Ж.НАМЖИЛМАА: ЕР ХАЙРЛАЖ Л СУРАХСАН
2021-03-24 Фройдын сүүдэр 874

Уншихуй ба ухаарахуй 

“Хайрын дөчин дүрэм”-ийг уншиж суухдаа оршихуйн утга учрын тухай цаашлаад өөрийнхөө мөн чанарын тухайд ихээхэн эргэцүүлэн бодох агшин тохиодог нь таалалтай. Их төлөв бурхны тухайд бодуулна. Ийн бодоход хайр нигүүлсэл, халшрах айдас, гэм нүгэл, ертөнцийн элдэв шийтгэл, там хийгээд диваажинд хуваагддаг таслагдашгүй их маргаанаас ангид харьшгүй, хүршгүй их хүч юм шиг төсөөлөгдөн бишрэн сүсэглэх басхүү айн цэрвээтэх мэдрэмж төрөх болох.


   
 Бадарчин дэрвишийн тухай ч тэр. Дэрвишийн тухай хачин сонин эхлэл нь багадаа уншсан зальхай бадарчны тухай хөгтэй сонин үлгэрүүдээр төсөөлөгдөж тэр л дүрээр зураглан явсан ч эцэстээ тун чиг ангид утга агуулгад хөтөлж бүр дэрвиш Шамсын дүрийг үнэнхүү хайрлаж чухамхүү сэтгэлийн гэгээрэл хийгээд ер хайрлах хийгээд үзэн ядахуйн огтлолцлоос сургаж байгаа нь олзорхууштай санагдана.

“Жинхэнэ үнэнд хүрэхэд тархи бус зүрх тусалдаг” агаад “өөрийн “би”-гээ таних аваас бурхны мөн чанарыг танина” гэсэн ер байж болох энгийн л тайлбар нь хэдэн мянгантаа чихнийхээ хажуугаар хийсгэсэн нөгөө л сургаал номлол шиг атал “би” төвт үзлээр өвчилсөн мэт энэ эрин зуунд магад илаарьшуулах тан нь ер уншихуйгаас-ухаарахуй юм даа гэж бодогдох юм. Үхэн хатан хайгаад ч үл олдох юм шиг санах амьдрахуйн тэр үнэн нь зөвхөн өөрийгөө л таних байж шүү дээ гэхээр бид мөн харалган аа.  Өөрийнхөө чинхүү мөн чанарыг таниагүй хэрнээ өөрөөлийг сургамжилж, тэгээд түмний аялдан дагуулагч, нөлөөлөгч нь болчихдог гэхээр бас л гуниг төрмөөр. Магадгүй эхлэлд өгүүлэх Руми шиг.

Румиг анх төсөөлөхөд тостой хувцастай ойртомгүй, тоос шороон дээр гишгүүлэмгүй л бүхний хүндлэлийг хүлээсэн номлогч байв. Амьдралын мөн чанарыг альхан нэгэнтээ номлон залрах нь чухам л энэ хүн шиг болмоор санагдуулснаа Шамс гарч ирсэн тэр мөчөөс салхи хөдөлж, нүдний хор хийссэн мэт үнэнийг таниулахад чухамдаа гэгээрэл хийгээд амьдрахуй бол ӨӨРИЙГӨӨ ОЛОХ, тэгээд бүхнийг ХАЙРЛАХУЙ юм гэдгийг үлгэрлэж одно. Энэ л үед Румигийн номлол бидний аялдан дуурайдаг, алиа хээнцэрт нь чухамхүү өөрийгөө голж амьдралаас зугтмаар болгодог цахим ертөнцийн зарим инфлүүнсэрүүд мэт санагдахуй. Гэхдээ эцэстээ хүний үнэн төрх ямагт хуурмагаар хучуулж, амьдралын чин үнэн нь хэзээд далд явах юм даа гэсэн бодолдоо бат зогсох болно.

