О.ЦЭНД-АЮУШ: ТУГАЛГАН ЦЭРГҮҮД өгүүллэг
2021-05-25 Фройдын сүүдэр 242

 Оюунцэцэгийн Цэнд-Аюуш 1988 онд Монгол Улсын Завхан аймагт, нүүдэлчний гэр бүлд төрсөн. Сэтгүүлч мэргэжилтэй, 2009 онд “Манан дундуур”, 2012 онд “Гунигт аяз”, 2014 онд “Аглагт гэрэлтэнэ” зэрэг яруу найргийн ном хэвлүүлсэн. Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч.

 

ТУГАЛГАН ЦЭРГҮҮД

өгүүллэг

“Бид чинь тэгээд тахир татуу хүмүүстэй байлдаад байгаа хэрэг үү?” гэж хурандааг асуухад холбоо тасалдав. Хурандаа асуултаа дахин давтав. Гэтэл шуугиж байсан холбооны цаанаас “Яг тийм, нөхөр хурандаа” гэх нь нэг л сэжигтэй сонсогдоод явчихлаа. Хурандаа “Чөтгөр гэж, энэ чинь бас юу вэ? Ямар чөтгөр нь болоод байна аа. Одоо тэгээд наад хараал идсэн байшингийнхаа хэддүгээр давхрыг эзэлчхээд байгаа юм бэ?” гэхэд “Гуравдугаар давхрын төлөө... Гуравдугаар давхрын төлөө тулалдаж байна, нөхөр хурандаа” гэх нь сонсогдоод холбоо дахин тасарлаа.

Энэ үед гаднаас генерал, бараа бологч хоёр офицерын хамт орж ирлээ. Хурандаа ширээн дээр байсан малгайгаа шүүрч аваад, генералд ёслохдоо хөлсөө арчиж амжсангүй.

            Генерал: “Нөхөр хурандаа та ичихгүй байна уу?

            Хурандаа: “Нөхөр генерал, бидэнд танк, онгоц хэрэгтэй байна...

            Генерал: “Нөхөр хурандаа та ойлгож байна уу. Бид Берлинийг эзэлчхээд байна. Чөтгөрийн Рейхстагийн орой дээр манай аугаа их Зөвлөлт Холбоот Улсын улаан туг мандчихаад байна. Берлин биднийх болчхоод байна. Гэтэл яагаад үнс, нурам болсон энэ хотын захын нэг муу жижигхэн байшингийн төлөө бид танд бүхэл бүтэн танк, онгоц гаргаж өгөх ёстой юм бэ? Энэ чинь бөөсөнд хутга далайх шиг ичгүүртэй явдал. Энэ чинь аугаа улаан армийн нэр төрийг уландаа гишгэсэн жигшүүртэй хэрэг гэдгийг та ойлгож байна уу?”

            Хурандаа: “Нөхөр генерал тэнд биднийг тэс ондоо дайсан угтсан”

            Генерал: “Ямар дайсан гэнэ ээ...”

            Хурандаа: “Тийм ээ нөхөр генерал. Тэнд, байшинд дандаа тахир татуу герман цэргүүд байна”... генерал шазуураа зуув.

            Генерал: “Та тоглоод байна уу? Таныг би шившиг гэж рапорт бичээд торгуулийн суманд томилж Гулаг руу тонилгож орхиё л доо. Холбоотнууд биднийг харж байгааг чи мэдэх үү? Тэдний элэг доог болох гээ юу? Яг одоо очоод тэр чөтгөр шүглэсэн байшинг эзэл...

            Хурандаа: “Мэдлээ гүйцэтгэе”

                       

                                    ***                                ***                                ***

Цагаан хааны үед цэрэгт татагдаж, дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон, дараа нь улаантнуудын эгнээнд нэгдэж, хожим 1937 оны улс төрийн яраглалаас мултарч чадсан, 1941 оноос өнөөдрийг хүртэл галын тэргүүн шугам дээр тулалдаж, үхэхээс бусдыг үзсэн орос эрийн сэтгэлийг мөс шиг цуулж орхисон тэр нэгэн зүйл бол Берлиний баруун захад орших учир битүүлэг нүсэр том байшингийн өмнөх махан овоолго байсан юм. Тэнд Зөвлөлтийн бараг бүхэл бүхэн нэг анги тэр аяараа хиарч орос цэргийн цус гол, горхи шиг урсаж, чулуун талбай ув улаан болжээ. Үүнд л хурандаагийн нүд халтирч, сэтгэл дотор нь тулалдааныг удирдаж байсан Зөвлөлтийн ахлах офицерыг хорсон зэвүүцэх аймшигтай их хүсэл төрсөн юм.

