Б.АЛТАНХУЯГ | ЭХЛЭЛҮҮД
2020-11-27 332

“Зохиол бүтээлийг хэчнээн их уншлаа ч бидний мэдэхгүй ямарваа нэг нууц гүнд нь үргэлж үлддэг” хэмээн эрвээхэйд дуртай Набоков өвөө хэлсэн нь бий. Гэвч заримдаа тэр л нууцууд, үйл явдал өрнөхөөс өмнөх зураглал эхлэлийн хэдхэн өгүүлбэрт зангидагдсан байх нь бий. Тэр л эхлэл бидний агуу их үйл явдал, зөрчил тэмцэл, аж төрөхүйн өөр чиг шугам, зарим мөчид дотооддоо нээсэн гүн хар нүх рүүгээ өнгийх боломжийг бий болгодог. Тиймдээ ч хүн төрөлхтөн уран зохиолоос салалгүй өдийг хүрсэн биз ээ. Мөнхүү “Ер нь зохиолч хүний хамгийн хэцүү ажил эхний догол мөрөө бичих. Ганцхан догол мөр бичих гэж хэдэн сар болох үе ч бий” гэж Маркес мөн хэлжээ. Тэр л хэцүү ганцхан догол мөр уншигчдын сэтгэлд үлдсэн олон зохиолууд бий.

Ийнхүү “Эхлэлүүд” давалгаанд орчуулагч, яруу найрагч Мө.Батбаяр нэгдэхийг уриалсны дагуу дуртай зохиолынхоо эхлэлийг хуваалцаж байна. Гэвч заавал нүсэр томоохон зохиол байх дүрэмгүй учраас нэлээд өгүүллэгийн сэтгэлд үлдсэн эхлэлийг сонгосон болно. Уг давалгааг цааш үргэлжлүүлнэ үү хэмээн Монсудар хэвлэлийн газрын “Жангар” стиудын хүүхдийн номын зураач Б.Төрмөнх таныг дуудаж байна.

1.

Зохиолч | Ц.Ганболд 

Зохиол | “Цэцүүхэй” (тууж)

“Цэцүүдийн нутагт нэгэн домог үеийн үед ам дамжин яригдсаар цаг хугацаа мэт насалжээ”.

2.

Зохиолч | Хорхэ Лүис Борхэс
Зохиол | “Everything and Nothing” (өгүүллэг)

“Өөрөө өөртөө тэр хэн ч биш: нүүр царайгаараа ч /эрин зуунуудын завсар тээгдсээр ирсэн олхиогүй муусайн зурагнуудтай ч ядаж адилгүй/ хуурмаг, хоосон, уялдаа холбоогүй үгсээрээ ч зөвхөн хүйтэн мушийлт, хэнд ч үл зүүдлэгдэх зүүдэнд оршдог байлаа”.

3.

Зохиолч | Артур Уильяамс
Зохиол | “Алуурчин” (өгүүллэг)

“Алуурчныг ердийн хүнтэй огт адилгүй гэдэгт итгэх нь хамгийн ташаа төөрөгдөл юм. Ихэнх тохиолдолд түүнийг “Өрөвдөх сэтгэлгүй яргачин” буюу “Галзуу мангас” мэтийн байдлаар дүрсэлдэг. Иймэрхүү уянгын халил нь үнэнээс ихээхэн хөндий билээ. Угтаа бол алуурчин гэдэг чинь “Хүн бүр өөрийнхөө төлөө” гэдэг үгэнд хатуу итгэсэн, бусдаас яльгүй зоригтой ердийн л хүн шүү дээ”.

4.

Зохиолч | Н.Бадамжав
Зохиол | “Амуль” (бэсрэг роман)

“Бүх зүйл Жүмисийг хөл хүнд болсноос эхэлсэн юм Хэрвээ тийм явдал болоогүй бол бүх юм дэндүү хялбар ойлгомжтой байх байсан биз ээ”.

5.

Зохиолч | Эдогава Рампо
Зохиол | “Сэрүүн зүүд” (өгүүллэг)

“Энэ явдал үнэхээр болов уу? Эсвэл би сэрүүнээрээ аймшигтайгаар хар даран зүүдлэв үү?”

6.

Зохиолч | Карл Петри
Зохиол | “Перс муур” (өгүүллэг)

“Аллага хийх гэж байгаа бусад хүмүүсээс ялгаатай нь Артур Бриггс огтхон ч тэвдэж сандарсангүй амгалан байлаа”.

7.

Зохиолч | Памук Орхан

Зохиол | “Цас” роман

“Ай цасны аниргүй” хэмээн автобусны жолоочийн яг ард сууж явсан эр бодлоо. Хэрвээ энэ нь ямар нэг шүлгийн эхлэлсэн бол тэрээр өөрт мэдрэгдэж буй зүйлээ яг л цасны аниргүй гэж нэрлэх байв.

8.

Зохиолч | Сол Бэлоу
Зохиол | “Намайг дурсахад чинь нэмэр болох нэгэн зүйл” (өгүүллэг)

“Тэсч тэвчиж чадахаас чинь илүү их зүйл овоорохын цагт сүйдтэй юу ч болоогүй, амьдрал чинь пянз мэт эргэдгээрээ л эргэлдэж байгаа юм шиг дүр эсгэж болно. Дараа нь мөнөөхөн толигор, хавтгай, өөгүй тэгшхэн пянз хэмээн бодсон зүйл чинь үнэн хэрэгтээ юүлүүр, хуйларсан эргүүлэг болохыг чи нэгэнтээ ухаарах болно”.

 

Түр хүлээнэ үү...
Top