А. ОЮУНЗУЛ | ЭХЛЭЛҮҮД
2020-12-07 273

1.      

Зохиолч: Владимир Набоков  “Лолита”

Орчуулагч: Д.Чойжил, Б.Бүдболд

Амь амьдралын минь гэрэл гэгээ, хүсэл тачаалыг минь асан бадраагч. Нүгэл хилэнц минь, амин эрдэнэ минь. Ло. Ли. Та.

 

2.      

Зохиолч: Михаил Булгаков “Мастер Маргарита хоёр”

Орчуулагч: Ц.Гомбосүрэн

Хаврын нэгэн нүгэлтэй бүгчим орой нар шингэхийн үес Москвад, Хамбын цөөрөм дээр хоёр хүн хүрч ирэв.

 

3.      

Зохиолч: Н.В. Гоголь “Хамар” өгүүллэг

Орчуулагч: Б.Шижрээ

Гуравдугаар сарын хорин тавны өдөр Петербургт жигтэйхэн хачирхалтай нэгэн явдал болжээ.

 

4.      

Зохиолч: Уильям Шекспир “Макбет”

Орчуулагч: Х.Мэргэн

Эзгүй хээр. Тэнгэр дуугарч аянга цахилна.

(Гурван шулам гарч ирнэ.)

Эхний шулам: Аянга, цахилгаан, бороон дунд

Ахиад гурвуулаа хэзээ уулзах вэ?

Хоёр дахь шулам: Нижигнэж нүргэлдсэн энэ тулалдаанд

Нэг нь ялж, нөгөө нь ялагдахад.

Гурав дахь шулам: Тэмцэлдээн нар жаргахад дуусна.

Нэг дэх шулам: Тэгээд хаана уулзах вэ?

Хоёр дахь шулам: Эзгүй талд.

Гурав дахь шулам: Тэгэхэд тэнд Макбет очно.

Нэг дэх шулам: Намайг муур дуудаж байна. Би явлаа.

Гурав дахь шулам: Намгаас намайг бах дуудаж байна.

Бүгд: Буян бол нүгэл, нүгэл бол буян

Будант бузрын газартаа эргэн одоцгооё!

 

5.      

Зохиолч: Ж.Д.Сэлинжер “Хайрт Эсмедээ зутруун ахуйгаас зориулав” өгүүллэг

Саяхан агаарын шуудангаар би Англид дөрөвдүгээр сарын 18-нд болох хуримын урилга хүлээн авсан билээ. Энэ хуримд очих гэж би чамгүй ихийг зориулж чадах бөгөөд анх урилга ирэхэд нь зардал мөнгө хайхралгүй, онгоцоор хүрэх боломж байна уу даа гэж бодсон юм. Гэхдээ би энэ тухай дуу алдам төлөв тогтуун эхнэртэйгээ дэлгэрэнгүй ярилцсаны эцэст очихгүй гэж шийдээд байна. Нэгдүгээрт, хадам ээж маань бид хоёртой дөрөвдүгээр сарын сүүлийн хоёр долоо хоногийг өнгөрөөхөөр тэсэн ядан хүлээж байгааг ор тас мартаж орхижээ. Гренчер ээжтэй тэр болгон уулзаад байдаггүй, дээрээс нь ээжийн нас сүүдэр талийж байна. Тавин наймтай юм л даа. (Өөрөө завдалгүй ингэж хэлдэг юм.)

 

6.       Зохиолч: Фрэнк Херберт “Манхан”

Эхлэл бол тэнцвэр зөв зохистойд анхаарах хамгийн эгзэгтэй мөч. Үүнийг Бене Жессеритийн эгч дүүс болгон мэднэ. Чингээд Муад’Дибийн амьдралыг судалж эхлэхдээ, урьтаж цаг үед нь тухайлан хамаатуулж үзэхтүн. Тэрээр Падишах, дөрөвдүгээр Шаддам эзэн хааны 57 онд төрсөн буй. Түүнчлэн Муад’Дибийг газар нутагт нь машид онцгойлон сэтгэхтүн. Арракис гараг болой. Каладанд төрж, тэнд амьдралынхаа эхний арван таван жилийг өнгөрөөсөнд нь бүү хууртахтун. Манхан хэмээн танигдсан Арракис гараг бол түүний өнө мөнхийн нутаг билээ.

—Ирулан гүнжийн “Муад’Дибийн гарын авлага”-аас

 

7.      

Зохиолч: Марио Пузо “Загалмайлсан эцэг”

Их аз хийморь бүрийн цаана гэмт хэрэг оршдог.

Бальзак

 

Америго Бонасера Нью-Йоркийн Эрүүгийн хэргийн гуравдугаар шүүхэд, шударга ёс биелэхийг, охиныг нь харгисаар зэрэмдэглэж, нэр нүүрийг нь гутаах гэж оролдсон эрсээс өшөө авахыг хүлээж сууна.

 

8.      

Зохиолч: Донна Тартт “Нууц түүх”

Уулсын цас мөс хайлж, Банни үхээд хэдэн долоо хоног өнгөрсний дараа л, бид байдал тун ноцтой болсныг ойлгосон. Үхээд арав хоносон хойно цогцос нь олдсон юм даа.

 

9.      

Зохиолч: Карл Уве Кнаусгор “Миний тэмцэл”

Зүрхний хувьд амьдрал их энгийн. Чадах чинээгээрээ цохилно. Тэгээд зогсоно. Эрт орой хэзээ нэгэн цагт энэхүү цохилсон үйл өөрийн хүслээр зогсох агаад биеийн хамгийн доод хэсэг рүү цус гүйн, бяцхан тунадас үүсэх нь улам бүр цонхийх арьсан дээр хөхөлбий, зөөлөн толбо болж үзэгдэн, биеийн хэм буурахад хөл гар бадайрч, дотор эрхтний цус шүүрнэ.

 

10.  

Зохиолч: Жейн Остин “Ихэрхэл ба эндүүрэл”

Бэл бэлчинтэй гоонь эр эхнэр гарцаагүй хүсдэг нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хууль билээ.

Түр хүлээнэ үү...
Top