Үй Хуа: Баруун хойдын жихүүн салхитай өдрийн жин үдээр
2018-09-24 1949

Нарны гэрэл цонхны өө сэвгүй шилээр нэвтрэн орж ирээд сандал унуулан хаясан өмдөнд минь шургачих шиг боллоо. Би орондоо нүцгэн хэвтэж, баруун гараараа баруун нүдний нуухаа арчиж байв. Унтсанаас болж нүд нуухдажээ. Түүнийг тэнд нь байлгаад байх зохисгүй авч бас хүндэтгэлгүй хандаж болохгүй. Тиймээс би ялдам зөөлнөөр цэвэрлэж орхив. Зүүн нүд минь завтай учраас түүнийг зугаацуулах гэж өмдөө харлаа. Өчигдөр унтахдаа тайлж хаясан юм сан, дэндүү хайнга хандаж сандал унуулж шидсэндээ харамсав... Өмд тэндээ нэг л өрөвдөлтэй, хувцас маань ч бас дээрдэх юмгүй тэнд хөглөрнө. Одоо би зүүн нүдээрээ тэднийгээ харангаа өчигдөр унтахдаа могойн арьс гуужих шиг юм болсон байх гэж бодов. Өмд хувцас маань могойн гуужсан арьс шиг харагдана. Энэ үед өмдний маань шуумагт нарийн ширхэгтэй гэрэл тусаж надад алтлаг өнгөт нохой бөөсийг санагдуулав. Бие загатнах шиг болж, завтай байгаа зүүн гараараа маажсан ч ганц гар маань амжихгүй, бас баруун гараа дайчлах хэрэгтэй боллоо.

 Хаалга тогших дуулдав.

Хөршийн маань хаалга байна даа гэж бодсон ч яах аргагүй манай хаалга болж таарав. Гайхмаар юм. Надаас өөр хэн л манай хаалгыг тогшив гэж. Гэтэл би орондоо хэвтэж байдаг. Хаалга андуурсан байлгүй гэж бодоод үл ойшоон биеэ маажиж хэвтэв. Гадуур хэсээд гэртээ ирэх болгондоо эхлээд хаалгаа тогшиж, эзгүй гэдэгт нь итгэлтэй болсны дараа түлхүүрээ гаргадаг тухайгаа эргэцүүлнэ. Гэтэл хаалга нурж буй мэт чанга дуу гарав. Хаалганы цаана буй этгээд гараараа бус хөлөөрөө нүдэж байгааг мэдээд яах вэ гэж бодож завдаагүй байтал хаалга газар унаж, чимээнд нь миний бие хэдэнтээ доргиж амжив.

Ногтон сахалт давжаа эр орны минь дэргэд ирээд зандарч гарав.

-Найз чинь амь наана там цаана байхад чи ингээд унтаж байдаг...

Энэ цөлх эрийг би урьд нь харж байгаагүй, хэнээс төрснийг нь ч мэдэхгүй учраас:

-Чи арай айл андуурсан юм биш биз гэхэд өнөөх чинь итгэлтэй нь аргагүй: -Яалаа гэж хэмээв.

Түүний итгэлтэй байдалд эргэлзэж эхлэв. Би өчигдөр андуураад арай өөр айлд ирээд унтчихсан юм биш биз. Гарч өрөөнийхөө дугаарыг харах гэж орноосоо үсрэн босов. Гэвч өрөөний дугаар маань гэрт хэвтэж байх нь тэр. Бид өрөөндөө буцаж ороод, хөсөр хэвтэж буй хаалганы дугаарыг харлаа.

Хунчяо шинэ тосгон 26-3 тоот

-Энэ чиний сая өшиглөж унагасан хаалга мөн биз гэвэл өнөөх чинь “мөн” гэлээ. Тэгэлгүй дээ.

-Тэгвэл та айл андуурсан байна гэв. Миний үгэнд тэр жаахан тээнэгэлзсэн бололтой хэсэг дуугүй харж зогссоноо:

-Чамайг Юй Хуа гэдэг биз дээ?

-Тийм, гэхдээ би чамайг танихгүй гэтэл тэр дүрсхийн уурлаж:

-Найз чинь амьсгал хураах гэж байна гэв.

-Би хэзээ ч найзтай байгаагүй гэж урьдаас нь орилов.

