ЗУНЫ АМРАЛТААРАА УНШИХ ЗУГААТАЙ 6 НОМ
2021-06-10 Зугаатай уншлага 374

 

Зуны тэнүүн улирал айлчилсан энэ үед бид уншигч хүүхэд багачууддаа зуны амралтаараа унших зугаатай 6 номыг санал болгож байна. Мөн үлгэрийн болон хүмүүжил, танин мэдэхүйн гэхээсээ илүү цэвэр уран зохиолын бүтээлүүдийг онцлохыг зорилоо. 

1. БААВГАЙ НЭРТЭЙ ШУВУУ
Бархас охин хоёрын түүх

Зуны амралтаараа хөдөөг зорин, өвөө эмээгийндээ очсон жаал охин өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй үүрдийн сайн найзтайгаа учирна. Жаал охины өвөө нь эхээсээ төөрсөн ангирын бяцхан дэгдээхэй тэр хоёрын нөхөрлөлийг улам утга учиртай болгоход туслах ажээ.
Охин нүүдлийн шувуудын гойд дасамтгай, үнэнч чанар, хурц ой ухаантайг мэдэж, дэгдээхэйнхээ өвөрмөц, өөрийн гэсэн зан араншинг ойлгож, ээнэгшин дасна.
Зохиолч орчин цагийн нийслэл хотод амьдардаг жаал охин хэрхэн бяцхан дэгдээхэйгээр дамжуулан байгаль эхээ хайрлах, амьтныг энэрэх нинжин сэтгэлтэй болон төлөвшиж буйг уг бэсрэг туужаараа харуулжээ.

Зохиолч: Ц.Дэлгэрмаа
Эрхлэн гаргасан: Тагтаа хэвлэлийн газар

2. ДУУЧ ХӨВГҮҮД

Дуу хөгжмөөр холбогдсон хоёр хүүгийн тухай өгүүлэх уг зохиолд Начо, Густав хэмээх хөвгүүдийн амьдрал өөр цаг хугацаа болон өөр өөр газарт зэрэгцэн өрнөнө. Начо Дэлхийн II дайны үед аялан тоглолт хийж яваад гэртээ харих аргагүй болж Австрали тивд бүрмөсөн үлдсэн Венийн найрал дууч хөвгүүдийн тухай, тэр дундаа Густав хэмээх хүүгийн сэтгэл догдлом түүхийг олж сонсдог. Улмаар Густавын түүхээс айдас, ганцаардлаа даван туулах урам зоригийг олж авах ажээ. Тэр Густавын нэгэн адил, дуу хөгжимд дуртай бөгөөд өөр хотод нүүж ирээд удаагүй болохоор найз нөхөдгүй ганцаардаж байж. Харин нэгэн удаа ээжийнхээ бэлэглэсэн дууч шувуунд хэрхэн дуулахыг зааж өгснөөр ганцаардахаа больж, цаашлаад найз нөхөдтэй ч болно. Дууч хөвгүүдийн тухай хайр татам энэхүү зохиолыг Испанийн зохиолч Элена Алонсо Фрайл 2015 онд бичин хэвлүүлжээ.

Зохиолч: Элена Алонсо Фрайл
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

 

3. УСГАЛ

“Усгал” нь өсвөр насныханд зориулсан цуврал зохиол бөгөөд Туулын эзэгтэй, Ойн ханхүү, Хар өвгөн зэрэг ид шидийн гэмээр дүрүүд нь байгаль эхийн амин сүнс болон гол дүрийн баатар хүүд итгэл найдвар, зориг тэвчээрийг заан хамтдаа байгаль эхээ, хүнийг, өв уламжлалаа хайрлаж байгаа тухай өгүүлнэ.
Гол дүрийн баатар Одхүү гэртээ ганцаараа үлдэх үедээ өөрийнхөө өвөрмөц сэтгэлгээгээр орчин тойрноо ид шидийн орон болгож чаддаг онцгой хүү. Тооны хичээлээ хийж байхад нь хүртэл тоонууд нь хоорондоо тулалдаж бодлогоо зөв бодож чадахгүй бол цэргүүд нь шархдаж бодлогоо сайн бодох тусам нь цэргүүд нэмэгдэж нэг мэдэхэд бодож чадахгүй байсан бодлогоо амархан бодчихсон байна. Зохиолчийн энэ бичиглэл нь байж боломгүй зүйлс биш хүүхдийн гайхамшигтай төсөөллөөр харуулахыг зорьсон билээ.

