ЖУЛИАН БАРНС: ХЭРЭВ НАДАД САНУУЛСАН БОЛ... ЗОХИОЛЧДЫН ЗАЛУУ НАСАНДАА СОНГОЖ ӨГӨХ НОМУУД
2021-02-22 466

ЖУЛИАН БАРНС (Julian Barnes)

 Би залуудаа уншаагүй өнгөрсөн утга зохиолын бүтээлийн араас ер харамсдаггүй.

Дөч эргэм нас хүртлээ нээгээгүй нөөсөн Хаклберри Фин, Хөх тариан талбайн харуул болон Агуу Мольноос (Le Grand Meaulness)-ээс үүдэх цаг хугацааны хявцалдаа ер би дуртай шүү

(Бас өнөөг хүртэл би Бяцхан хүн тайжийг уншаагүй л явна). Утга зохиолтой холбоот харамсал маань харин эсрэгээрээ байдаг. 11-тэй танхилхан би Конрадын Нууц хуваалцагч (Secret sharer)-ыг аваагүй ч болоосой гэж боддог юм. Уншсанаасаа хойш хэдэн арван жил Конрадаас зайлсхийж билээ. Хэмнэлийг нь барьж сурсныхаа дараа ЭМ Форстыг (EM Forster) уншсан бол ч. Гэхдээ түүнийг өөртөө дахин нээхэд эдэлсэн баяр хөөр тэр чинээгээрээ их байсан л даа.

            Би өөрийн залуу хувилбарт уран зохиолын бус ном өгөх байсан. Дайны дараах Английн хотын захын оршин суугчдын ягшин тогтсон хандлагыг орвонгоор нь эргүүлэхэд чиглэсэн тийм ном байвал зохино. Дайн, эзэнт гүрэн, арьстны жинхэнэ үнэн уг чанар, улс төр, эдийн засгийн эх чанар, мөн анги, эрх мэдэл, мөнгө хэрхэн холбогддог тухай өгүүлэх номууд байна. Өөрсдийгөө бид бахдал дүүрэн нүдээр хардаг шиг харь бусад ялангуяа гадныхан биднийг тэгж үздэггүй гэдгийг надад эрт ухааруулсан тийм ном (Испани найз минь Францис Дракег[1] далайн дээрэмчин хэмээн хэлэхэд төрсөн гайхширалаа одоо ч би тодоор дурсаж чадна). Мөн байгалийн уг чанарын тухай ном байна. Хөдөө нутгийн амьдралыг аажуу багаар таньж мэдэхээс өмнө амьдралынхаа тэн хагаст би хотын хайхрамжгүй иргэн байсан билээ. Тиймээс цэл залуу өөртөө хөрс, салхи бас ус, модод, амьтад, шувуудын тухай судлахыг даалгах болно. Мөн зөгийг ч бас. Залуу хувилбартаа бэлгийн харилцааны тухай үнэнийг өгүүлсэн номыг өгөх байлаа. Энэ өөр зүйл л дээ.    

 

Маргарет Дрэблл (Margaret Drabble)

 

