МОНГОЛЫН РАДИО ХЯТАДААР МЭНДЛЭХЭД БИ ҮХНЭ.
2020-09-04 440

...Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл…  Б.Ринчен

Англи хэлтэнд итгэж зориулав

Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй

Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад

Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад,

Арслан Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө

Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.

Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод

Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд

Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод

Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа

Монголын ТВ солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ

Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод

Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад

Шоргоолж юм уу, өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил наслахад

Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа

Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Галсансүх

***

Өнөөдөр эх хэл минь мөхвөл маргааш нь би үхнэ.  Расул Гамзатов.

***

Д.УРИАНХАЙ: Мөнхийн шалтгаан

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!

Тэр шувуунд би хачин их хайртай!

Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!

Тэр эгшгэнд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!

Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна!

Тэр бараанд би хачин их хайртай!

Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!

Тэр амьтдад би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!

Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!

Тэр үнэрт би хачин их хайртай!

Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!

Тэр баярт би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!

Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!

Тэр шивнээнд би хачин их хайртай!

Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!

Тэр амьсгалд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!

Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!

Тэр амгаланд би хачин их хайртай!

Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!

Тэр аниргүйд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!

Тэр хэлэнд би хачин их хайртай!

Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!

Тэр оронд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!

Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа

Би яагаад ч үхэхгүй ээ!..

С. ДУЛАМ: ХҮМҮҮН БИЧИГ

Тэнгэр газар хоёрыг учруулж

Намираа хур орох мэт

Тэнүүн уйтан хоёрыг учирлаж

Морин хуур дарах мэт

Тэлмэн жороогийн удгал

Монгол бичгээрээ бичдэгсэн

Титэм шүд нуруу шилбэтэй

Тэр чигээрээ хүн бичиг минь

Харанхуй шөнийн цахилгаан цахихад

Хаялга цацлага нь зуралзах шиг болдог

Хаврын уриар цас ханзрахад

Хархан бийрээр таталгах шиг болдог

Халуун хошуут малын данс шиг

Халзан цагаан сүрэг минь бэлчдэг

Хөлгөн судрын мэргэн гарчиг шиг

Хөндлөн хөх уулс нь бидэртдэг

Удам залгасан нутгынхаа хаанаас ч

Худам бичгийнхээ дүрсийг үгүйлдэг

Төр улсынхаа тамганд сийлээстэй

Түмэн газрын хэрмээс ч дуулиантай

Түвшин мэргэдийн өвөрт хуулиастай

Түүх бүтээлцэж явсан бичиг минь

Арвис эрдмийн ариун дээжийг

Арван ухааны номд ботилж

Есөн эрднээр хувилган гэрэлтсэн

Ер бишийн хувь тавилантай

Нумын хөвч шиг бичиг минь үгүй бол

Нууц товчоогоо юугаар бичих вэ?

Гэрэлт хөшөөгөө юугаар сийлэх вэ?

Гэсэр, Жангараа юугаар хайлах вэ?

Мянган настай бичиг минь үгүй бол

Мяндсан баринтагт номуудаа яах вэ?

Мяралзан өнгөрөх олон зуунаар

Марталгүй ирсний учир юу вэ?

Өлмий дээрээ зогссон хүн шиг

Өөдөө уруугаа тэшсэн бичиг минь

Ач үрсдээ ад үзэгдэх

Адал заяаг амссан бичиг минь

Догшин өвгөдийн түүхийг хайлсандаа

Дорнын өв соёлыг хадгалсандаа

Долоон бурхны түүхийг хямгадсандаа

Дордож буурсан, доройтож буруутсан

Галын дөлөнд хөдөс шиг хунирч

Гар сарвалзуулан шатаж байхдаа нь ч

Ганц хоёроороо үлдсэн тасархай нь

Гадаа хөдөө хийсэж байхдаа нь ч

Өлгийтэй хойчдоо золгох сон гэхдээ

Өлөн дэрсний унгитай ороолдож

Өндөрхөн жалганд тогтох сон гэхдээ

Өргөст хамхуултай өнхөрч явсан

Түүхээ өмөөрөх зөн совингийн

Түйрэн болсон хэдэн хүн минь

Түймрийн өмнө нь ухаан нь хүчгүй

Түүдэг болсон хэдэн ном минь

Үсэг болгон эрдэнийн шинжтэй

Үе болгон эрдмийн шимтэй

Соёл мандлын буурал тэргүүн

Соёмбын өвөг таныгаа яах вэ?

Түр хүлээнэ үү...
Top