 Зохиолч: Дашийн Оюунчимэг

 

 4. ШИДЭТ МОДОН БАЙШИН

Ах, дүү хоёр жаал ой дахь энгийн нэгэн модон байшинг олж нээжээ. Гэвч үнэндээ тэр нь энгийн байшин байгаагүй юм. Америкийн хүүхдийн номын зохиолч Мэри Пөүп Озборны “Шидэт модон байшин” цуврал дэлхийн 35 хэл дээр орчуулагдан гарч, 134 сая хувь борлогдсон, дэлхийн хүүхдүүдийн хамгийн ихээр унших дуртай адал явдалт цуврал болжээ. 1992 онд анх гарсан цагаасаа хойш өдгөө хүртэл Нью-Йорк таймсын бестселлерийн жагсаалтад тогтмол байдаг бөгөөд энэ оны 3-р сард 37 дахь цуврал нь хэвлэгджээ. Болорсудар хэвлэлийн газраас уг цувралын эхний 16-г гаргаад байгаа юм.

Зохиолч: Мэри Пөүп Озборн
Эрхлэн гаргасан: Болорсудар хэвлэлийн газар

 

  5. АЗГҮЙ ЖААЛУУДЫН АДАРМААТАЙ ТҮҮХҮҮД

Виолет, Клаус, Санни гурав ухаалаг, хайр татам, юмхнаар юм хийж чаддаг хүүхдүүд. Тэд их хотын элгэнд, энгүй том харшид чинээлэг эцэг, эхийнхээ хамтаар тав тухтай амьдардаг байлаа. Гэвч нэг л өдөр хүүхдүүд гэнэтийн ослоор эцэг эхийгээ алдаж, хорон санаат хамаатныдаа амьдрах болсноор тэдний азгүйдэл эхэлнэ. Ар араасаа хөврөх аз сорьсон үйл явдалтай учрах хүүхдүүдийг бүтэлгүйтэл татагч соронз ч гэж хэлж болмоор. Тэд зөвхөн гурван биедээ л итгэж, ухаан, авьяас чадвараараа саад бэрхшээлийг даван туулж, өсөн том болж, өөрсдөд нь итгэдэггүй томчуудын итгэлийг олох гэж ядахын сацуу эцэг, эхийнх үхэл үнэхээр золгүй явдал байв уу, эс бөгөөс асар их өв хөрөнгийг нь өмчлөн авах гэсэн шуналтай нэгний төлөвлөгөө байв уу гэдгийг олох онц сонирхолтой аялалд гарах болно.

Зохиолч: Лемони Сникет
Эрхлэн гаргасан: Нахиа хүүхдийн номын редакц

 

 6. ХҮРЭЛХҮҮ, НАРАНЦЭЦЭГ ХОЁР

Хятадын алдартай хүүхдийн зохиолч Цао Вэньсуаний “Хүрэлхүү Наранцэцэг хоёр” роман нь Хятад хүүхдүүдийн хамгийн их уншдаг 5 зохиолд багтдаг. Зохиолын үйл явдал соёлын хувьсгалын үеийн Хятадын нэгэн тосгонд болох бөгөөд хүнд бэрх цагийг хүүхдүүд хэрхэн даван туулж байгаа тухай гарна. Монголын ахуй амьдрал Хятадынхаас өөр ч гэсэн хаа ч амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөл, хоорондын харилцаа ижил төстэй тул энэ номноос сургамжтай зүйл ихийг олж мэднэ. Үнэнч сэтгэл, гэр бүл, хичээнгүй хөдөлмөрч байдал, шантаршгүй хичээнгүй зан чанарын тухай сонирхолтой өгүүлжээ.

Зохиолч: Цао Вэньсуань
Эрхлэн гаргасан: Непко хэвлэлийн газар

 

 

Түр хүлээнэ үү...
Top