Ашгүй дөрөвдүгээр сар гарлаа!
2022-04-01 Зугаатай уншлага 1109

e.e.cummings 

Орчуулсан Г.Лхагвадулам

***

аз болоход, ямраар ч болов мэдрээгүй, 
аялж ч үзээгүй газрын минь нам гүм чиний харцанд байдаг. 
үл мэдэг дохих чинь 
намайг хөшөөж, дэндүү ойрхон учир 
хүрч болохгүй бүхэн болдог. 

гарын хурууд шиг биеэ эвхсэн намайг 
зэрвэсхэн харах чинь л нээж орхидог. 
хавар цаг анхны яргуйгаа дэлбээлүүлэх шиг 
хачин урнаар, нууцлаг гэгч нь чи намайг 
дэлбээ, дэлбээгээр минь нээдэг. 

чи л намайг хумьж атгахыг хүсвэл 
энэ л цэцгэн зүрхэн дээр их цасан 
эмзэг, алгуурхнаар буух нь төсөөлөгдөх шиг 
цэвэр ариунаар, гэнэтийн сайхнаар 
энэ бие минь, амьдрал минь төгсөнө. 

энэ ертөнцөөс хүмүүний ойлгож мэдэх юу ч 
эгшин зуурын эрхшээл, хүчтэй чинь эгнэхгүй. 
тэр л хүчний өнгө бүрт нь би автаж, 
амьсгалах тоолон өнө мөнх хийгээд 
энүүхэндээ үхлийг таньж явна.

(чиний энэ, нэг хаагдаж, нэг нээгддэг зүйл 
чухам юу болохыг би мэдэхгүй. гэхдээ 
харцны чинь дуу бүх сарнайн дуунаас 
хүчтэй гэдгийг 
хаанаасаа ч юм бэ, ойлгоод байна) 

хэн ч, бүр бороо ч, 
чинийх шиг жижигхэн гаргүй.


 Ц.Гончиг

 ***

Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол
Ердөө л дээвэрээс хавар дуслах
Болжморууд түлээний завсараар нуугдаж тоглох
Хажуу айлаас барисан талхны шинэхэн үнэр
Хамар цоргих
Салхи ямар нэг ая исгэрэхэд
Шонгийн утас дэм болох
Хэмнэлд нь хүүгийн минь хувцас
Хэцэн дээр хөнгөн бүжих
Энэ бүхнийг гэрийнхээ довжоон дээр харж зогсоод
Эзэмшил нутгаар хашаагаа төсөөлөх
Хаанд өөрийгөө өргөмжлөх
Ертөнцийг аврах гоо үзэсгэлэнг
Ердөө л энэ гэж нээх...


Ц.Дэлгэрмаа

 ***

Хамгийн эхний нахиа гөлөглөх шиг
Хачин эмзэг өвс соёолох шиг
Хаврын хэвлий дотроос
Зүүдэлнэм, чамайг.

Цэл ногоохон эгшгээр
Цээж юуг саруулсгах
Дулаахан хаврын гүнээс
Дуулнам, чамайг.

Цэх шулуухан модод мэт
Чигч үнэнийг сорьсон
Цэнхэр хавруудаа сэрээн
Дурснам, чамайг.

Эгц өндрийн оргил шиг
Эгнэшгүй цор ганцыг чинь,
Эхлэлгүй тийм мөнхрөлийг чинь,
Үсэг мэт өдрүүдээ холбон
Үзэглэсээр л сууна, чамайг.


С.Билигсайхан

 ***
Урд ууланд би
Улиас шиг зогсох юм бол
Болжмор алган дээр минь жиргэнэ дээ...

 ***
Ханын цагны цохилох чимээ
Хажуугаар минь өнгөрч байна
Хаврын орой!


Д.Сосорбарам

ХАВРЫН ӨВЧЛҮҮЛЭГЧ ШИД
(урлагийн синдромын жишээн дээр)

Хавар, амаа ангайгаад самар цөмөх гэж байсан гүйдэл гэсэж
Шизофрени, урлагийн синдром, Вангогийн эмгэгтэй хүмүүсийг хайж олон гудамжаар хөтлөлцөн алхана.
Сэтгэл судлаач оюутан дадлагынхаа зорилгыг сэтгэц заслын аргуудаас турших гэж тэмдэглэнэ.
Зүрхээ чулуугаар хагалж үзэх,
Модонд оймс өмсгөх санаагаа мартаагүй байгаагаа шүлэгч гэнэт сэхээрнэ.
Тэгээд зүрхээ ч хагалж, оймсоо ч өмсгөнө.
Саранд ээмэг зүүлгэж,
Нарны туяаг мөчлөөд борцолж зурах бодлоо
Бийрнийхээ үсэнд ширэлдүүлчихсэн зураач
Толгойныхоо үсээр зураг зурна.
Сонгодог, сод бүтээл туурвих санаа цусыг нь орлож, судсаар нь урсана.
Амьдрал бол ийм л урлаг юм.
Алхам тутамдаа мөнгө боддог хүмүүс ч оршихуйгаа мөнгөөр л урлаж яваа юм.
Ай... тэгэхээр хүмүүс бид нэг л “аалзны шүлс”-ээр диваажингийн цэцэрлэг рүү авирч
Нэг л үгний төлөөсөнд тамын тогоо руугаа унана.
“Амьдрал бол ийм л урлаг”
“Ямар ч өвчин урлагийн синдром”-д оршино гэж өнөөх оюутан өөртөө нээгээд
Урлаг судлаач болохоор цагаан халаадаа тайлна.
Хавар...


