Ницшегийн инээдэм: 'Тагтаа'-г шүүмжлэх нь
2020-06-11 444

I

Зөвхөн Тагтаа бус, Монголын уран зохиол “чихний чимэг болсон” аялгуут шинжийг Монгол хэлний мөн чанарт тооцож, зохиол бүтээлийг үнэлэх зарчим болгож тавьдаг. Эндээс эхлэх учиртай.

Бартын хувьд юмны нэг шинжийг мөн чанарт оноох нь идеалоги болно: Тэд эл Үнэт чанарыг юниверсал мэтэд тулгаж, шүүмжлэлээс хэтийдсэн Зүйл болгон шүтэх төөрөгдөл дээр суурилдаг. Түүхийн нэгэн үед хэсэг бүлэг улсын зорилгод үйлчлэхээр бүтээгдсэн шинжийг Тэнгэрт өргөмжилдөг. Түүнтэй ижил үзэгдэл Францад өрнөсөн байдаг. “Яруу тодорхой байдал”-ыг Франц хэлний зайлшгүй мэтэд үзэж иржээ. Харин Барт түүнийг ятгах зорилгоор ашиглах яруу илтгэхзүйн нэг шинж хэмээн үзэж байв: Анх л шүүх дээр хэрэглэгдэж, яваандаа хэлзүйчдээр дамжиж, Декартын хүчээр юниверсал чанараа олж авчээ. 20-р зууны Франц сэхээтнүүд МиЖиль“яруу тодорхой байдал”-ын эсрэг боссон бий. Тэднээс хамгийн балмад нь Лакан. Хэлийг ухамсаргүйтэй адилтган үзэж, ухамсаргүй хэрхэн ажилладгийг өөрийнхөө хэлээр үзүүлжээ: L`Etourdit – Энэ бол Лаканы уншигдах боломжгүй гэгддэг текст. Уг бүтээлд “бэлгийн харилцаа гэж байдаггүй” болохыг мөн эр баталжээ. Хэлийг харилцааны хэрэгсэл гэдэг. Харин Бартынхаар хэл өдөр тутмын мэдээлэл, шөнө өдөр ээлжилдэг гэх илэрхий үнэний хүрээнд л харилцааны хэрэгсэл болдог. Бус тохиолдолд тусгаарлах хүчин болно. “Хэл бол харилцааны хэрэгсэл” гэх тодорхойлолт хэлийг бүхэлд нь бус, жаахан хувь хэсгийг нь тодорхойлох аж: Тодорхойлогч нь тодорхойлогдогчоо бүрэн тодорхойлж чадахгүй байгаа нөхцөлд тодорхойлолт байж тэнцэхгүй. Бид нэг хэл ашигладаг ч ижил хэлээр ярьдаггүй: Сонсож байгаа хэл, ярьж буй хэл хоёр маань Нэг юм хараахан биш. Тэр утгаараа уран зохиол хэлний хэрэглээг олшруулдаг. Харин Монгол уран зохиол Нэг хэлнээ захирагдахыг шаарддаг. Тэр учраас олон зохиолчид Тэр хэлнээс ондоон хэл ойлгодоггүй: Жаахан өөр хэлтэй тулгармагц Монгол хэл биш гэж үзнэ. Энэ талаараа тэд Молор-Эрдэнэтэй баахан төстэй: Гадаад нэр томъёог Монгол хэлнээ буулгах нь бараг л боломжгүй. Учир нь тухайн үгс Ариун утгыг тээж явдаг. Өөр үгсээр Өндөр тэр утгыг дамжуулж таарахгүй гэж үзнэ. Харин Монгол зохиолчид чихний чимэг болсон Нэг хэлний ариун цэврийг сахигчид болж таардаг. Тэнгэрийн хэлийг чагнан буулгаж чадсан увдистан уран зохиолын хэлийг эзэмшиж гарч ирдэг. Аль ч тохиолдолд хэл трансцендент талбарт залардаг. Философи трансцендент Юманд ухаангүй дуртай. Тэр нь улс төрийн зорилготой. Трансцендент байдлыг бий болгохын тулд хоёр зүйл хэрэгтэй. Нэгт, ядаж л хоёр субстанц байх учиртай. Хоёрт, нэг нь үргэлж нөгөөгөөсөө давамгай байх ёстой: Энэ ертөнцөөс чанагуух Бурхан хийгээд энэ ертөнц хоёр нь тэр буюу. Эргээд ертөнцөд хоёр субстанц оршино. Оюун сүнсний болон бие бодын субстанц: Оюун сүнс бие бодоос эрхэм буюу. Нэг субстанц нөгөөгөөсөө Онцгой байх нь моралын асуудал болно: Дээд субстанц доод субстанцыг захирах нь моралын зарчим ажгуу. Нэг нь нөгөөгийнхөө Үнэт чанар болно. Трансцендент хэлнээ захирагдах нь моралын үүрэг мөн. Үүргээ биелүүлсэн нь сайн зохиолч буюу. Молор-Эрдэнэ философийн зөнөсөн эмгэдийг төлөөлөх бол Монгол зохиолчид трансцендент өвгөдийн хэлээр ярихыг хүснэ. Тагтаагийн шагналтнууд ч энэ зарчмыг баримтлах учир шагнуулжээ. Судрын хэл хуулж суугаа нэгнийг уран зохиолын хэл урлаач гэж үзэх нь хачин. Трансцендент хэлнээс хуулан бичиж суугаагаа өөрийн хэлийг цогцлоож буй мэтэд үнэмшсэн нэгэн хоёр зүйлийг хутгаж самуурсан байж таарна. Түүнийг уран зургийн үгээр хэлбэл илүү ойлгомжтой байж мэднэ: Байгалийн сайхны гоозүйг уран бүтээлчийн сайхны гоозүйтэй андуурсан хэрэг. Байгалийн сайхан урлагийн бүтээлийн чухал элемент байж болох ч уран бүтээлийн үүдэх нөхцөл лав биш. Египетийн урлагт ч байгалийг дуурайх хүсэл, урлагийг бүтээх хүсэл хоёрын ялгаа тогтсон байдаг. Уран зураг байгалийг илэрхийлдэггүй. Байгалийн гоозүйг уран бүтээлч эрэлхийлэх нь үгүй. Зураач моделыг хуулж зурдаггүй. Харин моделоос нүүр буруулсан мөчид урлаг эхэлдэг. Уран бүтээлч нүдэнд үзэгдэх зүйлийг бус, үл үзэгдэх хүч﴾force﴿-ийг үзэгдэл болгож тавьдаг: Салхины хүчийг үзэгдэл болгон буулгах. Цаг хугацааны хүчийг нүднээ илэрхийлэх нь уран бүтээлчийн асуудал: Шуудай төмс үүрсэн тариачин зурж суугаа нэгэн төмсний хүндийн хүчийг зурагт буулгахыг хүссэн байж таарна. Судрын хэлний үл үзэгдэх хүчийг авч ирэхийн оронд зүгээр л үг үсгийг нь давтаж суух. Тэрийг нь урлагийн гоозүйтэй хутгаж үнэлэх!.. Тагтаа хэвлэлийн газраас зарласан уралдааны Монгол өгүүллэгийн төрөлд шалгарсан бүтээлүүдийг авч үзэж, ямар үнэлгээгээр ажилласныг нь таамаглаж, үнэт чанарыг нь тогтоох замаар Монгол уран зохиолыг эрхшээх хүч, “Will to power” түүний ялгавар элемент﴾differential element﴿-ийг олж, утгат чанар﴾sense﴿-ыг нь тайлбарлан шүүмжлэхээр санаархав. Тэгэхийн тулд хоёр төрлийн шүүмжийг ялгаж үзэх учиртай: Кант болон Ницше. Тэдний мэдлэгийн талаарх ойлголтын зөрүүн дээр шүүмжийнх нь ялгаа оршино. Ницшегийн шүүмжлэлд хандахгүйгээр “Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл”- ийг шүүмжилж чадахгүй. Тэр учраас цааш явахын тулд хоёр философичийн ялгааг өгүүлэх учиртай.

