АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИРЫН ЦУГЛУУЛСАН ХОРВОО
2022-10-19 Зугаатай уншлага 348

Эр хүний жудаг, анд нөхрийн түшгийг Эрдэнэ-Очироосоо би мэдэрдэг байж билээ. Арван хэдхэн настайдаа анх танилцах цагт тэр намбайсан, надаас хоёр биш хорь ах гэмээр хэрсүү хөвгүүн байв. Байдал төрх нь даруу төв, үг хэл нь ончтой яруу. Ааш зан нь дөлгөөн, тайван. Гэхдээ хэгжүүхэн, тэрүүхэндээ тэрслүү. Ямартаа л багш нартай Б.Батрэгзэдмаа шиг ил тодоор “дайн зарлаж”, хэрэлдэж муудалцалгүй, намрын говь шигээ налайтал сууж байгаад нэг ч үг дуугаралгүй “чимээгүйхэн” тэрсэлдээд нутаг руугаа гүйчихсэн юм. Тэгээд бидэнд ёстой л сэтгэл гижигдсэн захидлууд ирүүлдэг болов оо. Равжаа хутагтын музейд ажиллаж байгаа л гэнэ. Нутгийнхаа тухай, аж амьдралынхаа тухай, бичсэн шүлэг, уншсан ном, уулзсан нөхдийнхөө тухай бичнэ. Энгүүн сайхан тэр захидлууд хөөрүү биднийг ховсдон даллаж, нэг л өглөө бүгдээрээ Очироодоо сэтгэлийн дэм өгөхөөр шийдэн, хоёр гурав хоногийн хичээлээ огтын тоомжиргүй таслаад, ангиараа Улаанбаатар- Сайншандын галт тэргэнд суучхаж билээ. Шатарын Өлзийбаярын “286 дугаар галт тэрэг” хэмээх симфони зураглалыг сонсоход одоо ч надад тэр өдрийн хөгжүүн мэдрэмж тэмтрэгдээд, Очироо маань “Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд” гэдэг шүлгээ намуухан уншиж буй мэт төсөөлөгддөг. Энэ дураараа аяллын ачаар Ичинхорлоо маань анх удаа галт тэргэнд сууж, бид түүнийг шоглон онигоо болгон хөөрч, зуур замдаа тасралтгүй шүлэг уншсаар шөнө дунд Сайншандын хонхорт хөл тавив аа. Буунгуутаа шууд Очироо, Эрка ах (яруу найрагч Л.Эрдэнэбат ах тэр үед хутагтын музейд манаач байв) хоёрынхоо ажилладаг Говийн догшин ноён хутагтын музейг зорив. Цаг тайван, их хутагтын хосгүй үнэт эдлэлүүд бараг ил шахуу, дааж хамгаалдаг бурхантай, эндээс илүү харж, билүү долоосон хүмүүс үзэхийн мууг үзэж, өөрөө ирж гэмээ наминчилдаг ч гэх шиг үлгэр мэт яриа сонсоод, өнөөх идтэй шидтэй бурхныг нь гайхан ажиж, өдгөө шилэн хоргоны цаана хүндтэйгээр залсан гавлын ясан аяганд нь тухайн үеийн хүндтэй идээ- “Өвгөнт”-ийг хүртэж, эгэлгүй гэгээнтний урласан “Хүмүүн заяаны судар” нэрт монгол “Камасутра”-г хачирхан сонирхсон. Тараад Г.Мөнхцэцэгийнх рүү явсан. Тэр үед Мөөжиг маань хэд хоногийн чөлөө авч, харьсан байв, ангийн найздаа гэнэтийн сюрприз барих төлөвлөгөөтэй хэдэн нөхөр шөнө дунд гэрийнх нь хаалгыг сүртэй нүдэхэд аав нь хаалгаа тайлж, цаад өрөөнд нь Ичин унтаж... биднийг ёстой л мэл гайхуулж, цэл хөхрүүлж билээ. Маргааш нь Шандын хаврын шар шороон гоёлоор чимүүлж, А.Эрдэнэ-Очир, Ш.Энхбаяр, Г.Мөнхцэцэг гурвынхаа төгссөн арван жилийн I дунд сургуулийн сурагч хүүхдүүдтэй уулзан, Энхбаярынхаа гэрт дайлуулж, түүний дүү, хожим дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн авьяаслаг хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаярын морин хуур тоглохыг таашаан чагнасан сан... Амьдралд минь ахин давтагдаагүй, задарсан танхай тэр өдрүүдээс музейн үүдэнд бөөнөөрөө инээлдэн авхуулсан бүдэгхэн зураг, Шандын дэлгүүрээс олзуурхан шүүрсэн домгийн ном хоёр л үлдэж дээ. 1993 онд Дорноговь аймгийн Засаг дарга, яруу найрагч, зохиолч Л.