Ховд их сургуулийн «Уран зохиолын дугуйлан»-аар
2019-12-31 1012

Зөөлөн айг сэтгэлд илгээсэн энэ өвлийн цас бусдаасаа онцгой. Туниж, хүлээлгэж ирсэн болохоор, тэр. “Ойрадын шилтгээн Ховдын цэцэрлэг”-т болдог яруу найргийн цугларалтын үүдэнд, эгшиг дууны яруухан айзамтай, эмзэг мэдрэхүйн шинэ соргог тусгалтай шүлэг өвөртөлсөн залуус гэрэвшин зогсоо болохоор, тэр.

Ховдын хязгаарт, сэтгэлийн сайханд нь, хүний сайханд нь, уярал ухаарлын уужим, эрдэм ном, их сургуулийн ариун гэгээнд нь татагдан ирсэн оюутан залуусын дотор уянга найргийн тансаг мэдрэмжтэй, ертөнцийн барааныг тэнгэрлэг найргийн охь дээжээр сүлэн суудаг эгэл эрхэмсэг залуу уран бүтээлчид олон байдаг билээ. Явуугийн төгөлд бүүвэйлүүлсэн яруу найрагт хайртай энэ уран бүтээлчдийн туурвилаас 4 оюутны бүтээлээс уншигч танаа толилуулж байна.

Энэ ялдар цухас өгүүлэхэд, монгол орны хөдөөгийн ууган дээд боловсролын байгууллага болох Ховд их сургууль энэ өнгөрсөн 2019 онд 40 нас хүрчээ. Энэ сургуулийн төгсөгчид ажил амьдралын аль ч салбарт зохих байрыг эзэлсэний нэлээд дээгүүрт үгээр урлагчид зүй ёсоор орох ба тэдний дундаас олон арван залуусыг үгийн урлагийн ертөнцөд аялуулан, бүтээж туурвихын их замыг замчилсан ачтан,багш Довчингийн Отгонсүрэн, Ринчиний Батаахүү, Дашлхүмбийн Галбаатар, Сорогдогийн Энхбаяр, Дашзэвэгийн Мөнхтөр, Хаянхярваагийн Цэдэв, Дашлхагвын Ганболд, Батчулууны Мөнгөнхөлөгзэрэг эрдэмтэн, зохиолчдын нэрийг дурдан буйдаа баяртай байна.Ховд их сургуулийн уран зохиолын дугуйлангаас Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Г. Бадамсамбуу, Л. Мөнхбаатар, Т. Баянсан(Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт), Б. Лхагвасүрэн, яруу найрагч Д. Цогбадрах, Ш. Цоодол, Б.Цогнэмэх, С. Сарантуяа, Р.Энхтуяа, Б. Дагьмэд, Ч. Булгамаа,Н.Ариунгэрэл, Ц.Баасандорж, Д.Энхбаяр, Б.Баттулга нарын зэрэг бүтээн туурвих их аянд ганзага дүүрэн яваа зохиолч, яруу найрагчид төрөн гарчээ. Тэдний ихэнх нь хэд хэдэн номоо хэвлүүлж зарим нь монголын уран зохиолд өөрийн гэсэн зохих байр суурийг нэгэнт эзэлсэн байна.

Амьдрал хэмээх их тэнгист дөрөв тавхан жил хөвсөн оюутан цагийн хөлөг онгоц эрдэм номын их ухаарал, эмзэг гэнэн сэтгэлийн цагаахан гуниг, анхны цас, анхны бороо, анхны хайрын уярал гээд үй түмэн ачаагаар дүүрэн байдаг нь учиртай. Тиймээс ч,

Зүрхэн хөндүүр хайрынхаа төлөө нулимс унагаж

Зүгийн зөөлөн цэнхэр үдшээр шүлгээн тэрлэж

Оюутан ахуйн алтанхан үеэ үдсэн юм болохоор

Ойрадын шилтгээн Ховд нутгаа битгий мартаарай!

гэсэн мөр бадгууд оюутан хүний, залуу хүний дэвтрийн хуудсанд байдаг юм.