Хурандаагийн гар бууны гол төмрөөс хөх утаа суунаглаж, байлдааныг удирдаж байсан ахлах офицерын цогцос газарт тэрийж унав. Хурандаа амандаа “Дайн дуусчхаад байхад Оросын хөвгүүдийг хядсаны чинь төлөө” гэж хэлээд нулимж орхив. 

            Тэгснээ “Хэнийг ч бүү өршөө, хэнийг ч бүү олзол. Бүгдийг нь хяд” гэж тушаахад номхон командтай зогсож байсан нэгэн ахмад “Нөхөр хурандаад болох уу?” гэв.

            Хурандаа: “Илтгэ”

            Ахмад: “Энэ тахир татуу немцүүдийн нэг нь ч бууж өгөхгүй байгаа болохоор бид бүгдийг нь тонилгож байгаа”

            Хурандаа: “Сайн байна, нөхөр ахмад аа. Шархдагсад чинь хаана байна?

            Ахмад: “Нөхөр хурандаа бидэнд шархдагсад байхгүй”

            Хурандаа: “Юу гэнэ ээ, нөхөр ахмадаа. Шархдагсадаа та нар яасан юм бэ?”

            Ахмад: “Дайсан биднийг шархдуулахгүй байна”

            Хурандаа: “Тэр чинь юу гэсэн үг вэ? нөхөр ахмад аа?, энд чинь дайн болж байна, яахаараа цэргүүд шархаддаггүй билээ”

            Ахмад: “Нөхөр хурандаа, дайсан манай цэргүүдийг зөвхөн толгойд нь онож буудаад, амьд үлдээхгүй байна”. Хурандаа зогтусав.

            Хурандаа: “Яасан гэнэ ээ. Та үнэн ярьж байна уу?

            Ахмад: “Яг тийм нөхөр хурандаа. Тангараглаж байна”

            Хурандаа: “Хачин юм даа. Хөлгүй, тэгсэн атлаа бүгдээрээ мэргэн буудагчид... ийм зүйл байж болох уу?

            Ахмад: “Би ч гэсэн маш их гайхаж байна, нөхөр хурандаа”

Хурандаа: “Заа яахав, тийм байдаг байж. Нөхөр ахмад та яв. Надад нэг төмөр хөл олоод ир”

Ахмад “Мэдлээ, гүйцэтгэе”

                                   

                        ***                                ***                               ***

 

Хурандаа ширээн дээрээс герман цэргийн төмөр хөлийг авч, эргүүлж тойруулж үзэв. Энэ төмөр хөлийг өвдөгнийхөө доогуур яс махаа тайруулсан хүн хэрэглэж байжээ. Гэвч төмөр хөл угтаа бол төмөр хөл биш байв. Түүнийг бага голчтой их бууны хонгиогоор хийж, тавхай шилбийг нь нийлүүлэн ган хадаасаар хаджээ. Үүнээс үзэхэд дайснууд сүүлдээ хиймэл, гар хөл хийх хуванцар материалгүй болж л дээ...  

Хурандаа: Нөхөр ахмадаа та юу гэж бодож байна

Ахмад: Нөхөр хурандаа хэн тэдний хөлийг хөрөөдчихөв өө

            Хурандаа: Тийм ээ, хэн тэдний хөлийг хөрөөдчихөв өө.

             Ахмад:  Нөхөр хурандаа би санахдаа энэ нүгэлт фашистууд бүр аргаа барж, тахир татуучуудаа хүртэл бидний өмнөөс тавьсан байх гэж бодож байна

            Хурандаа: Магадгүй ээ, гэхдээ тахир татуу герман хүн болгон орос цэргийн толгойг онож буудаж чадна гэж та бодож байна уу? гэхэд ахмад таг дуугүй болов. Хурандаа төмөр хөлийг ширээн дээр тавиад ахмад руу эргэж:

-Нөхөр ахмад дайсан юуг тэгтлээ үхэн хатан хамгаалж байна гэж та бодож байна? гэж асуув.