Одончимэдийн санаачилга, хөөцөлдлөгөөгөөр Говийн ноён хутагтын мэлмий гийсний 190 жилийн ойг тэмдэглэлээ. Очироо маань ангийнхнаа урьсан. Аав, ээжийнхээ дэмжсэнээр би гэдэг хүн тэр түүхт ойд очлоо. Ангийнхаа хүүгийн буянаар их хутагтын байгуулсан Өвөр Хамрын хийд, эхээс анх унасан Шувуун шанд... гээд сайн сайхан зүйл бишгүй үзсэн. Тэр өдрүүдэд найзынхаа хань Энхжаргалтай танилцаж, дотноссон юм. Очироо маань хутагтын ойд зориулж гаргасан тэмдгийг надад дурсгахдаа “Хутагт манай Гүрээ ахтай (яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар) адилхан байгаа биз” гэж хошигнож билээ. Гүрээ ахтай уулзах бүр Очироогийнхоо тэр хошигнолыг санадаг юм. Угаасаа тэр адтай шооч хүн. Хүний ааш аяг, юмны эв донжийг онож хэлнэ гэж... гайхалтай. Манай ангийн Р.Соёлсайхан (яруу найрагч, зохиолч Р.Эмүжингийн ах) бид хоёрыг Очироо маань: Ангидаа хоёулаа ирээд нэг газар дэвхэрнэАлаг зүүдээ хучаад хоёр газар эвхэрнэ гэж шоолсон юм даг. Бид хоёр гэж тэгж гоочлуулахаар хүүхдүүд шиг амьтад байсан хэрэг. Очироо бас манай ангид сурч байсан Алиацэцэг гээд өвөрмонгол охиныг цаашлуулжӨвөр Монголын АлиацэцэгийгАр Монголын Булиатай нийлүүлбэлАмраг хайрын хэлхээ батАмьдын диваажинд хагацал үгүй... гээд адуун шүдээ гаргаад инээж байсан нь тодхон байна. Сүүлд мэдвэл Очироо маань Монголын Зохиолчдын Эвлэлийн үе үеийн алдарт шогчдыг амжилттай залгамжилсан, хосгүй авьяастан байжээ. Зохиолчдын тухай олон онигооны зохиогч нь манай хүн гэсэн.Ер нь “Монгол Горький” гэж нэршсэн манай ангийнхнаас оюутан болоод авхуулсан нэг зураг, инээд паянтай нэг нийллэг, төгссөнийхөө дараахан хийсэн нэг тоглолт (тэр тоглолт гайхалтай гоё болж, танхим дүүрэн хүн үзсэн ч бид “шатаж”, МҮЭСТО-д бөөн өртэй үлдсэн түүхтэй), хамтдаа оролцсон нэг нэвтрүүлэг л үлдэж дээ. Харин эргэн санахад догдлон хөөрмөөр дурсамж тоолж баршгүй. Дурсамж бүхний төвд Очироо маань бий.Дөрөвдүгээр курсад дадлага хийх болов оо. Тэгсэн ангийнхан маань нутгийн ах эгч нараа бараадаад, тэднийхээ зөвлөсөн, ярьсан газруудад дадлага хийхээр явчихав. Хотынх, дээр нь зохиолч, уран бүтээлчдээс хөндийдүү (аав, ээж хоёр минь хоёулаа нягтлан бодогчид, тэднээсээ зөрж мэргэжлээ сонгосон миний хувьд танимхайраад гуйх, чиглүүлээд заах хүнгүй, мэддэг нь л хүүхэд байхаасаа харилцсан Монголын радиогийн “Хүүхэд, залуучуудын редакц”-ын Эрдэнэчулуун ах, Буйд Ахмед ах, Түвшинжаргал эгч гурав, эхний дадлагаа тэнд хийсэн ч төгсөлтийн дадлагаа өөр газар хийх ёстой байв) би гэдэг хүн ганцаараа тунаж хоцров. Төрийн ордонд, төрийн төв хэвлэлд ажилладаг Очироодоо зовлонгоо ярьтал тэр “Чи дадлагаа манай сонинд хийчих. Би чамайг Тогосоо эгчид хэлчихье” гэнэ. Тэгээд би андынхаа ачаар “Ардын эрх” сонины дагуул долоо хоног тутмын “Ням гариг” сонинд дадлагаа хийв, төгсөөд тэндэхийн ажилтан ч болов. Тухайн үед “Ням гариг” сонин гэж авьяастнууд, алдартнууд хуугаараа цугласан газар байлаа. Долоо хоног тутмын “Ням гариг” сонины эрхлэгчээр авьяаслаг сэтгүүлч, гарамгай редактор Э.