Уралдааны шилдэг шүлэгчид: ЦОГООГИЙН ХУЛАН
2017-04-30 531

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдах “ТАГТАА” номын өдөрлөгийнхөө үеэр зарлаж шагнах болно.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 101 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 11 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 11 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 11 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг 11-т багтсан дараагийн шүлэгч бол Цогоогийн Хулан. Тэрээр 1999 онд Орхон аймагт төрсөн. Орхон аймгийн "Наран цогцолбор " сургуулийг 2016 онд төгсөөд одоо Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн ангид суралцаж байгаа.  "Хүслийн жигүүр" нэртэй аймаг улсын хэмжээнд тэргүүн байр эзэлсэн эсээний түүврээ 2015 онд хэвлүүлсэн.

***

Гүүрэн дээрээс
Өчигдөр шөнө
Нүүрэн дээр минь
Хээ орхиод явчихсан
Тэнэг, жихүүхэн сар үсэрчихлээ
Тэгээд одоо хав харанхуй
Нар гарах л үлдлээ...
***
М.Батбаярт

Чихэрлэг мойл хүртэл
чамд дурлаад гашуурчээ.
Чи түүнд яах гэж шүлэг бичээ вэ?
Орь ганцаардал хүртэл чамаас эхтэй
Охидод бичсэн миний бус уянгуудыг өмчлөх гэж
Од мичдийн хундага тулгаанд жингэнэж гээгдсэн
Охин од харваж төөрсөөр
Энгэрт чинь шургаж би болчихсон юм
Энэ орчлон минь чамаас эхтэй.
Навчис хөтлөлцсөөр хийсэн одох нь бидэн шиг
Над шиг ганцаардсан турлиах моддын сүүдэрт хадаатай
Бардам хүлээлт... ирэх хаврын цөхрөл анхилхад
Бас л чамд дурлачихсаныг нь сая л анзаарч огшив.
Чи ариун, хүлцэнгүй
Бадрангуй бас сүүмгэр
Чи цэвэр, үнэн
Ёс бус хамгийн гэгээн
Ирж яваа цаг
Ниснэ, Дэвнэ
Энд бид үлдэнэ.
Үүрд гээд харцаараа үнсэнэ.
Хамгийн дүрсгүй од чамд дурлаад амирлачихжээ
Хайрт минь чи юунд надад шүлэг бичээ вэ?
***

Цайвар алсаас хөнгөн гэгээ татаж
Мөчиртөө эрхи хэлхсэн хөгшин улиангар мэгшихэд
Тэртээ дайдаас бороо ямар нэгийг өмөөрөх мэт
Үүлс алгадан хийсч ирэв.
Нарнаас зугатсан өнчин навч
Битүү ширэнгэд
хоргодсоор
Шоргоолжинд идэгдэх шиг
Ёоко Онод атаархаж
Бүрэлгэсэн амиараа
Цэцэг хэлхсээр чам руу зам урлан очно.
Өөдөөс ширтэх толь урдах зам хаачих шиг
Хаа ч хамаагүй явмаар, сөхөрч, бүдэрмээр байна.
Өмсгөл зүүсгэлгүй хоосон өрөөнд шүлэг бичих
Үхэж тайтгарах бүгдийн төгсгөл шиг эхлэл.

Цогоогийн Хулангийн шүлгүүдийг бид СУИС-ийн Театр Урлагийн Сургуулийн багш, утга зохиол судлаач Х.Чойдогжамцад уншуулж сэтгэгдлийг нь сонссон билээ.

Тэрбээр шүлгүүдийг уншаад:

СЭТГЭЛИЙН БАЙГАЛЬД...од амирлана

Амьдралд нь эрэгтэй хүн “орж ирсэн” тухай сэдэвтэй энэ охины гурван шүлэг холбоотой мэт сэтгэгдэл төрлөө. Сартай хамт цэлмэж, сар өөрөөсөө гэрэл гаргадагт итгэж явсан сэтгэлээс нь өчигдөр шөнө гүүрэн дээрээс (амьдралын мөчлөг) гагц хээ л үлдэн толботжээ. Сарны охин байсныг нь түүний нүүрнээс одоо өөрөөс нь өөр хэн ч уншиж чадахгүй гүн нууцын нуур луу тэр үсэрч. Яг л сарны сүүдрийг үзсэн мэт хууртсан тухай манай нэгэн зохиолчийн бичсэн шиг...

'М.Батбаярт' хэмээн хаягласан нэргүй шүлэгт дурласан, хайрласан сэтгэлээ илчилж буй охины хүсэл мэдрэмж, илэрхийлэл, байгалийн амьтай дүрслэмж адилтгалууд содон санагдлаа. Дурласандаа гашуурсан мойл жимс байгалийн бус дурласан охины сэтгэлийн амтаар эсжээ. Байгаль хэмээх үг хэвлийдээ мөн чанар гэсэн хөврөл агуулдаг мэт. Чухамхүү тэр турлиахыг ч ганцаардуулж, хаврыг амьсгалыг ч цөхрүүлж байгаа эрхэмсэг мөн чанарын нууцаас жинхэнэ сэтгэлийн байгалиа олж омогшсон, бүр сэтгэлийн амирланд хүрч очсон нь шүлгийн олз гэлтэй. Бидний дотоод ертөнц, сэтгэлийн аглаг болоод сансар огторгуй, байгаль эрхэсийн алинд нь илүү нууц оршиж агуулагддагийг энэ шүлэг таниас асуух мэт. Шүлэгч охины хувьд тэр байгаль нь гэмээнэ:

...Чи ариун, хүлцэнгүй
Бадрангуй бас сүүмгэр
Чи цэвэр, үнэн
Ёс бус хамгийн гэгээн
Ирж яваа цаг...

Харин сүүлийн шүлгийг шүлэгч охин бус шүлэгч бүсгүй гэсэн нүдээр олж хараад та цааш уншчих биз ээ...

хэмээн сэтгэгдэлээ ирүүлсэн юм. ТАГТАА-ийн зүгээс залуу авьяастан Ц.Хуланд урлан бүтээхүйн ихийн их онгод цадиг ерөөе!

Түр хүлээнэ үү...
Top