Энэ өдрийн шүлэг
2015-03-11 508

"Энэ өдрийн шүлэг" буландаа яруу найрагч Ядамсүрэнгийн Баяраагийн Гуравдугаар сарын 11 буюу энэ өлгөөний шүлгүүдээс түүвэрлэн хүргэж байна. Шувуудын жиргээ одоо л анзаарагдахаар цовоо цолгин болж, гадаа чийгийн үнэртэй наран таатайяа ээж байна. Хаа нэгтээгээс шинэ номын тухай сураг, шинэ хүний тухай сураг шувуу мэт нисэлдэн ирж, сэтгэл баясгасан урины энэ л өдөрт хөг нэгийг нэмье.

1013760_632692750117621_1287876198_n

***

Гуравдугаар сарын бороо шөнийн гүнд шивэрнэ
Гуниад яах вэ, хайрт минь
Чиний сэтгэлд асгарах нулимсны үнэртэй бороо
Чиний л нүдэнд сийрэх хаврын нялх манан..,
Энэ бүгээн атлаа чийг хөөрсөн огторгуйд
Энэ бүрхэг атлаа гэрэлт ертөнцийд
Салгуу холын уйтгар, зуурдын жаргалан нөхцөж
Саглагар мод болон ургаж эхэлсэн нь саяхан
Идэр залуу улиангарын биеийг ундаалан
Илбэхээс ч зөөлөн шиврэх Гуравдугаар сарын бороо...

***

Цөхрөл мэт цэлгэр тэнгэр ширтэх
Цөөрөм мэт хоосон харц..,
Энэ харцнаас дусал хайрыг тосон
Энд би дуусан дуустлаа сууж чадна
Мартагдталаа, мартагналын совин ч мартагдтал
Сүүдэр түлхэх нарны туяа мэт аниргүй
Сүхдүүлж буй тайрдас мэт хүлцэнгүй
Сүнс сүүдэр болтлоо хүлээж чадна
Чиний гар удын мөчирт хувилаад
Чивэлт шувууд тэнд уралдан жиргэхийн цагт
Чандруу хоосон салхины уруулаар
Чамайгаа үнсэж амжаад сарних болно, би.

Мөчлөг

Тагтны хүйтэн ирмэгт хос тагтаа гүвтнэнэ
Тагтны хүйтэн ирмэгт хос тагтаа гүвтнэнэ
ингэнэсэн уйтгараар сэтгэлээ бүүвэйлж дассан минь
Жиндэж буй тагтааны хөлтэй агаар нэгэн санагдана
Жиндэж буй тагтааны хөлтэй агаар нэгэн санагдана.

Мухардал

Худаг лаадах мэт сэтгэлээ уудлах тусам
Хуурмаглалын зэвхий инээд амьдралын төрхнөөс арчигдана
Бодлогошронгуй бараан зүстэй залуу
Бохирч суугаад ном унших нь харагдана.
Хоосон номлогч мэт цаг хугацаа чи!
Хоосон лонх мэт цаг хугацаа чи!
Хоосолж амжсангүй дээ даанч,
зүрх хийгээд тархийг минь.
Хордуулж амжиж дээ даанч,
зүүд зөн сэрэхүйг минь.
Одоо, баргар царайлан номын хуудас эргүүлж
Оёо зүүдэлгүй шүлгээ тэрлэхээс яалтай
Хэзээ нэг өглөө авс зүүдлэн үүрд унтатлаа
Хээр талынхаа өвсний тоогоор
Шүлэг бичихээс яалтай.
Түр хүлээнэ үү...
Top