Кантын хувьд бидний чадвар﴾faculty﴿-ууд эрс ялгаатай ч үргэлж нэгэнтэйгээ зохицон ажиллаж байдаг. Ямар зорилгоор хамтарч байгаагаас шалтгаалан нэг чадвар нөгөө чадварын ажил үүргийг тодорхойлдог. Жишээ нь, онолын мэдлэгийн зорилго﴾speculative purpose﴿-д уран сэтгэмж, оюун ухаан, ойлгох чадварууд зөвшилцөлд хүрдэг. Энэ тохиолд ойлгох чадвар априори ойлголтынхоо хүчээр хууль тогтоож, тэр дагуу уран сэтгэмж схемчилж, оюун ухаан ойлголтын хуулийг объектод танилцуулж, мөрдүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Харин мэдлэгийн практик зорилго﴾practical purpose﴿-ын хүрээнд оюун ухаан хууль тогтоогчийн үүрэг хүлээж, ойлгох чадварыг тодорхойлно. Эл зорилгод ойлгох чадвар материаллаг ертөнцийн туршлагаас мэдрэхүйн бус объект, өөрөөр хэл, моралын материалыг гаргаж авна. Харин урлагийг хүртэгчийн тааламжийн шүүлт﴾judgment of taste﴿-ийн тохиолд уран сэтгэмж, ойлгох чадвар тохиролцон ажиллана. Гагцхүү нэг нь нөгөөгөө тодорхойлох нь үгүй. Ямарваа зорилгод үйлчилнэ ээ гонж. Уран сэтгэмж ойлгох чадварын хууль ёсны байдлыг ашиглах ч аливаа объектод хууль журам тогтоох нь үгүй. Ойлгох чадвар хууль ёсны эрхээ дамжуулах ч тодорхой ойлголтыг оноож хүчрэхгүй. Учир нь “Сайхан зүйл гэдэг цор ганц бөгөөд алив ойлголтоос ангид үлддэг.” Нэг ч ойлголтод хашигдах нь үгүй уран сэтгэмж ойлгох чадварын хууль ёсны байдлаар дүүрэн ноёрхоно: Чөлөөт уран сэтгэмжээр тодорхой ойлголтод багтааж амжилгүй ойлгох нь тааламжийн шүүлт болно. Мөн шүүлт хэзээд таашаалаар эхлэх ч түүнээс үүдэх нь үгүй. Учир нь тааламжийн шүүлт априори байдаг – Ойлголтын чадвараас зээлдсэн юм нь тэр! Априори гэдэг шинж чанарын хувьд юниверсал болоод зайлшгүй. Тодорхойлж хэл, туршлагаас ангид юм. Учир нь туршлагаар өгөгдсөн зүйлс зайлшгүй хийгээд юниверсал байдаггүй. Харин тусгай болоод тохиолдлынх. Априори гэдэг туршлагаас ангид ч туршлага дээр хэрэглэгдэх эд. Тэр утгаараа тааламжийн шүүлт туршлагын нэгээхэн хэсэг болох таашаалаар эхлэх ч түүнээс бий болох нь үгүй. Энэ учраас гоозүйн таашаал﴾pleasure﴿ тааламжийн шүүлтээс хараат буюу. Мөн шүүлт эмпирик зорилгоос ангид оршино. Уран сэтгэмж ойлгох чадварын априори чанарыг завшингаа ойлголтоос нь зайлж оддог. Тэр учраас уран сэтгэмж онол хийгээд практик мэдлэгийн зорилгоос мөн хараат бус болно. Тиймдээ ямар ч объектод хууль тогтоох нь үгүй: Ойлгох чадвар үзэгдэл юмс﴾phenomena﴿- ыг онолын мэдлэгийн хүрээнд хуульчлах бол түүний мөн чанар﴾thing in itself﴿-т оюун ухаан практик түвшинд хууль тогтоодог. Гоо зүйн шүүлтнээ харьяалагдах объект гэж үгүй. Энэ тохиолд уран сэтгэмж объектын хэлбэрийг тусгадаг﴾reflects﴿. Тэгэхдээ тусгаж буй объектын оршихуйг үл хайхардаг. Ингэхлээр уран сэтгэмжийн тусгах объект нь мэдрэхүйд буух юм үзэгдэл бус. Харин Кантын өгүүлснээр нийтлэг ойлголт﴾common sense﴿ болно. Туршлага дээр үндэслээгүй тааламжийн шүүлтийг хүн болгон нийтлэг ойлголтоор хүлээн авч байдаг юм биш. Харин авах ёстой. Тэр учраас би Моцартад дургүй гэж хэлж чадахгүй. Тэгэх нь хууль бус. Хэн бүхэн Моцартыг сонсоод нийтлэг ойлголтын шүүлтээр таашаал авах ёстой - Тийм үүрэгтэй. Тааламжийн шүүлтийн нийтлэг ойлголт таашаалыг захирах учиртай. Уран сэтгэмж ойлгох чадварын хууль ёсны хүрээнд, нийтлэг ойлголтын дотоодод л чөлөөтэй. Уран сэтгэмж нь нийтлэг ойлголтыг таамаглан ажиллаж буй нөхцөлд урлагийн бүтээлийг хүртэгч уран сэтгэмжээ зохистойгоор ашиглаж буйд тооцогдоно. Эс бөгөөс уран сэтгэмжийн зохист бус хэрэглээ болно. Энэ бол Кантын асуудал. Кантаас өмнийн философид объект болон түүний талаарх ойлголтын таарамж дээр мэдлэг суурилдаг. Тэр зохицол таарамжийг эцсийн байдлаар Бурхан баталж болгоодог. Харин Кант энэ таарамжийн оронд объектыг априори ойлголтод захируулж тавьжээ. Эртний мэргэн ухааны талаарх ойлголтод мэргэн хүн байгальд захирагдан зохирч байж таньж мэддэг. Харин философид үзэгдэл юм﴾phenomenon﴿, түүний мөн чанар ﴾noumenon ﴿ хоёр эсрэгцэн оршиж мэдэгч субъект өөрийн мэдрэхүйн төөрөгдлийг давж гараад үзэгдэл юмсад хуурталгүй объектын мөн чанарт хүрч жинхэнэ мэдлэгийг цогцлоодог. Тэгэхэд Кант эртний мэргэн ухааныг няцааж, хүн юмсад нийцэж тохирдог бус, харин юмс үзэгдэлд хэв журам тогтоож, мэдлэгийн чадвар юмсыг хуульчилдаг – Хүн байгальд хууль тогтоогч гэж үзнэ. Үзэгдэл юмс бидэнд захирагдана. Басчлан мөн чанарыг үзэгдэл юмсаас нь ялгаж үзэхийг мэдлэгийн талбараас холдуулжээ. Үзэгдлийн цаадах мөн чанарыг эрэхээ зогсож, объектын туршлагад гарч ирэх нөхцлийг гаргаж тавьжээ. Ингэхлээр философи гэдэг үзэгдэл юмс, түүний нөхцлийн талаарх ухаан болно. Объект субъектын асуудал мэдлэгийн чадваруудын зохист зөвшилцөл дээр шийдэгдэнэ: Мэдлэгийн чадварын хуулийг олж тогтоосноор мэдлэгийн объектыг хуульчилна. Тэр учраас субъект үзэгдэл юмсын нөхцлийг тодорхойлно. Гагцхүү тэр нь трансцендентал субъект болно. Урьд Бурхан мэдлэгийг батлах хүчин болдог асан бол Кантын нөхцөлд эл субъект мэдлэгийг хуульчилна. – Бүхий л нөхцлийн нэгдэл болно. Тэр нөхцлөөс үзэгдэл юмс эмпирик субъектэд гарч ирнэ. Ницшегийн хувьд мэдлэг гэдэг уран сэтгэмж, оюун ухаан, ойлгох чадварын категорын үр дагавар байдаггүй. Кант бусдын л адил мэдлэг хүний Оюунд үүсэлтэй гэж үзэх бол Ницше мэдлэгт урьдаас өгөгдсөн үүсэл гэж үгүй. Харин тодорхой механизмаар тодорхой цаг хугацаанд зохиогдож, бүтээгдэж, үйлдвэрлэгддэг гэнэ. Тиймдээ үүсэл﴾origin﴿ гэх үгийг сөргүүлэн зохиох﴾invent﴿ гэсэн үгийг гаргаж тавьжээ. Мэдлэг зохиогдсон гэдэг нь мэдлэгт үүсэл гэж байхгүй гэсэн үг [Мэдлэг хаанаас ч юм ундарч байдаггүй. Харин жишээ нь, зэвсэг шиг нэгэн цагт бүтээгджээ]. Тэр утгаараа мэдлэг хүний төрөлх чанар﴾human nature﴿- т тэмдэглэгдэн сийлээстэй явдаг байх учиргүй. Мэдлэг хүний эртний инстинктэд үндэслэж, аажмаар боловсорч гүйцээд оюуны чадваруудын зөвшилцлийн үр дүн болж гарч ирэхгүй. Харин инстинктүүдийн тулгарал, мөргөлдөөн, зөрчлийн үр дагавар болно. Ницшегийн өгүүлснээр “хоёр илдний дундаас үсрэх оч” мэт: Мэдлэг хоёр инстинктийн мөргөлдөөнөөс үсрэх “гал” болно. Тиймдээ инстинктийн дотоод үрийн боловсрол, цэцэглэлт байж чадахгүй. Мэдлэг хүний төрөлх чанарын угийн нэг хэсэг нь бус, тэдгээрийн тэмцлийн үр дагавар болно. Ницше ингээд зогсож чадахгүй: Мэдлэг болон түүний мэдэж буй юмсын дунд холбоо хамаарал байхгүй гэж үзнэ. Декарт мэдлэг хийгээд объектын эцсийн таарамжийн баталгааг Бурханд оноодог. Тэр учраас Бурханы оршихуйг баталж таардаг. Бурхан үгүй бол мэдлэг болон объектын дунд ямарваа ижилсэл үгүй. Бурхан үхчихвэл тэр ижилслийг батлах хүчин үгүй. Тэр үхчихсэн учраас мэдлэг болон объектын дундах чухам холбоо замх оджээ. Мэдлэг болон хүний төрөлх чанар хоёр ангид ялгаатай шиг мэдэгдэж буй ертөнц, мэдлэг хоёр нэг ижил юм байж чадахгүй. Тэр учраас мэдлэгээр энэ ертөнцийг мэдэж чадахгүй: Мэдлэг ертөнцийг тайлбарлаж мэдэхгүй. Кантын хувьд мэдлэг юмсад хэв журам оноож хуульчилдаг. Тэгэхийн тулд эхлээд хүчирхийлж, ноёрхох учиртай. Ницшегийн хувьд мэдлэг болон түүний мэдэж буй ертөнцийн дунд ижилсэл зохицлын харьцаа үгүй. Зөвхөн хүчирхийлэл, ноёрхлын харилцаа оршино. Кантынхаар ойлгох чадвар категорийнхоо хүчээр юмсад хэв журам тогтоодог. Харин Ницшегийнхээр ойлгоно гэдэг жишээ нь, инээд наргиан, харуусал халаглал, жигшил үзэн ядалт гэх гурван инстинктийн тэмцлийн үр дүн болно: Объектыг ялгаж тогтоох бус, инээд элэглэлээр бүр мөсөн холдож, түүнээс өөрийгөө хамгаалж, харуусал халаглалаар үнэгүйдүүлж, жигшил үзэн ядалтаар юмсыг устгахын нэр. Мэдлэгийн цаана юмсыг таньж мэдэх бус, зайгаа авч хөндийрөн устгах хүсэл буй гэж үзнэ. Эл гурван инстинкт зөвшилцөн нэг зорилгод зүтгэхийн учир тийн үйлдэх бус, эсрэгээрээ өвөр хоорондоо тэмцэх явцад хоёр илдний дундаас гал гарчээ. Фуко Кантын адил мэдлэгийн нөхцлийг тодорхойлдог. Ялгаатай нь, Кант оюуны чадваруудаас эрэх бол Фуко Ницшегийн адил мэдлэгт үүсэл гэж үгүй, харин зохиогддог гэж үзнэ. Тэр учраас хүний оюуны чадвараас бус, түүхийн үйл явцаас мэдлэгийн нөхцлийг эрнэ.