Ийм л учраас, саахалтынд очоод ирэхэд нь санахгүй байж чаддаггүй ээжийгээ энгэрлүүлээд ирэхдээ Балсангийн Лхагвасүрэн хэмээх оюутан охин “Салж эгээрэх хорвоо”-г саатуулж, төгсөх дипломын ажлаа “Алс аавын нутаг” сэдвийн дор өөрийн уран бүтээлээрээ бичиж, энэ цагийн эрхэмсэг яруу найрагчР.Эмүжин улирал бүрийн ангийн ажлаа бас л шүлгээр хамгаалж байжээ. Бүүвэйн дуу шиг зөөлөн салхитай үдшээр Баярын Дагьмэд “Дутуу юмгүй уул”-ыг аав шигээ санахдаа алганы хээ шигээ тодхон дүрсэлж, “Хонгорхон улиас” түшсэн Гэндэнжамцын Бадамсамбуу монголын модернист яруу найргийн “загалмайлсан эцэг” гэгдэх алдар хүндийн галаа энд зэрэглэж, охидын инээд саран адил мөнгөлөг гялалзах ойрдын шилтгээн Ховдын цэцэрлэгт Төрийн Баянсан “Галдан бошгот”-оо тунхаглаж, үзэл онол, үдэш, шөнө дөлийн халуун маргаан, хайр дурлал, санасан сэтгэл, үгүйдээ л өлсөх цангахын олон гэгээн уянгатай оюутан насандаа хийж бүтээхүйн их замд шуударсан авьяасын гал энд л бадамласан юм.

Өдгөө ч шүлэг найргийн хөг тасраагүй үргэлжлэн буйд сэтгэлийн баяр эснэнэ.Алс аавын нутгаа зүүдэлж, санаа алдах шиг болоход гэгээн гунигаараа гоёж, намар хаврын гэгэлгэн өдрүүдээс шүлгийн мөр түүж явна.Оюутан цаг, залуу насны эрчимт хүчээр эмзэг элбэгхэн бодлын хөндүүр, аясхан хөх талын зэрэглээ шиг гоёхон, аавын харц шиг ухаарлын шүлгүүдийг бичдгийн учир энэ бол дахин давтагдахгүй агшин. Иймээс, нэгэн цагт багш анд Д. Мөнхтөр, оюутан шавь Б. Лхагвасүрэнгийнхээ хамтран гаргасан “Цаг мөрний эрэгт…” номын оршилд С. Энхбаяр багш “Нэгэн цагт бид залуу явлаа…” гэж омог бардам тунхагласан биз ээ.

Дашзэвэгийн Өрнөхдэлгэр

Ховд ИС-ийн Англи хэлний 1-р курсын оюутан Ш.Биржан

 

*          *          *

Бодолд минь урган ганхах моддоос би асуусан

Буруу зөвийг ялгаж чаддаггүй өөрөөсөө ч бас асуусан

Ирмэгт нь тогтсон модны мөчир болон навчис

Илжирсэн гунигтай хамт хийсэн ирээд хариуллаа

Босож чадахааргүй хөл нь хугарсан дайчин адил

Бодлынхоо ёроолд сүүдрээ харан шаналах шиг

Олзлогдсон ертөнцдөө хэрхэн алхахыг сурсангүй байтал

Олж харсан хүн болгон нь гүйлдээд байхыг гайхна

Лаа ч дууслаа гал ч унтарлаа

Лонхтой хамт лонхон дотор живлээ

Газар дээр тогтож чадалгүй

Ганц хөлөөрөө мөлхөх гэж үзлээ

Урдаас тосон мишээгээд байгаа ч юм шиг мөчир болон навчис

Урьд насанд минь учирсан дурлал болон хагацлууд юм болов уу?

Нэг л хэвийн амьдралд минь нэлээдгүй тохионо гэх

Нэхэл хатуу хорвоогийн хууран мэхлэлт юм болов уу?

Ирмэгт нь тогтсон модны мөчир болон навчис

Илжирсэн гунигтай хамт хийсэн ирээд хариулахдаа

Газар дээр тогтож чаддаггүй ганц хөлөөрөө мөлхдөг дайчин надад

Гайтай ч юм шиг олон зүйлсийг шивнэлээ.

