Ё.ЖАВЗАННОРЛОМ: ХАЙР ХҮН БҮРТ ТЭГШ ХҮРЭХ БОЛТУГАЙ
2021-05-24 Фройдын сүүдэр 288

Манай "Фройдын сүүдэр" буланд МУИС-ийн Хууль  зүйн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Ё.ЖАВЗАННОРЛОМ тэмдэглэл ирүүлснийг хүргэж байна. 
Сонирхолтой санагдаад хэд хэдэн болсон явдал, гэмт хэрэг ярьсан бичлэгүүд дарааллуулж сонсоод бидний мэддэггүй амьдрал хичнээн их болохыг дахин ойлгож өнөөдөр энэ номын тухай тэмдэглэн үлдээх нь зүйтэй юм байна гэж гэнэт шийдлээ. Дор дурьдах ном бол ямар нэгэн аллага, ямар нэгэн гэмт хэргийг өгүүлээгүй бөгөөд бидний харж амжаагүй ертөнцийн бодит төрхийг өгүүлж чадсан энгийн амьдралаас урган гарсан сод бүтээл юм шүү. Өмнө хэлсэнчлэн ажил хийж олсон мөнгөөрөө ном бөөндөж авдаг зуршлийн дагуу нилээн хэдэн ном авч хадгалсаны нэг нь их онцгой байв. Шунаж, дурлаж, шохоорхож авсан "Цусаа худалдсан тэмдэглэл" гэх хятадын зохиолч Үй Хуагийн бүтээл юмаа. Олон хүний номын тэмдэглэл нүдэнд тусаж байсан боловч ер уншиж зүрхлээгүй нь түрүүлээд үйл явдлыг гадарлахаас халширсан хэрэг. Төгсгөлийн хэдэн хуудаснаас үнэхээр айж, миний бодож байгаа төгсгөл биш байгаасай гэсэн бодолд уяагдан уяагдан сүүлчийн хуудсаа хаагаад шал өөр мэдрэмжтэй буцсан нь яалт ч үгүй "Амьдрахуй" гэх ижил зохиолчтой романаас үүдсэн хэрэг биз ээ. Ийм жижигхэн ном мөртлөө 14 хоног уншсан гэвэл итгэх хүн цөөн. Хэтэрхий удаан уншсан боловч тэр чинээгээрээ ихийг олсон болов уу?

Заа ингээд нурших шаардлагагүйгээр номоос ойлгосон зүйлээ эрэгцүүлэн бичиж эхлэе. Та бүгд дуустал нь тэвчээртэй уншина гэж итгэж байна. Зүсийг нь танихаас зүрхийг нь таних биш дээ. Энэ их алдартай ишлэл шүү. Нээрээ л бид зүсийг нь танихаас зүрхийг нь тэр болгон таниад байдаг бил үү. Магадгүй зүрхээ таниулахыг хичээсэн нэгнийгээ л таньдаг байх. Хичнээн мэдэхийг хүслээ ч нөгөө хүн чинь тас нуугаад байвал яалтай вэ? Тэгэхээр зүрхийг нь танил уу? энэ хүн надад итгэж байна уу? би энэ хүнд итгэж болох уу гэх мэтийг тунгаан бодож байх нь зүйтэй юм шиг санагдана. Заа яахав дээ найз юм чинь, энэ намайг яавал гэж гээд дэндүү их итгэснээс алдах нь олонтаа. Бүх хүнд итгэж болохгүй шүү гэсэн санаа огтоос биш юм шүү. Ер нь бодолтой байгаарай гэдэг санаа өгсөн төдий.

Энэ номон дахь үйл явдал миний төсөөлдөг амьдралаас тэс хөндлөн, гайхмаар, амьдралаас заримдаа халширам, эсвэл бүр хайрламаар тийм л зохиол. Аргагүй биз. Би ямар соёлын хувьсгалын үед амьдарч үзсэн ч биш, би хань ижилтэй болж, үр хүүхэд гаргасан биш, би эцэг эхээсээ хагацаж, урвалт, гомдол, цөхрөл, уналт, хараал зүхэлийг мэдэрсэн биш. Дэндүү жаргалтай амьдарч, эцэг эхийнхээ гараас одоо болтол гарч амжаагүй нялзрай амьтан юм чинь. Ийм амьдрал байсан, одоо ч хааяа нэг харагддаг гэдгийг мэдэхгүй нь ойлгомжтой. Нэг ёсондоо тэнгэрт дүүлэн нисэж явсан миний төсөөллийн амьдралыг хөрсөнд буулгаж өгсөн ачтай зохиол гэж би боддог. Хүний эрх, шударга ёс, тэгш байдлыг чухалчилдаг ардчилсан нийгэмд бие даасан эмэгтэй болохоор тэмүүлж буй дэндүү омголон дэндүү дураараа өөрийгөө хараад сэхэж үз. Ингэж яваад амьдралын сорилтод сөхрөвдөө гэж сануулах аядсан сан. Яагаад ингэж айх болсон хэдэн шалтгаанаа энд дурьдаад өнгөрөх нь зүйтэй.

