“Хувьсгалыг” уншихуй
2015-05-06 Зугаатай уншлага 547

2015 онд гарах номууд

Улс төр, соёлын, долоо хоног тутмын “New Statesman” сэтгүүлээс энэ онд англи хэл дээр хэвлэгдэн гарах номуудын жагсаалтыг гаргажээ. Улс төр, нийгэм, олон улсад өрнөж буй үйл явдал, хандлагыг ойлгоход тусална гэж тус сэтгүүлийнхэн эдгээр номыг онцолсон бөгөөд утга зохиол, нийгэм, шинжлэх ухааны салбарын мэдлэгт нэмэр болох бүтээлүүдийг онцлон хүргэж байна.

Шотланд Их Британиас тусгаар тогтнох асуудлыг шийдэх бүх нийтийн санал асуулгад шотландчуудын 85 хувь нь оролцсон. Ирэх тавдугаар сард болох сонгуульд британичууд харин хэр идэвхтэй байх вэ? Рассел Брэнд үзэгчид болон сонсогчдодоо хандан саналаа өгөхгүй байхыг уриалж буйн учир юу вэ? Их Британи, Европын холбоонд том өөрчлөлтийг авчрах сонгуулийн өмнө Полли Тойнби, Дэвид Уокер нарын “Камероны эргэлт” номыг уншвал дээрх асуултын хариултыг олно. Бас Ногоон намын депутат Кэролайн Лукасын “Шударга андууд мөн үү? Парламент ба өөрчлөлтийн төлөөх тэмцэл”, Тони Блэрийн зөвлөх асан Майкл Барберын “Иргэдийнхээ эрх ашигт халдахгүй, татвар төлөгчдийг бухимдуулахгүйгээр засгийн газрыг хэрхэн удирдах вэ?” номыг ч уншчихад илүүдэхгүй.

Орчин цагийн нэртэй яруу найрагчдын нэг Тед Хьюзийн намтрыг Жонатан Бейт энэ онд багтаан хэвлүүлэх бөгөөд зөвхөн утга зохиол сонирхогчдын хувьд төдийгүй өөр олон хүний хувьд сонирхолтой санагдах бүтээл болох биз. Хэдийгээр яруу найрагчийн гэргий Кэрол нөхрийнх нь намтрыг бичигчтэй хамтран ажиллахаас татгалзаж, хувийн амьдралыг нь дэлгэхгүйг чухалчилж буй ч Жонатан Бейтийн хувьд эхэлснээ дуусгах байх гэсэн хүлээлт уншигчдын зүгээс байна. Утга зохиол сонирхогчдод дуулгах бас нэгэн таатай мэдээ бол Питер Акройд модернизмийн төлөөлөгч, яруу найраг Т.С.Элиотын намтрыг гаргана. Түүнчлэн Жон ле Карре, Жон Кейнс зэрэг нэртэй хүмүүсийн намтар ном энэ оны эхний улиралд багтан уншигчдын гарт очих аж. Экспериментал урлаг, 1980-аад оны кино урлаг сонирхогчид энэ оны есдүгээр сард хэвлэгдэн гарах Симон, Частер нарын “Мисс Грейс Жонс” таалагдана гэж найдна.

