Энэ өдрийн шүлэг
2015-03-10 326

Энэ удаад бид та бүхэнд Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Хандхүүгийн Нямхишигийн "Нэргүй ном"-д орсон шүлгүүдээс дээжлэн хүргэж байна. Яруу сайхныг тэнгэр ямагт ивээж газарт бидэнтэй үлдээж байг ээ!

10292225_573868119377012_3179838085386986209_n

***

Үзэсгэлэнт Станбулд...
Үс тариа шиг ургадаг Станбулд
Дорноос онгоц ирэх нь
Монголын эмтэрхий.
Дотроос нь буух зорчигчид
Монголын хэлтэрхий.
Давалгаа шиг омголон хүсэлт эрстэй Станбул
Далайн эрэг шиг номхон эмстэй Станбул
Хөл бөмбөгийн цуу, мөргөлийн дуутай Станбул
Хөмсөг хийгээд нүдний үзүүлэн мэт Станбул...
Сайхан Станбулд...
Сахал тариа шиг ургадаг Станбулд
Хэтэрхий их зүүдлэгднэм, эх орон минь
Хэрээ нь ч хүртэл үгүйлэгднэм, эх орон минь.
Хөөрхий эх орон минь эмтэрхий
Хөсөр одогч би вээр
Монголын хэлтэрхий.

2013.05.03
"Нэргүй ном"-ын 83 дахь тал
***

Оройд дуун алдахад одод түгээд
Одод түгэхэд дуун алднам, би.
Ор дэрний хаа нэгтээ биеэ сул орхиод
Оюун санааны хаа нэгтээх хуучин дурсамжаа үнэрлэх ину
Одод хийгээд дуун алдалтын дараах нам гүм.
Үнэрээс дүрс үүсэх нь зүүд.
Үүрээр дуун алдахад одод үргээд
Одод үргэхэд дуун алднам, би.

2012.10.01
"Нэргүй ном"-ын  59 дэх тал
***

Манай хот айл, уулын мухарт
Маркезын "Зуун жилийн ганцаардал", уулын мухарт
Халамцуу эрс, мөрийтэй даалуу, уулын мухарт
Хазаар, эмээл, адууны наймаа, уулын мухарт
Сумын төвөөс сураг ажиг үгүй, уулын мухарт
Сургуульд явсан чиний тухай зүүд, уулын мухарт
Эцэг шигээ гөрөөчин, эсвэл Маркез шиг зохиолч болохсон гэж
Ээжийнхээ оёж өгсөн дээлийг урж өснөм, уулын мухарт.

2011.04.04
"Нэргүй ном"-ын 27 дахь тал
Түр хүлээнэ үү...
Top