            Дафна дю Морье (Daphne du Maurier) -ийн Шимэгчид (The Parasites) бол залуудаа унших ном. Зохиолч анд Андре Ньюман (Andre Newman) минь зөвлөснөөр, дал гарсан хойноо энэ номтой золгосон юм. Гэхдээ 15-тай би ч энэ номонд дурлах л байсан юм. Энэ роман Дю Морьегийн түүхээс сэдэвлэсэн бөгөөд Бохемийн театрын жир бус гэр бүлд цадиггүй өсч буй адармаатай удам угсаатай эгч дүүсийн тухай юм. Деланийгийнхан бол оргилуун дарс, шоколадтай эклер бас sucettes-д бялуурсан, муу гэхдээ авьяастай хүүхдүүд. Sucettes гэдэг нь иштэй чихрийг нэрлэх зугаа, дорд утгатай нэр юм. Саяхныг хүртэл би энэ үгийг мэддэггүй байлаа. Тэдний алдартай жүжигчин эцэг эх нь  Европоор дагуулан хэрж, үнэтэй зочид буудал эсвэл Францын  далайн эргийн амралтын газруудаар хоноглоно. Өмнөд Йоркширээс ирсэн ямар л хүүхэд үүнийг хүсэхгүй байв гэж? Энэ бүтээл бол Памила Брауны (Pamela Brown) Хөшигний чичиргээ (Swish of the Curtain) бүтээлийн шилжилтийн насны дараах үед зориулсан хувилбар. Үүлэн борооны явдал хийгээд түүний тодорхойгүй уг чанараар хачирласан, хэн нэгэнд алдуурах сэтгэл хөдлөм тэмүүллийн түүх юм. Хүүрнэх хэлбэр нь ч тун сонирхол татам. Эгч дүүс гурав хааяа  хамтаар өгүүлэх агаад хэн нь ярьж байгаа эсвэл юу санаж байгаа нь тодорхойгүй. Нас бие гүйцсэн уншигчид огт эргэлзэлгүйгээр Делани нарыг хувиа хичээсэн, мулгуу, ёс суртахуунгүй гэж үзнэ. Үнэхээр тийм байлаа ч тэд сэтгэл татам билээ. Бүхий л өсвөр насныхаа турш би Дю Морьерыг ээж болон англи хэлний багшийнхаа хэлсэн дээрэнгүй тайлбараас болж хойш тавьсан юм. Бусад зохиолууд нь уншихын аргагүй эсвэл егөөтэй ч ядруухан шинжтэй санагдсан тул тэрнийг жагсаалтын тэргүүн эгнээнд хэлж чадамгүй. Харин Шимэгчид бол тааварлашгүй, хөгжилтэй, бас зохиолчийнхоо хайртай бүтээлүүдийн нэг юм.  

 

Дэвид Николлс (David Nicholls)

 

            Бидний хайртай номууд цаг хугацаанаас ихээхэн хамаардаг. Хамгийн дуртай зохиолын минь жагсаалтын шилмэл хэсгийг бүрдүүлсээр л байгаа хэсэг бүтээлийг би 16-22 настайдаа уншсан юм. Эдгээр нь ихэнхдээ шалгалтанд бэлдэн ахин дахин уншдаг байсан ном л доо. Мэдээж би шүүмжлэхгүй өнгөрөөгүй ч тэдгээр хайртай номоо ухаан зулаггүй хамгаалдаг байсан бөгөөд дунд хир насандаа анх удаагаа танилцсан Харди (Hardy), Диккенс (Dickens), Оруэлл (Orwell),  Скотт Фицджеральд (Scott Fitzgerald) нартай харьцуулахад, эдгээрт хандахдаа илүү өгөөмөр, өршөөнгүй уншигч болж хувирсан ч байж мэдэх юм.  

            Би 30 шахсан үедээ Сэлинжерийн (Salinger) Фрэнни ба Зүи (Franny and Zooey)-ийг уншсанаа арав орчим жил хожидсон гэж боддог. Надад энэ ном таалагдсан, одоо ч дуртай. Гэхдээ 18-тай надад яг таг таарах зохиол байсан юм. Хувийн ухамсар; урлаг, итгэл, уран зохиолын талаарх зүдгүүрт мэтгэлцээн, буурь суурь ба тэвчээргүй зан, ирээдүйн тухай шаналан, бүгд л энэ номонд бий. Фрэнни ба Зүи бол жил бүр давтан уншдаг, одоо ч дуртай  цөөхөн номын маань нэг. Унших бүрд л толгойд маань эргэлзсэн хоолой бага багаар чангарч эхэлдэг. Шашны тухай хэсгүүд үнэхээр ул суурьтай, гүнзгий байсан уу? Глассын гэрийнхний тухай бага зэрэг жиг этгээд, эрхэм нандин, өөрөө өөртөө сэтгэл ханасан зүйл байх шиг байсан уу? Тэр алдартай төгсгөл үргэлж л сэтгэлийг хөвсөлзүүлэгч, жаахан дэврүүн үү? Бас  яагаад энд ийм их бичмэл үсэг (italic) байна вэ?