Мишель Фуко

Фуко түүх судалдаг ч түүхч биш, философич. Түүний бүтээл түүхийг авч үздэг ч түүхийнх бус, философийнх. Нэгэнт мэдлэг цэвэр оюуны бүтээл байж чадахгүй хойно, хүчирхийлэл, ноёрхол, тодорхой тэмцлийн үр дүн гэж үзвэл философичид мэдлэгийн тал дээр [дандаа буруу] бараг л нэмэргүй болж таарна. Тэр учраас Фуко мэдлэгийн нөхцөл, үнэний түүхийг философиос бус, улс төр, хууль цааз, шүүх, эрүүгийн хуулийн практикаас эржээ. Энэ талбарт археологийн материал цуглуулж, генеалогийн судалгаа явуулжээ.

Одоо, Кант болон Ницше нарын шүүмжийн философийн ялгааг харж болохоор боллоо. Декарт оюун ухаанд гаднаас нөлөөлж төөрөгдөл үүсгэгч бие бод, мэдрэхүйг яллаж байсан бол Кант хэрэгтнийг гаднаас эрэхээ зогсож, оюун ухааны дотроос төөрөгдлийг хайв. Тийн оюун ухааныг оюун ухаанаар шүүмжилж үзүүлэв. Дүнд нь, цэвэр оюун ухаан алдаа зөрчлийг тогтоож, оюуны чадваруудын зохист хэрэглээг тодорхойлж, дотоод хуулийг боловсруулснаар юмс үзэгдлийг хуульчилна. Кантынхаар философич гэдэг үнэний хуулийг тогтоогч болно. Шүүмж гэдэг үнэн мэдлэг, жинхэнэ моралын нэрийн өмнөөс төөрөгдөл эндүүрлийг тонилгож, хууль журмыг сахиулахын нэр. Харин Ницше мэдлэгийн төөрөгдлийг бус, үнэн мэдлэгийг шүүмжлэв. Кант үнэний нэрийн өмнөөс хууль тогтоосон ч үнэнийг шүүмжилж зүрхлээгүй билээ. Байхад Ницшегийн тохиолд бодол оюун ухааны эсрэг бодож гардаг. Тэр учраас үнэнийг хамгаалах шүүхийн байгууллагын төлөөлөгч бус, генеалогич – Үнэний эсрэг хууль тогтоогч болно.


