"Сайн уу, гуниг минь" номоос авах сэтгэл догдлом 20 санаа
2021-01-25 Зугаатай уншлага 865

Францын зохиолч Франсуа Саганы 18 насандаа бичсэн эл бэсрэг роман "Сайн уу, гуниг минь" хэмээх нэр шигээ гунигтай боловч чамин, бичигдэн гарсан тухайн цаг үедээ ч тэр, одоо ч тэр өөрийн онцлогт хувь хүн болон төлөвших, өөрийгөө эрж хайх, гуниг, хайр, харуусал, эрх чөлөө, амьдралын утга учир зэрэг мэдрэмжүүдийг дөнгөж амсаж таньж буй 17 настай охины өчлөөр бичигдсэнээрээ туйлын чөлөөтэй, үнэн, шархирмаар амттай мэдрэмжийг төрүүлдгээрээ уншигчдийн сэтгэлийг ихээхэн татаж дурлуулдаг шидтэй "бяцхан" ном. Эл зохиолын зарим хэсэг найзтайгаа ярилцаад байгаа юм шиг дотно танил, зарим хэсэг дэндүү чөлөөтэй, шулуухан бичигдсэн бол зарим хэсгийн дүрслэл маш амттай, басхүү чин шударга, үзэсгэлэнтэй үгсээр дүүрэн. Тэр бүхнээс хэсэгхэнийг түүвэрлэн хүргэе.


1

Эцсийн эцэст бид хүмүүст таалагдахыг л хүсдэггүй гэж үү? Бусдыг өөртөө татах гэсэн эл хүсэл анхаарлын төвд байж, өмчирхөх гэсэн хэтийдсэн эрмэлзлээс болдог уу эсвэл өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх гэсэн далд бодлоос үүддэг үү гэдгийг харин хэлж мэдэхгүй.

 2

Аавын үздэгээр хайр бол хийсвэр зүйл. Хайртай хүндээ үнэнч байх, бие сэтгэлээ бүрэн зориулах мэтийн санааг түс тас эсэргүүцнэ. Үүнийгээ хайр бол ердөө л зуурдын учрал гэдгээр тайлбарлана. Хэрвээ түүнээс өөр хүн ингэж хэлсэн бол би мэл гайхах байсан биз ээ. Харин аав хайр дурлалыг хоромхон зуурынх гэж үзээд тэрхэн хугацаандаа цаад хүнээ энхрийлэн хайрлаж, чин сэтгэлээ зориулдгийг нь мэдэх болохоор тэгэх шаардлага байсангүй. Харин ч түрхэн зуур асаж дүрэлзээд өнгөрөх янаг дурлалын явдал намайг соронз адил татах нь тэр. Үнэнч хайртай учрахыг хүсэж мөрөөдөх насанд хүрээгүй байснаас ч болсон биз. Хайр дурлалыг болзоо, үнсэлт, салалт төдийхнөөр ойлгож явсантай ч холбоотой.

 3

Жүржээсээ нэг хазаж, аманд урсан орох чихэрлэг шүүсийг нь амтархан залгисныхаа дараа уур савссан халуун хар кофеноосоо нэг балгаад, амтат жүржээсээ ахиад нэг хазав. Халуун нар зулай дээрээс төөнөхөд арьсан дээр тодорсон үрчлээс арилан толийв. Би таван хором хэртэй суугаад усанд сэлэхээр бослоо.

4 

-Чи хайр сэтгэлийг их өнгөцхөн бодох юм. Хайр гэдэг чинь хаа нэг төрж л байдаг сэтгэл хөдлөл биш шүү дээ.

Хэн нэгний царайг харах, үйл хөдлөлд нь татагдах юм уу үнсэлтэд нь мансуурахад төрдөг гэнэтийн сэтгэл хөдлөл... Өнөөг хүртэл хайр дурлалыг ингэж л ойлгож ирсэн минь үнэн. Хоорондоо үл зохирох сэтгэл догдлуулсан хором мөчүүд л санаанд үлджээ.

-Хайр бол сэтгэл хөдлөлөөс тэс ондоо зүйл. Зүрхний гүнээс мөнхөд оргилох, хэзээд үл хуучрах, үргэлжид үгүйлэн санах янаг сэтгэл. Даанч чи ойлгохгүй байх л даа.

5

Нэвширтлээ ууснаас өнгө зүс алдаж шөвийгөөд өлөгчин чоно шиг болсон царайгаа толинд хараад өөрийн эрхгүй үзэн ядах сэтгэл төрлөө. “Нэвширтлээ уусан..,” гэж би давтан үглээд толин дотроос тас ширтэх нүд рүүгээ гөлрөв. Гэтэл өнөөх өнгө зүсээ алдсан царай өөдөөс инээмсэглэлээ. Нэвширтлээ уух ч муугүй юм аа! Хэдэн хундага хатуу архи татаад хацар дундуураа тасхийтэл алгадуулсны дараа халуун нулимсаа урсгах!

 6

Дурлал хайрын балыг дан ганц үнсэлтээс амталж болох биш дээ.

