АЙСУЙ ОДООГООС ШИНЭ ОДОО ЭХЭЛНЭ
2022-11-09 Фройдын сүүдэр 361

Японы яруу найргаас Д.Дэлгэрсүрэнгийн орчуулгаар та бүхэндээ хүргэж байна. 

НАГАСАВА НОБҮКО

 

1.      Хагацахуй

 

Найз минь намайг үхсэний дараа булшийг минь бүү эргэж ир

Цэцэг өргөж, нулимсаа дуслуулж

Намайг гүн нойрноос минь бүү өндөлзүүл

 

Булшийг минь хэний үл мэдэх толгод дээр нутаглуулж

Бичил агаар л хүрч чадахаар цэвэр тунгалаг газар аваач

Аяны хүн саатахааргүй зэлүүд уулын оройд

Авс минь хэний үл мэдэх уулсын цэцэгсээр хүрээлүүлж

Хүрч үл чадах хунгар цасанд дарагдан

Хүйтэн өвөл болоход л би нүдээ нээе

Сийчих салхины хацар алгадам мэдрэмжинд ажран

Сэрүүн сүнс минь цэлийсэн талыг хэрэн хэсэг

 

Найз минь намайг үхсэний дараа гуньж

Харуусах огтоос хэрэггүй

Надад өчүүхэн нөхөрлөлийн сэтгэл үлдээе гэвэл

Нартад намайг мартаад цааш алх

Орчлонд би хагацан одохоо зарлаад

Оршин үлдэх хүмүүсийн дунд

Одоогийн дүрээ үлдээгээд хоцрохыг үл тэвчинэ

Хүйтэн булш минь

Хөвөрч улирах хавар намрын дунд

Хүмүүсийн зам мөр дор

Хэдийнээ мартагдсан ялалтын дууг л сонсож чадаг

 Найз минь

Тэр цагт миний сүнс баяр хөөрөөр бялхаж

Тэр цагт би угтаа үхнэ

Авсан доторх сүнс минь хавар сэрж

Ахин үдэлтийг булшиндаа хэлэх цаг ирнэ

Найз минь

Тэр цагт мартагдсан дуртатгалаас том тугийг минь

Тэнгэр өөд намируулаач

Тэр хүдэр цээжний цохилт шиг

Түрэмгий хүчээр надруу салхилаг

Найз минь

Надаас хагацах өдөр эцэст нь ирнэ

Тэр өглөө харин ирэхэд

Та нар миний нэрийг мартан алсран одно.

 

2.      Цаасан тогоруу

 

Нил ягаан цаасан тогоруу

Миний хурууны үзүүрээс төрлөө

Бүүдийсэн үүлгэр намрыг би нуруундаа үүрээд

Бүрэнхийлж гансарсан сэтгэлээр цаасан тогоруу урлалаа

 

Аа намар гүн, өвөл ойрхон

Өмнө минь байгаа ширээн дээрх дэлгээтэй цагаан цаасанд

Өнөөдөр ч гэсэн бэхний хөх өнгө л үзэгдэх юм

 

Найз минь чи юунд намайг мөнхөд орхио вэ

Нил ягаан цаасан тогоруу миний дотроос амиллаа

Хагдарсан навчсаар булагдсан чиний булшинд

Хоёр цаасан тогоруу өргөе, би

 

Чи бид цаасан тогоруу мэт биесээсээ хөндий хоосон оршиж

Чамайг надаас алсран одсон өдрөөс хойш

Цаасан тогоруу яагаад ч юм чиний дүрээр үзэгдэх юм

 

Үг дуугүй дүнсийх бунхны чинь өмнө

Үдэж хоёр цаасан тогоруу өргөе, би

Эгэл бидний зуурдын нөхөрлөлийг илтгэх

Энэ орь ганцаардсан цаасан тогоруу

 

3.      Илчлэл

 

Улаан сарнай нахиалаад хагдрах өдөр

Угтаа балартсан дурдатгалаас намайг чиглэх

Уйт харцыг мэдэрлээ

Зуны дунд сар саатан ирэхүйд

Цамцны нэхээс сэвэлзүүлэх

Агаарын хоосон л анир чимээгүйхэн учиг үлдээнэ

 

