Уралдааны шилдэг шүлэгчид: БАТБАЯРЫН УУГАНБАЯР
2017-05-10 261

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “ТАГТАА” номын өдөрлөгийнхөө үеэр зарлаж шагнах болно.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 101 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 11 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 11 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 11 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг 11-т багтсан дараагийн шүлэгч бол Батбаярын Ууганбаяр.  Тэрээр 1995 оны 06 сарын 20-нд Дархан-Уул аймагт төрсөн. 2013 онд Дархан-Уул аймгийн “Салхит-XI”-р дунд сургуулийг төгсөн Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн “Кино, жүжгийн зохиолч-Утга зохиолын ажилтан” ангид элсэн орж энэ онд төгсөж буй. 2016 онд “Хүн-оддын бясалгал” яруу найргийн түүвэр хэвлүүлэн гаргасан.

1.
Хэн шигтгэж орхио вэ?
Бяцхан улаан нүднүүдийг...
Нойрсож буй бурхадын сүүдрийг
Норж амжаагүй байхад
Хэн бороог хойд уулын хойгуур үдэж
Хэрмэл дуслуудыг царцааж орхио вэ?
"Өнгөрсөн цаг"-аар дүүрээд,
Хүрэх төдийд л хагарч мэдэх агаарыг
Шонгийн утсууд зүсэм, зүсмээр хэрчиж
Хэний ч үл мэдэх далайн эргээр
Элс мэт юунд цацаж орхио вэ?
Төрж амжаагүй шувуудын зүрх өндгөн дотроо цуурай татуулахыг
Хэн анх сонсоод хөгжим тоглоо вэ?
Хөгжимөөс яруу шүлэг бичээ вэ?
Цацарч эхлээгүй гэрлийн ширхэгүүд
Харанхуйд алдрахаас өмнө
Зөнт моддын сүүдэрт
Хэн шигтгэж орхио вэ?
Бяцхан улаан нүднүүдийг…
2.

Ертөнцийн дуу хоолойг цагаан гэрлээр хэн үдээ вэ?
Ер бусын дүлийрэм их анир чимээгүй
Үл үзэгдэх цэцэрлэгийн шинэхэн савлуураас зүүгдэнэ.
Орхигдсон хотын булан тохой бүрт зүүдээ хүүрнэгч
Ороо нь орсон сохор муурны
Орилж гийнах нь
Тэртээх өвлийн жавартай тэнгэрт үүрд хадагджээ.
Эхийн хэвлий шиг халуун, чив чимээгүй ахуй
Эргэн тойрныг бүчин авлаа.
Нар жаргахаас, эс бөгөөс мандахаас тэс өөр мэдрэмж
Наймдугаар сарын боловсорч гүйцээгүй жимсний үнэр мэт
Нар ээдэггүй ойгоор нэг түглээ.
Ор хоосон “гал” - зуурам халуун л
Орь дуу болон үүрийн зүрхэнд дэлсэнэ.
Орчлонгийн дуу хоолойг хөх гэрлээр хэн үдээ вэ?
***
Модтой уулын жим даган зургадугаар сар алсран одов.
Ийм жим бүрийн нөгөө үзүүр хаа хүрээд зогсоо бол
Тийм олон зургадугаар сар
Тэртээх толгодыг хэдэн удаа даваа бол доо.
Ингээд л долдугаар сар хажууд ирсэнийг
Исгэсэн жимсний охь мэт ханхалах үнэр нь гэрчилнэ.
Дэргэд минь чимээгүй суух
Дэндүү уйт мөчүүдийн соотон чих
Дэнлүү мэт гэрэлтэн үзэгдэнэ.
/нар маргааш дахиад л мандах нь юутай сайхан.../
Ахиад хэдхэн санаа алдалтын дараа
Аугаа Августийн сар айсуй!

ЧИНИЙ ДЭРГЭДЭХ ЗУРАГЛАЛУУД
(кино шүлэг)

СЦЕН - 1
ГАДАА. ГУДАМЖ – ӨГЛӨӨ

Бяцхан хүү улаан гэрлээр зам хөндлөн гүйнэ.
Бялуу барьсан эмгэн газар ширтэн зогсоно.
Энэ газар хэзээ ч амьдарч байгаагүй мэт
Эцэж туйлдсан төрхтэй саарал хүмүүс
Эргэн тойронд нь холхицгооно.
-Хамгийн их зүйлс
Харамсалтай нь бидний хэзээ ч харж чадашгүй газарт буй...
“Моддын үндэс анхны цаснаар ингэж шивнэсэн юм.”
Ийнхүү хэлээд эргэн хартал хэн ч байсангүй.
Улаан гэрлээр гүйсэн хүү аахилан өмнө нь ирээд
Улаан дугтуйтай зурвасыг гарт нь атгуулна.
(дугтуйг задлана.)
“...Тэр хэзээ ч дэргэд чинь байгаагүй.”
СЦЕН - 2
ГАДАА. ОЙД – НАР ЖАРГАХ ҮЕ