 7 

Буруу ч бай зөв ч бай өөрөө бодож тунгааж, хэн байхаа, хэрхэн амьдрахаа өөрөө шийдэх эрх чөлөөтэй байхыг хүснэ. Өөрөөрөө баймаар байна гэж хэлэхгүй, яагаад гэвэл би өөрийгөө ямар “түүхий” байгааг мэднэ. Гэхдээ “боловсорч гүйцэх” гэж хичээхгүй ээ.

 8      

Амьдралдаа анх удаа “дотор хүн” минь хоёр хуваагдахыг мэдэрч, тэнд эсэргүүцэн тэмцэх ямар их хүч нуугдаж байсныг олж мэдээд цочирдох шиг болов. Аннагаас болж сэтгэлдээ үүтгэсэн айдас, өшөө хорслоо тэжээн тэтгэх үү эсвэл том хүн болсон мэт царайлж явдаг хувиа хичээсэн, ухаан муутай, эрх дураараа охин хэвээр үлдэх үү гэж өөрөөсөө асууж суудаг боллоо.  Тэр үед би илжиг шиг зөрүүд хэр нь хамхуул шиг хөнгөн хийсвэр охин явжээ.

9

Анна хэнийг ч чичилж дайралгүйгээр үзэл бодлоо хэлж, хүн бүхэнтэй нэг л янзаар харилцдагийг би мэднэ. Тийм ч болохоор түүний амнаас гарсан үг болгон жинтэй байдаг юм.

10

Харин одоо би үг ямар хүчтэй болохыг, түүгээр хүний сэтгэлийг хэрхэн хөдөлгөж болохыг мэдэж авлаа. Худал үлгэр зохион байж энэ бүхнийг ухаарсан минь л харамсалтай. Хэзээ нэгэн цагт би ч бас хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж, зүрх сэтгэлд нь хүрэхээр алгуур довтлох өдөр ирэх л байх даа.

 11

Дотор минь ямархан шуурга дэгдээд буйг төсөөлөх ч үгүй байгаа бололтой. Мэдлээ ч миний хэр хэмжээнд тааруулж үл тоох нь дамжиггүй! Анна зөвхөн ач холбогдол өгөх зүйлээ л авч хэлэлцдэг болохоор би түүнтэй яагаад ч ойлголцдоггүй юм.

12

Насных л даа. Өдий насалчихаад өөртөө итгэлгүй байвал гунигтай биз дээ?

 13

Түүнтэй энгэр зөрүүлэн жаргаж ахуйд сэтгэл чилээсэн бүхэн ард хоцорч, гагцхүү гал халуун хүсэл л оргилон байв. Харин дур ханаж гүйцсэний хойно наранд түлэгдэж, хөлсөндөө нэвчсэн биед нь наалдан хэвтэхэд хөлгүй далайд орь ганцаараа хаягдчихсан юм шиг санагдлаа. “Өөрийгөө үзэн ядаж байна” гэж би инээвхийлэн хэлэв. Хэлсэн үг минь гарцаагүй үнэн ч гэлээ сэтгэлд зовлон шаналал мэдрэгдэх нь бүү хэл харин ч таатай санагдсан учраас тийнхүү инээмсэглэсэн хэрэг.

14

Залуу насаар минь намайг далайлгах хэрэггүй! Би залуу байна гэж шалтаглаж, сайрхаж явдаггүй. Угаас ач холбогдол ч өгдөггүй.

15

Бүсгүй хүн өөрт нь амьдралаа даатгасан байхад хаврын тэнгэр шиг хуйсгануур зангаа дарж, хүн шиг байхаас өөр яах ч билээ.

 16

Хийсэн гэмээ дэнсэлж үзвээс сэтгэл хачин их уймрах тул тамхи татах, хөгжим сонсох, хэн нэг найз руугаа утас цохих зэргээр өөрийгөө сатааруулах гэж үзнэ. Ингэж л цээжин дээр дарсан хүнд бодлоосоо аажим аажмаар ангижирна даа. Гэхдээ би өөрт амар гээд өнгөрснийг мартаж, юу ч болоогүй юм шиг баясан хөөрч явах дургүй, харин ч хуучин дурсамжтайгаа нүүр тулж, сөрж тэмцэхийг илүүд үздэг хүн.

 17

Хувь тавилан гээч заримдаа үнэн төрхөө нуудаг хойно доо.

18

Энэ залууг би хэзээ ч хайрлаж байгаагүй ажээ! Дур булаам сайхан залуу гэж харж, түүнээс амсдаг биеийн таашаалдаа л хайртай байснаас өөрийг нь сэтгэлдээ багтааж яваагүй юм байна.

19

 Гэхдээ учрал тохиол болгон хувь тавиланд итгэх итгэлийг минь нэмдэгт талархаж явдаг аа.

20

Тэр гэхийн аргагүй уйт бодол буй биеийг минь бүхэлд нь эзэмдэхэд түүнийг би гуниг гэх сүржин үгээр гоёчлон нэрлэж эс түвдэв. Гуниг гээч намайг саяхныг хүртэл соронздон татдаг байлаа. Гэтэл одоо ганилант бодлын хүлээснээсээ хагацаж үл чадаад гэмших сэтгэлд автан суух амуй. Уйтгарлах, харамсах, гэмшихийг угтаа би сайн мэднэ, харин гуних гээчийг л үзсэнгүй явлаа.


 

 

Түр хүлээнэ үү...
Top