Техникийн дэвшил, тоон технологийг ирээдүй ч ном зохиогчдын анхаарлын төвд байна. Эндрю Киний “Интэрнетэд бүх хариулт байхгүй” номдоо олон нийтийн сүлжээ, интернэт бидний амьдралд ямар сөрөг нөлөө үзүүлж буйг өгүүлсэн бол Жон Ронсоны “Юу таныг олны өмнө доромжлогдоход хүргэнэ вэ?” бүтээлдээ нийгмийн сүлжээнд хүмүүс бие биенээ доромжилж, шоолох нь ямар үр дүнд хүргэж болох талаар бичсэн байна. Хүний эрх чөлөөнөөс эхлээд кибернетик хүртэл маш өргөн хүрээг хамарсан, сонирхолтой номыг Жон Грей “The Soul of the Marionette: a Short Inquiry into Human Freedom” бүтээлдээ өгүүлж байна. Феминизм ч уншигчдын анхаарлаас гарахгүй нь. Мерил Стрип гол дүрийг нь бүтээсэн “Сонгох эрхийнхээ төлөө тэмцэгчид” киноноос гадна эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч Эммелин Панкхерстний номыг дахин хэвлэж буй нь судлаачдын анхаарлыг ч татах биз. Кэролайн Криадо-Пересийн “Эмэгтэй хүн шиг сэтгэ”, Оросын “Pussy Riot” хамтлагийн гишүүд Маша Алехина, Надежда Толоконникова нарын “Хувьсгалыг хэрхэн өдөөх вэ?” номыг уншигчид сонирхоно гэдэгт итгэлтэй байна. Мэри Бирдийн “SPQR”, Том Холландын “Угсаа загламжлагч төр”, Беттани Хьюзийн “Истанбул”, Макс Гастингс, Энтони Бивор, Ричард Эванс, Энэтхэгийн залуу зохиогч Рагху Карнадын шинэ бүтээлүүд түүх, соёл сонирхогчдын номын сонголтыг арвижуулж буй. 77 хүний аминд хүрсэн халдлага зохион байгуулсан Андерс Брейвикийн тухай “Бидний л Нэг” номоо Осне Сейерстад өнгөрсөн гуравдугаар сард гаргасан. Нортаберлендэд гурван хүний амийг хороосон алуурчны араас цагдаа нар хэдэн сар хөөцөлдсөн түүх 2010 онд үлдсэн ч Эндрю Ханкинсоны “You Could do Something Amazing with your life (You are Raoul Moat)” номыг уншсанаар болсон явдлыг эргэн санаж ч болох юм.

Уран зохиол сонирхогчдын хувьд хамгийн их хүлээлт үүсгэсэн номоор Казүо Ишигүрогийн сүүлийн арван жилд гаргаж буй ганц роман “Булшин дахь аварга биет”-ийг онцолно. Олон жил хараагүй хүүгээ хайн манан, бороотой орноор аялах эхнэр, нөхрийн тухай уг роман өгүүлэх аж. Том Маккартигийн “Пүүсүү арал”, Бен Лернерийн “10:04”, Роксана Гэйгийн “Зоргоор гүрэн”, Гарт Риск Холбергийн “Шатаж буй хот” зэрэг зохиолууд энэ онд хэвлэгдэн гарна. Хэдийнэ нэрд гарсан хүүрнэл зохиолч Марио Варгас Льоса, Тони Моррисон, Луи де Берньер, Энн Тайлер нар шинэ бүтээлүүдээрээ уншигчдыг мялаах бол ирэх намар цуврал зохиолуудын дараачийн ботиуд гэж онцолж болох Жонатан Франзенийн “Ариун”, Уильям Бойдын “Ялдам энхрийлэл”, Себастьян Фолксын “Зүрх минь цохилдог байсан газар” хэвлэгдэх юм. Стиг Ларссоны өв залгамжлагчдын хүсэлтээр сэтгүүлч Давид Лагеркранц “Millennium series ”-ийг ч үргэлжлүүлж магадгүй бололтой. Эцэст нь, яруу найргийн талаар дуугүй өнгөрч болохгүй нь. Иэн Бэнкс, Фрэнсис Левистоны түүврүүд, Сэм Ривьерийн “Kim Kardashian’s Marriage”, Клайв Жеймсийн “Шүлгийн дэвтэр” зэрэг яруу найргийн ном хэвлэгдэн гарах юм. Эцэст нь, 2015 он ном, зохиол сонирхогчдын хувьд үйл явдлаар арвин жил байх төлөвтэй. Юуг онцлох, таалах нь харин уншигч та бүхний сонголтод үлдэж байна.

Х.Инга

Түр хүлээнэ үү...
Top