            18-тай толгойд ийм бодлын аль нь ч төрнө гэж бодохгүй байна. Тэгэх аваас ховор зүйл, төгс ном л байх байсан биз ээ. Би энэ номыг нандигнан хайрладаг хэвээр. Ер уншигчийн хувьд ч, зохиолчийн хувьд ч энэ бүтээл шиг надад ихээхэн нөлөөлж, онгод хайрласан өөр ном уншсангүй. Одоо ч би Сэлинжерийн гайхалтай харилцан яриа, үүний дунд байх хошигнол, тохуурхсан дурлал, төвөг дүүрэн ч хайр хүрэм гэр бүлийн дүрслэлд дуртай. Гэхдээ 18-тай би номоо доош тавиад, яг л ийм байдаг даа хэмээн бодох байсан биз ээ.

 

 Уильям Бойд (William Boyd)

 

            Би өсвөр насандаа Эд МакБэйн (Ed MacBain) эсвэл Невил Шютийн (Nevil Shute) араас Жейн Оустин (Jane Austen) руу ордог, голж шилдэггүй ховдог уншигч байлаа. Намайг Урхи-22, Апдайк (John Updike)-ийн Хосууд (Couples) зохиол цочирдуулж, Сержанни Голоны (Sergeanne Golon) Анжелика (Angelique) цувралуудад ч сэтгэл ханадаггүй байв. Би сургуулийн утга зохиолын нийгэмлэгт Скотт Фицджеральдын тухай өгүүлэл өгч, Набоковын Ада зохиолыг номын сангийн задгай тавиурт тавибал тохиромжтой эсэхийг надаас шалгаан асуудаг байв. Шударгаар хэлэхэд, Ада миний хэрээс хэтэрсэн дүр л дээ. Гэхдээ өвсөр насны өөртөө өгөх ном минь Набоковын Хаан, хатан, боол (King, Queen, Knave) байх байсан.

            Хаан, хатан, боол зохиол анх 1928 онд Орос хэлээр хэвлэгдэж, дөчин жилийн дараа 1968 онд Дмитри Набоков аавынхаа дэмээр англи хэлнээ буулгасан юм. Энэ зохиол болхи залуу Францийг үеэл сэхүүн дарга Драйерийн уйдсан эхнэр Марта уруу татаж буй тухай  сонгодог хайрын гурвалжин юм. Амрагууд араараа тавиулсан эрийг алахаар хэлцэвч, хэрэг буруугаар эргэж, Марта үхнэ. Энэ өгүүлэмж хамаагүй л дээ. Хаан, хатан, боол зохиолын юу нь гайхалтай, яагаад энэ зохиолыг залуухан надад хувьсал авч ирнэ гэж үзэж буйн учир нь уг бүтээл нэгэн зэрэг хөгжилтэй бас уран зохиомжит байж чаддагаас болов уу. Нацистууд ирэхээс өмнөх Берлиний үзэсгэлэнтэй аж байдал, Набоковын хар бараан шоглолыг гоц гойд, нягт нямбай төгс хэлээр бүтээсэн байдаг. Би Набоков үүнээс өөр хоржоонтой роман бичсэн гэж бодохгүй байна. Магад Цохигор гал (Pale Fire) дөхөж мэдэх л юм. Гэхдээ энэ бүтээлийн ертөнц, түүний орчин суугчдыг Лолита болон Пинн шиг захирангуй, сэхүүн хэлээр амилуулжээ.  

 

Тесса Хэдли (Tessa Hadley)

 

            Цэл залуухан өөртөө биеэ татах тухай санаа бүхий ном анх илгээе гэж бодсон билээ. Болгоомжлоорой, хэт яарах хэрэггүй дээ, бүх зүйл цаг хугацаа шаарддаг, хүлээ… Магадгүй Элизабет Боуэний (Elizabeth) Зүрхний үхэл (Death of Heart) романы гол дүр Портиа бол хэрсүү, ёжтой бас аюултай, амьдралд бүдчиж яваа, үнэнийг шаарддаг, амь зуухын тулд томчуудын хийсэн хэврэгхэн тохиролцоонд бухамддаг, тэднийг уг өөртэй нь нүүрэлдүүлдэг тийм л дүр байж магадгүй.  Байзнаарай Портиа, Хүлээгээд харзна.