Жиль Делёз

Делёзынхаар хэл, Кант Төрийн механизм ﴾State apparatus﴿-ын доголдлыг тогтоож, ажиллагааг нь улам нарийвчилж, хүчийг нь үлэмж нэмэгдүүлж төвлөрүүлсэн бол Ницше өөдөөс нь дайны машин﴾war machine﴿ босгож довтолжээ. Шинэ хууль тогтоохын тулд Делёзын бичсэнээр Ницше утгат чанар﴾sense﴿ болон үнэт чанар﴾value﴿-ын ойлголтыг философид нэвтрүүлжээ. Эд бол түүний дайны машин. Өөрийнх нь үгээр бол философийн алх нь билээ. Үнэт чанарыг таамагласны үндсэн дээр аливаа зүйлийн үнэлгээг тогтоодог: Үнэт чанар юмсыг үнэлэх зарчим болдог. Кант үнэний үнэт чанарын нэрийн өмнөөс хууль тогтоож, юмсыг үнэлсэн. Тогтсон үнэт чанарыг зөвтгөх зорилгоор шүүмж өрнүүлсэн. Байхад Ницше зарчим болсон үнэт чанарын өөрийнх нь үнэлгээг тогтоосон. Үнэт чанар тэнгэрээс өгөгдөөгүй учир мөн л үнэлэмжээс бий болсон байж таарна: Тодорхой үнэлгээг таамаглах замаар үнэт чанар болж чадна. Тэр учраас Ницше үнэт чанарын үнэлгээг тогтоох аргаар үнэт чанарыг шүүмжилжээ. Үнэт чанарын зарчим болсон үнэлгээ нь түүний ялгавар элемент ﴾differential element﴿ болно. Энэ элементийг таамагласны үндсэн дээр үнэт чанар үнэлгээ тогтоож чадна. Генеалогич үнэт чанарыг тогтоож буй ялгавар элементийг гаргаж ирнэ. Энэ элемент үнэт чанарыг бүтээгч буюу – Ницшегийн алх ажгуу. Кантын шүүмжлэл хариу үйлдэлт ﴾reactive﴿ хамгаалалтын техник болно. Харин Ницшегийн хувьд шүүмж гэдэг идэвхт﴾active﴿ түрэмгийлэл мөн: Үнэт чанарыг шүүмжлэх замаар шинэ үнэт чанар бүтээхийн нэр. Молор-Эрдэнэ бол хууль тогтоогч бус. Тогтсон хуулийг хэрэгжүүлэгч. Тэр учраас философич биш. Үнэт чанарын үүднээс шүүмжлэх ч үнэт чанарынхаа үнэлгээг таамаглаж мэдэхгүй. Харин үнэт чанарыг туйлчлан авч үзнэ. Түүний үндсэн дээр боссон төсөөллийн Төрийг төлөөлдөг. Өөр үнэт чанарыг яагаад ч зөвшөөж чадахгүй. Молор-Эрдэнэ симболикын учрыг олдоггүй. Тиймдээ Жижекийн биеийн илэрхийлэмжийг дуурайж дөнгөх ч философийг нь ойлгож хүчрэхгүй. Зөвхөн бодот ﴾real﴿ хийгээд төсөөлөл ﴾imaginary﴿-ийн харьцаан дээр бодож чадна. Тэр загвараараа л Жижекийг ойлгож мэднэ. Ганц л уламжлалыг туйлчлан шүтнэ. Бусдыг нь төсөөллийн төөрөгдөл болгож харна. Ницшегийнхээр бол философи дах өтөлсөн эмэгтэйчүүдийн дүрийн төлөөлөл болно: Төсөөллийнх нь нөхөртэй бус, жинхэнэ эцэгтэйгээ адилхан байгаагийнх нь төлөө хүүхдээ буруутгана. Идеал эрээс нь өөр учраас л бүдүүлэг амьтан болж таарна. Бусдын хүүхдийг жинхэнэ бус, төөрөгдөл гэж шоолох хэрнээ өөрийнхөө хүүхдийг жинхэнэ байгаагийнх нь төлөө шүүмжилнэ. Философийн хөгшин эмэгтэйн дүрийг олон хүн “Шинэ хүн” мэтээр хардаг нь гайхмаар!.. Философи орчлон ертөнцийг үзэгдэх байдал ﴾appearance﴿ болон мөн чанар ﴾essence﴿-ын үүднээс удаан жил тайлбарлаж ирсэн. Тэр нь хүмүүсийн амьдралд ч илэрхийллээ олсон байдаг: “Би өөрөөрөө байж чадахгүй байна”, “Би өөрийнхөөрөө байдаг” гэх үгсээр эл метафизик эгэл түвшинд илэрдэг. Энэ асуудлаас болж жишээ нь, Сэлинжерийн зохиолын дүрс их зовдог: Өөрийнхөөрөө байж чадахгүй байгаадаа шаналахын зэрэгцээ өөрсдийнхөөрөө байхгүй байгаадаа баясах улсыг жигшиж суудаг: Хиймэл амьтад, дүр эсгэгчид! Харин Ницше үзэгдэл юм﴾phenomenon ﴿ болон утгат чанар﴾sense﴿-ын холбоогоор тайлбарладаг. Ертөнц хүч﴾force﴿-ний эрхшээлд оршдог. Аливаа объект тэр утгаараа хүчийг илэрхийлэх тэмдэг болно. Ямар ч юм үзэгдлийг хүч эзэмшдэг. Тэр учраас тухайн тэмдгийг ямар хүч эрхшээж байгаагаас утгат чанар нь тодорхойлогдоно. Хүчний өөрчлөлтөөр объектын утгат чанар хувирмуй: Объект гэдэг түүнийг эрхшээхээр тэмцэх хийгээд эзэлж ирсэн хүчнүүдийн үр дүн болно. Тиймдээ ямар ч тэмдэг олон утгат чанарыг илэрхийлнэ. Гэхдээ объект өөрөө хоосон мөн чанарт бус. Нэгэнт ертөнц хүчний мэдэлд орших хойно ямар ч тэмдэг хоосон байж чадахгүй. Тэгэхэд эрхшээж буй хүч тухайн тэмдгийн мөн чанар болно. Нөгөө талаар олон утгат чанараас тэмдгийг хамгаас гүнзгий эзэлсэн нь мөн чанар буюу. Ницшегийнхээр хүч гэдэг маск. Шинэ хүч объектыг эзлэхээр довтлохдоо үргэлж мөн тэмдгийг эрхшээж буй хүчний масктай гарч ирнэ. Үгүй аваас амьд үлдэж чадахгүй. Тийн эзэлж авсны дараа уг маскыг хаяж өөрийн хүчийг тунхагладаг юм биш. Харин маскад шинэ утгат чанар оноодог. Ингэхлээр ширхэг объект тогтмол хоёр хүчний ноёрхох, захирагдах харилцаан дээр явна [Урьдаар ноёрхож асан хүчийг шинэ хүч ноёрхох буюу хуучин хүч нь шинийг эрхшээнэ. Харин хоёр хүч нэг цул болж чадахгүй. Нэг хүч нөгөөгөөсөө ялгавар элементээр ондоошино]. Тэр учраас хүч дангаараа оршдоггүй: Ганц хүч гал болохгүй. Ганцаараа хүч байж тэнцэхгүй. Ницшегийн байгалийн философийн зарчим нь энэ буюу. Маск гэдэг жинхэнэ мөн чанар болно. Мөн чанарт Ницшегийн оноосон шинэ утгат чанар тэр буюу. Маскны цаана юу ч үгүй. Зөвхөн тухайн маскад оноох хүчний утгат чанар оршино. Ницше багадаа Христийг эрхэмлэдэг байсан. Залуудаа Шопенгауэрыг хүндэлдэг – Түүний шавь явсан. Харин насанд хүрээд өөрийнхөө эцэг болохоо тунхагласан: Жинхэнэ хүчээ харуулсан.