-Хуцаад бай... муу бэртэгчин гэж хараагаад хөмсгөө зангидлаа.

-Би бэртэгчин биш, өрөө дүүрэн ном маань гэрчилнэ. Хэрвээ чи найзыгаа надад хүчээр өгч байгаа бол уучлаарай, би хэрхэвч авахгүй. Би хэзээ ч найзтай байгаагүй. Гэхдээ чи... Болохгүй бол 4 тоотод ороод үз. Манай хөрш олон найзтай, илүү нэг найзтай болохоос дургүйцэхгүй байх.

-Тэр чиний найз. Битгий булзааруулах гээд бай гээд намайг залгих нь уу гэмээр ойртоод ирэв.

-Цаадах чинь тэгээд хэн юм бэ гэвэл хэзээ ч сонсож байгаагүй нэр хэлэв.

-Би ийм нэртэй хүнийг таних ч үгүй юм байна гэж хашхирлаа.

-Андын журам мэдэхгүй муу бэртэгчин гээд үснээс минь зулгаахыг завдав. Шуу нь миний гуянаас ч бүдүүн аж.

Би орныхоо буланд хярж, уурласандаа өмнөөс нь байдгаараа ориллоо.

-Би бэртэгчин биш, миний номууд гэрчилнэ. Дахиж намайг бэртэгчин гэх юм бол чамайг хөөж гаргана шүү гэв.

Гараа шууд хөнжил рүү шургуулж, цэл хүйтэн ч бядтай гараараа хөлөөс минь шүүрч, шалан дээр хөсөр хаях нь тэр.

-Бушуу хувцасла. Үгүй бол би ингээд зогсоод байна шүү...

Энэ нөхөртэй дахин маргаад байх утгагүй гэдгийг ойлгов. Үүний бяр чадал намайг өлхөн тав нугална. Намайг өмд шидэж байгаа юм шиг цонхоор гаргаад хаячхаж мэдэх нөхөр байна. Тиймээс буулт хийж:

-За тэгээд үхэх гэж байгаа хүн уулзах гээд байгаа бол яав вэ. Уулзахгүй бол нүгэл болно. Очъё доо гээд босож хувцаслалаа.

 Чөтгөр долоосон жин үдэд бүдүүлэг нөхөр хаалгыг маань цөм өшиглөж, огт хүсээгүй, одоохон мажийх гэж буй хүнтэй нөхөрлүүлж орхив. Гадаа баруун хойдын жихүүн салхи исгэрч, би пальто ч үгүй, ороолт, малгай, бээлий ч өмсөлгүй гэрээсээ гарлаа. Нимгэн хувцастай дорой ноомой би ийнхүү зузаан хувцастай, ороолт, малгай, бээлийтэй хүдэр эрийг даган ямар хүнтэй уулзах гэж байгаагаа ч мэдэхгүй явлаа.

 Баруун хойдын салхи хатсан навчсыг жингүйдүүлэх мэт биднийг туусаар “найз”-ын үүдэнд хүргэв. Үүдэнд нь цэцэг өрөөстэй байхыг хараад өнөөх эр над руу гунигтай харж:

-Найз чинь өнгөрчихжээ гэв.

Үүнд нь би баярлах ёстой юу, шаналах ёстой юу гэдгээ бодож амжихаас өмнө орь дуу хадаад явчихлаа. Тэр намайг бөөн уйлаан майлаан дунд оруулж орхив. Бөөн хүмүүс намайг тойрон бүчиж, аргадаж буй бололтой:

 -Сэтгэлээ сайн хатамжлаарай гэнэ.

Эмгэнэж буй дүр эсгэн толгой дохиохоос өөр арга байсангүй. Миний үг энд бүр ч илүүц гэдгийг мэдэх тул тэдний дал мөрийг зөөлөн алгадаж, толгойг нь илж, “тайтгаруулсанд” нь талархал илэрхийлэв. Дараа нь хэдэн чацархуу эр гарыг минь удаан, чанга атгалаа. Тэд ч намайг аргадна.

Гэтэл ахимаг насны нэгэн эмэгтэй усан нүдэлсээр гараас минь барьж:

-Хүү минь өөд болчихлоо гэв.

-Надад ч хүнд байна. Ямар золгүй юм болоо вэ гэв. Өчигдөрхөн хүүтэй нь хамт наранд алхсан гэж хэлэх гэснээ болив. Тэр уйлна. Дуу нь дотор жирс хийлгэв.