Сонинтогос ажилладаг, дор бүрнээ өөрийн ертөнцтэй, өвөрмөц адайр ааштай уран бүтээлчдийг өөр өөрт нь таарсан түлхүүрээр нэгтгэн зангиддаг байлаа. “Ням гариг”-ийнхан Тогосоо эгчийн үгнээс гарна гэж шонгүй, өрөөл бусдын үгийг авна гэж номгүй омголон дураараа нөхөд. “Ням гариг” сонины арын нүүрт өрөөтэй байх Нямбуугийн Билгүүн, Жамбын Дашдондог, Дашдоржийн Дашмөнх, Лувсандоржийн Өлзийтөгс, Загдын Түмэнжаргал, Цоодолын Хулан, Даваадоржийн Энхболдбаатар, Арлааны Эрдэнэ-Очир... гэсэн алдартай нэрс дунд овог нэрээ бичүүлэхэд надаас илүү аав минь их баярлаж билээ. Шинэхэн сэтгүүлчийн эхний сард найз минь намайг дагуулж, хэд хэдэн ярилцлага хамт хийв. Хийх ч гэж дээ, Очироо л ярилцах хүнээ олж, цаг товлож, намайг дагуулж очоод, редакцдаа ирээд ярилцлагаа буулгаж, засаад хэвлүүлнэ. Чингэхдээ миний нэрийг тавихаа ер мартахгүй. Лавтай санахаас Очироогоо дагаад Батлан хамгаалах яаман дээр очиж, Шагалын Жадамбаа хэмээх шавилхан биетэй ч шаггүй чамбай генералтай ярилцсан. Шөнө орой болтол ярилцаад, хоёулаа тэр хүнийг биширсээр харьсан нь саяхан мэт. Гэтэл хэдийнээ 27 жил өнгөрчээ. Ингэж би Очироогийнхоо буянаар ажил, амьдралын захтайгаа залгасан юм. Хожим бас найзынхаа шахалт, шаардлагаар “Цог” сэтгүүлд өгүүллэгээ хэвлүүлсэн. Хэчнээн олон сайхан зүйлд найз минь намайг залсан юм бэ дээ. Анзаарч санахад хэдий өдөр бүр уулзаж, сархадтай хундага тулгаж яваагүй ч Очироо минь миний зүрх сэтгэлд андлал нөхөрлөлийн алтан хөшөөгөө босгоод одсон байна. Нэг өдөр Очироо надад “Хоёул энд нэг хүнтэй уулзаадахъя” гэлээ. Төрийн ордны баруун хаалган дээр жижигхэн биетэй, цовоо эгч гарч ирээд, Очироотой нэг зүйлийг ихэд аминчлан яриад л байх юм. Өнөөх нь ч толгой дохиод, хүндэтгэнгүй ширтэнэ. Тэр хүн Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч, богино өгүүллэгийн мастер Ц.Түмэнбаяр эгч байж билээ. Түмээ эгч Очироо бид хоёрын хэн хэнийх нь төрснөөс дутуугүй “хуурай эгч”, насан туршийн зөвлөх, туслах, ажил хэргийн хамтрагч юм. МЗЭ санхүүгийн боломжгүй хүнд үед Түмээ эгч, Очироо хоёрын сэтгэл, зүтгэлээр “Цог” сэтгүүл гардаг байсныг мэдэх хүн цөөнгүй бий. А.Эрдэнэ-Очир маань “Цог”-ийг эрхлэн гаргаж байхдаа дутуу дугааруудыг нь уйгагүй хайж, олсон бүх сэтгүүлээ хуудас бүрийг нь тэнийлгэн, хавтсыг нь нямбайлан үдэж янзалсан байж билээ. Эцгийнхээ хадгалж байсан бүх дугаарыг энэ хавар хүү нь МЗЭ-д хүлээлгэж өгсөн. Найз минь нүүрийн буянтай хүн. Хаана хэнтэй ч уулзсан бүгд л элэгсэг, дотно угтана, хөөцөлдсөн, зорьсон ажил нь саадгүй бүтнэ. Хамгийн сүүлд нас барахынхаа өмнөхөн МЗЭ-ийн 90 жилийн ойн зардлыг хөөцөлдөж, хойтонгийнх нь төсөвт суулгахаар тохирсон байсан