Монгол хүний ЗААВАЛ унших ёстой МОНГОЛ зохиолууд
2018-09-13 1525

Яагаад Монголын уран зохиолоос унших ёстой вэ?

Уншигчийн сонирхлын хүрээ хязгаар тэлсэн, хоёрдогч хэлээр чөлөөтэй уншдаг болсон өнөө цаг үед ийм асуулттай нэг бус удаа нүүр тулгарч байна. Тэр олон яагаад гэсэн сониучирхалд хариулахын тулд Монголын уран зохиолын өв сангаас бидний мэдэрч хүртэх ёстой, уншиж ухаарах хэрэгтэй зохиолуудыг онцлон хүргэж байна. Оросууд Л.Толстойгоо, Киргизүүд Чингиз Айтматовоо, Францчууд Виктор Хюгогоо, Хятадууд “Гурван улсын үлгэр”-ээ уншдаг шиг бидний ЗААВАЛ унших ёстой бүтээл гэж бий.


1. Түүхэнд шигтгэсэн уран зохиолын сувд

“Монголын Нууц Товчоо” бол Монголын уран зохиолын шүр сувд нь юм. Ялангуяа уран зохиол талаасаа хамгийн баялаг өгүүлэмж, сонирхолтой дүр дүрслэл, этгээд зөрчил, адилтгал зүйрлэлээр бүтсэн цац суварга. Монголын эзэнт гүрний тэмцэл, тулаанаас илүүтэй монголчуудын бичгийн уран зохиолын өв санг мэдэхийн тулд заавал унших хэрэгтэй. Харин түүхэн үг хэллэг, хагарал бутралын шалтгаан, төр барих ухаан, шашны зөрчил гээд монголчуудын нэгэн зурвас үеийг гайхалтай дүрсэлсэн зохиол уншъя гэвэл Б.Ринчен абугайн бичсэн “Цогт тайж” зохиолыг санал болгоё. Эсвэл өнөө үед бичигдсэн түүхэн баримт, уран зохиолын аргыг хослуулсан бүтээл гэвэл зохиолч Д.Цэнджавын “Цэвдэг жаран” романыг уншаарай. Их хэлмэгдүүлэлт, том гүрнүүдийн шахалт, улс төрийн шийдвэр гээд баримтыг маш сайн судалж бичсэн бүтээл.

2. Сэтгэл болоод сэтгэлгээний хүүрнэл

Хүний дотоод сэтгэлийг нээж, бүр гадагш харуулан дэлгэхдээ гаргуун бичээч бол П.Баярсайхан. Түүний “Сармагчин бол сармагчин”, “Хөх туурийн тал”, “Хүн гөрөөс” зэрэг уянга сэтгэлзүйн аястай зохиолууд баатруудынхаа сэтгэл дотуур тэмтчин явахын зэрэгцээ уншигчийнхаа сэтгэл зүрхийг уудлан байдаг онцлогтой. Харин Д.Норовын “Тэжээвэр”, “Орлогч” зэрэг бүтээлүүд яг өдгөө бидний амьдарч буй нийгэм хүнийг хэрхэн өөрчилж, бид юуг гээж, юу руу тэмүүлж буйг сануулсан хурц дүрслэл, огцом эргэлтүүдтэй байдаг нь сонирхолтой. Энэхүү хоёр бүтээл дээр нэмээд Гүр.Нямдоржийн өгүүллэгүүдийг санал болгоё. Авьяас билгээр цалгисан уг бичээчийн өгүүллэгүүд энгийн хүүрнэл атлаа хүний сэтгэлийн нарийн нандиныг уудлахдаа гаргууд байдаг.

3. Дотоод дуулал

Яруу найргийн төрөлд монголчууд нүүр улайхааргүй гэдэгтэй санал нэгдэнэ. “Монголын Нууц Товчоо”-н дахь дүрслэлүүд тэр чигтээ яруу найраг байдгаас эхлээд бодоход. Яруу төрөлд хамгийн түрүүн санал болгох ном нь Н.Нямдоржийн “Онон хатан ижий”, О.Дашбалбар “Гол ус намуухан урсана”, Д.Баттогтох “Цэнхэр аяз” гурав. Дурдаад байвал өчнөөн ном бий ч бусдыг нь өөрийнхөө сонголтоор уншсан нь илүү зүгээр болов уу.

4. Орчин үе ба романууд

Яг одоо хэнийг унших вэ? гэсэн ягшмал асуулт ургаж гарна. Өдгөө уран бүтээлээ туурвиж буй бүтээлчдээс хамгийн сүүлд Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод”, Ц.Буянзаяагийн “Хар үхэр, алаг сүүдэр” романууд, Б.Баясгалангийн “Эдгэрэл” шүлгийн түүврийг санал болгоё. Орчин цагийн хүүрнэл болоод яруу найргийн өнгө төрхийг үзэхэд зөрөхгүй болов уу гэж итгэнэ.

Түр хүлээнэ үү...
Top