“Хайр бол алдаа”
2015-10-07 1063

Цахим хуудсанд маань бас нэгэн залуу орчуулагч бүтээлээ ирүүлжээ. Түүнийг Даваасүрэнгийн Золбоо гэдэг. Америкийн нэр зохиолч, хошин жүжигчин Макс Шулманы нэгэн сонирхолтой өгүүллэгийг орчуулж ирүүлэхдээ тэрээр "Анх 2011 онд энэ өгүүллэгийг уншаад хүн бүрт түгээхийг маш их хүсэж билээ. Гэхдээ орчуулсныхаа дараа үүнийгээ яг л хүүхэд мэт санаж, хүн бүрээс харамлаж, нуусаар бараг жил болжээ. Хүүхэд өсөж томроод гэрээ орхин явдаг даа. Харин энд маань жигүүр ургажээ. Хүн бүрт баясал, ухаарал өгөөрэй гээд нисгэлээ," гэсэн байна.

“Хайр бол алдаа”
(Өгүүллэг)
Макс Шулман

Би логик сайтай, күүл залуу байв. Гярхай, няхуур, хэрсүү, сэргэлэн, ухаалаг залуу гэвэл намайг л хэлнэ. Миний тархи тэсрэх бөмбөг шиг хүчтэй, химичийн жин шиг тодорхой, мэс заслын хутга шиг хурц байлаа. Энэ үед намайг арван наймхан настай байсан гээд бод доо!

Залуу хүний оюуны чадавх ийм сайн байна гэдэг ховор. Миннесотагийн Их Сургуульд нэг өрөөнд амьдардаг Пети Бөрчийг аваад үзье л даа. Он жав, адил угсаа гаралтай ч үхэр шиг тэнэг. Давгүй залуу ч үүнээс илүү гарах зүйлгүй...

Нэг орой түүнийг орон дээрээ сэтгэл нь зовонгуй царайлсан байхыг би хараад шууд л мухар олгойтой болжээ гэж оношлов.
“Бүү хөдөл” гэж би хэллээ.
“Туулга ууж болохгүй. Би бушуухан эмч аваад ирье.” гэхэд тэр,
“Элбэнх” хэмээн хэл нь ээдрэн байж бувтнав.
“Элбэнх ээ?” хэмээн зогтусан намайг лавлахад,
“Элбэнхийн арьсан хүрэмтэй болмоор байна” гэж тэр гонгонов.
Түүний асуудал бие махбодынх бус оюуных гэдгийг би ойлгов.
“Чи яагаад элбэнхийн арьсан хүрэмтэй болмоор байгаа юм бэ?”...
“Сургуулийн бүх “аятайхан залуус”  өмсөж байна. Чи үүнийг мэдэхгүй хаагуур явж байсан юм бэ?”

“Номын санд.”
Тэр орноосоо үсрэн харайж, өрөөгөөр алхангаа,
“Би заавал элбэнхийн арьсан хүрэмтэй болно” хэмээн шуналтайгаар хэлэв.

“Заавал!”
“Пети, яагаад?” Энэ тухай ухаантайхан бодож үзье л дээ. Элбэнхийн арьсан хүрэм бохир тэгээд бас гууждаг. Муухай үнэртэй, хүнд. Хийц муутай. Бас...“
“Чи ойлгохгүй байна” гээд яриаг минь шууд таслав.
“Энэ бол хийх ёстой зүйл... Элбэнхийн арьсан хүрэмний төлөө би юугаа ч өгөхөд бэлэн. Юу ч хамаагүй.”
Тархи минь, тодорхой ажилладаг зэмсэг минь өндөр ачаалалд шилжив.
“Юуг ч уу?” гээд түүн рүү ширтэж байгаад асуухад минь,.
“Юуг ч тэр” хэмээн жингэнэсэн дуугаар хариулав.