Психоаналитакчид эцэг эхийн талаарх улигт асуултаа тавьж ахуйд Арто ижил хариултыг хэлсэн: Би өөрийнхөө эцэг. Үүнийг хоосон хийрхэл-галзуурал гэж болох. Начиртаа Ницшегийн генеалогийн арга зүй: Юу ч тэр болж гүйцээд, насанд хүрсэн хойноо жинхэнэ хүч-утгат чанараа дэлгэдэг. Хоёр хүчний тулааны ноёрхогч хүч нь түүний мөн чанар буюу. Тэр мөн чанараа хадгалсаар үлдэнэ гэж бас найдах хэрэггүй. Тэгэхээр жишээ нь, хүүхдийн эцгийг багад нь юм уу, хүүхэд бүрэлдэж эхэлсэн хугацаанд хэнтэй ойртсоноор нь тодорхойлох боломжгүй. Харин эцэг нь гэдэгтээ эргэлзэж буй нэгэн өсгөж хүмүүжүүлснийхээ дараа, насанд хүрсэн хойно нь өөрийнхөө хүүхэд эсэхийг тогтоох учиртай. Эргээд хүч мөн тэмдэг болно. Ямар хүч эрхшээж байгаагаас утгат чанар нь тодорхойлогдоно: Атом гэдэг хүчний утгат чанар байж чадна. Харин Ницше хүчинд шинэ утгат чанар оноосон бий: “Will”, түүний ялгавар элемент нь “Will to power”. Нэг хүслийг нөгөөгөөс нь ялгавар элементээр нь танина. Нэг хүсэл дангаараа хүсэл байж чадахгүй. Тэр учраас захирах болон захирагдах хүсэл үргэлж зэрэгцэн оршино. Ницшегийн шүүмжлэл эл хоёр хүсэл дээр тогтдог. Одоо бид цааш явж чадахаар боллоо.

II

Кант өгөгдмөл юм﴾datum﴿ болон баримт ﴾factum ﴿ гэсэн хоёр зүйлийг ялгаж үзсэн байдаг. Делёз уран зургийн бүтэх явцыг гурван үе шатаар тайлбарласан бий. Эхнийх нь, зураач өгөгдмөл-модел дээр ажилладаг. Удаах нь, зураач өгөгдсөн зүйлийг диаграммаар устгаж таардаг. Эцэст нь, өгөгдмөл эдийг устгах замаар уран зургийн баримт﴾pictorial fact﴿-ыг тэмдэглэж﴾record﴿ үлддэг. Түүнийхээр datum гэдэг улигт эд﴾clichй ﴿ болно. Уран бүтээлч улиг домгийн ертөнцийн эсрэг тэмцдэг. Бид улиг болсон юмсын дунд амьдардаг. Түүнийг тольдох олон зураач байдаг. Тэд уран сайхан﴾figurative﴿, өгүүлэмж﴾narrative﴿-ийг эрхэмлэдэг. Гэсэн ч уран зургийн баримтад хүрч чаддаггүй. Тэр учраас урлагийн улигт ертөнцөд үлддэг. Модел бол clichй.

