Уралдааны шилдэг шүлэгчид: ХҮРЭЛБААТАРЫН ОДОНЧИМЭГ
2017-04-27 422

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдах "ТАГТАА" номын өдөрлөгийнхөө үеэр зарлаж шагнах болно.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 101 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 11 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 11 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 11 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


Шилдэг шүлэгчдийн бүтээлийг танилцуулах цуврал нийтлэлээ бид Хүрэлбаатарын Одончимэг хэмээх шүлэгчийн шүлгүүдээр хагалж байна.  Тэрбээр 1985 онд Говь-Алтай аймагт төрсөн. ОХУ-ын Иваново хотын Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж “Өнөөдөр” сонин, “Гоодаль”, “Гэрэг” сэтгүүлд сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байв. Өдгөө БНХАУ-ын Бээжингийн багшийн их сургуульд боловсролын судлалын магистраар суралцаж буй билээ.

***

Төмөр гүүр, хөв хөх манан...
Төөрсөн болжмор намрын модноо бөхийнө.
Тэнгэр л эндээс харагддаггүй
Тээр доор харлах усанд үс минь намирна.
Хязгааргүйн хязгаарт гараа алдлан зогсоод
Хоосон агаарт хүслээ шивнэнэ.
Сүүлчийн зогсоол, олж хараагүй он жилүүд
Сүүдэр минь усанд ингэж шингэнэ.
Үсэрч чадахгүй нь ээ,
Тайтгарал намайг тэр уснаас дуудан буй ч...
Болжморын бээрсэн далавч
Бодлоос минь хүнд….

2005 он
***

Хүн байлгагч цохилт, урвалт, хагацлууд…
Хүлцэл харин биднийг бурханд хүргэгч
Бороотой ийм хүйтэн шөнөөр ч танихгүй тэдний дунд
Үлдэхээр шийдсэн минь хэзээнийх...
Одоо тагтан дээрээ зогсоод, тамхиа сорон
Одод руу харвал та намайг таних болов уу?
Хүв хүйтэн бороотой ийм л шөнөөр гэнэт яваад очвол
Хүмүүсийн дунд ингэтлээ ганцаардсаныг минь ойлгох болов уу?

2015 он
***

Өнгөрсөнд буцан очих ганц хүсэл
Өдлөөгүй даль жигүүрхэн минь.
Нисэж үзээгүй тэнгэрийн чинь уудамд одоо би
Гунигтай мөрийг нулимсаараа бичиж
Өрөө чамд төлнө.

2014

Хүрэлбаатарын Одончимэгийн шүлгүүдийг бид МУСГЗ, яруу найрагч, зохиолч, орчуулагч Гун-Аажавын Аюурзанад уншуулж сэтгэгдлийг нь сонссон билээ.

Тэрбээр шүлгүүдийг уншаад:

Чийгтэй модон дээр бээвийн суугаа болжморыг олж хараад, түүнд автсандаа, магадгүй түүнийг өрөвдсөндөө л ямар нэгэн зоримог алхам хийж чадахгүй байгаад эхний шүлгийнх нь амь оршиж байна.

Эхний шүлгийг удаан тогтож уншчихаад, дараагийн шүлгүүд рүү очиход яах аргагүй яруу найрагчийн зүрхтэй төрсөн хүний үгс дуулдаж байна. Амжилт хүсье!

гэсэн сэтгэгдэл бидэнд ирүүлсэн юм. Бид ч бас уралдааны шилдэг шүлэгчдийн нэг Х.Одончимэгт урлан бүтээхүйн ихийн их амжилт хүсье!

Түр хүлээнэ үү...
Top