Олон улсын орчуулгын өдөрт: Хайр гэдэг үг, эрх чөлөө гэдэг үг
2022-09-30 Зугаатай уншлага 502

Габриел Пери

 ***

Амьд явахад хүч сэлбэдэг хэдэн үг бий.

Алаг эрээнгүй, жирийн сайхан үгүүд ээ.

Халуун гэдэг үг, найдвар гэдэг үг.

Хайр гэдэг үг, эрх чөлөө гэдэг үг.

Хүүхэд гэдэг үг, найрсаг ёс гэдэг үг.

... Хэдэн цэцэг, хэдэн жимсний нэр.

Эр зориг гэдэг үг, нээлт хийх гэдэг үг.

Ах дүү гэдэг үг, анд нөхөр гэдэг үг

Хэдэн улс, тосгодын нэр.

Хэдэн бүсгүй, найз нарын нэр.

Энэ бүхэн дээр Пери гэдэг үг нэмье.

Орчуулсан Т.Төмөрхүлэг

------------------------------------------------------------

Сабахааттин Күдрэт Аксал

***

Хачин юм шүү

Амьралын эцсээ хүртэл

Үг үсэгтэй зууралдах минь,

Модноос илүүтэй мод гэсэн үгэнд

Тэнгисээс илүүтэй тэнгис гэсэн үгэнд

Дуртай байдаг минь

Хачин юм шүү.

Гэхдээ өглөө эрт ээ сэрчихээд

Тагтан дээрээ гарах ч сайхан шүү.

"Туркийн яруу найргийн дээжис"
Орчуулсан Д.Мөнхтөр

------------------------------------------------------------

Жөн Шяочюн

САРНЫ ТУЯА: ТУСДАА АМЬДРАХ ГЭРЛЭСЭН ХОСУУД

Сарны туяа ган төмөр царайнуудыг угаана. 

Сарны туяа хамгаалалтын ханан дээрх 

усан үзмийн төмөр ороонгын мөрийг 

тодотгож өгнө. 

Сарны туяа 5, бас 6 дугаартай эр, эм ажилчдын 

дотуур байрнуудын хоорондох зайг 

улам алсална. 

Сарны туяа эрэгтэйн цонхон дээр нэг, 

эмэгтэйн цонхон дээр нэг саатаж;

бие цогцос, араг яс, чанадын хүсэл,

хуримын шөнийнх нь дурсамжийг гэрэлтүүлнэ.

Сарны туяа даанч хурц, хуримынхаа дараа 

18 хоног тусдаа байсан залуу хосын 

шархан дээр давс үрэх шиг гийнэ. 

 

Сарны туяа тэдний биеийн худгийг, 

басхүү хүсэл мөрөөдлийнх нь гүний худгийг;

15 хоногийн Бал сар, сөөм сөөмөөр 

сүүдэрт бариулсан эмэгтэйнхээ бие цогцсыг

дурсан санах эрэгтэйнх нь ой санамжийг;

далан хальсны бут сөөгөн дор

атар онгон газар шиг хэвтсэн, 

хоёр байрны хоорондох 45 метр газрыг 

алхам алхмаар хороох 

сайхан охины биеийг ч гэрэлтүүлнэ. 

 

Сарны туяа хэрэв арай ойр сон бол 

дөхүүлж өгдөг өргөн уудам орон зай нь 

илүү том, хүүхэн хүний хүсэл ч илүү 

гүн байх байлаа. 

Сарны туяа хэрэв арай бүдэг сэн бол 

эмэгтэйн арьсан дээрх шарх сорви 

илүү гүнзгий, эрэгтэйнх нь сэтгэлийн зовлон 

илүү эдгэшгүй байх байлаа. 

 

Сарны туяа гэр бүлтэй ажилчдын гэх ч

дутуу баригдсан барилга дээр, 

“Цагаач ажилчдын бэлгийн амьдрал” нэртэй 

сонины нийтлэл дээр тусна. 

 

Сарны туяа арай бүдэг сэн бол 

хайр илүү хүчтэй байх байлаа. 

Сарны туяа арай тод сон бол 

гэр бүлтэй ажилчдад зориулсан өрөө 

хавьгүй саруулхан байх байлаа. 

 “Төмөр сар” Хятадын цагаач ажилчдын яруу найргийн түүвэр

Орчуулсан Г.Лхагвадулам

 ------------------------------------------------------------

Пабло Неруда

СҮҮМИЙЖ БУЙ ДӨЛӨӨРӨӨ

Сүүмийж буй дөлөөрөө 

нарны гэрэл чамайг орооно.

Сүүлчийн, туниа муутай туяагаараа

Чамайг хучих бүрэнхийг сөрөн

Чадлаараа тэмцэн зогсох 

бодлогошронгуй чи.

Одоо нэгэнт амь тавьж буй

Цоргих галаар дүүрэн асан 

Орхигдсон энэ л өдрийн 

Цор ганц залгамжлагч мэт 

Чи минь дуугүй зогсоно.

Ганц алтан дусал 

Бараан өмсгөл дээр чинь унахад

Гайхамшигт шөнө гэнэтхэн

Чиний оюунаас ургаж

Дотор чинь нуугдаж асан

Дорой, цонхигор хүмүүс

Ил гарч, илч тэжээл хүртэв.

Гүн хар болоод алтлаг өнгөн дундуур

Гүйлдэн орчих эдгээр сүрлэг зардас

Алив бүхнийг эрхшээн дагуулж

Амьдрал гунигаар дүүрэн, 
Цэцэгс хатаж л дуусдагийг сануулнам.