Зураач үүний эсрэг байдаг бүхнээрээ тулалддаг. Эцэст нь, жишээ нь, Сезанн алимны уран зургийн баримтыг л тэмдэглэж сурчээ. Тэр учраас эмэгтэйчүүдийг алим шиг зурдаг. Эхнэр нь зарим талаараа алим шиг бүсгүй. Тиймдээ эхнэрийнхээ хөргийг гарамгай зурдаг. Судрын хэл бол datum болохоос factum биш. Уран бүтээлийг захирахаар санаархах трансцендент хэл гэдэг clichй, улиг домгийн ертөнц болохоос зохиолчийн хэл биш л дээ. Уран бүтээлч тэр нөхцлөөс гарах ёстой – Энэ бол этикийн асуудал [Спиноза-Ницшегийн этик моралын эсрэг явдаг. Тийм болохоор л хүмүүс Фукогийн моралгүйг гайхдаг. Учир нь түүнд этик бий]. Бид улиг домгийн ертөнцөд амьдардаг. Тагтаагийн шилдгүүд тэр тухай өгүүлдэг: Хүний дотор бурхан, чөтгөр хоёр зэрэгцэн оршиж байдаг. Чөтгөрт тал өгснөөр буруудаж, шийтгэлээ хүртдэг – Моралын сургамжийг туурвина. Үгүй бол галзуу гэгдэх улсын талаарх улигт санааг судрын домогт хэлээр шивнэнэ. Тэгээд дахиад морал: “тэнэг” киноны үгсийг давтан баясах улсыг үзэн гайхаж, Галсансүхийн номыг шатааж, уншигчийг цохиж унагаах цаг үеийг зөгнөнө. Нэмдэг нь, гүн ухаан гэгдэх “гэнэн” сэтгэгдэл, сатори царайлж хөвөрнө. Дараах нь, хүн чанарын талаарх нулимс нэхсэн цайлган үлгэр. Арга ядахдаа хүн чанарыг бэлгийн дур хүсэлтэй хутгаж, нисдэггүй шувууг түүний объект болгон тоглуулж, нэгний дурыг хангаж чадна гэж итгэжээ. Хүн чанар хэзээ ч хүний асуудал байгаагүй [false problem]. Хэлэх санаагүй нэгнийг ховсдох clichй, хялбар юманд автагсадыг агнах хавх л. Олигтой бүтээл ирээгүй учир эднийг шалгаруулсан байж болох. Тэгж үзвэл, энэ уралдаан буяны үйл [реклам] биш байсан бол ганц бүтээл ﴾Үлдэн хоцрогсод﴿-ийг шалгаруулж, үлдсэн зургаан байрыг нь хоосон орхиж болох байсан. Буяны үйл биш гэвэл, шалгалт﴾examination﴿ байж таарна. Нэг янзын нормыг таамагласны үндсэн дээр ажиллана: Трансцендент хэлнээ нийцэх, тодорхой doxa, улиг домгоор амьсгалах, амьдралын datum, бэлэн бүтээгдэхүүнийг илэрхийлэх улсыг “авьяас”, “мэдрэмж”-тэйд тэнцүүлэх. Авьяас гэдэг баримт﴾fact﴿ бус, тайлбар ﴾interpretation﴿. Гагцхүү ямар хүч﴾force﴿-ний тайлбар, symptom байж болох? 20-р зууны Монгол уран зохиол улиг болсон иргэдийн талаарх хэв шинжит дүрсийг зурах бол өнөө ерөнхий санаа, нийтийн сэтгэгдэл, домгийн ертөнцийг бадруулж ярина. Ойлголт гэдэг хэсэг бүлэг зүйлсийг гол шинжээр нь багцалж ерөнхийлдөг. Ойлголтыг ерөнхийллийн хэв журмаар тодорхойлдог. Хэд хэдэн зүйлийг дүрслэх ерөнхийллийг ойлголт гэнэ. Тэр учраас ойлголтоор цор ганц тохиолыг таньж тогтоох боломжгүй: Хүн бол ойлголт, харин Цейзар бол биш. Ерөнхийлсөн ойлголт﴾generality﴿ цор ганц тохиолдол﴾singularity﴿-ыг хэрэгсэж мэдэхгүй. Оньсого гэдэг юмсыг шинж тэмдгээр нь тодорхойлж таалгадаг. Тэр нь олон юм дээр таарч тохирдог. Тэр учраас хариулт нь ерөнхийг агуулсан хэд хэдэн зүйл байж болдог. Монгол уран зохиол, Тагтаагийн шилдгүүд ерөнхий ойлголт, оньсого хоёрын дундуур хүүрнэнэ. Цор ганц тохиол үргэлж ерөнхийлөл, түүний илрэл болсон тусгай﴾particular﴿-н эсрэг явдаг. Тухайлсан юмны нэг хэв﴾regular﴿-ийн хэв журмаас гадуур өрнөдөг. Уран зохиол ерөнхий юмыг тусгай жишээгээр нэг хэвийн нөхцөл дор өгүүлдэггүй. Харин аливаа юмны нүдэнд үл үзэгдэх цор ганц чанарыг ялгаж тавьдаг. Цор ганц тохиол гэдгээр бодгалийн хувь томъёолол-илэрхийллийг хэлсэн юм биш. Бид бодгальд итгэдэггүй: Бодгаль гэдэг datum, clichй, ерөнхийллийн илрэл болно. Харин нийтийн угсралт﴾collective assemblage﴿-ын томъёолол﴾enunciation﴿ байж таарна: Нийтийн чимээгүй томъёоллын Цор ганц илэрхийллүүд болно. Тэр учраас цор ганц тохиолууд ерөнхийлөлтэй бус, юниверсалтай холбогддог: Үргэлж Дуугүй нийтийн Дуу хоолойг илэрхийлдэг. Уламжлалт философи being болон becoming хоёрыг эсрэгцүүлж тавьдаг. Ахуй﴾being﴿ гэдэг юмсын үндэс суурь болдог: Тогтмол-тэнцвэрт Юм. Болох явц﴾becoming﴿ гэдэг тэрхэн зуурын төөрөгдөл: Ахуйн алдаа-нүгэл болдог. Юмс тэнцвэрийг тогтоох цэгүүдийг байгуулдаг. Болох явц аль ч цэгт харьяалагддаггүй. Хоёр цэг рүү зэрэг давших ч аль ч цэг дээр буудаггүй. Плато юм болгонд даган дуурайх учиртай трансцендент Загвар﴾Model ﴿ бий гэж үздэг. Эл загварт жинхэнэ хувилбар﴾copy﴿ болон дүр эсгэгч﴾simulacrum ﴿ нар байдаг. Тэр дүр эсгэгчийг Плато becoming гэнэ. Энэ болох явц Делёзынхаар Платогийн философиос гарах зам болдог. Учир нь дүр эсгээч Загвар болон түүний хувилбар тийш зэрэг довтолдог: Жинхэнэ хувилбар хийгээд эх Загвар болохоор нэг дор санаархдаг. Өөрийнхөө эх загвар болоод хувилбар хэрнээ аль нь ч биш зүйлийг becoming хэмээнэ. Делёзынхаар being гэдэг becoming. Болох явц зөвхөн нэг чигт төвлөрөх Зохист утгыг үгүй хийдэг, нэг талаараа. Нөгөөтэйгөөр цэгүүдийн байгуулсан Нийтлэг ойлголтыг нураадаг. Зохиол гэдэг becoming. Болох явц хэлний байгууламжийг задлаж, шинэ хэл бүтээдэг: Эх хэлний дотор Харь хэлийг байгуулдаг. Бартлбийн “I would prefer not to” – Англи хэлний хамаг зохист илэрхийлэл, олон дундын хэрэглээний хувилбар бус, хэлзүйн хязгаар нь. Уран бүтээл хэлийг хязгаарт нь авчирдаг. Тийн нэг хэлний дунд Нөгөө хэлийг цогцлоодог. Уран бүтээл гэдэг хүний амьдралын тухай өгүүлдэггүй. Амьдрал хийгээд уран зохиол гэсэн хоёр зүгт зэрэг хөдөлдөг. Тэр учраас уран бүтээл гэдэг уран зохиол биш – Болох явц. Өөрөөр хэл, paradox. Тагтаа хэвлэлийн газар амьдралын datum, домгийн ертөнцийн Үнэт чанараар уран бүтээлийн factum, болох явцад үнэлгээ тогтоожээ. Тэр учраас doxa, ерөнхий сэтгэгдлүүдийг өндөрт үнэлжээ. Үүнд хоёр шалтгаан байж болох. Нэгт, Монгол уран зохиол философи ойлгодоггүй. Тэднийхээр философи гэдэг гүн ухаан: Аливаа зүйлийн талаар гүнээр эргэцүүлэхийг хэлдэг. Жишээ нь, үхэл. Тэр учраас тэдний хувьд философи гэж байдаггүй: Бүх юмны талаар зүгээр л гүнзгий тунгаахыг философи гэх юм бол философи гэсэн салбар тусдаа байх шаардлагагүй. Ийн үзсэнээрээ тэд философийг үгүйсгэдэг. Дүнд нь, хэвлэгдсэн ном болгонд сэтгэгдэл бичиж суудаг улс философичийн нэрийг тэмдэг нэр болгон ашигладаг. Зохиол бүтээлээс нь тасалсан үг, өгүүлбэрт өөрсдийн уянгын сэтгэгдлийг чихэж орхидог. Нөгөө бол, философичийн талаарх нийтэд түгсэн ойлголтыг баримталдаг – Clichй, clichй. Өөрөөр хэл, идеалогийг нь шүүрч авдаг. Түгээмэл тэр ойлголт хийгээд философичийн бүтээсэн ойлголт хоёрын дунд үүсэх орон зайгаар тэдний идеалоги тодорхойлогдоно. Тэр учраас социализмын үеийн зохиолчид хийгээд модернист гэгдэх улсын ярьдаг юм нь баахан ижил – Ялгаагүй сэтгэгдэл ﴾opinion﴿ байдаг. Хоёр дах шалтгааныг нь Ницше хэлж өгөх. Одоо, бид Ницше дээр буцаж ирлээ. Монгол уран зохиол бүхнийг конформизмоор тэгшитгэдэг болохыг харлаа. Тэр үнэт чанарынх нь үнэлгээг тогтооцгооё. Монгол уран зохиолыг эрхшээж буй хүчийг олохгүйгээр утгат чанарыг нь мэдэх боломжгүй. Тэрийг мэдэхгүйгээр үнэт чанарынх нь үнэлгээг тогтоож чадахгүй. Хүч дангаараа оршдоггүй. Хоёр хүч тоо хэмжээ﴾quantity﴿-ний хувьд тэнцүү байдаггүй. Гэсэн ч хүчийг тоолж хэмжиж ялгах боломжгүй. Харин тоо хэмжээг шинж чанар﴾quality﴿-аар нь ялгана. Үүнийг ялгарамж гэе. Захирагч хүчний тоо хэмжээн ялгааг илэрхийлэх шинжийг идэвхт﴾active﴿ гэх бол захирагдагч хүчний тоо хэмжээн ялгарамжийг хариу үйлдэлт﴾reactive﴿ гэнэ. Захирагдагч хүч нь захирагч хүчээс дутуу бус, гагцхүү шинж чанарын хувьд ялгаатай. Тэр учраас захирагдагч хүч хариу үйлдэх чанараа алдахгүйгээр захирагч хүчийг ноёрхож чадна. Тийн ноёрхогч болсон хариу үйлдэлт хүч яваандаа идэвхт захирагч хүч болж хувирдаг эсэх дээр Хегел, Ницше нар өөр хариу хэлдэг. Сократ, Плато, Хегел аугаа их диалектик сэтгэгчид чадна гэж үздэг. Хегелийнхээр хүний түүх гэдэг хариу үйлдэлт хүчний идэвхт болж хөгжсөн хувьсал болж таардаг. Харин Ницше хариу үйлдэлт хүчний нүдээр ертөнцийг хардагт нь философичдыг жигшдэг. Үүнд Сократыг буруутгадаг. Уг асуултад Ницшегийн хариуг хэлэхийн өмнө хоёр хүчний шинж чанарыг тоочвол зохино. Хариу үйлдэлт хүчнээс эхлэе. 