билээ. Олонтойгоо, түмэнтэйгээ явсан анд минь шүтэн бишрэгчдээр, долдойдон дагагчдаар мөнхөд хүрээлүүлж амьдарсан. Хүнийг муулахгүй, ихээхэн дургүй хүрэхээрээ "хн" гэнэ, ёж үгээр битүү түншинэ. Түүний үг даварсан нэгэнд даруулга, задарсан нэгэнд сануулга болж, байх байрыг нь мэдрүүлдэг сэн. Жаргаж дэврэхэд биш ядарч зүдрэхэд л хүний үнэн чанарыг таниулдаг хорвоо юм билээ. Эрээнтэй, бараантай амьдралд гэнэн, тэнэгийнхээ балгаар хөл алдан, хувь заяагаа баллуурдан төөрүүлж явах үед анд минь надаас: - Чи эрэгтэй хүнийг өөрчлөгддөг гэж боддог уу? гэж палхийтэл асуусан юм даг. Тэгснээ хариуг минь хүлээлгүй - Эр хүн огт өөрчлөгддөггүй юм. Гэтэл өөрчилнө, өөрчлөгдөнө гэж бодоод, зүтгээд байдаг хүүхнүүд та нар гэнэн шүү гэж билээ. Энэ үг усан нулимсаар өдөр хоногийг угааж байсан надад ухаарлын ташуур болон буусан. Хэрэгтэй үед сонсох учиртай хүнд нь гашуун үнэнийг хатуухан боловч шулуухан хэлчих ёстойг тэгэхэд би ойлгосон. Нэгэнтээ анд минь надтай дөрвөн хүүгийнхээ тухай, тэдний ирээдүйн тухай зөндөө удаан ярихдаа хэн хүнд дэлгээд байдаггүй зүрхний бодлоо хуваалцсан. Цэх зогсон буудуулавч сум хүрэхгүй Цээжний минь алсад эх орон минь бий. Эрдэнэ-Очирын минь элэг зүрхний бичиглэл энэ хоёр мөртөд дурайж буй. “Үрс минь эх орныхоо, газар шорооныхоо үнэ цэнийг мэдрэг, их Монголдоо үнэнч хүмүүс болог” гэсэн монгол эр хүний, эцэг хүний амин хүсэл ч тэнд бий. Анд минь энэ амин хүслээрээ хоёр том хүүгээ Монголын баруун, зүүн хязгаарт, торгон хилийн түүхт заставуудад өөрөө хөөцөлдөн байж алба хаалгасан. Бичиж буй шүлэг бүрдээ тэр Монголоо мөнхөлдөг, уулзаж буй хүн бүхнээсээ тэр Монголоо хайдаг байсан. Тийм ч болохоор “Нар зөв Монголоо” шүтдэг андын минь үлдээсэн өв арвин, үзгээрээ бичсэн бүхэн нь утгатай, шимтэй. Угаасаа анд минь аливаа юмыг маш тодорхой зарчмаар, мөн чанараар нь, Монголд хэрэгтэй эсэхээр нь хардаг байсан. Уран бүтээлчдийг тэр авьяастай, авьяасгүй, сэтгэлтэй сэтгэлгүйгээр нь хэмжинэ, хүнийг харагдах өнгө, өмссөн хувцсаар нь биш бүтээсэн туурвиснаар нь л дүгнэнэ. Алдар нэр, гавьяа шагнал, эд хөрөнгө, эрх ямба түүнд чухал байгаагүй ээ. Харин сайхан шүлэг, содон санаа, бүтээлч чанар л түүнд эрхэм байсан. Авьяас гээч юутай гайхалтай, басхүү ад хор, атаархлын хоронд ямар эмзэг хиртэмтгийг биеэрээ харуулж амьдарсан даа анд минь. 2014 онд Очироо Струга, Македон явав. Дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд оролцоно гэнэ. Шүлгийн номоо англи, орос, франц хэл дээр гаргав. Хэзээд нэг зангаараа, хэлсэн ярьсандаа байдаг “Артсофт” хэвлэх үйлдвэрийн Г.