Би бодолд автаж эрүүгээ илэв. Хаанаас хүрэм олж авахыг би мэдэж байв. Аав маань оюутан байхдаа ийм хүрэмтэй байлаа. Одоо тэр нь манай дээврийн хөндийд хэвтэж байгаа. Pетид ч бас надад хэрэгтэй нэг зүйл бий. Яг ч түүнд байгаа гэж хэлж болохгүй ч зарим нэг эрх бол бий. Энэ нь түүний найз охин Полли Испи…

Би тэр үед хуулийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байлаа. Хэдхэн жилийн дараа дадлагаар гадагш явах болно. Ирээдүйд хуульч болох хүнд ямар эхнэр хэрэгтэйг би мэдэхтэйгээ байлаа. Миний ажигласнаар амжилтанд хүрсэн хуульч бүр үзэсгэлэнтэй, ялдам, ухаалаг эмэгтэйчүүдтэй гэрлэсэн байв. Нэг дутагдлаас бусдаар бол Полли үүнд төгс зохицно. Тэр үзэсгэлэнтэй...бас ялдам байсан. Гэхдээ ухаалаг биш. Үнэндээ тэр өөр зүг рүү явж байв. Гэвч миний чиглүүлгээр тэр ухаалаг болох боломжтой гэж би итгэж байсан. Яадаг ч байсан оролдоод үзэхэд илүүдэхгүй. Тийм шүү, царай муутайг үзэсгэлэнтэй болгохоос ухаан муутай, үзэсгэлэнтэй охиныг ухаалаг болгох нь хавьгүй амар.

“Пети” гээд, “Чи Поли Эспид хайртай юу?” гэж намайг асуухад тэр,
“Түүнийг ухаалаг охин гэж би боддог. Гэсэн ч үүнийг хайр эсэхийг мэдэхгүй юм. Юу гэж?” гэлээ.
“Чамд түүний тухай бодсон ямар нэг төлөвлөгөө бий юу?” гээд, “Юу гэх гэсэн юм бэ гэвэл үерхэх ч юм уу?”
“Үгүй. Бид уулзаад гайгүй удсан ч өөр хүмүүстэй болзож байгаа. Юу гэж?”
“Түүнд өөр онцгой залуу байгаа юу?” гэж би асуув.
“Миний мэдэхээр тийм зүйл байхгүй. Яасан?”
Би сэтгэл ханасан шинжтэй толгой дохив. “Өөрөөр хэлбэл хэрэв чи газрын зураг дээрээс арилсан бол тэр хэсэг онгорхой үлдэнэ гэсэн үг. Тийм үү?”
“Тийм гэж бодож байна. Чи яах гээд байна?”
“Юу ч биш ээ, юу ч биш” гэж би гэмгүй юм шиг хэлээд шүүгээнээс гар цүнхээ гаргалаа.
“Чи хаачих гэж байгаа юм бэ?” хэмээн Пети асуув.

“Амралтын өдрүүдээр гэртээ харья” гээд цүнх рүүгээ хэдэн зүйл хийлээ.
Даваа гарагт буцаж ирээд, “Хараач" хэмээн Петийг дуудав. Би гар цүнхээ онгойлгоод 1925 онд Суц Беркатд аавынхаа өмсөж байсан том, үслэг, үнэртэй эдийг  гаргаж ирэв.
Үүнийг хараад Пети “Бурхан минь!” гэж уулга алдлаа. Тэр элбэнхийн шүүб рүү эхлээд гараа дүрж, дараа нь нүүрээрээ шумбав.
“Бурхан минь!” гэж тэр арван тав, магадгүй хорин удаа давтаж хэллээ.
“Чамд таалагдаж байна уу?” гэж би асуув.
“Тэгэлгүй яахав!” гэж тэр бараг орилоод тоостой арьсыг өөртөө наалаа. Тэгээд харц нь сонин болж ирээд, “Үүний оронд чи юу хүсэж байна?” гэлээ.
“Чиний охиныг” гээд өөр үг хэлсэнгүй...
Тэр шүүбийг өөрөөсөө холдуулаад, “Хэзээ ч үгүй” хэмээн шийдвэр төгс хэлэв.

Би сандал дээр суугаад ном уншиж буй дүр эсгэнгээ нүднийхээ булангаар Петийг ажиглаж байлаа. Тэр шаналж байв. Тэр эхлээд орон гэргүй хүүхэд нарийн боовны мухлагийн цонхоор харах мэт шүүб рүү харна. Дараа нь эргэн харж бодол болон эрүүгээ эмэрснээ шүүб рүү бүр гунигтай харлаа. Тэгснээ эргэн харахдаа шийдвэрт хүрсэн мэт байв. Урагш, арагш толгойгоо эргүүлэхэд хүсэл, шийдвэр хамт эргэлдэнэ. Эцэстээ тэр ахин эргэсэнгүй. Шунал хүсэлтэйгээр шүүб рүү харан зогслоо.