            Ахмад мөн л таг, дуугүй зогсов. Чингэтэл хээрийн штабын гандаж онгосон палаткны хаалгаар нэгэн түрүүч орж ирээд хурандаад ёсолж илтгэхийг хүсэв.

            Хурандаа: Илтгэ!

Түрүүч:Нөхөр хурандаа манай цэргүүдийн байлдах урам зориг суларч, давшилт удааширч байна гэв.

            Хурандаа ахмад руу нэг харснаа:

-“Байшин дотор Гитлерийн алт байгаа. Тэр алтнаас орос цэрэг бүр хүссэн хэмжээгээрээ авч болно гэж тушаа” гэхэд түрүүч:

-Мэдлээ, гүйцэтгэе гээд гарч одов.

Ахмад: Нөхөр хурандаа та тэнд алт байгааг яаж мэдэж байгаа юм бэ? Хэрвээ таны зөв бол тэр алтнаас цэргүүдийг авч болно гэж та бодож байна уу?

            Хурандаа: Энэ байшин дотор ямар нэгэн үнэтэй зүйл байгааг чи бид хоёр, хоёулаа мэдэж байгаа. Үгүй бол энэ тахир татуу фашистууд аль хэдийн бидэнд бууж өгсөн байх ёстой. Харин үнэхээр алт байх юм бол тэрнээс нэг ч грамм дутах ёсгүй.

 Энэ яриа болоод 20-иодхон минут өнгөрсний дараа байшин доторх буудалцаан ширүүсэж, гар бөмбөгнүүд ойр, ойрхон тэсэрч эхлэхийг хурандаа, ахмад хоёр сонсов.

                                    ***                   ***                    ***

            Үдэш болоход байшингийн цонхнууд маналзаж эхлэв. Учир битүүлэг хурц улаан гэрэл хамгийн дээд талын цонхнуудаас асаж, унтрах нь амсхийх чөлөөгүй тулалдаж байгаа цэргүүдэд хачин жигтэй харагдаж, элдэв таамаг төрүүлжээ.

Байшин олон шаттай, олон гарцтай, тэр бүгдийг Герман цэргүүд хойшоо нэг ч алхам ухралгүй хамгаалсаар үхэж, үрэгдэж байв.

            Хээрийн штабын гадаа хурандаагийн дэргэд зогссон ахмад:

-Нөхөр хурандаа, энэ юун гэрэл вэ?

Хурандаа: Дайснууд гагнуур хийж байна. Би танд хэлсэн байхаа. Энэ байшин дотор ямар нэгэн үнэтэй зүйл байна аа гэж. Одоо дайснууд тэрийгээ гагнаж байна.

            Ахмад: Нөхөр хурандаа байшинг эзэлсний дараа алтыг цэргүүдээс яаж салгаж авах вэ?

            Хурандаа:Та алт байгаа гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ?”

            Ахмад:Та л өөрөө алт гэсэн шүү дээ, нөхөр хурандаа

            Хурандаа: Өөр зүйл ч байж мэдэх юм шүү.

 

                                    ***                    ***                    ***

Өглөөний долоон цагийн орчимд сүүлчийн буу дуугарлаа. Хурандаа, ахмад хоёрыг байшингийн хаалгаар орж ирэхэд хөл гишгэх зайгүй орос, герман цэргүүдийн цогцос хөглөрч байв. Энд, тэнд, шатан дээр, цонхны тавцан дээр, Орос цэргийн нүүрэн дээр нөгөөх герман цэргийн төмөр хөлнүүд онгойж харлан хэвтэнэ. Хурандаа, ахмад хоёр явсаар тавдугаар давхарт гарч ирэхэд Оросууд дайснуудыг хүйс тэмтэрчхээд тамхилж байлаа. Хурандаа, ахмад хоёр цэргүүдийн өмнө гарч иртэл сүүлчийн буу дуугарахдаа гагнуур хийж байсан герман цэргийг нам бууджээ. Герман гагнуурчинд баруун хөл байсангүй. Тэр бүр гурван удаа буудуулж байж сая нэг амь тавьжээ. Эхний сум түүний цээжийг нэвт хавахад герман гагнуурчин газарт үхэтхийн унасан ч цусаа гоожуулан өндийгөөд ажлаа үргэлжлүүлсэн байна. Хоёр дахь сум түүний баруун мөрийг сэт цохиход герман гагнуурчны төмөр хөл мултарч унасан байна. Тэгсэн ч өрөөсөн хөл дээрээ догонцож босож ирсэн гагнуурчин аварга том төмөр ханыг үргэлжлүүлэн гагнасаар байжээ. Дургүй нь хүрсэн Орос цэргүүд гагнуурынх нь тэжээлийг автоматаар юу ч үгүй шүршиж орхисонд цаадах нь огт асах боломжгүй болсон алхаараа бүхэл шөнөжин төмөр хавтангуудаар давхарлаж гагнасан ханыг балбаж байжээ. Ингээд л сүүлчийн винтовны сум Герман гагнуурчны ар шилэнд нь туссанаар тэр дуусжээ.   