 

 

“Колатай чихэр

Надад намайг олж өгчхөөд

Надаас юу ч аваагүй гэж хэлсэн нэгэн

Намайг дэлхийтэй минь шатаачхаад

Надад юу ч үлдээлгүй явсан нэгэн

Сэтгэлд минь эрвээхий оруулчхаад

Зүрхэн дотор хөөцөлдөн тоглосон нэгэн

Санаанд минь цэцэг тарьчихаад

Зүүдэн гүнд услан хатаасан нэгэн

Бодолд минь дүүлэн нисчихээд

Тэнгэрийн оронд жигүүрээ алдсан нэгэн

Бийрэнд минь өнгө нэмчхээд

Төсөөлөл дотор харлан гацсан нэгэн

Чихэнд минь хайрын үгсээ шивнэчхээд

Буцахдаа гунигийн чимээ бэлэглэсэн нэгэн

Чиглэлд минь газрын зураг сийлчхээд

Баяртай ч гэлгүй амь тасарсан нэгэн

Амссан давсны ширхэг бүрээр

Амьдралыг минь гашуун болгож

Биеийг минь ороох судас бүр лүү

Бактери шиг хурдан дамжин тархсан

Ээлжлэх хоногийн төгсгөл бүрт

Эрх чөлөөг минь үгүй хийж

Зүрхийг минь дурсамжаараа цоожлон орхичхоод

Зүүдэнд минь ирээд л уулзаад одсон

Тэр нэгнийг хэзээ ч би мартахгүй

Тэр нэгнийг хэзээ ч би дурсахгүй

 

 

Ховд ИС-ийн Монгол хэл, уран зохиолын 2-р ангийн оюутан Н.Буянбат

 

*          *          *

Өвлийн модод дунд тамхилан зогсоход

Өвдөлт хуучин байхаа болино

Ганцаардаж бас шаналахын төлөө

Галзууртлаа дурласан гэж үү!

Ахуйд баригдах, амьдралд хүлэгдэх

Амьсгалах минь хүртэл тээртэй санагдах

Аз жаргалыг бэлэглэчихээд буцаагаад авсан

Арван наймтай чиний гарт инээмсэглэлээ атгуулсан

Чи түүнийг шувуу мэт нисгэчхээд

Чимээгүй л яваад өгсөн

Араас чинь горьдож хүлээхдээ

Алганд минь буй чиний гунигийг

Алдахгүйн тулд урагш гишгэж зүрхлээгүй

Амь халуун зүрх л зогсох цагаа хүлээсэн...

 

*          *          *

Сэтгэлийн минь цонхийг

Тагтаа мэт тоншоод

Сиймхийгээр нь гашуудлын

Аз хөгжимдөгч өө

Шантарч залхсан ч

Шархалж эдгэсэн ч

Хагацлаар тэжээгдэхээ л мэднэ

Харцан дотроо л ганцаардлаас ангижирна

Цаг хугацааны шувууд

Дурсамжийг минь зөөсөөр дуусахад

Цаасан дээр тэмдэглэсэн үгс л

Чамд очихоор яарах болно

 

*          *          *

Өрөөний чинь гадаа зогсоод

Хаалгыг чинь зөөлхөн тогшино

Өөдгүй хүслүүдийг минь номхотгож

Чиний пянз тоглуулагч намуухан эгшиглэнэ

Чихийг чинь дарсан ганцаардлын

Хоёр гарт хэрхэн хүрэх вэ?

Чимээгүйд чимээ бүтээх гэж оролдох хөвгүүнийг

Чи өндийгөөд ч болов нэг хараач!

 

 

БАТСҮХИЙН МАРАЛМАА

2002 оны 1сарын 20-нд Ховд аймгийн Дуут суманд төрсөн.Эгэл малчин айлын дундах охин.Одоо Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургуулийн 12-р ангид суралцдаг. Ирээдүйд хуульч мэргэжил эзэмшихээр зорьж байгаа аж.


.

ААВДАА...

Үймээнт адын чөтгөр

Зүүд эргэж наадахад

Үйтэн шар бүс

Зулай хурайлж адисладаг

Зүгээс төөрөх үрийнхээ сүнсийг манахдаа аав минь

Зүйргүй холын бурхадыг дэргэд буулгаж шүншиглэдэг

Арлаж эвхсэн хөх торгон дээл

Аавын гоёдог гүехэн цэнгэг гол юм

Атираа хуниас бүхэнд нь уулс багтаж

Аагтай эрдүү насыг гудайлган хавсан

Аль ганцхан бүхнийг л надад сануулам

Алдаж боломгүй дурдатгал болжээ

Үгс царцам цэв хүйтэн орчлон дэвэлзэхэд

Үнрээр нь амь авах таныхаа дээлийг л үгүйлнэм

Өтгө бууц нэвширч хөдөө сэнгэнэхэд

Өнөөдөр юуны төлөө амьдарч буйг

Өрцөн дундуур шавхуурдах шиг болно

Зүүднээс тань эхлэл авч би маргаашийг хайхдаа

Зөрлөгийн тэг дээр уулзаж амьсгалтай тань элэгдэнэ

Зүрхээ сийчүүлэн байж хожим тасрахдаа

Зузаан тэрлэгийг тань нөмрөөд

Дурсамжаа мэрж хоцорно...