А.Урантогос

ХҮСЭЛ

Хавар мэт нүдийг чинь ширтмээр,
халуун гарт чинь хүрмээр
Хайр гэж шивнэж зүрхлэхгүй
үнэн сэтгэлтэй охин баймаар
Харцанд чинь дэвсэн
шувуу гэдгээ мэдэрмээр
Хуучин гэж байдаггүйг
өөрөө өөртөө нотолмоор
Эвэршиж хатсан
найман жилийн алганаас
Эргүүлж чамайг олоод
эрдэнэ мэт тэвэрмээр
Чамайг хамгаалмаар,
чин үнэнийг мэдмээр
Чигчий хуруун чинээ ч
сорви үлдээхгүй амьдармаар
Одоогийн чи намайг
Огт танихгүй шиг
Үүрд хагацмаар, хагацаж чадмаар
Үгүйрэх нууц үгүй цаг хугацаа болмоор.

2018.4.19


 Л.Өлзийтөгс

 ***
Хаалттай цонхны цаанаас ч нэвт анхилах
Хачин сэргэг навчисын үнэр…
Хавар яасан гунигтай юм бэ?

Халуун уруулаа цонхонд хүргэхэд
Хамаг бие… зүрх цочисхийнэ
Хайрлуулмаар бас дурлуулмаар санагдана
Хавар яасан гунигтай юм бэ?

Тэнгэрт тулсан залуухан моддын
Тэргүүн оройд нахиагаа задалж буй
Хав халуун бяцхан амь
Хавар…
Ай яасан...


Ши Мөрөн

Орчуулсан Нац.Энхбаяр

ДӨРВӨН УЛИРАЛ

1.

Цэцэгс дэлбээлэхээс хагдрах хүртлээ
Бүхий л хаврын түүх байдаг шиг
Энэ бүхэн миний ч түүх гэдгийг
Итгүүлээд өгөөч, чи минь надад...

2.

Хэрэв чи мартаж зүрхэлбэл
Хэлхээтэй нулимсан дуслуудаа би
Зүрхэндээ хөлдөөж орхино.
Эсвэл
Зуны шөнийн хязгааргүй тэнгэрт
Зурвас төдий цэг болгоод
Зүүж орхино.

 3.

Эгшин зуур салхин босохуйд
Энгэрээ би яаран хумина.
Намуухан эгшиглэх зүрхийг минь
Намар сэм чагнахаас нуунам...

 4.

Би бол
Шилжүүлэн энд суулгасан шилмүүст мод л...
Чи бол
Ширүүн хахир умард туйлын өвлийн нутаг л...
Царайг минь дарах хүлээлт цөхрөлөө харуулахгүй гэсэндээ
Цас ордог чиний нутагт ургаагүй юм аа, би.


Мө.Батбаяр

***

Цөөн цөөн учралын хойно
Бөөн бөөн гуниг мэлтийнэ.
Зуун зуун өдрийг үзэвч
Сөөм сөөм үл дундарна.
Хайртайг минь чи мэднэ,
Хайргүйг чинь би мэднэ.
"Хамтдаа байвал уг нь..." гээд яах вэ дээ,
Хувь тавилан биднийг салгаж тэвэрснээс хойш.
Уйлмаар, бэтгэртлээ уйлмаар.
Хэчнээн сонин өдөр вэ?
Цастай өдрүүдийн хойно
Гэнэт ингээд дулаарчих нь ч
Тавтайхан даажигнуур.
Та байхгүй болохоор л
Бүх зүйл хоосон. 


Б.Алтанхуяг

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ШҮЛЭГ

Ашгүй дөрөвдүгээр сар гарлаа!
Амраг минь номын дэлгүүр хэсэж, кафед сууя.
Үгүй бол элдэв зугааг таашааж, дур хүслээ
Эрх чөлөөнд нь даатгаж орхиод гадуур тэнэцгээе.

Сакура, интоорын модод цэцэглэж өнгө нэмэхгүй ч
Сайхан хотын минь өглөөтэй хамт дөрөвдүгээр сар мандаж байна.
Живж үхмээр мэдрэмжээ таягдан хаяхгүй байж болох ч
Зүгээр л гадагш гарч онц гойд бүхнийг үзье.

Ууж дуусгаагүй кофе, амралтын өдрийн зугаа, зузаахан хүзүүний ороолт
Угтаа эрх чөлөө ханхлуулсан зураг бүхний эзэн нь чи билээ.
Ужид мансуурах хүслээ булшилж дэргэд чинь би
Урьд цагийн үлгэр зүүдэлсээр энэ өвлийг барж дуусгалаа.

Айдас дотрыг чинь дүүргэх гадаад ертөнцийн
Аль аль нь хуурмаг хоосон төрхтэйг чи мэднэ шүү дээ.
Гэгээн өдрийг ч уйтгарт нүдээр ажуулж сургасан
Гэрийнхээ цонхыг л хоёулаа яг одоо хагалчихъя.

 

Түр хүлээнэ үү...
Top