АНДРЕЙ ТАРКОВСКИЙН УРАМ ХАЙРЛАХ ХҮЧИРХЭГ 11 ЭШЛЭЛ
2018-10-25 1671

1962 онд анхны киногоо бүтээсэн Тарковский найруулагчийн хувиар бүрэн хэмжээний ердөө долоон кино бүтээсэн ч ихэнх нь бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтад жинтэй байр эзэлдэг. Түүний өдрийн тэмдэглэл болон ярилцлагуудаас бүрдсэн "Хугацаан доторх хугацаа" номоос танд урам зориг өгөх хүчирхэг эшлэлүүдийг сонгон хүргэж байна. 

Уран бүтээлч хүн туурвин бүтээх хүсэл тэмүүллээрээ ялгардаг юм. Ийм хүсэл тэмүүлэл төрөлхийн авьяас билгийг заавал ч үгүй дагалдаж ирдэг эд шүү.

Өөрсдийн хүчин чадлаар агууг бүтээх гэж зүтгэнэ гэдэг ердөө л хүн гэдгээ батлан харуулж буй хэрэг. Гэхдээ аугаад тэмүүлдэггүй хүнийг ямар хүн гэх билээ.

Идеалд хүрэх боломжгүй. Үүнийг ухамсарлаж буйгаараа хүний ухаан агуу. Хүрч болохуйц, нэн тодорхой зүйлийг идеал гэж үзэж байгаа бол тэр яавч эрүүл саруул хүн биш.

Сэтгэлээрээ бүү үхээсэй. Тэгэхээр үр хүүхдэдээ өвлүүлэх хамгийн үнэт чанар бол эр зориг, нэр төрөө эрхэмлэх сэтгэл юм.

Хүмүүсийг зөн совин аврахгүй. Угаасаа тийм зүйл бидэнд байхгүй болоод л эдүгээ сөнөхөд хүрээд байгаа юм. Тулах цэг болох учиртай сэтгэл зүрх, ёс жудгаа бид юман чинээ хайхардаггүй.

Авьяас гэдэг бурхны бэлэг биш. Хүн авьяас хэмээх ачааг загалмай мэт насан туршдаа “үүрч” явахаас өөр замгүй. Угаас уран бүтээлч гэдэг төрөлхийн үнэнийг эрэн бэдрэгч болохоор тэр.

Урлаг гэдэг угаас үхлийг үгүйсгэгч юм. Ийм болохоор уран бүтээлч нь зовж гашуудаж байхад ч урлаг өөдрөг хэвээр байдаг.

Хүнд нийгэм хэрэггүй, харин нийгэмд л хүн хэрэгтэй юм. Нийгэм бол өөрсдийгөө хамгаалж үлдэх хэрэгсэл төдий.

Хүн оршин байна гэдэг ерөөс хүн болж төрснийхөө хэргийг гүйцэлдүүлэхийн тулд сайныг хичээж, тэр хэрээрээ түүхэнд эерэг мөр үлдээх гэсэн ёс суртахууны мөнхийн тэмцэл юм.

Цаг хугацаа гэдэг ердөө харилцааны хэрэгсэл. Биднийг хүүхэлдэйн гэр шиг бүчсэн зуун зууны хучлагыг авч хаяад нэгэн цэг, мөч, орон зайд амьдрах амархан гэвэл итгэх үү.

Юуг нь ч мэдэхгүй зүйлс, дуслын төдий ч хутгаж чадаагүй мэдлэгийн далайд өөрсдийгөө эзэн гэж боддог бид ямар харалган бэ. Хүмүүн бид ямар өчүүхэн юм бэ!

Түр хүлээнэ үү...
Top