Владимир Набоковын "Хувирал" туужийн тухай лекцээс
2016-04-15 365

...“Хувирал” туужийн тухай ярихаас урьтаж би хоёр зүйлийг огт хүлээн зөвшөөрдөггүйгээ тэмдэглэмээр байна. Кафкагийн бичвэрүүдийг уран зохиол бус ариун сургаалийн үүднээс ойлгож тайлах нь зохистой гэх Макс Бродын үзлийг би бүрэн үгүйсгэдэг. Кафка юуны өмнө уран бүтээлч байсан, бүхий л уран бүтээлчдэд гэгээнтэн маягийн зан суртахуун байдгийг үгүйсгэх аргагүй (үүнийг би тун тодорхой мэдэрдэг), гэсэн хэдий ч Кафкагийн суу билэгт шашинжсан утга оноох нь зохимжгүй. Миний хүлээн зөвшөөрдөггүй дараагийн зүйл бол Фройдын онол. Фройдч намтар судлаачид, тухайлбал Нейдэр “Хөлдүү тэнгис” (1948) номдоо “Хувирал” тууж нь Кафкагийн аавтайгаа таарамжгүй байсан ярвигтай харилцаа, насан туршийнх нь гэмших сэтгэлээс үүдсэн хэмээн батлаад зогсохгүй домог зүйн бэлгэдэлд хорхой шавьжаар хүүхдийг төлөөлүүлдэг (юу л бол!) хэмээгээд Кафка Фройдын онол ёсоор мөнөөх эцэгтэйгээ таарамжгүй хүүхдийг хорхойгоор бэлгэдэн үзүүлсэн гэж нотолсон нь бий. Хорхой бол аавынхаа өмнө хэн ч биш болсон үнэ цэнэгүйдэх мэдрэмжийг нь илэрхийлж байгаа юм гэнэ. Иймэрхүү дэмийрлийг би эрс няцаадаг. Кафка өөрөө Фройдын үзэлд туйлын шүүмжлэлтэй ханддаг байсныг санах хэрэгтэй. Тэрээр психоанализийг “тусгүй алдаа” гэж тооцдог, Фройдын онолыг асуудлын мөн чанар, нарийн ширийнд нэвтрэх чадваргүй, дэндүү ерөнхий, болхи таамаг хэмээн үздэг байсан. Тиймээс л би Кафкагийн зохиолыг Фройдын аргаар тайлбарлахаас зайлсхийж харин уран бүтээлч мөн чанарт нь түлхүү анхаардаг юм.

Кафкад хамгийн их нөлөөлсөн зохиолч бол Густав Флобер. Зохиол, бүтээлээ чамин үгсээр гоёж чимэглэх дургүй Флобер Кафкагийн туурвил зүйн арга барилыг ихэд сайшаах байсан нь дамжиггүй. Кафка зохиолоо шинжлэх ухаан, хууль зүйн ягшмал хэл найруулга, ёжтой хэр нь нэг бүрчилсэн нарийн дүрслэлээр бичдэг, зохиогчийн хувийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө огт ил гаргадаггүй агаад Флобер ч яг ийм арга барилтай байсан...


Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд" номд орсон
Владимир Набоковын лекцээс хэсэгчлэн авав

Түр хүлээнэ үү...
Top