            Гэхдээ энэ анхааруулгыг өсвөр насны хүүхэд сонсоно гэж бодох инээдтэй хэрэг л дээ. Харин би “Зүрхний үхэл”-ийг өсвөр насандаа уншсан юм. Надад таалагдсан. Би тэр номоос хожим дараа биш зөвхөн одоо л амьдрахыг хүсдэг, бүхнийг эрсдэлд оруулдаг, урсан өнгөрч буй ямар ч хамаагүй адал явдал рүү үсрээд орох хүсэл дүүрэн Портиатай хамт өөрийгөө олсон билээ.

            Тиймээс би өсвөр насныхаа он жилүүдэд таарсан, амьдралын шимтэй зарим номоо буцаан илгээж магадгүй юм. Би өөртөө хуйлрах эрчим, хүсэл эрмэлзэлтэй Уолт Уитмэний (Walt Whitman) шүлгүүдийг илгээнэ байх. Тэр үед би одоогийнх шигээ Эвлэрэл (Reconciliation) -ээс тайвшрал олох болов уу гэж бодно.

                                    Тэнгэр шиг ялгуун бүхний дээрх үгс

                                    Тэмцэл тулаан, хөнөөлт бүх үйлийг

                                    Үргэлжлэх цагийн эрхэнд тас мартуулам ялгуун

                                    Үхэл хийгээд шөнө гэх эгч дүүсийн гараар

                                    Өнөөх ертөнцийн хөрсийг тасралтгүй алгуурхнаар

                                    Ахин дахин ариусгам үзэсгэлэнтэй… (137. Эвлэрэл).

 

Аминатта Форна (Aminatta Forna)

 

            Хэдэн жилийн өмнө, Америк руу нүүсний хойно нэгэн найз минь надад зохиолч Энни Диллардыг (Annie Dillard) зөвлөсөн юм. Би түүний 1978 онд 28 настай хэвлэж, хойтон жилээ Пулитцерийн шагнал хүртсэн Тинкер горхиноох даяанч (Pilgrim at Tinker) зохиолыг анх уншсан. 15-тай тэр жилээ би шууд хүртэгдэх ертөнц минь болох унтлагын өрөөний ханан дээрх хонин гүрвэл, толгодын бэл дэх бяцхан горхи, элсэн дунд нуугдан хэвтээд анзааргагүй шоргоолжийг анаж буй шоргоолжин арслангийн[2]  тухай санаа зовнидог байлаа. Бас би эрхэт тэнгэр болоод ертөнцийн тухай, бурхан тэнгэр оршдог эсэх болон ертөнцийн төсгөл олдох тухай тунгаадаг байв.

            Болор цайх өвчнөөс салж, анх удаа харсан сохор хүүгийн түүх зохиолчид уг бүтээлийг бичих онгод хайрлажээ. Диллард Виржиниа нутгийн Блю Риджийн уулсад байх гэрийнхээ ойролцоох горхийг тойрон алхаж буйгаа дүрсэлнэ. Тинкер бол зам тээврийн дуу, гялгар уут хоёр хийсэн ирэх хурдны замтай ойрхон жижиг горхи. Гэвч Диллард Тинкер горхиос ерийн гоо үзэсгэлэнг олж харна. Авгайлдайнаасаа жигүүрлэх удган эрвээхий, харц тулгарахад нүдээ үл цавчих үен зэрэг байгаль ертөнц дэх ерийн жижиг зүйлсээс хязгааргүйг анзаарч эргэцүүлнэ. Мөн тэр харгислал хэрцгийллийг ч тольдоно. Аварга усны шавж “аймшигт иртэй амаараа” амьд мэлхий идэхийг харах. Энэ зуур тэрээр яагаад бурхан харгислалыг зөвшөөрдөг тухай эргэцүүлэн тунгаана.

