Д.Болд-Эрдэнэ: "Харь эрсийн дурсамжууд"
2018-02-05 2510

Уншигч, эхлэн бичигч хэмээн өөрийгөө танилцуулсан Д.Болд-Эрдэнэ банкны салбарт ажилладаг.  СЭЗДС-ийг төгссөн тэрбээр уран зохиолын амт шимтэнд татагдан зохиол, тэмдэглэл хөтлөх болжээ. Түүний бидэнд илгээсэн эсээ, бодол эргэцүүллийн бичвэрээс хоёрыг сонгон та бүхэнд хүргэж байна. 


ХАРЬ ЭРСИЙН ДУРСАМЖУУД

Харь элгийн хүн хайрласан ганц л удаагийн тохиол маань миний санаанаас ерөөс гарахгүй байна. Бид хэзээ ч нэг газраа байж чадахгүй нь үнэн боловч (цаг хугацаагаар урагшилах, хөдлөх, босох, суух зэргийг яая гэхэд бидний амьдардаг дэлхий өөрөө нарыг тойрч байгаа, нарны аймаг ч галактикийн дундуур туучиж байгаа дээр орчлон ертөнц тэр чигээрээ тэлж байгаа тул та яасан ч хөдөлгөөнгүй нэг цэг дээр байх боломжгүй юм) бидний ой дурсамж нэг цэгтээ гацаж, нягтаршин, босон суувч өөрсдийг минь ээрэх боломж бүрнээ бий билээ. Тасралтгүй санаанд минь ордог тул унтахаар хэвтэхэд минь намайг үхтэл ядраасан байдаг, тархи толгойг минь ямар ч өвдөлтгүйгээр базлуулдаг тэр нэгэн эмэгтэйн тухай дурдатгалаа бичихгүй байж чадахгүй нь.

Тэр нэр ус ч үгүй эмэгтэйн юун түрүүнд харц нь намайг нүдээ аних бүрт өсгий даран хөөж яваа зандалч шиг мөрддөг. Гэхдээ би түүний намайг яаж хардагт нь, миний дэгсдүүхэн яриаг үнэн сэтгэлээсээ алмайран эсвэл инээж хөхрөн байж сонсдогт нь, түүний мэнгэнд нь, заримдаа буржгар үлдсэн заримдаад нь шулуун байдаг үсэнд нь, миний увайгүй ярианаас ичдэгт нь, миний цамцны ханцуйнд байх товчны нүхэнд чигчий хуруугаа хэрхэн хичээл зүтгэн гарган байж чихдэгт нь, балиар сонины мухлагт хэрхэн хөлөө ачиж байгаад хямдхан хурьцалын тухай өгүүллэг уншдагт нь, уруулаа шилэмддэгт нь, миний нэрийг яаж хэлдэгт нь, миний хэзээ ч хийж сурахгүй бүжиг хийдэгт нь, өглөөгүүр гүйх гэж гэрт минь ирдэгт нь, нүдний шилэнд нь, чимээгүй байдагт нь, хэний ч юм бэ нэрийг дурсан оройгоор үүдэндээ суудагт нь, даарах зүйл болоогүй байхад өөрийгөө элдэв шалдав даавуу, бүтээлэг, юухан хээхнээр хулдан нүүрээ гарган суудагт нь, унтахдаа нойроо хүргэх гэж уншдаг номонд нь, утгагүй балай солонгос киног шимтэн үздэгт нь, зунд хэрхэн дуртай байдагт нь, дандаа л ямар нэг зүйл хүлээж явдагт нь, намайг хайрладаг асанд нь бас намайг хайрлаагүйд нь би хайртай.

Би эмнэлэг орох бүртээ, ихэнх эмнэлэгийн үүдний гудаанд байх бандан сандалыг харахдаа эмнэлэгийн урт бандан сандал дээр чамайг анх үнссэнээ санадаг. Хаалга харах бүртээ ах эгч 2 чинь нэг удаа чамайг унтаагүй байхад хэрхэн хаалгаа хааж байгаад янагласан тухайгаа ярьсаныг чинь санадаг. Хол замд гарч, залхуутай замаар явах тоолондоо нийтийн тээврийн бохир фаз автобусанд чиний гараас барин чимээгүйхэн 300 километр шороон замаар туучсанаа санадаг. Зайрмаг идэх бүртээ тэр нэгэн өглөө танай гэрийн үүдэнд чиний ирээгүй, мэдээ ч үгүй өнгөрсөн чи бид хоёрын болзоонд би ганцаар 1 литр савтай зайрмаг идсэнээ санадаг. Тэр зайрмаг гүзээлзгэний амттай байсан. Аймшигтай чанга чимээтэй цэнгээний газар орж үүдэнд нь байх буйданг харахдаа нэг удаа чамтай тийм л нэг буйдан дээр ганц ч үг солилгүй нэгнийгээ налж сууснаа санадаг. Шоклад идэх бүртээ чиний надад өгч асан дунгийн хэлбэртэй шоклад пивотой холиолдохоороо хичнээн жигтэй амттай болж байсныг санадаг.

