Хүн төрөлд тэнцэхгүй: Фридрих Ницше
2018-10-08 1818

Хүний төрөл гэдэг нэг бодлын хэтэрхий доорд билээ. Идэх, унтах, өсөж үржих гэсэн амьд байгалийн зүйд өөрийгөө автуулж, насан туршаа зөвхөн өөрийн амьдралыг бөөцийлсөөр талийж одох хувь тавилан бидний ихэнхэд оногджээ. Гэвч цөөн хэдэн сартваахь төрөн гардаг. Тэд бидний амьдралыг чиглүүлж зүглүүлчхээд эцэстээ ад үзэгдэн барин буцдаг. Тэдний нэг нь яалт ч үгүй Фридрих Ницше.

XIX зууны үед оюуны санааны ертөнцийн сэнтийд заларч асан гурван сартваахь нь Карл Маркс, Зигмунд Фройд, Фридрих Ницше нар байлаа. Нийгэм, эдийн засгийн талаарх Марксын шүүмжлэл, сэтгэл зүй болон бэлгийн мэдрэмжийн харилцан хамаарлын тухай Фройдийн задлал хангалттай бүр хэт хангалттай танигдсан. Харин Ницшегийн үзэл онолыг хүн төрөлхтөн түгшүүртэй, аймаар хэмээн бодсондоо ч тэр үү, орчин үеийн ухамсарт сэтгэлгээний цөм рүү оруулахаас жийрхсээр хэлэлцүүлгийн гадна үлдээчихжээ.

 Дөнгөж саяхнаас л бид зуу гаруй жилийн өмнө үнэн, шинжлэх ухаан, ёс суртахууныг ухан ойлгох хэвшилд гарсан асар их өөрчлөлтийг анзаарч гайхахын сацуу Ницшегийн хэдийн хэлчихсэн үгсийн учрыг зах сэжүүрээс нь ухаарахтайгаа боллоо. Үнэхээр гайхмаар бас ичмээр үнэн.

Бурхантай хамт төрсөн нь

Саксонын Рёккенд 1844 оны аравдугаар сарын 15-нд Лютерийн сүмийн нэгэн санваартных анхны үрээ өлгийдсөн нь Фридрих Вильгельм Ницше байлаа. Тэдний гэр бүл Польшийн язгууртан угсааны айл төдийгүй үе дамжсан санваартнууд тул шинэ хүнээ гэр бүлийнхээ уламжлалыг дагана гэдэгт амин зуулгаараа мөрийцсөн ч бэлэн байлаа. Гэвч амьдрал дэндүү хоржоонтой. Эцэг нь тархины хүнд гэмтлээс болоод хүүгээ тавхан настай байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Дараа жил нь тэднийх Наумберг руу нүүв. Яруу найраг, хөгжимд чинхүү дуртай хүүг сургууль дээр хүн бүр л “бяцхан санваартан” гэж дуудна. Ээж, охин дүү, эмэг эх, хоёр нагацынхаа хамт амьдардаг асан тэр үе Ницшег ер бусын онцгой бие хүн болж төлөвшихөд хамгийн их нөлөөлсөн гэдэг.

Мань эр 1858 онд 14  насандаа Наумбергийн ойролцоох алдарт Пфортад суралцах тэтгэлэг авчээ. Лютерийн суртал, сургалтаараа ямагт тэргүүлдэг, машид хатуу дэгтэй энэ сургуульд Ницше эртний сонгодог урлагтай нүүр тулж, дурлажээ. Улмаар Грек, Латин хэлний хичээлдээ хамгаас гоц байж Платон, Эсхилийг шимтэн судалдаг болов. 1864 онд Пфортаг төгсөх үед Ницшегийн үзэл санаа орвонгоороо эргэх шинж тэмдэг огт илрээгүй байлаа. Тэрбээр “Бурхан хийгээд эзэн хаан”-д талархан, багш нартаа баярласнаа илэрхийлээд сургуулиа орхин одов. Чингээд хорин настайдаа буюу 1864 оны аравдугаар сард теологи, филологи судлахаар Боннын их сургуульд элсэн оржээ. Эл шийдвэрээ охин дүү Элизабетдаа бичсэн захиандаа тодорхой тайлбарласан байдаг. Дараа жил нь түүний хүндэтгэлт багш Вильгельм Ричль Лайпцигийн их сургуульд багшлахаар болоход Ницше ч сургуулиасаа шилжив.

Амьдралыг үгүйсгэхүй

Лайпцигт байх үедээ Ницше нэгэн хуучин номын мухлагаас Германы идеалист Артур Шопенхауэрын шашингүйн үзэл үг, өгүүлбэр бүрээс нь ханхалсан “Ертөнц Хүсэл, Төсөөлөл болох нь” хэмээх бүтээлийг олж уншжээ. Энэ тухайгаа “Үг, өгүүлбэр, мөр бүхнээс нь үгүйсгэл, татгалзал, няцаалт цуурайтсан Шопенхауэрын тэр номоос би дэлхий ертөнц, амьдрал, өөрийнхөө сэтгэл санааны дүр төрхийг аймшигтай нэгд нэгэнгүй тусгасан толийг олж харсан юм.” гэжээ.

Ницше 1867 онд Пруссийн армийн дуудлагаар оюутны ширээний араас цэргийн албанд татагдав. Их бууны хороонд алба хаах үедээ морьноос унаж цээжин тус газраа сүрхий гэмтэл авчээ. Багын чилээрхүү хүүхэд байсан Ницшегийн эрүүл мэнд нь жил ирэх тусам доройтсоор байлаа. Бие нь тэнхэрч байх зуур Ницше эрдэм номын үйлд эргэлзэх болж, ялангуяа филологид итгэл алдарч эхлэв. Түүний 1867 оны арваннэгдүгээр сарын 20-нд найз Эрвин Роддоо бичсэн захидалд “...манай энэ олон филологичдын сохор номин шиг харалган байдал... амьдралын нэн тэргүүний, чухаг асуудлуудад хандаж буй хайхрамжгүй байдлыг ээ...” хэмээн халагласан байдаг.

Энэ хооронд “Райнише музей” сэтгүүлд хэвлэгдсэн эртний Грекийн соёлын тухай Ницшегийн эсээнүүд Базелийн их сургуулийн удирдлагын анхааралд өртжээ. Дараа жил нь буюу 1868 онд профессор Ричльд тус сургуулиас ирүүлсэн захидалд Ноён Ницшег филологийн багш болговол тохирох эсэхийг асуусан байв. Тэрбээр “Эргэлзэж байсан ч би хорин дөрвөн насандаа филологийн багш болох боломжийг дуртайяа хүлээн авсан” гэжээ.

Лайпцигийн их сургуулийн багш нар түүнээс төгсөлтийн шалгалт авалгүйгээр эрдмийн цол олгохоор шийдэв. Залуу Ницше тэр үед мэдлэгийн цараа, сэтгэлгээний шинэлэгээрээ үе тэнгийнхнээсээ хол тасарчихсан байжээ.

"Фрифрих Ницшегийн тухай илүү ихийг дараагийн нийтлэлээс уншаарай"

Түр хүлээнэ үү...
Top