 

 

ЭХ ОРОН

Ган зуны саран эгшин гуйж мэгшихэд

Галын улиглах дөл аргалын буйртай цогшино

Гадааг анирдаж дусагнах намрын өнгөтэй болрууд

Гарцаагүй ер бусыг зүрхэнд халгитал юүлнэ

Үнэгэн харанхуй шуугдаж сүүн гэгээ тунархуйд

Өвсний толгой налсхийж үнэн үнэнээ өмөөрнө

Үйсэн ташуурын аясаар эцгийн морь цогиход

Үүлгүй тэнгэрийн энгээр эрх чөлөө цацарна

Цогио хүйтэн он жилүүд шударга ёсноо ярагдаж

Цоргио мөнгөн уухай уулсын хяраар цуурайтан

Өнөөдөр буй жаргал өвгөдийн амиар сүлэлдэж

Өрцөн дотуур монгол өнгө нэг уусна

Туучиж эвхсэн цаг хугацаа өвдөг бохирон сөгдөхөд

Төлөөст орчлонгийн хууль үнэн бүхнээр шавхуурдан

Чи хийгээд би амьсгалах төдий агшинд

Чинэрсэн эх орны хөхийг шимж амирлуулна.

 

 

БАТХҮҮГИЙН ХҮЛЭГБООРЧИ

2001 оны 01сарын01-нд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн.2018 онд Мөнххайрхан сумын ЕБС-ийг төгссөн. Одоо Ховд их сургуулийн Монгол хэл,уран зохиолын II ангид суралцаж байна.

ОХИН БОРОО

Цэнхэр тагтаадын торгомсог өд шиг дуслууд

Цонхны цаана гунигтайгаар бууна

Цоо хатгуулсан сэтгэлд минь нэг нь нэвчээд

Цав цагаахан хуудсанд эхний мөрийг гаргана

Одод зөөн буух бороон дуслуудын сөнд

Оройн модод арз хүртээд анилдан дайвалзна

Ойворгон сарны гэрэлт үнэрийг хүлээх зуур

Охидын уянга үдшийн завсраар үгүйлэгднэм

Лавсгар цас зөөлөн буух гунигт өдрийг санагдуулам

Лусын охин над руу бороо болон урсаж байна

Лимбэ эгшиглэх мэт дөлгөөхөн харцанд нь харин

Лаа уруудахтай уралдан би хайлж байна

Магнаг торгон дээл өвдөг дээрээ тохон суугаад

Мөнгөн товчсыг энгэрт нь шигтгэж байнам

Мөнх ертөнцийн үүлэн чөлөөний нар шиг

Манант бодол минь үйлийг нь хараад цэлмэж байна

Од атгасан сормуусанд чинь зүрхээн булаалгаж

Олохын хүслэнд би дусал бүрийг сөхөн гүйсэн

Орох энэ борооноос чамайг эрэн хэсүүчилхэд

Олноос онцгой нэг л харц, тэнд миний зүрх байсан

Нэг л үдшийн борооноор үзэсгэлэн чинь над дээр асгархад

Нэмнэж буусан моддын мөчрөөс ч харамлан

Нэгэн үдшийн  бороог бас чамайг

Насны тоолол минь төгстөл хайрлахыг хүснэм би.

 

 

 

* * *

Гурван давхрын ганцхан цонх гэрэлтэй

Гудамжны модод буцсан намрын хөлд дарагдаж

Оройтсон сарны ганзага хоосон салхис

Одод имрэн модод сүлжинэ.

Тэр гэрэлт цонхны цаанаас

Чиний гоо үзэсгэлэн

Од харвахын тэрхэн гялбаа мэт хурдалж

Арваннэгдүгээр сарын үдэш

Алган дээр цас болон буухад

Алдагдсан чиний гоо үзэсгэлэн

Аль хэдийн зүрхэнд минь үүрээ засжээ

Гурван давхрын ганцхан цонх гэрэлтэй

Гудамжны модод буцсан намрын хөлд чирэгдэж...

 

 

Түр хүлээнэ үү...
Top