, үнэндээ, харалган юм. Алгаараа барьж арваараа тэмтэрч байж итгэнэ ч гэдэг. Тэр ч бас л асуудалтай. Яг үнэндээ та одоо сандал дээр сууж байгаа биш нэг ангстромын (сантиметрийг зуун сая хуваасны нэгтэй тэнцүү) зайд сандлын дээгүүр хөвж байгаа юм. Алтангадас од зүг чигийг заан тэнгэрт мөнх орших мэт авч огтоос мөнх бус бөгөөд хөгшрөх шатандаа орсон том улаан аварга од агаад хэрэвзээ энэ од 1573 оны үед унтарсан баймаажин бид түүний унтарсныг одоо л мэдэх юм. Юм гэдэг үгийн арын цэг тавин тэрбум протоны хэмжээтэй. Орчлон ерөөс гадагш ч дотогш ч хязгааргүй агаад аварга том тоонуудаар дүүрэн боловч түүнийг сэтгэшгүй ч гэнэ үү юу ч гэнэ үү нэрлэсэн ч математикт тэр зүгээр төгсгөлөг тоо юм. Математикт хамгийн бага төгсгөлгүй буюу тоологдомоос эхлээд континуум (энэ хоёрын хооронд тоо бий эсэх асуудал нь хорьдугаар зууны математикчдын өмнө тавигдсан үндсэн бодлогуудын нэг бөгөөд тодорхой нөхцлийн дор шийдэгдсэн байдаг) гээд үргэлжлэх кардинал тоонуудын тухай, ерөөс хамгийн их кардинал тоо гэж байхгүй тухай бакалаврын түвшний оюутанд огт онцгой биш юмны талаар ярьж байгаа юм шиг хичээл орж бүр шалгалт шүүлэгавч суудаг шүү. Математик ч орчлонгийн адил дотогшоо төгсгөлгүй бөгөөд хамгийн ойр орших хоёр тоо гэж байхгүй, ямар ч ялгаатай хоёр бодит тооны хооронд тэр хоёроос ялгаатай бодит тоо оршин байгаад зогсохгүй бүхэл бүтэн 'ертөнц' бий тухай хээв нэг ярьж зогсох нь төгсгөлгүй багасах хэмжигдэхүүний анализ гэж нэрлэгдэж асан математик анализ заах нь миний мэргэжил юм. Ерөөс хүн оршин байгаа орчлон ертөнц цаг хугацаа эргэн тойрны юмс үзэгдэл өөрийн бие усны дусал хумхийн тоосны тухай ч үнэн зөв мэдээлэлтэй байх нь боловсролын аугаа их зорилго юм. Атом цааш задрахгүй гэж боддог бол одот ертөнц хөдөлгөөнгүй гэж сэтгэдэг бол хорин нэгдүгээр зууны хүн арваг.есдүгээр зууны хүнээс огт ялгарахгүй билээ. Энэ утгаараа ч, аугаа орчлонгийн өчүүхэн хэсэг гэдгээ ухаарах хүмүүжлийн ач холбогдлоороо ч байгалийн шинжлэлийн боловсрол эзэмших нь ямар чухал болохыг үгээр илэрхийлэхийн аргагүй юм даа. Билл Брайсоны "Шинжлэх ухааны товч түүх" номыг (гурав хуваагаад жижигхэн хэвлэчихсэн хувилбар нь миний нарт тааралдсан учир зургийг нь оруулав) уншаарай гэж зөвлөх санаатай онгод ороод хэт олон юм биччихлээ. Ерөөс хүн бүр, хүүхэд залуус ялангуяа, шинжлэх ухааны хялбаршуулсан зохиолуудыг уншиу байх шаардлагатай юм. Уг ном бичигдсэн хэлээр уншдаг бол бүр л сайн. Гэвч төрөлх хэлээрээ уншихын муу гэж юу байх вэ. Магадгүй байгалийн шинжлэлийн нарийн түвэгтэй асуудлыг ойлгоход тэр нь ч дээр байдаг байж мэдэх юм. Шинжлэх ухааны хялбаршуулсан зохиол мэдээж бүрэн дүүрэн боловсрол олгож чадахгүй ч ерөнхий зөв төсөөлөл өгөх, хүний сониуч занг өдөөх, шинжлэх ухаанд дурлуулах аугаа шидтэй билээ. Миний санал болгож байгаа энэ ном бол шинжлэх ухааны хялбаршуулсан зохиолууд дотроо ихэд хүндтэй байр суурь эзэлдэг, сансар хорвоо, орчлонт ертөнцийн талаар шинжлэх ухааны маш хүнд ойлголтуудыг их ойлгомжтой уран гоёор бичсэн сайхан ном байгаа юм