“Би Поллид хайргүй юм шиг байна” гээд, “Би түүнтэй үерхэхгүй байх”... гэлээ.
“Шүүбээ өмсөөд үзээч” гэж би хэлэв.
Тэр зөвшөөрлөө. Шүүб түүний чихний үзүүрээс гутлын түрий хүрч байв. Тэр яг л үхсэн элбэнхийн овоолго шиг харагдав.
“Таарч байна шүү” гэж тэр баярлан хэлэхэд нь би сандлаасаа бослоо.
“Хэлсэн дээ юу?” гэж би асуугаад гараа сунгав.
Тэр шүлсээ залгив.
“Хэлсэндээ” гээд тэр гарыг минь атгалаа.

Дараа өдрийн орой би Политой анхны болзоонд явав. Болзоо маань тэр чигтээ судалгаа болох нь тэр. Би түүний толгойг өөрийнхөө шаардлагад нийцүүлэхийн тулд хэр зэрэг ажиллах ёстойгоо мэдэж авахыг хүссэн юм.

Би өрөө рүүгээ гунигтай буцлаа. Би  ажлаа маш дутуу үнэлжээ. Тэр охины дутуу дулимаг мэдлэг, мөн түүнд хангалттай мэдлэг олгоно гэдэг аймшигтай байлаа. Эхлээд тэр бодож сурах хэрэгтэй. Энэ нь ажлыг бүр ч хүндрүүлж байв. Эхэндээ түүнийг Пети рүү нь буцаахаа шахсан юм. Гэвч өрөөнд орж ирээд биеэ авч яваа байдал, хутга сэрээ ашиглаж байгааг нь хараад хичээхээр шийдсэн.

Би бүх зүйлийг системтэйгээр хийе гээд, эхлээд түүнд логикийн хичээл оров.
Хоёр дахь болзоондоо явахаар үүдэнд нь очоод,“Полли, өнөө орой бид Knoll-д очиж ярилцах болно” гэлээ.
Болзсон газар болох Knoll-ийн кампуст ирээд хөгшин царс модны доор суухад тэр надаас нэг зүйл хүлээсэн байдалтай харж байв.
“Бид юун тухай ярилцах вэ?”
“Логик” гэж би хариуллаа.
Тэр минут хэртээ бодоод ярилцахаар шийдэв.
Тэгснээ “Гайхалтай” гэв.

“Логик” гэж би хэлээд хоолойгоо засав. “Энэ бол сэтгэхүйн шинжлэх ухаан. Бид зөв бодож эхлэхээсээ өмнө логикийн алдаа, төөрөгдөлд суралцах хэрэгтэй. Энэ бүхнийг өнөө орой сурах болно.”

“Тэгэлгүй яахав” гээд тэрбаяртайгаар алгаа ташлаа.
Би цочсон ч зоригтойгоор цааш үргэлжлүүлэв.
“Эхлээд таамаглалын алдааны /Dicto Simpliciter/ тухай суралцъя”
“Аанхаа” гээд тэр сомуусаа дэрвүүллээ.
“Ерөнхий дүгнэлт /Dicto Simpliciter/ бол тодорхой бус ерөнхийлөн авч үзсэн зүйл дээрээс бий болсон дүгнэлт юм. Жишээлбэл, дасгал бол сайн. Тиймээс хүн бүр дасгал хийх ёстой.”

“Би зөвшөөрч байна” хэмээн Полли үнэнээсээ хэлээд, “Дасгал үнэхээр гайхалтай гэх гэсэн юм. Тийм шүү. Дасгал бие хөгжүүлдэг.”