Ужиг өвчинд өртөмхий эмзэглэл минь

Угтаа энэ сарнай шиг хагдрах үес

Зөвхөн ганц ном

Зөөлөн цэцгийн үр шиг намайг бүтээх ч

Өнөө өнчин зүрхэнд минь сэм дөтлөх

Өчүүхэн энэ санагалзал юуных вэ

 

Час улаан сарнайг дэлбээлээд хагдрах өдөр

Чин зүрхний толийг ширтэх

Цэвдэг хүйтэн харцыг мэдэрлээ

Урт сормуустай нүдний хүйтэн тэр харц

Усан далайд живэх хөрөг зураг мэт

Ялалтын дуугаа ганц л өргөсөн тэмцлийн замд

Хашиж миний алхааг туших

Хачин жигтэй санагалзал юуных вэ?

Төрөлх нутгаа нэгэнтээ орхисон намайг

Төөрөг тавилан минь тэмцэлд зэхэн хүлээнэ.

 Улаан сарнай ургаад хагдарсан өдөр

Угтаа балартсан дурдатгалаас намайг чиглэх

Уйт харцанд

Ялагдлын тугийнх шиг ширүүн намираад

Дорой нэгэн болохгүй гэж үглэн зүхэвч

Дорд миний сэтгэл хамгийн ихээр үгүйрэл хоосролыг мэдэрч

Доогтой хүмүүсийн дунд дахин хөл тавина.

 

КАВАСАКИ ХИРОШИ

 

4.      Одоогоос эхлэх шинэ одоо

 

Халуун зүрхнээс шинэ цус урсаж

Хормын төдий өвч биеэр минь нэвчив

Би түрүүний би биш

Чи ч мөн адил

Чи бидэн дандаа шинээрээ

 

Авгалдайнаасаа хувирсан эрвээхэй

Амь төлжин зэрэглээн дунд дэвэгнэнэ

Өнөөдрийн салхинд дохиж буй цэцэг

Өчигдөр өчүүхэн үр байсан сан

Уудам далайг гатлан шинэ салхи өндийж

Уйтан талд бүжин сэвэгнэнэ

Угтаа байгаль эх ч үргэлж шинээрээ

 

Өчигдөр мэдээгүй бүхнээ

Өнөөдөр мэдрэх баяр

Өчигдөр анзаараагүй зүйлээ

Өнөөдөр харах ажиг

Өнө эртний түүхийн нэгээхэн хэсэг ахин хувьсан,

Өдөр өдрөөр шинэчлэгдэх ертөнц айсуй

Өнгөрсөн бүхэн хуйгаараа шинэчлэгдэнэ

 

Ай, өнөөдөр ч гэсэн шинэхэн учрал тохионо

Ариун хайр

Ар араасаа төрнө

Анхных шиг ариг уянгыг одоо дуулахад

Амь халуун биеийг

Альхан бүхэн ахин амилуулж

Айсуй одоогоос шинэ одоо эхлэнэ

 

МҮШЯНОКООЖИ САНЭАЦҮ

 

5.      Хэзээд би, би хэвээрээ байна

 

Ганцаар бичгийн ширээнийхээ ард

чимээгүй суугаад, би

бүхий л хүлээсээс ангижран

чигч сэтгэлээ уудлан

бичиж буйдаа баярлая.

 

Тосгонд шинэ ажлаа эхлүүлж

цуглаан зохион байгуулахад

цуглаж ирэх хүн даанч цөөхөн

сонин сэтгүүл гаргасан ч унших хүн угтаа бага

гэвч би үүндээ үл гутарна.

 

Үүний ачаар би

өөрийн цаг заваа олж

өөрийн зоргоор амьдарч

өөрийн хүслээр бүтээлээ туурвиж байна.

 

Хэний ч тухай

хамгийн үнэнээр, бичих сэн гэж

хүссэн бүхнээ бичиж буйдаа

хамгаас талархмаар.

 

Өөрөөсөө өөрөөр байж чадахгүй би

өнхрөөд одсоны хойно ч

хожим намайг унших хүмүүсд талархах зүйл хийх сэн гэж

хоосон мөрөөдөвч,

хүсэл минь биелэхгүй байлаа ч

худал хуурмагийн тухай бичээгүйдээ баясаж,

хэнд ч саад бололгүйгээр

хэзээд ширээнийхээ ард сууж байгаадаа сэтгэл минь өег.