 МУИС-ШУС математикийн тэнхимийн дэд профессор, доктор  Ж.Даваадулам

2. Чингиз Айтматов “Цайран харагдах хөлөг онгоц”

 

Өвөл гэртээ уншихад тохиромжтой байх болов уу. Мөн ийм бужигнаантай цаг үед хүний дотоод руу аялал хийхэд гэмгүй байх.

 

Зохиолч, яруу найрагч Ж.Оргил

 

3. Элон Маск

Бид жалганаасаа гарч чадахгүй байхад энэ хүн хүн төрөлхтний ирээдүйн төлөө, озоны давхаргын цоорлын багасгах, нөөцөө барж байгаа дэлхийгээс Марс руу нүүх тухай бодож, SpaceX төсөл хэрэгжүүлж байна! Багадаа их уншсан нь ийм сэтгэгч болоход хүргэжээ!


Зохиолч Б.Шүүдэрцэцэг

 

4. Д. Намдаг "Цаг төрийн үймээн"

Манай нэрт зохиолчдын шилдэг уран зохиол, ялангуяа романуудаас оюутнууд бага уншсан байдаг юм. Энэ номоос олон юмыгухаарч ойлгож болно. Богд хаант Монгол улсын үе болон түүний дараахан үеийн Монголын нийгмийн байдалтай танилцахаас гадна хүн чанар, хүнлэг ёсны талаар ч эрхбиш эргэцүүлж тунгаах болно. Мөн хэл найруулга сайтай зохиолчийн бүтээл учраас эх хэлний боловсролоо дээшлүүлэхэд нь ч хэрэгтэй. Тунгалаг тамирыг харьцангуй олон хүн уншиж танилцсанаас гадна 3 ангит кино, радиогийн аудио хэлбэрээс нь олон нийт сайн мэднэ. Харин энэхүү адилхан шилдэг романыг оюутнууд арай л бага уншиж танилцсан учраас сонголоо.

 

МУИС-ийн багш, доктор М.Баярсайхан

 

5. Г.Аюурзана“Тэнгэрийн судар”

Зохиолчид ямагт үндэстнийхэн оюун санааны язгууртнууд, сэтгэлгээний тугчид байдаг. Түүнийг нь тэдний туурвисан nonfiction буюу уран зохиолын бус туурвилууд нь ямагт баталдаг. Зохиолч хүн гэхээр л сар ширтэж, тэнгэр харж суугаад л санаанд орсон бүхнээ зохиогоод биччихдэг нөхөд биш гэдгийг ойлгоход nonfiction-ий бүтээлүүд нь тусладаг. Манай ахмад зохиолчид энэ чиглэлийн бүтээлүүд олныг туурвиж байсан биз ээ. Үргэлжлэл нь болж СГЗ Г.Аюурзанын "Тэнгэрийн судар" хэмээх нууц товчооны өгүүлэмжид өөрийнхөөрөө тайлал, зангилаа хийсэн нэгэн бүтээл (Филологийн бүтээл гэвэл илүү тохирох юм болов уу?) Түүхээ эргэж харахын дээр аливаад ажигч байх, бүтээлчээр унших уншсанаа задлан шинжлэх чанрыг харуулах ном.