“Полли” гэж би эелдэг дуудаад, “Дүгнэлт бол төөрөгдөл. ДАСГАЛ БОЛ САЙН гэдэг бол ерөнхий зүйл. Тухайлбал, хэрэв чи зүрхний өвчтэй бол дасгал чамд сөргөөр нөлөөлнө. Сайн биш. Зүрхний өвчтэй ихэнх хүмүүст эмч дасгал хийхгүй байхыг зөвлөдөг. Чи ерөнхий мэдээллийг тодруулах хэрэгтэй. Чи дасгал ихэнхдээ хүнд сайн гэж хэлэх ёстой. Үгүй бол чи таамаглалын алдааг бий болгоно. Ойлгосон уу?”
“Үгүй” гэж тэр үнэнээ хэлэв. “Гайхамшигтай юм аа. Ахиад өөр! Ахиад өөр!”
...“Үүний дараа бид яаруу хийсэн дүгнэлтийн /Hasty Generalization/ тухай ярилцав. Анхааралтай сонсоорой. Чи Францаар ярьж чаддаг, би чаддаггүй, Пети Бөрч чаддаггүй. Тиймээс миний дүгнэлт Миннесотагийн их сургуульд хэн ч Францаар ярьж чаддаггүй”

“Тийм үү?” “Хэн ч үү?” гэж Полли шагшин асуулаа.
Би бухимдлаа нууж, “Полли, энэ бол алдаа. Энэ бол маш яаруу хийсэн ерөнхий дүгнэлт. Энэ дүгнэлтийг дэмжих маш цөөхөн жишээ бий.”
“Өөр алдаа мэдэх үү?” гэж тэр амьсгаа даран асууснаа,
“Бүжиглэхээс ч зугаатай юм гээч” гэлээ.
Би бачимдлаа арай гэж дарав. Би энэ охинтой юунд ч хүрэхгүй нь...
“Дараагийнх бол ямар нэг зүйлийн дараа тохиолддог зүйл /Post Hoc/. Аан гээд сонс, Биллийг амралтандаа дагуулж явж болохгүй. Түүнийг дагуулж явах бүрт бороо ордог.”
“Түүнтэй адилхан хүнийг би мэднэ шүү” гэж тэр хэллээ.
“Түүнийг Юла Бекер гэдэг. Манай нутагт амьдардаг байлаа. Хэзээ ч буруутаж байгаагүй шүү. Түүнийг амралтанд дагуулж явах бүрт...”

“Полли” гэж би шүрүүхэн дуудаад, “Энэ бол алдаа. Юла Бекерээс болж бороо ордоггүй юм. Тэр бороотой ямар ч холбоогүй. Хэрэв чи Юла Бекерийг буруутгаж байвал тохиолддог зүйлийн алдаа хийсэн буруутан болно шүү”
“Би ахин тэгэхгүй” гэж тэр гэмшингүй амлалт өглөө. “Чи надад уурлаж байна уу?”
Би гүнзгий санаа алдав.
“Үгүй. Полли. Би уурлаагүй”
“Тэгвэл алдааны тухай илүү ихийг яриач”...
Би цагаа тооцон үзэв.
“Ингээд өнөөдөртөө дуусгая. Би чамайг гэрт чинь хүргэж өгнө. Чи сурсан бүх зүйлээ бодож үзээрэй. Маргааш орой ахин өөр зүйлс ярья”

Би түүнийг охидын дотуур байранд оруулж өгөхөд тэр үдшийг гайхалтай өнгөрөөснөө хэллээ. Дараа нь би өрөө рүүгээ дүнсийн алхав. Пети орон дээрээ хурхиран хэвтэх агаад шууб нь хөлөн дээр нь үсэрхэг аварга араатан адил хэвтэнэ. Би түүнийг сэрээгээд найз охиноо эргүүлээд авч болно гэж хэлэхийг хүсэв. Миний ажиллагаа нуран унасаны логиктой баталгаа нь тэр охин байлаа. Гэвч дараа нь би эргэцүүлэн бодов. Би нэг шөнөө зарцуулсан. Ахиад нэг шөнө зарцуулж болно. Хэн мэдлээ? Магадгүй түүний толгой дахь сөнөсөн галт уулын нүхэнд цог ассан хэвээр ч байж болох юм... Ахиад нэг оролдож үзэхээр шийдэв.

Царс модны доор дараагийн орой нь сууж байхдаа, “Энэ үдшийн эхний алдааг “нигүүлсэл” /Ad Misericordiam/ гэдэг” гэхэд тэр баярлан хөөрөв.