            Хурандаа хана руу ойртож очихдоо герман гагнуурчныг харав. Түүний гар гагнуурынхаа алхыг тас атгаж, нүд нь хана руу ширтэн амьсгал хураажээ.

Хана...Хором ч амраалгүй гагнасан болохоор цоо шинэхэн төмөр хана халуун байлаа. Хурандаа хананд чихээ ойртуулж чагнав. Цаанаас нь юу ч эс сонсогдов. Хурандаа ханыг тогшиж үзвэл түүний төсөөлж байснаас хамаагүй зузаан гэдэг нь мэдэгдэв. Зузаан хана гэсэн бодлын зэрэгцээ хурандаагийн санаанд өөр нэгэн зүйл зурсхийн орж ирж, бүр нүдэнд харагдсан нь цул алтан гулдмайнууд байлаа. “Фашист Германы үндэсний эрдэнэс үнэхээр энэ хананы цаана тэвхийтлээ хураалттай байгаа гэж үү” гэхээс нөхөр хурандаагийн шунал өөрийн эрхгүй хөдөлж, зүрх сэтгэл дотор нь өт хорхой загатнах шиг болов. Командлагчаа тийн биеэ барьж ядаж байхыг харсан цэргүүдийн гар чичирч байв. Хурандаа гэнэт сэхээ авлаа. Түүнийг хэдэн зуун нүд зэрэг, зэрэг ширтэж байгааг тэр бараг л мартах дөхжээ.

            “Байз, энд алт байхгүй бол өөр юу байж болох вэ?” гэж хурандаа эрүүл ухаанаар бодов. Тэгээд дахин төмөр хананы энд тэнд хэд, хэд тогшиж үзсэнд гар бөмбөгөөр дэлбэлчихэж болох нимгэн хэсэг огт байхгүй, маш нягт, нямбай бат, бөх гэдэг нь бүр ч тодорхой боллоо.

            Хурандаа: Нөхөр улаан армийн дайчид байшингаас гар, нөхөр ахмад “танкны засварын ангиас гагнуурчид дууд” гэж тушаав. Ахмадыг “Мэдлээ гүйцэтгэе” гээд тушаал биелүүлэхээр эргэтэл нэг ч цэрэг байрнаасаа хөдөлсөнгүй. Тэд Сталины үгийг ч тоохооргүй болтлоо сохорч, шунажээ. Ахмад ихэд болгоомжилсон байртай хурандаа руу харав.

 Хурандаа:

-Тушаал биелүүл... гэтэл нүүрний эгнээнд зогссон залуухан байлдагч:

-“Нөхөр хурандаа та биднийг энэ хананы цаана байгаа алтыг ав” гэсэн байхаа гэв. Цэргүүд ч “явахгүй, гарахгүй” гэцгээн шуугилдав. 

            Хурандаа ахмадад:

-“Түргэн явж танкны засварын ангиас гагнуурчид дууд. Байшинг эзэлсэн гэж нөхөр генералд мэдэгд. КГБ-ийнхэнд хэл дуулга” гэж шивнэхэд ахмад толгой дохиж хэдэн зуугаараа шалан дээр хэвтэх герман цэргийн цогцос дээгүүр алхлан орос цэргүүдийн дундуур зүтгэсээр гарч одлоо.