            Лондон дахь миний Тинкер горхи бол ажлын өрөөний цонхоос харагдах байшингийн арын цэцэрлэг байсан юм. Би тэндээс жил бүрийн гавар бие гүйцэхийг үздэг билээ. Би ном, ихэвчлэн дайны тухай ном бичихдээ тэднийг аждаг. Виржиниад Диллардын амьдардаг газраас холгүйхэн байх миний Тинкер горхи бол гэрийн маань зэргэлдээх багахан ой юм.        Таны бодох үйлийг өөрчлөх, ертөнцийг хэрхэн ухдагийг тань урвуулах номууд бий. Гэхдээ “Тинкер горхиноох даяанч” бол уншигч та ертөнцийг нэгэн удаа ариунаар, гэхдээ жир бишээр ажиж байсныг сануулна гэдгээрээ ялгаатай юм. Түүний ном дунд эргэм насны надад уг авьяасыг минь эргүүлж өгсөн билээ. Хэрэв 20-оод насанд минь “Тинкер горхиноох даяанч” ирсэн бол би хэзээ ч энэ харах өнцгөө алдахгүй байх байсан.

 

Жон Бэнвилл (John Banville)

 

            Хүрэл үе хавьцаанаа анхны номоо хэвлүүлэхэд минь шүүмжлэгч П.Ж.Каванаг (PJ Kavanagh) намайг, өөрийгөө авьяастай гэж боддог ч буруу хүмүүсийн бүтээл уншсан нь ойлгомжтой хэмээн хэлж билээ. Мэдээж би өсвөр насаа Дилан Томас (Dylan Thomas), Лоренс Даррелл (Lawrence Durrell) мэтийн романтизмын дараах үеийн илүүдлийг залигласан учир түүний зөв л дөө. Лаионел Триллинг (Lionel Trilling) эсээндээ бахдалтайгаар дурдсаны ачаар Европын уран зохиолын хамгийн хэлхээ бэхтэй хорон бичвэрийн нэг болох Дени Дидрогийн (Denis Diderot) 1760-аад онд бичсэн Рамугийн ач (Rameau’s Nephew) бүтээлтэй учран золгож билээ.

            Энэхүү богинохон бүтээл болон Клейст (Heinrich von Kleist) -ийн шилээвэр эсээ болох Марионетын театрт (On the Marionette Theatre), Хюго фон Хофмансталын (Hugo von Hofmannsthal) Эзэн Чандосын захидал (The Lord Chandos Letter) хэмээх бүтээлүүд хэрхэн бичих, юуг бичих тухай миний ойлгоцыг бүхлээр нь өөрчилсөн юм.  Өргөсөн нэргүй Рамугийн ач бол егөөтэй, ширүүн үгтэй, хийрхэж өөрийгөө жигшин уурсдаг, дээр нь жинхэнэ уран бүтээлчдийг үл тоож, оронд нь зуучлагч, луйварчин, төрөл бүрийн шид илбэтэнд таалал бүхий бузар ертөнцөд айдас төрөм ухаалаг ханддаг нэгэн юм.

            Нэвтэрхий толь бүтээгчдийн тэргүүн Дидро сэтгэл татам хүн, гялалзсан, хөгжилтэй, үл осолдох мэргэн нэгэн байжээ. Хэрэв би өнгөрсөнд харьж очоод, 12 настай өөрийнхөө алган дээр Рамугийн ач бүтээлийг тавьсан сан бол ямар олон мунхаг үйлдлээс сэргийлж чадах байсан бол. Гэхдээ би ер нь унших байсан болов уу? Уншлаа ч ойлгох байсан болов уу? Ер л нь Шоугийн (Shaw) зөв. Залуус насыг залуус үрж л орхидог доо.