Дэгдэн одсон туулайн мөр гэрэлтэнэ.
Дэрхийн нисэх хэрээний дүрс зурвас үзэгдэнэ.
Юу ч үгүй хоосон тэнгэр...
Юүдэн малгайтай хэн нэгэн хүн уулын өөд өгсөнө.
Нүцгэн модод...
“- Хүний мөр л даанч алга даа”
Ингэж шивнээд эргэж хартал
Нохойн мөрнөөс өөр юунд ч сэвтээгүй цагаан цас...
СЦЕН - 3

ДОТОР. ХАА НЭГТЭЭ – ҮҮРИЙН ГЭГЭЭ
Харанхуйд хэн нэгний санаа алдах сонсдоно.
Эмэгтэйн жижигхэн гар лаа асаана.
Хоосон шалаар дүүрэн асгарсан бүсгүйн үс
Хором бүрийн үнэ цэнийг мэдрүүлэх гэсэн мэт
Бүдэг болоод хүйтэн орон зайг бүлээцүүлнэ.
(Шилжилт- Толины өмнө бүсгүй урт үсээ дурсан сууна. )
“- Хэнийг хүлээж буйгаа санахаар оддын зүг харцаа сунга”
Захгүй агаарт түүний эл бодол нь царцаад
Замхарч амжаагүй тамхины утаанд зүүгдэнэ.
Өөрийгөө хайсан он жилүүдийн тайлал мэт
Өмнө зүгийн тэнгэрээс
“Өлзий сахиус” ягаан туяа цацруулна.
(Мандаж буй нарны дүрс.)

Төгсөв.

Батбаярын Ууганбаярын шүлгүүдийг бид Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч, зохиолч Ц.Буянзаяагаар уншуулж сэтгэгдлийг нь сонссон билээ.

Шүлгүүдийг уншаад юун түрүүнд “нэг > нэлээд” гэж сэтгэгдлээ илэрхийлмээр санагдлаа. Бүх зүйлд харьцангуй чанар бий. Олон муу юмнаас нэг сайн нь илүү байх тохиолдол байдаг бол  олон сайн гэж байгаа зүйлээс нэг муу нь илүү байх ч тохиолдол бий. Энэ тухай хүн болгон мэдэх учир олныг нурших илүүц биз. Харин яруу найрагт харьцангуйн ойлголт нийтлэг ойлголтоос илүү үнэ цэнтэй байдаг гэдэгтэй санал нийлэх хүмүүс цөөнгүй байгаа байх гэж найдаж байна. Нийтлэг ойлголт, нийтлэг хандлагаар миний сэтгэгдлээ илэрхийлж байгаа энэ залуу яруу найрагчийн шүлгүүдэд хэн нэгний шүлэгтэй төстэй өнгө аяс байгаад байна ч гэдэг ч юм уу эс бөгөөс зөвхөн яруу найраг л нэхээд байдаг тэр нэгэн хэмнэл, хийц нь дутагдаад байна ч гэдэг юм уу...энэ мэтийн анхаармаар, шүүмжлэлтэй хандмаар зүйлүүд нэлээд байна л даа. Гэвч эдгээр “нэлээд зүйлүүд” бол миний онцлох гээд байгаа тэр “нэг зүйл”-ийн дэргэд чухалчилан үзэх зүйл огтхон ч биш юм. Тэдгээр “нэлээд зүйлүүд” бол уран бүтээлчийн туршлагаар засагдаж, сайжирч болно. Тиймээс нэг их сонин ч юм биш. Харин тэр “нэг зүйл” бол зөвхөн яруу найрагчдад л байдаг төрөлхийн ч гэмээр юм уу, олж авсан ч гэмээр юм уу тийм нэг “өгөгдөл” л юм. Магадгүй энэ “өгөгдөл” туршлагаар бий болдоггүй ч байх. Энэ талаар шүлгээс нь эшлэн багахан тодруулга хийе.

“...Дэндүү уйтай мөчүүдийн соотон чих Дэнлүү мэт гэрэлтэн үзэгдэнэ...” “...Ер бусын чих дүлийрэм их анир чимээгүй Үл үзэгдэх цэцэрлэгийн шинэхэн савлуураас зүүгдэнэ...”

Үнэхээр ингэж бодоод, мэдрээд байдаг юм уу, аль эсвэл ингэж зохиогоод байдаг юм уу? Бодсон ч байна уу, мэдэрсэн ч байна уу, зохиосон ч байна уу ийм нэг хаос орчин бүтээх чинь л нөгөө “нэг зүйл” буюу “өгөгдөл”-тэй байгааг нь хэлээд байгаа юм. Иймээс би хэлэх гэсэн санаагаа эцэст нь “нэг > нэлээд = өгөгдөл> туршлага” гэж хураангуйлмаар байна.

гэсэн сэтгэгдэл ирүүлсэн юм. ТАГТАА-ийн зүгээс Б.Ууганбаярт урлан бүтээхүйн онгод цадигийн дээдийг ерөөе!

Түр хүлээнэ үү...
Top