            Ахмадыг явсны дараа байшингаас хэн ч гаралгүй 2 цаг өнгөрлөө. Тэр буцаж ирэхдээ нөхөр генералын задгай дээвэртэй машины хойд талын суудалд нүүр бардам сууж, араасаа Зөвлөлтийн КГБ-ийн нэг салааг дагуулан, бас танкны засварын ангиас хамгийн шилдэг дөрвөн гагнуурчныг авч иржээ. Нөхөр генерал байшингийн өмнө ирж зогссон машинаасаа бууж, хаа сайгүй махан овоолго болсон улаан армийн цэргүүдийг хараад хөмсөг зангидан “Хайран ч хөвгүүд, хар тугалгаар цутгасан биш дээ... явах зам гарга” гэж тушаав. КГБ-ийнхэн шинэхэн шинелиүдээ цус, нөж болгон орос цэргүүдийн цогцсыг хоёр тийш нь хураахад голоор нь улаан зам татлаа. Нөхөр генерал улаан замаар алхаж, барилга руу ороход түүний толь шиг болтол нь тосолж, зүлгэсэн гутал час улаан болжээ. Генералд тахир татуу дайснууд зэвүүцэл төрүүлэхийн оронд гайхширал төрүүлжээ. Үнэхээр ч гайхахаас өөр ямар ч арга байсангүй.

Генералыг дөрөвдүгээр давхарт гарч ирэхэд тавдугаар давхарт багтаагүй хэдэн орос цэрэг түүний өмнөөс ёсолж, зам тавьж өгөв. Генерал цэргүүдэд баяр хүргэсэнгүй, юу ч хэлсэнгүй шатаар цааш алхсаар тавдугаар давхарт гарч ирэв. Тэнд байсан цэргүүд цөм зогсож байгаа газраа алдахгүйн тулд дороо сууж, тамхи татацгааж, хананы цаана хэд, хэчнээн алт, эрдэнэс байгаа тухай ам уралдан ярьж байснаа генералыг хараад босоцгоов. Төмөр ханыг налан суусан хурандаа түргэн, түргэн алхаж ирээд генералд ёсолж рапорт өгөв. Генералын араас ахмад, КГБ-ийнхэн орж ирж, тэдний араас гагнуурчид хүрч ирлээ.

Нөхөр генерал:Цэргүүд байшингаас гар, одоо энд КГБ-ийнхэн ажиллана... гэж тушаав. Гэвч хэн ч эс хөдлөв.

Хурандаа:Тушаалыг биелүүл гэж чанга дуугаар хашхирахад “мэдлээ гүйцэтгэе” гэдэг хариулт сонсогдсонгүй. Тэгтэл үргэлж айдас, хүйдэс дагуулж явдаг КГБ-ийнхэн гартаа барьсан цоо шинэхэн автоматуудынхаа замгийг тачигнуулан татсанд хариуд нь цэргүүд винтовоо цэнэглэв. Генерал хурандаа руу, хурандаа ахмад руу харав. Янз нь тэд хоорондоо буудалцах шинжтэй боллоо.

Генерал:”Заа тийм байдаг байж. Та нарынхаар болог, энэ хананы цаана юу байгааг бүгдээрээ хамт үзье. Одоо буунуудынхаа замгийг татаж, хоолойд нь байгаа сумнуудаа авцгаа, гагнуурчид ажилдаа ор, нөхдөө энд жаахан зай гаргая” хэмээхэд цэргүүд дурамжхан хойш нэг, нэг алхлаа.

Төдөлгүй гадаа зөөврийн дизель мотор нүргэлэн асаж, гагнуурчид тас хар шилтэй баг нүүрэндээ зүүгээд учир битүүлэг аварга том төмөр хананд хаалга гаргах ажилдаа оров.

Эхний гагнуурчин алхныхаа үзүүрт бэхэлсэн дарьтай савхыг шатаж дуустал  үзэж тарсан боловч хананд өчүүхэн ч нүх гарсангүй. Дараагийн гагнуурчин бас чадсангүй. Гурав дахь нь ч мөн адил. Гагнуурчид ажлаа маш шаламгай үргэлжлүүлсээр байхад хүртэл хана дүнсийсэн хэвээрээ. Хараал идсэн энэ Герман хананы цаана яг юу байна аа...