 

Мэгги Ө’Фаррел (Maggie O’Farrell)

 

            16 настай надад хэн нэгэн “Урхи-22”-ийг өгсөн ч болоосой хүсэх юм. Би Жозеф Хеллер (Joseph Heller)-ийн хүчтэй, хурц энэ зохиолд умбаж ороод, уншиж дуусгах байсан нь лав. Энэ ном хоёрдугаар дайны үед Италийн баазад гацсан ч анархид хууртаагүй хэд хэдэн нисгэгчийн оюун санааг самнасан огцом ширүүн аялал юм. Хеллер юу хийж байгаагаа маш сайн мэдэж байсан.  Энэ бүтээл бол дээд ухамсраас үүдэлтэй догшрол, их тархины гүн хэсгийн тийм эд. Энэ роман хэтийдсэн цөхрөлөөр, дайны галзуурал бүхий дүрүүдтэйгээр, он цагийн дараалалгүй, илт эмх замбараагүй урсгалаар хөрвөрдөг. Хэдий тийм ч Хеллерийн уран гараар энэ бүгд бүрэн дүүрэн удирдлага дор, нарийн төлөвлөсөн цагчлалтайгаар урган босдог.  Эмх замхгүйг тулаанд дуудах урлагийн хичээл бүхий л өсвөр насныханд хэрэг болдоггүй гэж үү?  Тийм бол энэ номоос илүү сайн жишээ үгүй л болов уу.

 

Филип Хэншер (Philip Hensher)

 

            Ном хэрэгтэй үедээ ирдэг гэдэгт би итгэдэг. Толстойтой хожуу учирсан ч 30 гарсан би түүнийг сайтар мэдэрч ойлгосон билээ. Түүнтэй ижлээр  Филип Рот (Philip Roth), Элизабет Тэйлор (Elizabeth Taylor), Кингсли Эмис (Kingsley Amis) нар залуу насанд минь тэгж их төвөг болоогүй ч дунд эргэм насанд минь төгс таацсан юм даг. Шүүмжлэгчдээс аль алийг нь уншаад ч хэрэггүй гэж сонсож байсан Теккерей (Thackeray)-н Пенденнисийн түүх (The History of Pendennis), Конрад (Conrad)-ын Боломж (Chance) хоёрыг эртхэн уншаагүйдээ харамсдаг юм. Хэрэг дээрээ Пенденнис бол баяр баясгалантай, гэмшингүй, хөгтэйн дээр, залуу цагийн завхралд өршөөнгүй ханддаг бүтээл юм. Хорин настайдаа энэ номыг уншсан бол би дурлах л байсан. Энэ бүтээл тэр доороо л намайг зөв тийш залах байсан байх. Конрадыг би хайрласаар ирсэн. Конрад судлаачдын энэхүү сэтгэл хөдөлгөм бүтээлийг үнэ хүндгүй хэмээсэн ятгалгад яагаад автсанаа ер ойлгодоггүй юм. Би 40 шүргэтлээ энэ бүтээлийг уншаагүй агаад энэ бүтээлээс эр ба эм, өнгө мөнгө ба худал хуурмаг, хэрхэн хүчтэй атлаа хуурмаг түүх өгүүлэх тухай бүхнийг мэддэг гэдгийг тэр дор нь олж харах сан. Энэ бүхэн намайг ямар их гай бэрхшээлээс аврах байсан бол. Үүн шиг агуу зохиолчийн дорд бүтээлийн тухай шүүмжлэлтэйгээр санал нэгдсэн байхтай дахин таарахгүй л байх.

 

Никола Баркер (Nicola Barker)

 

            1970-аад оны үе шүү дээ. Жаахан охин байхад минь чи ер ямар хүн болохыг хүсдэг вэ гэж эцэг эх минь асуухад би үргэлж л “бүжигчин … бас гэлэнмаа” гэдэг сэн. Би хоймсон хүсэл эрмэлзлэлтэй байхын хачирхалтай талыг огт олж хараагүй юм. Нас биед хүрэхэд багахан зүйл л өөрчлөгдсөн. Би төрөлхийн л албадан дарагдсан бас ил тод байдлын эн тэнцүү хэмжүүр, хээгүй гэхдээ бат дэгтэй нэгэн. Энэ жиг ялгаа намайг зохиолч болоход цэнэглэсэн гэж боддог.