“Анхааралтай сонс. Нэг эр ажилд бүртгүүлжээ, Дарга нь түүний мэргэжлийг асуухад тэр, зургаан хүүхэдтэй, эхнэр нь тахир дутуу, хүүхдүүдэд нь идэх хоол, өмсөх хувцас, углах гутал, унтах ор үгүй, зоориндоо нүүрсгүй байтал өвөл болох дөхөж байдаг” гэжээ.
Поллигийн ягаахан хацар дээр нулимс бөнжигнөн буулаа.
“Аймшигтай юм, аймшигтай юм” гэж тэр уулигнан өгүүлэв.
“Тийм ээ, аймшигтай” гэж би санал нийлээд, “Гэвч энэ дүгнэлт биш. Өнөөх эр даргынхаа асуултанд хариулаагүй. Харин оронд нь тэр даргынхаа өрөвч сэтгэлийг ашигласан. Тэр нигүүлслийн алдаа бий болгосон. Чи ойлгож байна уу?”
Би түүнд нусны алчуур өгөөд нулимсаа арчих үед нь орилохгүй байхыг хичээж байлаа.

“Дараа нь” хэмээн би болгоомжисон атлаа захирсан өнгөөр хэлээд, “Бид “Ижилсүүлэх алдаа”-ны /False Analogy/ тухай ярих болно” гэлээ.

Жишээ хэлье, оюутнуудыг шалгалтын үеэр номоо ашиглахыг зөвшөөрөх хэрэгтэй. Мэс засалчид  рентген туяанаас хагалгааны чиглэл авдаг, хуульчдад шүүх хурлын үеэр хардаг мэдээлэл бий, мужаанд байшин барихад ашигладаг зураг төсөл байдагтай л адил. Гэтэл яагаад оюутнуудад үүнийг зөвшөөрдөггүй вэ?

“Энэ шүү дээ” хэмээн тэр урамтайгаар хэлээд, “Миний сонсож байсан хамгийн гайхалтай санаа байна” гэлээ.

“Полли” гэж би уцаартай хэлээд, “Дүгнэлт бүгд буруу. Эмч, хуульч, мужаан нар юу сурснаа шалгуулах гэсэн юм биш. Харин оюутнууд бол тийм ээ. Нөхцөл байдал бүхэлдээ өөр байхад тэднийг адилтгаж болохгүй.”

“Гэсэн ч би үүнийг сайхан санаа гэж бодож байна” хэмээн Полли хэлэв.
“Солиотой” гэж би бувтнасан ч цөхөрсөнгүй үргэлжлүүлэв.
“Дараа нь бид “Баримтын эсрэг таамаглал”-ын /Hypothesis Contrary to Fact/ тухай суралцах гээд үзье”
“Сонирхолтой сонсогдож байна” гэж Полли хэллээ.
“Сонс, хэрэв хатагтай Кюри шүүгээн дээрх фото пянз дээр Ураны давс үлдээгээгүйсэн бол дэлхий дахинаа Радиг мэдэхгүй байх байсан”
“Үнэн, үнэн” гэж Полли толгойгоо дохин хэлээд, “Чи киног нь үзсэн үү? Намайг бүр гайхшируулж орхисон шүү...”

...”Би үүнийг алдаа байсан гэдгийг хэлэхийг хүсэж байна. Магадгүй хатагтай Кюри дараа нь хэзээ нэгэн цагт Радиг нээх л байсан байх. Үгүй байсан ч өөр хэн нэгэн олж мэдэх байсан. Магадгүй өөр олон зүйл тохиолдох байсан байх. Чи ямар нэг зүйлээс худал дүгнэлт эхлүүлээд дараа нь түүнээсээ боломжтой дүгнэлт гаргаж болохгүй”...

Ахиад нэг боломж өгөхөөр шийдлээ. Ердөө ганцхан. Мах цусны тэвчээр алдагддаг юм.
“Дараагийн алдааг “эх сурвалжийг хордуулах” /Poisoning the Well/ гэнэ.”
“Ямар хөөрхөн юм бэ!” гэж тэр уулга алдав.
“Хоёр хүн мэтгэлцэж байв. Эхнийх нь босож ирээд, ‘Миний өрсөлдөгч бол цуутай худалч нэгэн. Түүний хэлэх үгэнд итгэж болохгүй шүү’ гэв. Одоо, Полли, боддоо. Сайн бод. Буруу зүйл юу байсан бэ?”