-Сэтгэлээ бариарай гэсэн чинь уйлахаа больж, миний гараар нулимсаа арчсанаа намайг харж:

-Чи ч гэсэн сэтгэлээ бариарай гэлээ. Би толгой дохин:

-Тэгнэ ээ, харин та биеэ бодоорой гэв.

Тэр ахиад л миний гараар нулимсаа арчив. Гарыг минь алчуур гэж бодож л дээ. Халуун бөгөөд булингартай нулимс нь гарыг минь халтартуулна. Дэндүү чанга барьсан учраас гараа сугалж чадсангүй.

 -Чи ч бас биеэ бодоорой.

-За тэгнэ ээ. Бид гуниг зовлонгоо амьдрах итгэл найдвар болгох ёстой гэв. Тэр толгой дохисноо:

-Хүү минь чамайг хүлээж чадалгүй нүд аньчихлаа. Чи гомдоогүй биз?

-Үгүй яалаа гэж дээ Тэр дахиад л уйлж эхлэв.

-Газар дээр ганц хүү маань ингээд явчихлаа. Одоо чи миний хүү шүү гэв.

Нулимсаа арчих дүр эсгэн юутай ч гараа сугалж авлаа. Надаас ямар л нулимс гарав гэж. Гэвч тулгамдахдаа:

-Би таныг ээжээ гэж бодсоор ирсэн гэчхэв.

Энэ үг түүнийг бүр эмзэглүүлж, дахиад уйллаа. Би гараа чилтэл мөрийг нь илж арай ядан тайвшруулав. Тэр гараас минь хөтөлж нэг өрөөний үүдэнд ирээд:

-Хүүтэй минь сүүлчийн удаа уулз даа гэв.

 Өрөөнд орвол талийгаачийн дэргэд ганц ч хүн байхгүй. Бүрлээчийг орон дээр хэвтүүлж цагаан давуугаар хучжээ. Орны хажууд надад бэлдсэн бололтой ганц сандал байсан учраас түүн дээр суулаа. Өөд болоочийн дэргэд нэлээд суусны эцэст давууг сөхөж харав. Цусгүй цагаан царайгаар нь насыг нь тааварлах аргагүй. Энэ царайг өмнө нь огт харж байгаагүй юм байна. Даавуугаар нь бушуухан бүтээж орхиод: Энэ миний найз юм шүү гэж бодлоо.

 Саяхан царайг нь харсан ч одоо нэгэнт мартагдсан талийгаачийн хажууд суусаар байв. Өөрийнхөө хүслээр ирээгүй учраас өөр яах ч билээ. Хэзээ ч найзалъя гэж бодож байгаагүй “найз” маань нэгэнт өнгөрсөн ч сэтгэлийн маань чулуу намайг дарсаар. Өөрөөр хэлбэл ээж нь түүнийг орложээ. Тэс хөндлөнгийн, надад огтхон ч таалагдаагүй хөгшин эмэгтэй ээж минь болчхоод байдаг. Тэр миний гарыг нусны алчуураа болгож байгаад нь би дургүйцэж байна. Гэвч өөр арга байсангүй. Тэр ч бүү хэл хожим тэр юу хүснэ би түүнийг нь хийх гэж зүтгэх ёстой болов. Яах ёстойгоо тодорхой мэдэж байна. Хорин юань гарздаж цэцгэн эрхи авна. Тэгээд гашуудлын хувцас өмсөж, уйлж дуулан, оршуулах гэж чандрыг нь тэврэн ээжтэй нь хамт хотын гудмаар явна. Ажил явдал нь бүрэн дууссаны дараа жил бүрийн ханш нээх өдөр булшийг нь эргэж өргөл өгч, тахилга үйлдэнэ. Бас элбэрэл журмыг бодож ээжийг нь асарна... Харин одоо хамгийн чухал нь мужаан олж нөгөө цөлх эрийн цөм өшиглөсөн хаалгыг даруйхан засуулах хэрэгтэй. Гэтэл ингээд нэг муу үхсэн амьтанд хань болоод сууж байдаг.

 1987 оны 2 сарын 14

Орчуулсан Шарайд Дүүрэнжаргал 

Түр хүлээнэ үү...
Top