 

                                    ***                                ***                                ***

Үдэш болж байсан юм. Эзлэгдсэн Берлинд улаан армийнхан, холбоотны цэргүүд дураараа дургиж, гудамж талбай, шар айргийн мухлагууд битүү дүүрч, халамцсан эрс өөр, өөрсдийн хэлээр дуулалдаж, уйлалдаж, тэнгэр лүү буудаж, бүр зодоон цохиондоо тулж, өмгөөлж хамгаалах хэн ч үгүй болсон Ари хүүхнүүд амьд үлдэхийн тулд цаашаа харж уйлж, наашаа харж инээж, хотын муу усны хонгилуудад нуугдсан герман цэргүүдийг харх шиг утаж, хорих лагериудаас амьд үлдсэн еврейчүүд бие, биенээ тэврээд чарлалдаж байлаа.  Тэр их дуу чимээ, зугаа цэнгэл, ялалтын баяр, амьд үлдсэний баяр байшин дотор цуурайтаж байсан ч хэн ч гарахыг хүссэнгүй. Гагнуурчид бүх шатдаг савхнуудаа дуустал ханатай ноцолдож, КГБ-ийнхэн танкны засварын салаа руу хоёр ч удаа давхиж очин хэдэн хайрцаг электрод, дизель моторын түлш нэмж авч иржээ.

 Тэд бол хамгийн шилдэг гагнуурчид. Гэтэл тэдний өглөөнөөс үдэш хүртэл ноцолдсон тэр хана зүгээр ч нэг төмөр хана байсангүй.  Тахир татуу герман цэргүүд тэр ханыг барс танкны хуяг хийдэг маш хатуу гангаар давхарлаж гагнасныг Зөвлөлтийн гагнуурчид бараг л өөрсдийгөө шатааж байж арай гэж нэвтэллээ. Нэвтлэхдээ төмөр хананд хоёр хүн зэрэгцээд орж болох хаалга зүсэж гаргасан ба тэр хаалгыг нэг бол нааш нь татаж нөгөө бол цааш нь түлхэж унагахаас өөр замгүй. Орос цэргүүд хүлээсэн мөч нь сая нэг ирсэнд итгэж ядан босоцгоож бие, бие рүүгээ харав. Үхтлээ ядарсан гагнуурчид шатны хашлага налж суугаад хоолой ам нь гашуу оргиж хий огьж, ханиалгана.

Генерал: Нөхөр улаан армийн цэрэг дайчид аа︕ энэ хананы цаана биднийг юу ч хүлээж байж мэднэ. Магадгүй та нарын бодож байгаа шиг алт, эрдэнэс байж мэднэ. Эс бөгөөс илүү аюултай дайсан нуугдаж байж ч чадна. Гэхдээ ямар ч тохиолдолд Зөвлөлтийн аугаа их улаан армийн цэрэг дайчид та бид шунал, хүслээс болж Берлиний энэ хүйтэн байшинд ясаа тавьж болохгүй. Бид бүгдээрээ Орос эх орондоо, гэр, гэртээ баатруудын ёсоор харих ёстойг санаж ав. ... гэж чанга дуугаар хэлсэнд ахмад:

-Хаалгыг цааш нь түлхэж унага гэж тушаав. Цэргүүд улайран дайрч хаалгыг түлхэж унагалаа. Байшин хүчтэй доргив. Цэргүүд хаалгаар чихэлдэж, нэг нэгнээ түлхэж, татаж, хараал урсгаж, нударга зөрүүлж юм, юм болж байхад тэдний дунд КГБ-ийнхэн орчихсон бужигнаж байх нь генералын нүдэнд хачин жигтэй харагдав. Тэд хүртэл эрээ цээрээ алдаж амиа алтаар солихоор шийджээ. Нүүрний эгнээнийхэн түрүүлж орлоо. Тэдний араас бусад нь хананы цаад тал руу урсан орцгоолоо. Генерал, хурандаа, ахмад гурав шалтай тэгширсэн тахир татуу герман цэргүүдийн цогцоснуудтай хамт үлдэв. Тэгсэн чинь хананы цаана ер бусын нам гүм... Цэргүүдээс нэг нь ч амьд мэнд үлдээгүй, цөм усанд живчихсэн юм шиг алга боллоо. Нөхөр генерал бүснээсээ гар буугаа сугалж замгийг нь татахад цаад хоёр нь ч мөн адил буунуудаа цэнэглэж тэд харанхуй бүүдгэр хаалга руу явж орохыг шатны хашлага налан суусан гагнуурчид харсаар үлдэв.