Би түүнийг анхаарлаа төвлөрүүлэн шаргал хөмсгөө зангидахыг ойроос харав. Гэнэт, түүний нүдэнд билэг ухааны оч гэрэлтэх нь тэр. Анх удаа л би түүний ийм царайг харав. “Энэ шударга биш” гэж тэр эгдүүцсэн байдалтай хэлээд, “Үүнд шударга зүйл өчүүхэн ч алга. Түүнийг ярьж эхлээгүй байхад худалч гээд нэрлэчихвэл түүнд ямар ч боломж олдохгүй шүү дээ.”

“Яг тийм!” хэмээн би баяр хөөртэй дуу алдав. “Зуун хувь зөв. Энэ шударга биш. Эхний хүн хүмүүсийг "уух"-аас өмнө ЭХ СУРВАЛЖИЙГ ХОРДУУЛСАН... Полли, би чамаар бахархаж байна.”

Тэр амандаа бувтнаж, нүүр нь улайлаа.
“Харж байна уу, хонгор минь, энэ тийм ч хэцүү биш байгаа биз дээ. Чиний хийх ганц зүйл бол төвлөрөх. Бод-шалга-цэгнэ. Одоо сурсан бүх зүйлээ дүгнээд үзье.”

Полли тэр чигтээ мулгуу хүн биш гэдэг нь урам өгч байлаа. Би түүнд заасан бүхнээрээ маш урт, тэвчээр шалгасан дүгнэлт эхлүүлсэн юм. Жишээнүүдийг давтан, давтан эшилж, алдаануудыг зааж, ар араас нь хэлж байлаа. Энэ яг л хонгил ухахтай адил байв. Эхлээд бүх зүйл ажиллагаатай, чадал шаардсан, харанхуй байв. Би хэзээ гэрэлд хүрэхийгээ, эсвэл хүрэх эсэхийгээ мэдэхгүй байлаа.

Гэвч би цөхрөлтгүй үргэлжлүүлсэн. Би буталж, маажиж, үйрүүлж, эцэст нь хүрч чадлаа. Би ан цаваас гэрэл харсан. Тэгээд ан цав томорч эхэлсэн, үүгээр нар бүхэлдээ орж ирж бүгдийг гийгүүлсэн. Үүнд таван ядаргаатай шөнө зарцуулсан ч үр дүнтэй байсан юм. Би Поллиг Логик судлаач болгосон. Би түүнд яаж бодохыг зааж өгсөн.

Миний ажил үүгээр дууслаа.  Тэр надад хэрэгтэй байсан. Тэр миний эдлэнгүүдэд тохиромжтой эзэгтэй,  хүүхдүүдэд минь халамжтай ээж болох шалгуурт минь тэнцлээ. Түүнд хайргүйг минь энэ охин мэдэх ёсгүй.

Эсрэгээрээ... Би дараагийн уулзалтан дээрээ түүнд сэтгэлээ илчлэхээр шийдэв. Бидний хоорондын харилцаагаа сургалтаас романтик рүү шилжүүлэх цаг болсон байлаа.

Бид царс модны доор суусны дараа, би түүнд, “Полли, өнөөдөр бид алдааны тухай ярихгүй” гэхэд тэр,
“Өө, харлаа” гэж  урам хугарсан байдалтай хэлэв.
“Хонгор минь” гээд би инээмсэглэлээрээ урам өгөн, “Бид таван үдшийг хамт өнгөрүүлжээ. Бид хамтдаа маш сайхан байна. Бид гайхалтай нийцэж байгаа нь тодорхой байна.”

“Яаруу дүгнэлт” хэмээн Полли тодорхой хэлэв.
“Өршөөгөөрэй” гэж намайг лавлахад тэр,
“Яаруу дүгнэлт” гэлээ.
“Чи тавхан болзооны дараа яаж биднийг нийцтэй гэж хэлж чадаж байна аа?”
Би хөгжилтэйеэ инээдээ барьж байв. Хонгорхон хүүхэд алдааг сайн сурчээ.
“Хонгор минь” гэж би хэлэхдээ гарыг нь зөөлөн илээд, “Таван болзоо гэдэг бол олон. Гэсэн ч сайныг нь мэдэхийн тулд бүтэн бялууг бүгдий нь идэх хэрэггүй шүү дээ” гэлээ.
“Ижилсүүлэх алдаа” /False Analogy/” гэж Полли хурдан хэлэв. “Би бялуу биш. Би бол охин”