Талх авах бүртээ, бороо орох бүрт, лифтээр бууж суухдаа, шатаар өгсөж уруудахдаа, хоол идэхдээ, ууж согтуурахдаа, ном уншихдаа, үзвэр үзэхдээ, бусад эмэгтэйчүүдийг харахдаа хүртэл би чамайг санадаг. Учир нь чи жирийн л, нэг хувь байх бүсгүй биш. Чи нэг хүн биш. Миний дурлаж байсан, надад дурлаж байсан тэр эмэгтэйчүүд бол чи. Би чамд нэр өгч төвдөөгүй л байна. Учир нь чиний тухай энэ дурсамжууд бол миний дурсамжууд биш билээ. Чиний амьдралд миний гэх зүйл байдаггүйчлэн чиний тухай энэ дурсамжинд миний гэх зүйл үгүй. Чиний нөхөр, салсан болон салаагүй байгаа найз залуучуудын дурсамжийг би ингэж эрээ цээргүйгээр зээлдэж, түүгээр зогсохгүй элдэвлэн гуйвуулан санаж явдаг учир энэ миний зүйл биш юм. Чамайг унтахад чинь хамт хэвтдэг, сэрэхээс чинь өмнө сэрэн, унтаж байхыг чинь хардаг, нүүр царайгүй тэр хүмүүсийн нүдээр би чамайг харж, тэр харсан зүйлс минь намайг ингэж мөшгөдөг тухай утгагүй бичвэр чамайг бас ингэж мөшгиж мэдэх юм. Гэхдээ тийм зүйл болгохгүй бэлгэдэл болгон, чиний тухай хүний дурсамжийг ахин ичэх нүүргүй этгээдүүд зээлдэхгүйн баталгаа болгон, дурсамж шингээсэн эд зүйлсийг би ой дурсамжийн цэцэрлэгийн хамгийн биш боловч бөглүү, харанхуй буланд үлдээе. Энд байгаа бусад зүйлсийн адил илжирэн өмхөрөх болтугай.

АМЛАЛТ

Би хичнээн хүнд дурлаж явсан юм бол оо? Хичнээн хүн надад дурлаж байв? Хэдэн эмэгтэй, хэдэн охинтой уулзсан, хэнд нь ямар амлалт өгч байсан. Аль амлалтаа биелүүлээгүй, аль амлалтаа мартсан, тэр бүү хэл аль амлалтаа зүгээр л хэн нэгний амыг нь таглах гэж өгч байсан бэ? Бидний ой дурсамжийн мухар, харанхуй булангуудад хаягдаж үлдсэн цэвэр ариун дурлалууд, биелүүлнэ хэмээн чин зүрхнээсээ бодож асан боловч биелүүлээгүй, тэрийгээ ч мартсан амлалтууд хичнээн их байна вэ. Аймшигтай юм.

Би гэнэт ингэж бодсон юм биш ээ. Ойрмогхон, хэзээ ч билээ нэг орой эхнэр маань өөрийнхөө эд хөрөнгө, хурааж хуримтлуулсан зураг, тэмдэглэл сэлтээ эмхэлж суув. Эхнэрт маань дурлаж явсан харцуулын зураг, захиа, бэлэгс болоод эхнэрийн минь дурлаж явсан хүмүүсийг санагдуулдаг хуурцагаас эхлээд нялх үеийнхээс хойш өнгөрсөн шинэ жил хүртэлх үеийнх нь зургууд зэрэг зүйлс алимны болон бусад жимсний цаасан хайрцагуудад ангилагдан орж байв. Тэгтэл гэнэт(яагаад дандаа гэнэт байдаг юм бол) учиргүй танил нүүртэй фото цаас алимны хайрцагруу орж байгааг би хараад амжив.

- Байзаарай.. Байзаарай. Саяны зургаа гаргаад ирээч.. Энэ хэн бэ?.. энэ, энэ чиний баруун талд зогсчихсон охин.. Аанхан наад шар цамцтай.. Танихгүй гэж үү?.. Яагаад? чиний зураг дунд, чиний хажууд зогсож байна шүү дээ.. Клубын уулзалт аа?.. Энэ хэдэн жилийн өмнөх зураг вэ?.. Бараг саяханых биш үү тэгвэл. Чи бид 2 дөнгөж танилцаж байсан үе….

Тэр зураг дээрх охин (одоо бол бүсгүй болоо биз ээ) бол миний 16-н настайдаа нэг шөнийг хамт барсан, гараас нь атгаж, хүйтнээс, шөнийн харанхуйгаас, өөр бусад түүний айж болох бүх зүйлсээс нь хамгаалж өглөөг хүргэсэн тэр охин байлаа. Тэр шөнө би түүнд дурлачихлаа гэж хэлсэн. Бас үхэн үхтлээ дурласаар байх болно, 10 жилийн дараа хэрэв хамт хэрэв түүнтэй нэг гэрт ороогүй байвал  хорвоогийн хаана ч байсан хамаагүй олоод очно гэж амласан. 9-р сарын 30-ны өдөр байсан санагдана. “Надад 30-ны өдөр дандаа ингэж азгүй зүйл тохиолддог юм аа” гэж чиний хэлсэн чинь дурсамжинд минь тод үлдсэнээс болж ингэж өдөр судрыг нь санаж байгаа хэрэг. 7 хоногын дараа л би түүнд юу гэж амласан болохоо, үнэхээр дурласан эсэхээ, түүний гарыг атгахад юу мэдрэсэнээ ч онхи мартаж орхисон. Ахиж нэг ч удаа дурсалгүй, гуниглалгүй, түүнтэй таарах битгий хэл, холоос ч барааг нь харалгүй 26 нас хүртлээ амьдарч, түүнийг мартсан гэдгээ ч мартаж.

Нөгөөдөр 9-р сарын 30. Түүний гарыг ханцуйдаа хийж, дулаацуулж, нүдрүү нь харж, амлалт өгсөнөөс хойш яг 9-н жил 363 хоног өнгөрсөн юм байна. Тэр ингэхэд хаана байгаа юм бол. 2 хоногт амжиж олох болов уу? 

Түр хүлээнэ үү...
Top