Ганзориг маань номыг нь хэвлүүлж өгчээ. Ингээд Монголын Очироо дэлхийн наадамд шүлгээ дуудахаар итгэл дүүрэн мордов. Тэндээс харц дээгүүр, сэтгэл нэн хангалуун, тэрүүхэндээ шагширсаар ирэв. Улс улсаас ирсэн найрагчид хаа сайгүй унаган хэлээрээ шүлгээ уншдаг л гэнэ. Хот тэр чигээрээ яруу найргаар амьсгалдаг л гэнэ. Тэр намуухан хотод манай Очироо аядуухан хоолойгоор шүлгээ уншаад л, харь нутгийн нэг бүсгүй хэл мэдэхгүй мөртлөө уншсан газар бүрд шүлгийг нь сонсоод яваад байсан л гэнэ. Яг кино кино... Андын минь амьдралын хамгийн яруухан өдрүүдийг баринтаглан үлдээсэн Струга... андад минь амьдралын шинэ өнгийг, уран бүтээлчийн жаргал, бахархлыг амтлуулсан гэж би боддог. Стругагаас ирснийх нь дараахан СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуульд сурдаг өвөрмонгол оюутнуудаа А.Эрдэнэ-Очиртойгоо уулзууллаа. Тэр уулзалт дээр Очироо “Зам” шүлгээ хэрхэн бичсэн тухайгаа хүүрнэж билээ. Дунд хүү нь хүнд өвдөөд, эмчлээд эдгэдэггүй, аргаа баржээ. Харсаар суугаад алдахдаа тулж. Гэнэтхэн толгойд нь “Би чинь хүүдээ зориулж ганц ч шүлэг бичээгүй юм байна шүү дээ” гэсэн бодол харвасан гэдэг. Тэгээд тэр шөнө хүүгээ бодож, хүүдээ л зориулж шүлгээ бичсэн, эцгийнхээ ерөөлөөр хүү нь ч эдгэсэн гэдэг. Үг гэдэг амьтай, язгуурын найрагч гэдэг ямархан увдистайн нэгэн жишээ энэ буюу. Уран зохиол гэдэг хэдий амьдралаас ярган ургадаг, зохиолчийн хэнхдэг цээжнээс урсан төрдөг ч эгэл амьдралын бодит ахуйгаас ялгаруулдаг урлан бүтээхүйн зүй тогтол, утга уянгын яруу зохирол гэж бий. Урлан бүтээхүйн тэр л хуулиар А.Эрдэнэ-Очирын “Зам” шүлгээс эмнэлгийн орон дээр зовуурилан хэвтэх үрээ хараад шаналсан эцгийн орь дуун биш эргэх хорвоогийн жамыг өөрийнхөөрөө таньсан монгол найрагчийн ухаарал уншигддаг. Үүгээрээ л жинхэнэ яруу найраг хөөсөрсөн цагаан шүлгээс ус, сүү шиг ялгардаг. Ингэ гунганаж, зээр зэрэглээ сүвлэн цахилсан говийн хүүгийн, Эрдэнэ-Очирын минь үгээрээ зурсан, ухаанаараа таньсан хорвоо ийм л юм. Уянгатай бас ухааралтай. Хачин гэгээхэн гэрэлтэй. Учирч явсан сайхан бүсгүйчүүддээ сэтгэл алдарсан эр хүний эгшиг хөгтэй, алдаа оноотой. “Өглөө босоход хөгжим уянгалаад... өрөөгөөр дүүрэн номоо өрчихөөд, найз нь жаргалтай байгаа” гэж анд минь нэгэнтээ хэлсэн сэн. Тэр хөгжимтэй өглөөг, урлан бүтээхүйн жаргалтай өдрүүдийг, бас энгэрт нь хатгасан цэцэг шиг Нарханд охиныг бэлэглэсэн дуучин бүсгүйд талархнам. Энхэр нялхаасаа андтай минь ханилж, гурван сайхан үрийнх нь эх, яруу шүлгүүдийнх нь эзэн болсон Энхжаргалаа хайрланам. Эр заяаны ээдрээт нугачаан дунд Эрдэнэ-Очиртой минь учирсан Үүлэн хүүгийн ижий Дорнодын бүсгүйг ойлгоном... Саяхан даа, намрын тэргүүн сарын хуучдаар Дорноговь аймгийн Номын сангийн захирал, яруу найрагч, сэтгүүлч А.Байгалмаагийнхаа урилгаар андынхаа нутагт ахин хөл тавилаа. Арлааны Эрдэнэ-Очирын нэрэмжит аймгийн номын сангийн даруухан өрөөнд тухалсан нас насны уншигчдыг хараад сэтгэл хөдөлж, нулимс мэлмэрсэн сэн. Анд минь “нутаг руугаа тэмээн жингээр ном тээж очно” гэж үргэлж ярьдаг байсан. Андын минь цуглуулсан хорвоо эрийн жудаг, андын түшигтэй, эгшиг найраг, хайр хүндэтгэл, ном эрдэм цалгисан эрдэнэсийн их сан байж дээ. Энэхүү эрдэнэт сангийн өв мөнхөд ундран арвижих болтугай!МЗЭ-ИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ О.ЭНХЖАВХЛАН 

Түр хүлээнэ үү...
Top