ХӨХДЭЙ МЭРГЭН
2016-08-25 604

“Тагтаа” хэвлэлийн газар авьяаслаг, шинэ залуу яруу найрагч, зохиолч, орчуулагчдыг ямагт дэмжиж өөрийн цахим хуудсаараа дамжуулан бүтээлүүдийг нь уншигчдад сурталчлан таниулахад ихээхэн сэтгэл, зүтгэл гаргадаг билээ.

Энэ удаад бид Баярсайханы Билгүүн хэмээх Онолын физикч мэргэжилтэй залуу зохиолчийг та бүхэнд танилцуулж байна. Хэлбэрийн хувьд Японы суут зохиолч Кавабатагийн алгын чинээ өгүүллэгүүдийг санагдуулам түүний бэсрэг өгүүллэгүүд жиг сэтгэлгээ, давтагдашгүй содон мэдрэмжтэй.


 /өгүүллэг/

"Яг ийм цацчихсан сувд шиг түм буман одод манайхаас шөнө бүр харагддаг даа" гээд өвөр дүүрэн чулуугаа талаар нэг тарааж орхилоо.
"Яг ийм үү?" гээд л би маш их гайхаж хоцров.
"Яг ийм. Яг ийм. Заримдаа миний бүүр толгой эргэдэг шүү" гэнэ. Бид хоёр өдөржин тэднийд түгдэг ододын тухай ярьж өнгөрлөө. Бүртийх үүлгүй цэнхэр тэнгэрийн чанх орой руу заагаад:

"Яг тэнд чинь Хөхдэй мэргэн байгаа шүү дээ" гээд л найз минь тэнгэр өөд чичилж, тэнгэрийн байрлал, ододын тоог надад дуржигнуулсаар алхав. Нар уулын цаагуур жаргаж, намрын сүүлчийн улбар улаан туяа татарч эхлэхэд тэднийд бид ирлээ. Намайг оруулж өгөөд, найз минь хоёр дүүгээ олж ирэхээр чавхдан гарав. Ээж нь гэх нүдний нь зовхи унжсан хөгшин эмэгтэй надад цай аягалж өгөөд эргэн хэвтлээ. Үе үе бөгшүүлэн ханиалгах ажээ. Харин би дээш доош нүдээ эргэлдүүлэн гайхна. Яагаад дөнгөж орж ирүүтээ л анзаараагүйгээ одоо болтол гайхдаг юм. Тэднийх "дээвэргүй" айл байлаа. Яг чанх орой дээр цэнхэр хурц гэрэл гялалзахыг ажаад л, өнөөх Хөхдэй мэргэн нь байх нь ээ гэж танив. Найз минь удалгүй ирж, надад бүхий л ододыг нэрлэж үзүүлэв. Тэгтэл ээж аав хоёр минь сүйд майд болсоор намайг олж ирээд загнаж зандарсаар дагуулж явж билээ.

"Ээжээ, ааваа манайх бас тийм дээвэргүй гэртэй болъё, тэгэх үү?" гэж хэлээд ээжид үсэртлээ алгадуулж ахиад тэднийд очихгүй гэж ам өчгөө өгөхдөө тулав аа. Өглөө сэртэл бүхий л хорвоо ертөнц дун цагаан өнгөөр будагдчихаад намайг л гарахыг хүлээж байгаа мэт намуухан. Би хэдий ам өчигөө өгч авалцсан ч, тэр их цагаан цасанд догдолсондоо шууд л тэднийх рүү гүйж очлоо. Гурван давхарын дээвэр рүү хамаг хурдаараа мацаж гартал дөрвөн цасан хүн намайг угтаж авав.

Яг л ийм хөвсгөр цасаар хийсэн дөрвөн цасан хүн. Хөхдэй мэргэн чанх орой дээр нь гялалзаж байж билээ.

Түр хүлээнэ үү...
Top