КИМ ИОНГХА : ЗОХИОЛ БИЧИХИЙН ТУЛД МИНИЙ ХИЙДЭГ ЗҮЙЛС
2021-06-03 О.Хүслэн 413

Би үргэлжилсэн үгийн зохиолч. Миний хамгийн дуртай зүйл  хий дэмий цаг нөгцөөх. Өдрийн туршид компьютерийн урд сууж солиорсон мэт балбаж байгаа мэт боловч өөрийгөө хүчлэн байж ингэж суудаг юм биш. Ингээд харвал би одоо ч ажлаа хийж байна. (Тэрээр тольны урд хүзүүндээ массаж хийж байна)

 Зохиол бичнэ гэж шийдсэн л бол гарцаагүй орь ганцаар байх ёстой. Утсаа унтраах, интернетээ салгах. Бодит байдлаас тасарч гүнзгий тунгаан бодох хэрэгтэй. Ийнхүү оюун санаагаа чөлөөлвөл зохиолын онгод гэгч зүйл хаа холын зүйл бус өдөр тутмын амьдрал дунд байдаг гэдгийг ойлгох болно.

Жишээлбэл надад маш эрхэм байсан нэг эд зүйл алга болчихлоо гэж бодъё. Дэргэд гарцаагүй байсан нэг зүйл үгүйрэхэд мэдрэгддэг бачуурам сандрал байдаг шүү дээ. Энэ мэдрэмжийг нэг судлаад үзье. Надад яагаад энэ мэдрэмж төрж байгаа юм бол? Энэ дутуугийн мэдрэмж юунаас урган гарав? Иймэрхүү зүйлсийг зүгээр өнгөрөөлгүй хангалттай эргэцүүлсээр нэг л мэдэхэд  би өөр ертөнцөд ирчихдэг. Алсад бичигдэх зохиолынхоо гол дүр нь болж байгаа хэрэг.

Ингэснээр гол дүр болсон миний гүйцэтгэх үүрэг бол зохиол бичихийн тулд заавал олох ёстой зүйлийг нь зохиолчдоо мэдүүлэхийн тулд аж. Ийнхүү урьдын л адил намайг хямралд оруулах эгзэгтэй мөч энд ч мөн учирна. Тэр бол дээрэмчид.

Миний хувьд дээрэмчин гэдэг нь зохиол бичих явцад шантрахад хүргэдэг миний сул дорой байдал, эргэлзээ, айдас зэрэг юм.

“Наадах чинь хог шиг л байна”

“Хөөе, иймэрхүү зүйл хэт нялзрай биш үү?”

“Хэтэрхий хоцрогдсон зүйл шүү дээ”

“Чи өмнөх шиг ээ байхаа больжээ”    

“Ийм зүйл ер нь яах гэж бичдэг юм?”

“Ингэж бичсэн бичээгүй ямар ч ач холбогдолгүй дээ”

Иймэрхүй зүйлс хэлж байгаа дээрэмчдийг зохиолч хүн дараах аргаар баатарлаг гэгч нь хөнөөх хэрэгтэй.

“Ганцхан мөр л бичнэ”

“Ганцхан мөр л бичихэд яадаг юм”

“Тийм ээ, та нарын хэлсэн үг үнэн байж болно. Зүгээр л ганц мөр бичиж үзэж байгаа юм”

“Ганц мөр юм чинь яадаг юм. Ганц мөр л бичээд унтана”

 Хувийн ертөнцөд минь намайг хямрал руу чирэгч энэ дээрэмчдийг хурдхан шиг хөөн явуулах хэрэгтэй. Зохиолч болохгүй байх хэдэн зуун шалтгаан бус зохиолч болох хэрэгтэй гэх цор ганц шалтгаан намайг зохиолч болгон бүтээсэн. Ийнхүү дээрэмчдийг дуугүй болгон гарч ирэхэд илүү амар амгалан мэдрэмжтэйгээр төвлөрөх боломжтой болно.  Жирийн үед таван мэдрэхүйгээ хөгжүүлэх нь ч над шиг зохиолч хүнд зайлшгүй хэрэгтэй зүйл. Онцын зүйлгүй нэгэн хэвийн бидний өдөр тутмын амьдралыг таван мэдрэхүй, бүхий л биеэрээ туршин мэдэрч яг л аялал болгож байгаа хэрэг. Нарийн нягт ажиглан, хүрч бүр үнэрлэж үзээд зөвхөн тэрхүү мэдрэмжиндээ анхаарлаа төвлөрүүл.

Модон дээр тусах нарны гэрэл цаг хугацааны аясаар хэрхэн өөрчлөгдөж байна? Модных нь их бие хатуу байна уу? Холтосных нь үнэр ямар байна? Ийнхүү өдөр бүр утга учир үгүй өнгөрч болох  мэдрэмжээ хурааж хураангуйлаад шинэхэн туршлага болгон сийрүүлж орхивол хожмын өдөр зохиол бичих үед томоохон дэмнээс болдог.

Бид амьдралдаа ямар нэг зүйлийг эхлүүлэх болсон нь бүтэхгүй гэх хэдэн зуун шалтгаан бус хийх ёстой гэх цор ганц шалтгааны улмаас л байдаг. Би ч мөн тэр цор ганц шалтгаанаа олоод дээрэмчдийг, хөөж таван мэдрэхүйгээ хөгжүүлсээр сая нэг зохиол бичиж эхлэхэд хэрэг болох хамгийн сүүлчийн зүйлээ олсон. (Тэрбээр хумсны хутгаа олж байна)

Бичиж эхлэхийн урьд би заавал хумсаа авдаг. Үнэндээ онцын шалтгаан гэх зүйл үгүй. Зохиол бичихийн тулд урлагийн гэмээр онгод хэрэгтэй ч надад бол шивэх үед гарын үзүүрт мэдрэгдэх цохилт ч мөн дутахааргүй чухал юм.

 

 Орчуулагч О.Хүслэн 

Түр хүлээнэ үү...
Top