 

                                    ***                    ***                    ***

Цэргүүд махан хөшөөнүүд болжээ... Юу тэднийг ингэтэл айлгасныг сая олж харсан генерал “Бурхан минь” гэж дуу алдан амаа дарлаа. Тэр үнэхээр харамсаж, түүний ард зогсох хурандаа, ахмад, КГБ-ийнхэн, цэргүүд гүн цочирдолд оржээ. Учир нь тэдний өмнөх бүүдгэр харанхуй хонгил дотор үй олон уйлж байгаа хөшөөнүүд байлаа... Нүгэлт хөвгүүддээ харамссан мянган герман эх зогсож байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны галын шугамаас хүнд шархтай эргэж ирээд махан биедээ төмөр хөл хадуулсан тэр олон герман цэрэг бууж өгөхийн оронд эцсийн мөчийг хүртэл амь хайргүй тулалдаж, бүгд хядуулсан шалтгаан нь энэ байжээ. Тэд “Ээжүүдээ л” хамгаалж байжээ.

Лаа, дэнлүү барьсан герман эхчүүдийг ширтэж зогссон, цочирдож, харамсаж байгаа нь бүдэг гэрэлд тод харагдаж байсан орос цэргүүд буцаад хананы цаад талд гарч төмөр хананд гаргасан гарцаа таглалаа. Гашуудаж харамссан Герман эхчүүдийн уйлдаг хөшөөнүүд зогсож хоцорлоо. 

Маргааш өдөр нь Орос цэргүүд гарцыг нээж герман ээжүүдийг байшингаас гарахыг шаардав. Мянган герман эх барс танкны хуягаар гагнаж босгосон нүсэр том хананы цаанаас цувран гарч ирэхэд тавдугаар давхар цэв цэвэрхэн байв. Тэнд тэдний хөвгүүдийн цогцос байтугай дусал ч цус байсангүй. Гагцхүү хана, таазыг хага цохисон сумны оромнууд л онгойж үлджээ. Шатнууд цэвэрхэн, дөрөв, гурав, хоёр, нэгдүгээр давхрууд, байшинг тэр чигээр нь сойздож, угаалгын нунтагтай халуун усаар сайтар зүлгэж, угаажээ. Гадаа мөн л юу ч болоогүй, ямар ч дайн болоогүй юм шиг цэлгэр, саруулхан байх бөгөөд байшингийн өмнөх талбай дээр баяр ёслол болж байгаа юм шиг орос цэргүүд үйл олноороо цуглараад хоёр тийш ярагдан голоороо зам гаргасан байлаа. Герман эхчүүд байшинг тийм цэвэрхэн байхыг үзээд хөвгүүд минь амьд, мэнд байж магадгүй юм байна. Тэд минь буугаад өгчхөж... гэж итгэж, найдаж, инээлдэж, сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй зарим нь бүр орос цэргүүдийг халуун дотноор тэвэрч, үнсээд “Та нарын ээжүүд урт наслаг, та нар шиг хөвгүүд олон төрөг” гэж ерөөж байсан ч хэдэн хормын дараа үгүй юм байна аа гэдгийг мэдэцгээсэн юм.

Герман эхчүүдийн цуваа орос цэргүүдийн дундуур хөвөрч, эзлэгдэж, сүйрсэн Берлиний төвийг чиглэж байтал цувааны түрүүнд явж байсан дал гаруй насны эмэгтэй зогтуслаа. Тэр баруун тийшээ эргэж орос цэргүүдийн дундуур ороод явчхав. Орос цэргүүд Герман эхэд зам тавьж өглөө. Герман эх явсаар байшингийн баруун талд орших моддын дунд овоолж орхисон төмөр хөлнүүдээс нэгийг авч элгэндээ тэврээд эргэв. Түүний араас хоёр дахь герман эх төмөр хөл тэврэн эгнээндээ оров. Гурав дахь, дөрөв дэх, арав дахь, зуу дахь герман эх төмөр хөлнүүдийг тэврэв. Чингэсээр мянган төмөр хөл тэвэрсэн мянган Герман эх Берлин дундуур цувж одохыг харсан Орос цэргүүд анх удаа дайснаа өрөвдөн уйлалдаж байхад хурандаа “Тиймээ, дайн ингэж л дуусдаг юм даа” гэж хэлээд гашуунаар санаа алдлаа.   

                                                                           

                                                                                                                                    2020-12-01

                         

Түр хүлээнэ үү...
Top