1. Саяхан харсан нэг бүсгүйгээ эцгээс нь гуйгаад аваад суучихна гээд бодоод үзэхээр амьдрал ямар хурдан өрнөлтэй байна аа. Яаж бараг танихгүй шахуу хүнтэй гэрлээд хамтын амьдралаа зохиож чаддаг байсан юм бол оо. Миний нөгөө их чухалчилаад байдаг хайр хаашаа  алга болчихов оо. Богтлох ёсоор эхнэрээ болгох, сарын өмнө танилцаад сүй тавиад суучихсан, танилцаад гуравхан өдөр болоод гэрлэсэн мөртлөө насан туршдаа харамссан гэх түүхүүдийг сонсож байсан ч сэтгэлд үнэндээ бууж ирж байгаагүй юм байна лээ. Би үүнийг байдаг л нэг амьдралын үзэгдэл төдийхөн харж явжээ. Тэгээд эмэгтэй ч эрэгтэй ч ялгаагүй амьдралдаа арай илүү нухацтай ханддаг байгаасай гэж битүүхэн хүслээ.

2. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж ямар үнэн үг вэ? Энэ үгийг улиг болтол сонсож, ийм байдаг нь жам ёсны зүйл мэт санадаг болчихсон байж. Гэтэл хүнийх байна уу, өөрийнх байна уу хамаагүй хүмүүс бие биедээ чин сэтгэлээ зориулж чаддаг юм байна. Төрсөн эцэг гэдэг чинь ганцхан физиологийн ойлголт биш бололтой. Хичнээн гомдсон ч, хичнээн үзэн ядсан ч үр хүүхдийнхээ төлөө энэрэх сэтгэл нь бүтэн байвал тэр жинхэнэ эцэг болдог ажээ. Төрсөн эцэг эх мөртлөө үүргээ ч ухамсарлахгүй орхиод явдаг, алаад хаячихсан харгис хүн байдаг. Тэгэхээр зөвхөн хэлбэр төдийхнөөр эцэг эх болчихдоггүй гол нь сэтгэл. Аав болох амархан эцэг болох хэцүү гэдэг. Эцэг эх минь миний төлөө хичнээн их зүтгэж, хэрхэн миний сайн сайханд надаас илүү санаа тавьдаг юм бэ гэж бодон бодсоор явна.

3. Худал үгийг мянга давтахаар жинхэнээсээ үнэн болдог юм байна шүү дээ. Аймшигтай яа. Өөрт чинь ямар ч буруу зүйл хийгээгүй нэгнийг яаж гүтгэж, гутаан доромжлуулах суурийг тавьж чадаж байна аа. Хүн гэдэг амьтан бурууг зөвхөн бусдаас хайж, хэн нэгнийг буруутан болгож байж л түүнээсээ тайвшрал мэдэрч чадахаар аймшигтай зантай адгуус дотроо нууж явдаг бололтой. Мэдээж бүх хүн тийм байхгүй боловч хэрвээ чи бүдэрч унаад өвдөгөө шалбалчихвал тэр чулууг буруутгана, хэрвээ чи хэн нэгэнтэй харьцуулагдвал чамаас илүү санагдаж байгаа түүнийг үзэн ядаж буруутгана. Чамд ерөөсөө ч буруу алга гэж боддог ч чи хамгийн гэмтэй нь байсан бол яах вэ? Хошуугаа татаж явах хамгийн чухал зүйл бол хэн нэгний талаар чиний боддог өрөөсгөл ойлголт юм шүү.

4. Өглөө нар мандахын өмнөх үе хамгийн харанхуй нь байдаг шиг. Дааж чадахаар жаргалыг үзэхийн тулд дааж чадах зовлонгоо ч үүрэх хэрэгтэй юм шигээ. Бүсээ чангалаад сэтгэлээ хатамжилж чадвал амьдралд чинь мандах нар ар араасаа цаг хугацаагаа хүлээгээд байж байдаг бололтой. Гол нь тууштай, зоригтой, ухаантай, унасан ч эргээд босох арга ухаантай, зөв бодолтой байх явдал.

5. Хэмжээнээсээ хэтэрсэн үнэгүй зүйлийн төлөөс амийг чинь авах хурц үзүүртэй мэс нуучихсан байдаг шүү гэдгийг надад нэгэн хүний гэнэтийн үхлээр ойлгуулчихсан юм.6. Аав ээж биднээс явж, үр хүүхэд ч тус тусын амьдралаа бодож хорвоод чамд ханиас чинь өөр чухал хүн лав үлдэхгүй нь. Асаалттай танк шиг хань ижил чинь байхад хөл алдах зовлон гэж бараг үгүй. Ирээдүйд учирсан нөхрөө эрхэмлэж яваарай гэж өөртөө захисан ном боллоо. Энд хүргээд эхний хэсгээ төгсгөх боллоо.

Дараагийн удаад илүү олон зүйлийн эргэцүүлэлтэй уулзах болохоор түр хүлээгээрэй. Баярлалаа. Эрх чөлөө, хайр, баяр баясгалан хүн бүрт тэгш хүрэх болтугай.

Түр хүлээнэ үү...
Top