 

“Тагтаа” паблишингийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан

 

 6. Т. Ууганбаяр “Баялаг”

Энэхүү ном нь оюутан залууст аливааг олон талт байр суурьнаас харах өөрийн үзэл бодлын ялгаатай болон ижил талыг олон салбарын мэргэжилтнүүдийн туршлага мэдлэг дээр тулгуурлан харьцуулах жиших, задлан шинжлэх нэгтгэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн олон салбар ШУ-ны байр суурьнаас нэр томьёог хэрхэн тайлбарлах тухай харьцуулж уншсанаар ШУ-ны мэдлэгийг тухайн салбарын практикт болон хувь хүмүүсийн амьдралд хэрхэн хэрэглэж хэрэгжүүлж байгааг харьцуулах боломжтой.

 

Монголын сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэн, сэтгэлзүйч Б. Жавзан

 

7. Егорь Тимковскй "1821-21 оны Монгол" 

Нэгт: 200 жилийн өмнөх Монгол орон болоод монголчуудаас юу өөрчлөгдсөн бэ? Юу өөрчлөгдөөгүй вэ?

Хоёрт: Орчуулагч Ж.Нэргүй хэмээх энэ орчуулагчийн үгсийн сан болоод найруулга зүйн онцлогуудыг харах

Гуравт: Чи цаг хугацаагаар төдийгүй оронзайгаар бас аялана. Ерөөсөө дэлхийн хамгийн их уншихад сонирхолтой ном бол Газарзүйн болоод аялалын уран зохиол байдаг. Чи яг энэ замаар, энэ улиралд, морин тэргээр аялаж өөрийгөө туршиж болно. Зардал бага, маш сонирхолтой. Тэсвэр хатуужлаа шалгана. Энэ аялалыг л хийж чадвал чи дэлхийн хаана ч аялаж чадна.


Төв номын сангийн сэргээн засварлагч, төвдөч Г.Ням-Очир

8. "Турк яруу найргийн дээжис-1"|Орч: Д. Мөнхтөр|

"Орчин үеийн хятад яруу найраг" |Орч: Нац.Энхбаяр| 

Яруу найргийн ном зөвлөмөөр байна. "Роботжиж" байгаа энэ цаг үед "яруу найраг" гэдэг энэ төрөл зүйлийг манай оюутан залуус нэг сонирхоод үзээсэй гэж хүсдэг юм. Сэтгэл зүрхнийхээ сайхнаас өөртөө авч үлдэхэд хэрэг болно гэж боддог юм. Дээр нь факт руу  хэт их хошуурсан үе ирчихсэн юм уу даа гэж бодогддог. Гэтэл амьдралын үнэнээс гадна мэдрэмжийн үнэн гэж юм байдаг. Яруу найраг тэр үнэнг бичдэг. Мэдрэмжийн үнэн гэдэг ч нэг төрлийн факт байж болох юм. "Турк яруу найргийн дээжис-1"|Орч: Д. Мөнхтөр| "Орчин үеийн хятад яруу найраг" |Орч: Нац.Энхбаяр| нэн тэргүүнд энэ хоёр шилмэл антологийг зөвлөж байна. Яагаад гэж үү? уншаад өөрөө хариултаа олоорой. 

Мө. Батбаяр

9. Орхан Памук "Истанбул хот ба дурсамж"

Энэхүү номыг оюутан залуус маань чилийсэн урт амтралтынхаа 20 гаруй хоногийн аль нэг хугацаанд сонгож уншаасай гэж бодож байна. Учир нь яг л өнөөдөр нийгэмд байгаа маш олон олон асуудлыг түр ч болов цааш тавьж өсөж төрсөн Улаанбаатар хотоо хайрлах сэтгэлийг тус ном төрүүлнэ. Басхүү шуудхан барьж аваад гүйлгэчих ном биш учир амралтын өдрүүдэд тухтайхан, үг үсэг бүрийг нь нарийн нягталж, дэлхийн нэгэн гоо сайхан хот, зохиолчийн хайр хүсэлтэй хамт аялаасай хэмээн бодож байна.

Монцамэ агентлагийн урлаг, соёлын тоймч Б. Алтанхуяг

Түр хүлээнэ үү...
Top