            Харь гадныхан намайг үргэлж гайхшруулдаг л даа. Миний хувьд, гэгээнтэн болон хутагтууд бол гадаад вант улсынхан. Августин Францис шиг эртний гэгээнтнүүд биш ч, өнөө үеийн Педро Пио мэтийн, Фатимагийн эш үзүүлэгч хүүхдүүд болон Кибехо, Меджугорье нар энд багтана. Шашинд гүн автсан хүүхэд байсан надад “Загалмай ба тонгорог” илчлэлт болж, хориод насандаа би итгэл үнэмшлээ алдсан. Хачин хөндий он жилүүд байсан сан. Миний сахилга бат хийгээд ёс журамгүй байдал холилдон, хутгалдаж, тодорч товойн гарч ирж билээ. Би өөрийгөө хааж, гансарсан. Би зовсон. Гэхдээ миний зовлон хөндий хоосон, утгагүй зүйл шиг санагдаж билээ.

            Гэгээнтнүүдийг ерөнхийдөө “сайн хүмүүс” гэж тооцдог боловч энэ тодорхойлолт нь тэдний хэн болон юу хийдэг вэ гэдгийн өнгөн хэсгийг л хөндсөн зүйл юм. Гэгээнтэн байна гэдэг зовлон шаналан юм. Энэ бол өөрийгөө умартах, зорилготой зүдгүүр. Миний хайртай гэгээнтэн бол Эрхэт тэнгэрийн нарийн бичиг (God’s Secretary) бүтээлийн зохиолч Фаустина (Faustina). Боловсролгүй эзэмшээгүй, польш тэрээр 38 насандаа учир битүүлгээр тэнгэрт дэвшсэн билээ. Миний сүнсэн дэх  тэнгэрлэг ариун нигүүсэл (Divine Mercy in My Soul) гэх дэлгэр тэмдэглэл зовлон хийгээд хөөрөл баярын тухай миний ойлголтыг бүрэн эргүүлсэн юм. Тэрхүү тэмдэглэлүүд үнэнхүү этгээд, чамин хаттай бүтээл юм. Саруул ухаантай ч хийрхэл бүхий зүйл. Миний зөрчилт дотоод талтай минь энэ бүтээл шууд харьцдаг. Тиймээс би эртхэн л эднийг  болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг дээ.

 

Шарлотта Менделсон (Charlotte Mendelson)

 

            Өөрийгөө үл хүлцэх гэнэтийн үсрэлтүүдийн номчирхуу бантан, ялимгүй зовлонт байдлын эмгэг (OCD), цөхрөл гээд л залуу нас минь үнэхээр азгүй. Цаг хугацаа л надад тусалж чадах байсан юм. Нэгэн өсвөр насны охин Иван Диносовичийн амьдралын нэг өдөр (One Day in the Life of Ivan Denisovich) болон Би цайз эзэлсэн (I Capture the Castle) зохиолыг өөрийн хүслээр уншсан бол бас л ингэх байсан биз.  Гэхдээ одоогийн өсвөр насныханд зориулсан хуучин номын овоон дээр Наоми Алдермен (Naome Aldermen) -ний Хүч (The Power), Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд (Goodnight Stories for Rebel Girls) бас Вилетте (Villette) зохиол бяцхан итгэл төрүүлж болох юм. Ай, Вилеттег л үргэлж санал болгоно.

 

Жули Майерсон (Julie Myerson)

 

            Чамд хэрэгтэй үедээ л ном ирдэг гэж би таамаглаж байгаа ч Симон дө Бовуар (Simon de Beauvoir) -ын Амьдралын чухал хэсэг (Prime of life) зохиолыг би яг зөв цагтаа уншсанаа мэдэж байна. 19 настай сохор ч зоосгүй  хүний нутагт байсан би зохиолч болох гэж шунавч, үнэн хэрэгтээ юу хийх ёстойгоо ухдаггүй л байлаа. Би Милан хотын дунд байх цэцэрлэгт суугаад, нар хэлбийж, таамгаар л хуудсыг нь харах хүртлээ гадар хавтаснаа Матиссын оньсого мэт хайчилбартай Пенгвиний хэвлэл болох тэр номыг уншиж суудаг сан. Дө Бовуарын ухаалаг, учир битүүлэг, төгөлдөр тайван байдал миний ганцаардал, өлсгөлөн, ирээдүйн тухай шаналанг минь сарниулдаг байжээ. Үнэн хэрэгтээ өөртөө итгэх итгэл, чөлөөлөлтийн утгаар энэ зохиол надад дэврүүн догдлол, сүр жавхланг хайрласан юм. Би чинь залуусыг энэ номыг унш гэж шахамдуулахаар болов уу? За байз, алт эрдэнэс шиг нандигнасан хуучин номоо газар сайгүй хайж байгаад, дөнгөж сая охиныхоо унтлагын өрөөнөөс оллоо. Таатай санагдаж байх чинь.