Би инээх аядав. Хонгор хүүхэд хичээлээ сайн сурсан байх нь. Би аргаа өөрчлөхөөр шийдлээ. Мэдээж хайраа тунхаглахад шууд, жирийн, хүчтэй арга замыг сонгов. “Аварга” тархи минь тохиромжтой үг сонгох хүртлээ хэсэг завсарлага авав. Тэгээд,

“Полли, би чамд хайртай. Чи миний бүх ертөнц, сар, од, мөн сансрын уудам дахь одны ордууд. Гуйя, хонгор минь, надтай хамт байна гэдгээ хэлээч, хэрэв үгүй бол амьдрал минь утгагүй болно. Би шаналах болно. Хоол ч хоолойгоор давахаа больж, дэлхийгээр хэсүүчлэн, турж эцсэн болхи нэгэн болно” хэмээн гараа атган харамсангуй хэлэв.

“Нигүүлсэл /Ad Misericordiam/” гэж Полли хэллээ.
Би шүдээ зууж... Ухаан мэдэрлээ алдах дөхөж байлаа. Би хичээж, өөрийгөө тайвшруулаад,
“Тэгэхээр, Полли” хэмээн өөрийгөө хүчлэн байж инээмсэглэн, “Чи алдаануудыг сурсан нь харагдаж байна.”
“Чиний зөв өө” гэж тэр толгой дохин баярлав.
“Үүнийг чамд хэн зааж өгсөн билээ?”
“Чи заасан.”
“Тийм шүү. Тэгэхээр чи надад өртэй. Үгүй гэж үү, хонгор минь? Хэрэв би болзоогүйсэн бол чи хэзээ ч алдаануудын тухай сурахгүй байсан.”

““Баримтын эсрэг таамаглал” /Hypothesis Contrary to Fact/” хэмээн тэр хэлэв.

Би хөмсөгнөөсөө хөлс дуслуулан, “Полли, чи эдгээр зүйлийг тэр чигээр нь хүлээн авч болохгүй. Энэ бол зүгээр л хичээл дээр үздэг зүйлс. Сургуульд үзсэн зүйлс амьдрал дээр хэрэг болдоггүйг чи мэдэж байгаа шүү дээ.”

“Ерөнхий дүгнэлт /Dicto Simpliciter/” хэмээн хуруугаа миний урд гозогонуулан хэлэв.
Ахиад л. Би яг л бух шиг уурсанхөлөө газарт дэвслээ.
“Чи миний найз охин болох уу, үгүй юу?”
“Би болохгүй.”
“Яагаад үгүй гэж” хэмээн түүнийг шалав.
“Яагаад гэвэл би өглөө Пети Бөрчид түүнтэй үерхэнэ гэж хэлсэн. Миний толгой эргэж энэ булай зүйлийг дуусгахаар ирсэн. Түүнийг амлаж, тангараглаж, гарыг минь атгасны дараа!”
“Харх!” гэж хашгиран газар өшгөчөв.
“Полли, чи түүнтэй явж болохгүй. Тэр худалч. Тэр мэхлэгч. Тэр бол харх.”
“Эх сурвалжийг хордуулан /Poisoning the Well/” орилохоо боль. Орилох бас нэг төрлийн алдаа байж болно.”

Маш их чармайлт гарган би хоолойгоо засав.

“Тийм бол яахав” гээд, “Чи бол логик судлаач. Үүнийг логиктойгоор авч үзье. Чи яаж Пети Бөрчийг миний оронд сонгож чадваа? Намайг хар л даа. Гайхалтай оюутан, агуу ухаантай, ирээдүй нь баталгаатай залуу. Петиг хар. Мангар, хөлдүү толгойт, дараагийн хоолоо хэзээ идэхээ мэдэхгүй залуу. Чи надад яагаад түүнийг сонгосон болох логиктой шалтгаан хэлээч?” гэлээ.

“Би хэлж чадалгүй яахав. Түүнд элбэнхийн шүүб байгаа.”

Түр хүлээнэ үү...
Top