Ер нь амьдрал гэдэг нэг төрлийн аялал гэвэл хаана амьдардаг, хэн байхаас үл хамааран бид бүгд төрөлхийн эрэлчид болчихдог шиг. Ямар нэг юм аа алдчихаад түүнийгээ олж авахгүй л бол санаа амардаггүй тийм мэдрэмжээр өдөр бүр “амдралаас юухан нэгийг эрнэ”. Гэхдээ хамгийн сонин нь олсон бүхэн нь “жинхэнэ эрээд байсан нь биш л байдаг” юм шигээ. Яагаад гэж үү? Би одоохондоо “энэ амьдралаас хайсан зүйл минь энэ шүү дээ” гэж хэлээд сэтгэл тэнүүн байгаа хүнтэй уулзаагүй л явна. Цаашдаа ч яг таарах эсэхдээ эргэлзэнэ. Бүр бүхнийг авсан мэт харагддаг нь ч хүртэл шүү дээ.  

Тэгэхээр бид ер нь юу олох ёстой юм бэ? Тэгээд чухамдаа баян байхын хүслэн, ядуу байхын хяслан хоёр хаана огтлолцох вэ? Тэд мөн чанартаа хэн юм бэ?


 
Ийн олон асуулт ургуулах нь уушийн газар өдөржин, шөнөжин хөлчүүрэх Сулейман нэрт архичин хундага архины төлөө хуруу хумсаа зольдог тухай тэгээд тэр нь хорвоог нуруундаа үүрч яваа шиг дэврүүн бодлыг төрүүлдгийг харж, түүнээсээ бид хэн ч байлаа өөрсдийн дүрмээр явж, орчлон гэдэг тогоонд нэгэн орц болон дүүргэдэг нь чухам үнэн юм даа гэж эцэстээ эвлэрүүлсэнтэй холбоотой юм. Бид үүнээс үйлдэл нь бузарч сэтгэл нь ариун байж болдог , нэр нь цэвэрч нидэр нь жигшүүрт байж мэдэх тухайд бас л бодмоор. Амьдрал хүнд ямар ч замыг тулгаж мэдэх ч ариун сэтгэлтэй байхыг л тулгадаггүй юм шиг. Сонин шүү.

Ингэж л эвлэрч ядсан үнэн, эрин зуун цаг хугацааны дундуур туучсаар Турк орны эрэгтэй хүйстний нөлөөлөл, эмэгтэй хүний байр суурийн үнэгүйдлийг эсрэгцүүлэн бичсэн түүхийг ажихад дайн дажны зовлон ер амсаагүй тийм л цагаахан зүрх сэтгэлээр уншиж, феминист үзэл санааны тунхаглагч мэтээр өөрийгөө ухуулан суух нь зохиол дотор орших зохиолын л шид юм уу гэлтэй.

 “Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг үг надад бага байхын л гунигтай санагддаг байсан. Энэ үгийг сонсох бүрд “нутаггүй” гэдэг үг  “эрх чөлөөгүй” гэж байх шиг бодуулна. Харин “Хайрын дөчин дүрэм”-ийг уншиж суух тэр л үед балчир цагийн гэнэгүй бодол шиг цаг үеийн эргүүлгэнд өртөх эмэгтэйчүүдийн дүр сэтгэлийг илүү хөндүүрлүүлнэ.

Элла шиг бүх юм нь дүүрэн харагддаг хэрнээ чин үнэндээ туйлын ганцаардмал, сул дорой чанараа - бүхнийг чаддаг мэт хүчирхэг дүрээр халхалсан, зүрхний шаналалтай төрх эмэгтэй хүн бүхний дотор их, бага хэмжээгээр оршдог гэвэл... Гэхдээ хэн нь ч эвлэрдэггүй гэвэл...

Цэвэрхэн нь дэндсэн Цөлийн сарнай, хувь тавилангийн гэнэгүй тохуурхалд өртөх Керра, цэвэр сэтгэлт Кумьяа, эрх чөлөөний тэг дунд нь авч сэтгэлийн түмэн хүлээстэй Элла гээд л. Энд би зөвхөн эмэгтэйчүүдийн дүрийг л онцолж байна.  Цаг хугацааны ангид өрнөх үйл явдал  боловч тохиролцсон юм шиг тэдний, бидний нэг тийм гуниг. Эмэгтэй хүний үүрэх ачаа эгнэгт дуусахгүй л юм даа.