1﴿ Дасан зохицож хязгаарлах хүчин. 2 ﴿ Идэвхт хүчийг үгүйсгэж, хийж чадах, хийж мэдэх үйлээс нь тусгаарлан салгагч. 3﴿ Хийж чадах, хийж болох үйл чадлаасаа таслагдан өөрийн хүчийг үгүйсгэх болсон идэвхт хүч. Харин идэвхт хүч болбаас 1﴿ Захиран эрхшээгч хүчин. 2﴿ Хүч чадлынхаа хязгаарт тултал үйлдэгч. 3﴿ Өөрийн ялгааг баталж, ялгаатайгаар үйлдэж, түүнийгээ баяр бахдал болгон бүтээгч хүч. Эндүүрлийг арилгах нь, Ницшегийн захирагдагч, хариу үйлдэлт хүч, түүнийг төлөөлөх сул дорой улс, боолууд гэдэг хүч чадлаар бага нь бус, хэчнээн хүчтэй байгаад ч түүнийгээ хязгаарлан хориглодог нь. Харин захирагч, идэвхт хүч, түүнийг төлөөлөх мастер гэдэг хамгаас хүчтэй нь бус, өчүүхэн хүчийг тээж асан ч түүнийхээ хязгаарт хүртэл явдаг нь. Захирагдагч хүч идэвхт болж хөгжсөнөөр бус, эсрэгээрээ идэвхт хүчийг хийж чадах зүйл, явж мэдэх замаас нь тусгаарлан салгах замаар өөртөө ижилсүүлэн хариу үйлдэлт болгон хувааж ноёрхдог. Ницшегийн хувьд өрнийн түүх гэдэг Хегелийн адил хариу үйлдэлт хүчний ялалт мөн. Гагцхүү боол ялалт байгуулсан ч мастер болж хөгжсөн бус, боол чигтээ үлджээ. Энэ бүхэн Сократаас эхэлж. Сократ амьдрал, мэдлэг хоёрыг эсрэгцүүлж тавив. Мэдлэгийг амьдралд ашиглах хэрэгсэл бус, зорилго, амьдралын шүүгч болгон томилов. Мэдлэг амьдралыг хэмжиж, хязгаарлан хэлбэр оноодог болов. Сократ амьдрал мэдлэгт үйлчлэх учиртайг тунхаглажээ. Түүнийх нь төлөө Ницше Сократыг буруутгасан юм биш. Харин бодлыг амьдралд үйлчилдэг болгосных нь төлөө хилэгнэжээ: Амьдралыг рационал мэдлэгт зохируулж, түүгээр хэлбэржсэн ухамсарт бодлыг захируулж өгчээ. Бодно гэдэг рационал амьдралд нийцэх мэдлэгийг олж авахын нэр болж хувирчээ [Дүнд нь, өрнийн хүн өөрийнхөөсөө өөр амьдралыг хүлээн зөвшөөж чадахаа байжээ. Бид капитализмд ашиг болох ухамсарт иргэдэд хувирч, бодол бизнес эрхлэгчдэд үйлчлэх болжээ]. Харин Ницшегийн хувьд амьдрал бодолд үйлчлэх учиртай: Амьдрал бодлын идэвх хүч байх ёстой [Ондоон амьдралын талаарх бодлыг бүтээгч буюу]. Бодол амьдралыг байж болох хязгаарт нь дуудаж, амьдрал түүнд зориулагдах ёстой. Тэгэхээр бодно гэдэг амьдрах шинэ хэлбэр бүтээхийн нэр. Амьдрал мэдлэгийн тогтоож өгсөн хязгаарыг давж, бодол амьдралын цогцлоосон хүрээг гэтэлнэ. Бодол рационал явахаа зогсож, амьдрал хариу үйлдэхээ орхино. Амьдрал бодлыг зөвхөн мэдэгч нөхцлөөс нь суллан идэвхжүүлж, бодол амьдралыг захирагдагч байр суудлаас нь мулталж, батлагч, ялгаа зохиогч, түүнээсээ баяр баясал хүртэгч болгоно. Философич гэдэг яаж амьдрахыг номлон зааварлагч бус, амьдрал ямар байж болохыг батлан харуулагч болно. Түүний адил Монгол уран зохиол текстийг трансцендент хэл, морал хууль, ижилслийн зарчимд захирагдахыг шаардана - Хэчнээн захирагдана тэр хэрээрээ мастер тэмдэглэгч﴾master signifier﴿, статус, алдар нэр хүртэж ноёрхоно гэж мэд. Текст ямар байж болох талаар бодохын оронд ямар байх ёстойг номлоно. Тэр учраас текст юу хийж чадахыг мэдэхгүй л. Хариу үйлдэлт хүч Монгол уран зохиолыг ижилслийн зарчимд захируулан ноёрхлоо тогтоожээ. Энэ уран зохиолыг захирагдагч хүчин эрхшээжээ. Харин үнэт чанарынх нь үнэлгээг тогтоохын тулд хүчний шинж чанарыг бүрдүүлэх элементийг авч үзэх учиртай. Идэвхт болон хариу үйлдэлт гэсэн хоёр ялгарамжаас шинж чанар нь бүтэх бол тэдний эх сурвалж нь ялгавар элемент﴾differential element﴿ болно. Түүнийг Ницше will to power хэмээжээ. Хүчнүүдийн ялгааг тогтоох шинж чанарыг тодорхойлох зарчим болсон will to power өөртөө мөн ялгаа бүхий шинжийг агуулна. Идэвхт болон хариу үйлдэлт шинж хүчний ялгарамжийг заах бол баталсан﴾affirmative﴿, үгүйсгэсэн﴾negative﴿ шинж нь ялгавар элементийн шинж чанарыг илэрхийлнэ. Үйлдэл болон хариу үйлдэл хүчийг илэрхийлэх бол батлал, үгүйсгэл will to power, ялгавар элементийг өгүүлнэ. Үйл﴾action﴿ болон баталгаа﴾affirmation﴿, хариу үйлдэл﴾reaction﴿ хийгээд үгүйсгэл﴾negation﴿-ийн дунд гүн бат холбоо бий: Үйл болгон өөрийгөө баталдаг бол хариу үйлдэл болгон үгүйсгэлийг тээж явдаг. Үйл болоод хариу үйлдэл нь баталж, үгүйсгэж байдаг will to power, ялгавар элементийн хэрэгсэл болно. хүчний ялгарамжийг бүтээгч нь ялгавар элементийн шинж чанар буюу. Монгол уран зохиолыг ноёрхох хүчний ялгавар элемент нь will to Negation, үгүйсгэх хүсэл: Ямарваа идэвхт үйлийг үгүйсгэж, аливаа ялгааг үл тэвчих. Энэ хүсэл үргэлж захирагдахыг хүснэ. Тэр учраас ижилслийн зарчим бүтээж, түүнд дуулгавартай хандах замаар бүхий л ялгааг алга хийж авахыг хүснэ. Ухамсар үргэлж захирагдахыг хүсдэг. Ухамсар бол хариу үйлдэлт хүч – Тогтсон үнэт чанарт захирагдах нөхцлөөр бүхнийг шүүж ноёрхох гэнэ. Харин идэвхт хүчийг тодорхойлоход бэрх. Ухамраас ямагт зугтааж байдаг. Учир нь захирагч хүч гэдэг ухамсаргүй л [Фройдын ухамсаргүй лав биш. Тэгж хэлж болдог бол, Ницшегийн ухамсаргүй]. Монгол уран зохиолын Э го﴾collective Ego or Super Ego﴿ хэмээх захирагдагч хүч нэгнийг хариу үйлдэгч болгож, “авьяас”-тай субъектэд тэнцэж, түүнд зохирох “мэдрэмж”-тэй текст буулгахаас өөр хүчийг хязгаарлана. Ницшегийнхээр хаа сайгүй хариу үйлдэлт хүч ялж, хүн тэр хүчний ялалтаас тогтдог болжээ. Идэвхт хүчинд энэ ноёрхлыг дийлэх чадал бий болов уу? Эсвэл хүн угаасаа хариу үйлдэлт хүчний ялалтын бүтээл үү? Энэ хүч will to Nothingness, Үгүйсгэлтэй яаж хамсаж, хэр хоршиж байгаагаараа өвөр зууртаа ялгарна: Нэг нь, захирагдахын сацуу эсэргүүцнэ. Нөгөө нь, идэвхт хүчийг хийж чадах зүйлээс нь тусгаарлана. Гурав дах нь, идэвхт хүчийг хариу үйлдэлт хүч болгоно. Дөрөв дэх нь, идэвхт байгаад хариу үйлдэлт болсон хүч. Өөрийнхөө эсрэг эргэсэн энэ хүч хүнийг хүч чадлаас нь салгахад оролцохын сацуу сонирхолтой, магадгүй балмад ондоон эрх хүчийг оноодог: Хариу үйлдэн хязгаарлаж, дасан зохицох хүчийг бус, устгал, өөрийн сүйрлийг эрэх. Энэ устгалд хариу үйлдэлт хүчис ч үгүйсгэгдэж, оргүй хоосонд татагдана. Үүнийг хариу үйлдэлт хүчний идэвхт устгал гэж болох. Өөрийгөө үгүйсгэж устгах замаар хариу үйлдэлт хүч идэвхт болъюу. Өөртөө буй хариу үйлдэлт хүчийг устгах нэгний идэвхт үйл – хүнд баяр хөөрийн шинэ мэдрэмжийг өгсү.

