Г.Хашбаатар: Хайчин гарт Эдуарт эсвэл...
2019-05-13 631

Уншигчиддаа залуу яруу найрагч Гантөмөрийн Хашбаатарын шинэхэн шүлгүүдээс хүргэж байна. Ноднин, 2018 онд "Эртний улирлын түүх" шүлгийн анхны түүвэр нь олноо хүрсэн залуу найрагчийн жиг сонин сэтгэлгээтэй, чөлөөт ур маягтай шүлгүүд яруу найргийг ойлгож таашаах өөр нэг харааг танд нээнэ гэдэгт итгэж байна. Сэлэнгэ аймгийн шаамар суманд төрж, Утга Зохиол, Нийгмийн Ажилтаны Дээд Сургуулийг дүүргэсэн тэрээр уран зохиолын Хас-Дорно бүлгэмийн гишүүн юм. 

Залуу уран бүтээлчдийг ямагт дэмжин ажилладаг манай хамт олон цаашид ч олон авьяаслаг залуусын уран бүтээлийг та бүхэнд хүргэж, тэднийг уншигчидтай холбох гүүр байх болно. Та ч бас бидэнд бүтээлээ илгээж болно шүү дээ.

Хайчин гарт Эдуарт эсвэл...

Зүлэг засагчийн мохсон хайч
Газар хатган унажээ.
Зүүд хүртэл ёворч хатгах хүйтэн орон дээрээ
Таазнаас дуслах усны хахир чимээнд дасан
Тэр хэвтэнэ.

Ус буцлахад амь нь егүүтгэгдэх дүрдэг цай
Хайрцагандаа унтаж байхтай зэрэгцээд
Байшиндаа, аадар цутгахыг хүлээн
Тэр хэвтэнэ.

Зүүд засагчийн гал нь бөхсөн нүд
Ор нэгжин унажээ.
Зүлэг хүртэл хэдхэн алхам дутуу байхад
Гэнэт сэрчихсэн тэр
Ус буцалж дуусаад хөрчихсөн байхыг хараад
Хамгийн ойрын уушийн газар луу
Халуун юм уухаар гарч одлоо.

 

*** 

Хугархай мөчрийн хонхорт борооны ус тогтоно
Хулгайн модчид түүний дэргэдүүр сохор байг
Хаашаа ч хүргэж мэдэх ойн салаа замууд
Хайрлаж сураагүй, төөрсөн хүүг л гэрт нь хүргэнэ.
Худал, үнэн, заль мэх ч үгүй энэ шугуйд
Хугархай мөчрийн хонхорт
Хүний нулимс ч тогтоно.

 

***

Дуулах хүүгийн хоосон малгай усаар дүүрсний дараа л
Дуугай тэнгэр уйтгарт гивлүүрээ сөхнө
Хүү явна.

Навчис хүн төрлийг олохоор дээрээс нь өндийхөд
Нуруу нь амрах модон сандлын
Хэдэн хөлийг сүлжих салхинаа
Хөөрхий хүүгийн малгай хийснэ.

Хожмоо би
Нэгэн дэлгүүрийн үүдний хашаанд өлгөгдсөн
Нөгөөх малгай цасанд дарагдсныг олж харсан сан
Саравчин дээрх бичиг нь цастай хамт дусалж
Сураг алдарсан эзнийхээ араас урсах шиг болсон доо.

***

Төмрийн дархан өвгөний
Түлэнхий, цоорхой хормогч
Царай төрх нь түүн лугаа
Цаг бусад эзлэгджээ.

Уллайссан төмөр нэг л тайвнаар
Далайсан алхыг нь хүлээнэ
Удтал гараа дээр барьснаа
Алдах мэт буулгана.

Сайн чанарын ХАВХ
Сүүлчийнх нь урлал юм
Өнө удахааргүй болсон тэр
Үүдэндээ үхлийг барихаар зэхнэ.

*** 

Үзэмж гоо хад байснаа хааяа бодох
Үзэсгэлэнт бүсгүйн баримал
Өөр лүү нь шидсэн чулуу биен дээр нь
Үйрч бутрах бүрт уйлна.
Нэг л өдөр тэр агаарын хүндийг даалгүй
Нэн таатайгаар хад болохоор цуурна.

*** 

Мануухай
Чи шинэ дуу зохиогоо юу?
Мартагддаг, бүх зүйл үгүй болдог.
Маргааш чиний дууг хэн ч санахгүй
Утас ээрэгч эмгэн
Уйтгар гунигийг зүүний үзүүрт хатгачихаад
Ноорхой энэ хувцсыг чинь
Насаараа өмсөг гэж урлаа юу даа
Ингэхэд, гэргийгээ
Энэ олон жилийн хойно
Ирнэ гэдэгт итгэсээр байна уу?

Түр хүлээнэ үү...
Top