Орчуулсан Нац.Энхбаяр

 ------------------------------------------------------------

Анна Ахматова

 ***

Салах ёс хийх учраа эс олон бидэн хоёр

Сажилж, бараа бараандаа дэмий л алхацгаана.

Нар хэдий нь доошилж, толгой гудайсан чинийхээ

Нарийхан сүүдэр болон би дуугүйхэн дагана.

Уйсаж ингэж сажлахын оронд сүмийн дотогш хөл тавьж,

Усан батлагын ёслол, хурим, оршуулгын цугларал жаал ажиглая.

Бусдаасаа бид яагаад ийм өөр юм бэ дээ.

Буцаад гарлаа, одоо хаачъя даа хоёулаа.

Оршуулгын газар очиж, булшны хайс сандайлж

Одоо бие биенээ ширтэж баахан санаа алдана.

Өгөрсөн мөчрөөр газар дээр чи нэг байшин зурна.

Үүрд хамтдаа нуугдчих юмсан, чинийхээ зурсан энэ байшинд.

Орчуулсан Б.Баясгалан

 ------------------------------------------------------------

 Ши Мөрөн

 ХАЙРТАЙ

 Хачин ойлгомжгүй үгсийг

ахин дахин өрж

Хайртай, хайргүй...

аль ч хариулт хэлсэн

Харин сэтгэлд минь

хөнгөн сиймгэр үүл л хөвнө.

Хүссэн бүхнээ хэл дээ, найз минь

Жаргалтай инээмсэглэж,

гуниглан дүнсийж

Яаж ч хувирсан,

Танигдахгүй болж

тааварлашгүй ээдрээт замаар

Явж одовч

Чамайг би үргэлжид ойлгоно.

Хүссэн бүхнээ хий, найз минь

Хэзээд би чамайг мэдэрнэ,

Хүний орчлонгийн түмэн хувирал дунд

Хүсээгүй, гэнэтийн тэврэлтэн дунд ч

Анхны болоод сүүлчийн хайр минь

чи гэдгийг

Би мэднэ.

Тэртээ өндөр тэнгэрийн гүнд

би чинийх

Тэнд л, би чинийх...

Үүрдийн тэнүүчлэгч би

Үнэн, тунгалаг амьдралаараа

Чиний дулаан, чиний жаргалыг

Үг дуугүй хамгаалах болно,

Хааяа гэвч найз минь

Тэнгэрийн зайцаар

хөвөлзөн долгиосох нэгэн

Тэсэлгүй чамайг санавч

мэдрүүлж үл чадна.

Тэнүүчлэгчийн сэтгэлийг

Чи ойлгоно

Тийм их, үүрд хайртай!

Орчуулсан А.Урантогос

 ------------------------------------------------------------

Бэжан Матур

АТГАНД БАЙХ ҮСЭГНҮҮД

Иртэй чинжаал шохоорхох хүү

ишин дээрх үсэг рүү нь ширтэж байна,

ирээдүйн хувь заяа руугаа ширтэж байна.

Гар нь халаас дотроо,

нэр нь Мухаммед.

“Чи юу бодно вэ?” гэж би асуулаа,

“Коран судрын тухай бодож байна” 

гэж тэр хэллээ.

Тэрбээр энэ үсгүүдийг,

тэгээд цусыг эрхшээгч болно.

Орчуулсан Х.Нямхишиг

 ------------------------------------------------------------

Еэ Тинван

ХАЙР СЭТГЭЛ

Бүх замыг чамд зориулж тавьсан

Бүх гүүрийг чамайг зорчиг гэж барьсан

Бүх ордонг чамайг зочлог гэж босгосон

Бүх хүслээ чиний төлөө оршоосон

Бүх зүйл минь билээ чи, үүний л тулд би өдөр шөнөгүй зовнидог

Зам уртаад, хойноос чи санах вий гэж эмээх юм

Гүүр өндөрдөөд, чамайг айлгачих вий гэж эмээх юм

Ордон аглагдаад, эл хуль уйтгарт автуулчих вий ч гэж бодох юм

Хүсэл минь цөөдөөд, та үүнийг ойлгохгүй байх вий гэхээс эмээх юм.

Чамдаа л зовних юм. Тэгээд хүсэх юм.

Хүсэл минь замын тэмдэг, чи зүгээ алдаж мэднэ шүү дээ.

Хүсэл минь гүүрний тулгуур, чи гатлага завьнаасаа хагацаж мэднэ шүү дээ.

Хүсэл минь дам нуруу, чи хэлбийж хазайх магад шүү дээ

Хүсэл минь залбирал найдлага, чи цаг хугацааг эндүүрч магад шүү дээ.

хэрэв энэ тэнгэрийн санаа аваас, эцэстээ би хэрхэн тэвчих билээ.

нэг л өдөр замын тэмдэг шилжихээр, чамайг бүү эргэлзээсэй гэж найднам

нэг л өдөр гүүрний тулгуур унахаар,  чамайг гатлаж чадаасай гэж найднам

нэг л өдөр дам нуруу нурна, гэвч чамайг тэсээд үлдэхэд найднам

нэг л өдөр, найдвар тасарна, гэвч чамайг ойлгоно гэдэгт найднам.

Орчуулсан Мө.Батбаяр

Түр хүлээнэ үү...
Top