Антонин Арто

Антонин Артогийн харгислал, Францис Баконы хүчирхийллийг үүгээр тайлбарлаж болох: Тэд хүний бие дэх хариу үйлдэлт хүчний ялалтын сүйрлийг тэмдэглэдэг. Бид урлагийг үргэлж үзэгчийн нүдээр, тогтсон үнэлэмжээр шүүдгийг туурвигчийн үзлээр хүчирхийлэн харгисаар довтолжээ. Тэд үгүйсгэлд батлах хүчийг оноож, устгалыг туурвил болгон тавьжээ. “Power”-г тогтсон үнэт чанараас чөлөөлж, “Will”-д бүтээх хүслийг өгчээ. Товчит хэл, идэвхт байгаад хариу үйлдэлт болсон хүчний “галзуурал”-аар захирагч хүчин дахин ноёрхмуй: Трансцендент хэлний шүүлтийн системийн эсрэг харгислалын систем давшмуй! Монгол уран зохиол, Молор-Эрдэнэ нар ялгаагүй ижилслийн зарчмыг баримталдаг. Гагцхүү нэг нь, философийн эмгэдийн төсөөллийн улсад зүтгэх бол нөгөө нь трансцендент өвгөдийн хэлээр ярих улсыг зохиолчоор дэвшүүлнэ. Төрийн аппаратны хоёр хэлбэрийг төлөөлнө. Соёлын түвшинд нэг нь нөгөөгөө халахаар тэмцэх ч жинхэнэ дайсагнагч талууд байж чадахгүй. Тэрчлэн дарлагч, дарлагдагч хоёрын дунд жинхэнэ тулаан өрнөхгүй. Учир нь Ницшегийн хувьд тэмцэл үнэт чанарыг бүтээх үйл байж чаддаггүй. Хэзээд идэвхт хүчийг илэрхийлдэггүй. Харин сул дорой нь хүчтэйгээ олны тоогоор ноёрхох хэрэгсэл болно. Тэр утгаараа тогтсон үнэт чанарыг тэмцлийн хүчээр булаан авах оролдлого буюу. Түүний адил уран зохиолын дайсан бол массын гэгдэх уран зохиол бус [false problem]. Монгол уран зохиол жинхэнэ дайснаа таньж байгаагүй. Тэр учраас массын уран зохиолыг “зад” шүүмжилж бахаа хангадаг [pseudo activism]. Төрийн аппаратад багтаж ордоггүй хүчин жинхэнэ дайсан нь болно. Түүнийг дайны машин﴾war machine﴿ гэнэ. Эртний нийгмүүдийн удаан жилийн хөгжил хувьслын аясаар улс төрийн санаа шашин хийгээд ураг төрлийн холбооны асуудлаас ялгарч ирснээр, эдийн засгийн боломж хийгээд бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр Төрт улс бий болсон гэдэг. Тийн тайлах хувьслын онолыг далд хийгээд харвал эртний нийгмүүд эсрэгээрээ Төрийн бүрэлдэх нөхцлийг алга хийсэн механизмаар ажилладаг байсан байж болох. Эзлэн түрэмгийлэх дайн ч Төрийн үүслийн тайлбар болж чадахгүй. Учир нь дайны машин дандаа виртуал төрийн бүрэлдэх нөхцлийг үгүй хийж, жинхэнэ төрийг устгаж таардаг. Тэр учраас дайны машин төрөөс үүдсэн байх тун магадлалгүй. Тэр чинь төрийн цэрэг армийн байгууллага яг ч биш. Мөн тэдгээр нийгмийн зохион байгуулалт Төрд хүртлээ бүдүүн бараг явсан мэтэд үзэж таарахгүй. Магадгүй эртний нийгмүүд болон Төрт нийгмийн дунд залгамж үл орших, харин тасалдал байж мэдэх. Тэрчлэн Төрийн үүслийн тогтсон хугацаа эртний нийгмүүдийн хөгжлийг хүлээж завдаагүй мэт хувьслын онолчдын таамгаас урагшаа давшсаар байх. Тэр учраас Төрт улс тэдгээр нийгэмтэй зэрэгцэн оршсоор байсан болж таарах. Өнөө дайны машин төрөөс бие тусдаа биш ч Гадны хүчин болж оршсоор байна. Гадны хүч гэдгээр өвгөдийн төрийг мухар сүсэглэгчид хэмээн элэглэх эмгэдийн төрийн явуулгыг хэлсэн юм биш. Харин аль ч төрийн дотогш үл шингэх, өөртөө ч гадаа орших дотор үгүй хүч. Түүнийг бид хайж таарахгүй газруудаас олж таардаг. Жишээ нь, хайр гэдэг ижилслийн зарчим [One]-ын эсрэг довтолж, Хоёр [Two]-ын хязгааргүй ялгаа [difference]-н дээр тогтдог. Бид Монгол уран зохиолын агуулгын комформизмыг л шүүмжилсэн юм биш. Харин бодлын дүр зураг, бодох хэлбэр, бодол дах Төрийн аппаратны эсрэг дайны машиныг босгосон хэрэг. Дайны машин гэдэг бодлын ондоон дүр зураг бус, тогтсон дүр зургийн хүчирхийлэл, харгислалын систем болно. Тэр даруйдаа бид хоёр үгүйсгэлийг сонсож таарна. Эхнийх нь, “Эд чинь чамайг бодвол алдар нэртэй улс” гэнэ. Тэд бол феодалын үеийн шүүхийн арга техникийг амьдрал дээр хэрэглэгчид мөн. Эл шүүх Грекийнхээс ялгаатай нь үнэнийг эрдэггүй. Хэн нь хүч чадал, эд хөрөнгөтэйг тогтоодог: Хүн амины хэрэгт буруутгагдсан нэгний гэмгүйг батлах хүчин зүйл нь хэргийн газар байгаагүйг гэрчлэх улс биш, нийгэмд хэр үнэ цэнтэй болохыг нь тодорхойлогчид болж таардаг.

Тийнхүү алдар нэрийг нь өргөмжлөх аргаар хэрэгт холбогдолгүйг нь тогтоодог. Удаах нь, “Өөрөө шалгарч чадаагүй болохоор өширхөж байна” гэж мэднэ. Кант хариу үйлдэлт шүүмжийг хязгаарт нь хүргэсэн бол Ницше шүүмжид шинэ хүч оноосон бий. Шүүмж гэдэг түүнийхээр resentment бус, түрэмгийлэл﴾aggression﴿. Хамгаалалтын техник биш, шинэ үнэт чанарыг бүтээх идэвхт үйл болно. Делёзынхаар философич гэдэг уянгын дууч шувуухай бус, харин мангас-ойлголт бүтээж, түүгээрээ хашгирч байдаг нэгэн. Ницшегийн тохиолд ташигнасан инээдэм. Тэр наадам нь харгис, бүдүүлэг, соёлт улсын хувьд хэтийтсэн хүчирхийлэл болж таардаг. Бид Ницшетэй хамт инээхгүй байж чадахгүй. Түүний түрэмгий-ойлголт инээдээ барьж дийлэхгүй.

Ц.Энх-Од

Түр хүлээнэ үү...
Top