 

Хэчнээн олон найзтай болсон ч

худал үгсээр ярилцаж

хуурмаг сэтгэлээр харьцаж

хэрэг үл болох шалдар булдар зүйлийг л хэлэлцэх нь гашуун.

 

Намайг гэх нэг ч уншигч байхгүй байлаа ч

чин шударга сэтгэлийг л хэлж

чигч үнэн зүйлийг л дүрсэлж

чинхүү үүнд л дадаж байгаа өөртөө

чин зүрхнээсээ сэтгэл ханаж

хэзээд би, би хэвээрээ байгаадаа

хэмжээлшгүй талархъя.

 

6.      Булаг

 

Эртний булаг усаа хаашаа урсахаа үл мэдэх ч эргээ ундаална

Эвэр хошуут шувуу хэчнээн өндөглөснөө тоолохгүй өдөр бүр өндөглөнө

Би хэн уншихийг үл мэдэх ч өдөр бүр нэгэн зүйл бичнэ

хааяа хэрэггүй зүйл бичих нь бий

хаа нэг сайн өндөг төрүүлэх нь бий

анзаарч харах, харахгүйг харин хүмүүст даатгая

амттай сайхан өндөг гарвал шимтэн хүрт,

аа, харин үгүй бол зөнд нь л орхи

 

Өөрөө би юунд ч үл автан

өдөр бүр өндөглөсөөр...

өр зүрхнээс өрөөлийг амилуулах нь миний ажил

өөр хүмүүн түүнийг амтлах эсэх нь тэдний ажил

өөлж тэд идэхгүй бол өмхийрөх байх

өөр юухнаар ч юм өндөг минь ангаахай болох байх

 

Усан булаг хаашаа урсахаа мэдэхгүй оргилно

Уран тахиа өндөглөсөөр өндөглөсөөр өтөлнө.

 

 

 

 

 

 

ТАНИКАВА ШҮНТАРОО

 

Уржигдар би үхсэн

Хамаг танил нөхөд минь хар хувцастай цуглаж

Хамгаас гайхшрал төрүүлсэн нь

Хий дэмий цурхиран уйлах тэр чимээ

Хэзээ ч утасны дуудлагад нь хариулаагүй

Харь холоос цагаан мерседестэй ирсэн залуугийнх

 

Уржигдар би үхсэн

Хуйрагнах ертөнцөд харууслын сэжим ч алга

Хувхай лам нарын орхимж өвлийн наранд өнгө гялалзаж

Хөршийн хүү хөөрхий компьютерийг минь сүйдэлж

Хүжний үнэр л өөгүй сайхнаараа үлдэж

 

Уржигдар би үхсэн

Өнөөдөр гэдэг ямар ч учир утгагүй

Өнхрөөд өгөхөд худлын дүртэйг мэдэрлээ

Өө эцэст нь миний эгээрэн таних зүйл

Өөр дотор минь байж.

 

 

8.      Чи

 

Тэвэрт минь чи нойрсож байна

Түүний цамцны завсраар хүйс нь гэрэлтэх төрх

Угтаа унтаж буй биш

Үхэж буй байсан бол юутай сайхан бэ

 

Үргэлж өөрийнхөө л тухай бодох

Үл тоосон харцыг чинь ахин мэдрэхгүй

Миний дургүй Абэтэй чи

Мөрөн гол руу сэлэхээр явахгүй

Өмнө минь чи дөтлөн ирэхэд үнэр чинь анхилж

Өр зүрх цээжнээ цохилохгүй

 

Үдшийн зүүдэнд чи бид

Үзэлцэх дайнд хоёул явж

Ээжийгээ, аавыгаа, сургуулиа умартан

Эндээ хоёул үрэгдэх нь гэж бодлоо

Үлхийж орхисон биетэй чинь үүрд үлдэж

Үнэндээ чамтай найз төдий биш

Үнэн сэтгэлээс хайрлахыг хүссэн юм.

Түр хүлээнэ үү...
Top