Гэхдээ Керра шиг, Кумьяа шиг, Цөлийн сарнай шиг бүсгүй хүний золгүй хувь тавиланд хүлэгдэж сурах мэдэх, бүр унших ч хориотой цаг үед амьдарч байсан бол би лав жинхэнээсээ бачуурах байх. Харин энэ цаг үед төрсөн нь бас азтай. Юухан нэгийг уншаад түүнээсээ үзэн ядах хийгээд хайрлах, баярлах хийгээд гунихын мэдрэмжийг авч байна аа гэдэг.

Энэ номыг уншихдаа өөрийгөө уншиж, өөрийнхөө ямар хан уйтайг санаж улам гуниглах болдог ч нөгөө талдаа сэтгэл тавирч, хэрэггүй олон хүлээснээс чөлөөлөгдөх ёстойгоо эрхгүй мэдрэх юм. Ерөөсөө үл анзаарагдам жижигхэн зүйлсээс амар тайван мэдрэмжийг авахад л тэнд утга учир ноёлчих  шиг.

Энэ бодолтой зэрэгцэн хүн хайрлах тусмаа илүү нигүүлсэнгүй болж,  юу ч байхгүй байсан ч юухан нэгнээс аз жаргалыг мэдэрч болдгийг СУФИ-н эрэлд гарсан Азизаас илүү ойлгож байсан.

Хайрласан хүн л жинхэнээсээ гэрэлтдэг ажээ... Өрөөлийн зүрх сэтгэлд өөрийнхөөрөө гэрэлтэнэ гэдэг, тэгээд бусдыг үнэнээр нь хайрлана гэдэг л юутай их хувь тавилан бэ. 

Амьдралд бүх зүйл хэрэгтэй. Гэхдээ нэг сонин зүйл нь биднийг шаналгаад байгаа бусдын нүдэнд аятайхан харагдах ядмагхан хэрэгцээ, дутуу биш байх хүсэл бол амьдралын яг зориод байгаа зогсоол биш ажээ. Харин өөрийнхөөрөө байж, бусдыг чин үнэнээсээ ойлгох, хайрлахад суралцах нь л жинхэнэ гэгээрэл шиг.

Тиймээс л бусдад ойлгомжтой байсан нь бусдыг ч, өөрийгөө ч тийм ч сайн таниагүй, харин бусдын хувьд ойлгомжгүй байсан нь бусдыг чин сэтгэлээсээ ойлгож байх нь байдаг. Энэ бол бусдад хүндлэгдэн бишрэгдсэн агуу номлогч Руми ба бусдад адлагдан жигшигдсэн ч тэднийг чин үнэнээр хайрласан Шамс нарын үлгэрлэл юм даа. Ер хайрлаж л сурах сан. Тэгээд гэрэлтэх сэн...

Сайн ном сая жил үгүйдээ л сар жилийг өртөөлөн хэдэн зууны өмнөхөд аваачиж, хэн нэгнийг өрөвдөх, эсвэл түүнийг жигшин зэвүүцэх, уяран хайлах, уйтгарлан гунихын аль алиныг өгөх нь хамгийн таашаалтай. Дөчин дүрэм бол тийм ном. Монголчуудын байлдан дагууллын Исламын ертөнцөөс 21-р зууны энх тунх цаг үе хүртэл ер жаргал хийгээд шаналал, хайрлах хийгээд ухаарахуй, цаг хугацаа хийгээд мөн чанарын хувьслыг нэгэн цул болгосон нь тунчиг л шимтүүлдэг.

Гүн худаг шиг мэдлэгийн сангаас ховоогоор татах бүрд ховоо минь шанага шиг болохыг, ходоод минь аяга шиг болохыг мэдэрч ахин дахин ховоогоо сунгаж амсан хүртэж цангахаа үл  мартан ханахыг хүснэ. Худаг бол ном юм. Ховоо бол уншихуй юм.

            Тэмдэглэл бичсэн: Ж.Намжилмаа

Түр хүлээнэ үү...
Top