 

Блейк Моррисон (Blake Morrison)

 

            Арван настай надад Уильям Голдинг (William Golding) -ийн Ялааны эзэн (Lord of the Flies) зохиолыг өгсөн ч болоосой гэж боддог. Энэ ном намайг дараа жил нь 18 сурагчтай тосгоны бага сургуулиас, 500 сурагчтай хөвгүүдийн сургууль руу шилжихэд бэлтгэх байсан биз. Би дээрэлхэх, танхайрал бас “том гар” болох гэсэн харгис өрсөлдөөний талаар олж мэдэх байсан сан. Хэрхэн тоглоом шоглоом, өдөж хоргоох хяналтаас гарч аюултай зүйл болж эргэдгийг ч харах байсан. Хөөрхийлөлтэй бүтэлгүй нэгэн нь аялга эсвэл ичимхий зангаасаа, нэг бол тарган тэгээд шил зүүдэг (“Тооройхон” (Piggy) гэдэг шиг), гэдгээрээ үргэлж гоочлуулдаг болохыг би ойлгох байсан.   

            Голдинг юуны тухай өгүүлж буйгаа мэдэж байв. Шүрэн арал (The Carol Island) ба Робинсоны швейцар гэр бүл (The Swiss Family Robinson) зохиолын шүүмжид хариулах зуураа миний дүүргэсэнтэй ижил хөвгүүдийн сургуульд багшилж байсан. Хэрэв би түүний юу өгүүлснийг мэдсэн сэн бол сургуульд байх хамаг цагаа анзаарагдахгүйн төлөө зарцуулахын оронд илүү ихийг сурах гэж хичээх байсан биз. Тийм ч муу газар байгаагүй л дээ.  Би гайгүй л байсан. Гэхдээ л өсвөр насныхаа төсгөлд энэ номыг уншиж байгаад “балчир гэмгүйн төгсгөл”, “эр зүрхний харанхуйн” төлөө Ральфын мэгшин уйлдаг хэсэгт би ч бас мэгшин уйлмаар болсон сон. Хэрэв надад сануулсан сан бол!

 

Орчуулсан: И.Даваадорж

 

Тодруулга: Уг нийтлэлд христийн шашны “god” хэмээх ойлголтыг “эрхэт тэнгэр” хэмээн буулгасан болно. Үүний учир нь философич, профессор (ScD) Ц.Гомбосүрэн буддын шашны бурхан болон христын шашны “god” гэх ойлголтыг нэгэн ижил үгээр нэрлэж болохгүй гээд “бурхан тэнгэр” гэх үгээр тохирон, нэрлэсэн хэмээжээ (2020, 344 үз). Мөн шашин судлаачдын дурдсанаар “god” гэх ойлголтыг монгол Ганжуур, Данжуурт “Эрхэт тэнгэр”, “Чадагч тэнгэр” хэмээн орчуулж байсан тул уг нэршлийг баримталлаа.

 

 

 


[1] Фрэнсис Дрейк (Francis Drake) 16 дугаар зууны Английн судлаач, усан онгоцны ахмад, тэнгисийн цэргийн офицер, улс төрч.

[2] Англи: Ant lion. Торон далавтан шавжийн багт багтах шавж. Урхи ухан түүндээ орж, шоргоолж болон бусад шавжийг иддэг зүйл.

Түр хүлээнэ үү...
Top