Хүн төрөлд тэнцэхгүй II: Фридрих Ницше
2018-10-11 1104

Суутны амьдрал тийм ч эмх цэгцтэй замаар замнасангүй. 1872 онд хэвлэгдсэн Ницшегийн анхны ном “Эмгэнэл төрсөн нь” түүнийг академик хүрээллээс нясалж орхижээ. Бүүр бүтээлийнх нь тухай гарсан цор ганц шүүмжид “Иймэрхүү хэмжээний зүйл бичиж буй хүнд эрдэмтэн болох ямар ч ирээдүй алга” гэсэн байв.

Ницше уг бүтээлээрээ Өрнийн мэргэдийн ихэд эрхэмлэдэг философийн оновчтой хэлэлцүүлэг, уран бүтээлч илэрхийлэл хоёрын ялгааг үгүй хийсэн болохоор тийн бухимдах нь аргагүй биз. Мань эр бүтээлийнхээ санааг нотолгоо, зүйрлэл, хошигнол, номлол, уран илтгэл, яруу найргийн гажилтаар дамжуулан илэрхийлсэн учир академик эрдэмтдийн хувьд “төвөгтэй философич” гэгдэх болов. Тэрбээр бичлэгийн хэв маягаа угшмал, уламжлалт рациональ хэв загвараар огт хязгаарласангүй. Харин ч яруу найрагч Шиллерийн нэгэн адил “Хүний санаанд эхлээд ямар нэг хөгжимлөг уур амьсгал эхэлж орж ирсний дараа яруу тансаг санаа орж ирдэг” хэмээн үздэг тул хэлний төмөр торыг зоригтой эвдэгч байв.

Ницше 1870 онд Франц-Пруссийн дайнд сайн дурын сувилагчаар явсан ч төд удалгүй цусан суулга, хоолойн сахуу туссаны улмаас албанаас чөлөөлөгдөж, илаарших гэж чамгүй уджээ. “Түүхийн хор хөнөөл ба ашиг тус” эсээндээ “Өнөөгийн бидэнд өөрийн гэх соёл үгүй болж. Бид харийн ёс заншил, урлаг, философи, шашин, шинжлэх ухаанаар өөрсдийгөө хулдаж байна. Бид бол ердөө л төөрөлдсөн нэвтэрхий толь бичиг” хэмээн өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөгийн амьдрал, соёлыг бүтээхдээ өнгөрснөөс хуулбарладаг тул түүх гэгч өнөөгийн амьдралд дараа болохоос цаашгүй эд санж.

Боловсролын үнэн төрх

 “Боловсрол бидэнд соёлын тухай асар их мэдээлэл өгч, үр дүнд нь түүхийн мэдлэгээ хэтийдүүлсэн нэгнийг бүтээнэ. Ийм хүмүүс өөрийнхөөрөө амьдрах чадваргүй болдог. Боловсрол алдаа мадаггүй нарийвчлал, амьдралаас хол хөндий “бодит байдал”-ыг номлож, хүнд өөрийгөө танин мэдэх, хорвоо ертөнцөд бүтээх үйл хэргээ тодорхойлоход нь хүлээс болохоос өөр тусгүй”. Ницшегийн хэлэхээр боловсрол бол ертөнцөд төрсөн цор ганц бодгалийн онцлог шинжийг эвдэгч, тархийг нь угаагч, өөрөөрөө байх боломжийг хүлэгч хүчин зүйл. Орчин цагийн боловсрол дээр тухайлан хэлбэл хэн нэгний үзэл суртлыг даган дуурайх жүжиглэлт ажээ.

 Тэгвэл соёлыг яах вэ? Ницше

 Аливаа бүлэг, ангийг тодорхойлж буй соёл, итгэл үнэмшил, үнэт чанарыг дан ганц боловсролоор бий болгох боломжгүй. Агуу үндэстнээс суут ухаантан төрөх нь бий. Гэхдээ төрөөс боловсролд хуруу дүрэхээ багасгахын хэрээр эл гоц үзэгдлийн давтамж ихэсдэг.  Өөрөөр хэлбэл, соёл, төр хоёр эвлэршгүй дайсан. Үнэн хэрэгтээ “Соёл цэцэглэн хөгжиж асан цаг үеүдэд улс төрийн уналт тохиосон байдаг”. Улс төр, эдийн засаг, арилжаа худалдаа, парламентаризм, цэрэг, зэвсгийн үйл ажиллагаанд хэдий чинээ их эрч хүч зарцуулна тэр хэрээр ард иргэдийн соёлын түвшин доройтдог ажээ.

 Ницше хэрэв амьд байсан бол энэ цаг үеийг соёлын хувьд хамгийн доор түвшинд байна хэмээн үзэх байсан биз ээ. Улс гүрэн хүчирхэг болох, бусдыг эрхэндээ оруулахаар санаархах явцдаа дотоод нөөц, хүчээ алддаг. Тэгээд дотроосоо өтөж эхэлдэг гэжээ. Бүх хүчээ улс төр, эдийн засаг, цэрэг гэсэн хүчирхэг системд хандуулаад хувь хүнийг бүтээх тогтолцоог үл тоовол дотроосоо өмхрөн унаад босоход бэрх болохыг тэр хэдийнэ сануулсан билээ.

Эхний нийтлэлийг ЭНД дарж уншина уу!

Илүү дэлгэрэнгүйг ЭНЭ НОМНООС уншина уу!

Түр хүлээнэ үү...
Top